Тавантолгойг тасалж, IPO гаргах шийдвэр цуцлагджээ

Өнөөдрийн /2020.04.27/ Засгийн газрын хуралдаанаар 296-р тогтоолын хоёр дахь хэсгийг хүчингүй болгожээ.
Ингэснээр Монгол улсын иргэн бүрийн 1072ш хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас Зүүн Цанхийн хэсгийг таслан авч, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанид эзэмшүүлэн, олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх ажил дуусгавар болсон байна.
Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөрзамын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.
Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм.
Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсч ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна.
Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Үүнээс шалтгаалжтөмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
З.Энхболд ч Зика Вирус юм даа. Их хуралд орохын тулд Екөө шанаадчихлаа. Энэ ч гудамжинд С.Эрдэнэтэйгээ лааз өшиглөөд явж байвал таарсан хөгжлийн садаа чөдөр юм а.