Б.Мөнхтөр: Ханийнхаа дэмжлэгээр цагдаагийн албаа хариуцлагатай биелүүлж байна

Цагдаа хэмээх эрхэм алдрыг зүүж, тус албанд хорь гаруй жил зүтгэж яваа Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б. Мөнхтөртэй ярилцсан юм. Тэрээр цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа цэргийн бэлтгэл сургуулилт, тэр дундаа алба хаагчаас бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадварыг шаардсан марш тактикийн спортоор хичээллээд багагүй хугацаа өнгөрчээ. Түүнчлэн өөрийгөө хорт зуршлаас хол байлгаад зогсохгүй ажлын хамт олноо сайн сайхан зүйлд үлгэрлэж яваа өнөө цагийн шилдэг алба хаагчдын нэг юм.
-ТАМХИЙГ ОГТ ХЭРЭГЛЭЖ БАЙГААГҮЙ-
-Сайн байна уу? Юуны өмнө ярилцлагаа марш тактикийн тэмцээн гэж чухам юу болох, хэзээнээс хичээллэж эхэлсэн тухай ярилцъя гэж бодлоо?
-Тэгэлгүй яахав, Юуны өмнө уншигчдад тухайн тэмцээний тухай ойлголтыг өгөх нь чухал юм. Марш тактикийн тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг. Хүчний байгууллагын алба хаагчдын хурд, самбаа, аливаа бэрхшээлийг даван туулах, өөрийгөө удирдах арга барилыг эзэмшүүлэх чухал ач холбогдолтой тэмцээн юм. Тус тэмцээн нь жагсаалын бэлтгэл, гардан байлдааны үзүүлэх тоглолт, Саадтай зурвас, “Марш” гүйлт, Буудлага, Хөнөөлийн голомтод ажиллах гэх мэт төрлүүдээр явагддаг.
-Миний хувьд тус тэмцээнд цагдаагийн албанд орсон мөчөөсөө хойш буюу 2000 оноос өнөөдрийг хүртэл оролцож байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон Цагдаагийн ерөнхий газрын шигшээ багийн нэрийн өмнөөс марш тактикийн тэмцээнд гүйлтийн төрлөөр амжилттай оролцсон. Мөн энэ хугацаанд хорт зуршил болох тамхийг огт хэрэглэж байсангүй.
-Анх 2000 онд цагдаагийн албанд ажилд орсон гэлээ, юу таныг цагдаа болгов?
-1999 онд цагдаагийн анхан шатны дамжаанд суралцаж төгсөөд 2000 оны гуравдугаар сараас эхлээд цагдаагийн байгууллагад анх ажилд орж байлаа. Улс орныг гэмт хэрэг, зөрчилгүй байлгахад нөлөөлөх чухал мэргэжил тул энэ ажилд дурлаж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
-Ажил албаа гүйцэтгээд явахад тань ямар нэгэн хүндрэл гардаг уу, гэргий нь ажлыг тань хэр дэмждэг вэ?
-Миний ажлын нэг өдөр хүмүүсийн боддогоос их өөр л дөө. Ялангуяа хүүхдүүдийн хичээл сургуультай үед илүү ачаалалтай ажиллаж, цаг хугацаатай уралдан гадуур дотуур их гүйдэг. Тэр үед гэргий минь л намайг ойлгож, дэмжиж үр хүүхдүүдээ сайн асарч, миний найдвартай ар болдог учраас л би ажилдаа сэтгэл зоволгүйгээр өнөөдрийг хүрсэн. Ямар сайндаа л эмэгтэйчүүдийн баяр мартын 8-нд гэртээ бус тэмцээндээ бэлдээд явж байх вэ дээ. Одоо ингээд бодоход би бараг найман жил мартын 8-наар гэргийгээ баярлуулаагүй юм байна. Учир нь марш тактик тэмцээнд бүтэн сарын турш байрлаж бэлтгэл хийсний дараа оролцдог юм. Тэр бүрт хань минь гомдоллохгүй, арыг минь даасаар байдагт нь баярладаг.
-ХАНЬТАЙГАА ХАМТДАА АМЬДРААД 18 ЖИЛ БОЛСОН БАЙНА-
-Гэр бүлийн хүн тань мэргэжил нэгтэй юу. Хүүхдүүддээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх бодол байдаг уу?
-Эхнэр маань Япон хэлний орчуулагч мэргэжилтэй. Бид гэр бүл болоод 18 жил болж байна. Би хоёр хүү, хоёр охинтой. Хэрэв хүүхдүүдээс минь миний мэргэжлийг өвлөхийг хүсвэл би дургүйцэхгүй. Бага хүүгээ цагдаагийн академи руу дагуулан явж танилцуулж явлаа.
-Таныг ажлын хамт олон тань хорт зуршилгүй, үлгэр жишээ ч гэх юм. Та тамхи татаж байгаад гарав уу, эсвэл огт татаж байгаагүй юу?
-Би тамхи татаж байгаагүй. Учир нь би марш тактикийн тэмцээнд гүйлтийн төрлөөр оролцдог. Гүйлтээр хичээллэдэг хүн тамхи татах нь мэдээж хориотой шүү дээ.
-Та ярилцлагыг уншиж буй залууст хандаж өөрийгөө хорт зуршлаас хэрхэн чөлөөлөх, үүнд автахгүй байх туршлагаасаа хуваалцаач?
Ерөөсөө л тухайн хүний сэтгэл зүйн асуудал юм билээ. Хэрвээ тамхийг татахгүй гэвэл тууштай байх хэрэгтэй. Харин гарна гэж бодож байвал өөрийгөө чихэр мэтхэнээр хуураад байлгүй, шийдэмгий байж зорилгоо биелүүлэхийг зөвлөх байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.