Нийгмийн

Зүймэл урлагийн бүтээл туурвидаг Монголын анхны кофе шоп

Зүймэл урлагийг хөгжүүлэх тэр тусаа залуусыг монгол ахуйгаар соён гэгээрүүлж, бүтээл төрөх агшин, үнэ цэнийг дэргэдээс нь харж мэдрэх боломжийг олгосон Монголдоо анхдагч гэж хэлж болохуйц нэгэн өвөрмөц кофе шоп нээгджээ. Баруун дөрвөн зам, "Өгөөж чихэр боов” ХХК үйлдвэрийн чанх урд байрлах тус кофе шопын орчин нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайгаар хүрээлэгдсэн.

Мөн гадна тагтаа маш ухаалгаар тохижуулсан нь, үйлчлүүлэгч дуртай кофегоо уунгаа гаднах орчинг нь цэлгэр шилэн хаалтны цаанаас хараад суух боломжийг бүрдүүлжээ. Ширээ болон сандал дээр Монгол ахуйг дүрсэлсэн зураг, өнгө алаглан хорших нь өвөрмөц.

Тус кофе шопт орж ирэхэд сонирхлыг маань татсан нэгэн зүйл бол уран гарт бүсгүйчүүдийн бүтээлийг дэлгүүрийн уламжлалт өрөлтөөр бус яг л музейн үзмэр мэт донжийг нь олон чимсэн явдал байв. Дээрээс нь кофены анхилуун үнэр сэтгэл баясгаж, торго материалын өөдөс бүрийг нарийн басхүү мэдрэмжтэй гэгч нь зүйж, зохиомжлон оёсон бүтээлүүд нь нүд хужирлана. Эгээтэй л нэг хөдөөний айлд ороод ирсэн мэт танил басхүү дотно мэдрэмж төрж байсныг нуух юун. Нээгдээд ердөө долоохон хонож байгаа гэхэд эл кофе шоп хэдийн олон үйлчлүүлэгчтэй болоод амжжээ.

Ийнхүү бид тус кофе шопыг үүсгэн байгуулагч, "Шинэ Замнал” ТББ-ын дэргэдэх “Зүймэл даавуун урлал”-ын төвийн тэргүүн Ц.Сэлэнгэтэй цөөн хором ярилцсан юм.

-МАНАЙ ТӨВД ОРЖ ИРСЭН ХҮН ГЭРТЭЭ БУЙ МЭТ ТУХАЛЖ, АМТТАЙ КОФЕ УУНГАА БҮТЭЭЛ ТӨРӨХ ЯВЦЫГ ХАРААСАЙ ГЭЖ ЗОРЬСОН-

Тэрбээр хуульч, эрхзүйч мэргэжилтэй. Үүсгэн байгуулсан төвдөө нийгмийн зорилтот бүлэгт хамаарах өрх толгойлсон, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг сургаж ажиллуулах, цаашид өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхийг зорьжээ.

-Зүймэл урлаг тэр тусмаа кофе шопод бүтээл урлаж байгаа нь маш өвөрмөц санагдлаа. Кофе шоп хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах санаа хэрхэн төрөв?

-Коронавирусийн цар тахал гарсантай холбоотойгоор гар урлалын бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ мэдэгдэхүйц буурч, бид маш хүнд цохилтод орсон. Анх 130 гаруй төрлийн гэр ахуй, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг тогтмол урлаж, худалдаалдаг байсан. Гэтэл одоо дөнгөж 20 орчмыг л урлаж байна.

Түүнчлэн цар тахалтай зэрэгцээд манай төвийн халаалтын шугам задарч, халуун ус алдсаны улмаас бараа бүтээгдэхүүн, эд хогшил гээд бүхий л зүйлс норж сүйдсэн. Ийм зүйлтэй учирсан хүн сэтгэл санааны хүнд цохилтод ордог юм билээ. Ажилчдын цалин хөлс, үйл ажиллагаагаа хэрхэн дахин сэргээх вэ гээд нухацтай бодсон. Ингээд өөрийнхөө хобби болсон кофен дээр дөрөөлж үйл ажиллагаагаа дахин сэргээх шинэ санаа төрсөн. Манайд орж ирсэн хүн удаан саатаж, бүтээлүүдийг маань сонирхонгоо амттай кофе ууж, гэртээ байгаа мэт тухтай мэдрэмж аваасай гэж хүссэн юм. Түүнчлэн үйл ажиллагаагаа дахин сэргээхэд маань ТИКА олон улсын байгууллага болон сайхан сэтгэлт хүмүүс маань биднийг дэмжиж, цааш ажиллах урам, итгэлийн жигүүр хайрласан. Тэгэхэд л "100 төгрөгтэй явахаар 100 найзтай яв” гэдэг ямар үнэн болохыг ойлгосон шүү.

-Танай кофе шопын тохижилт маш өвөрмөц санагдлаа. Ингэж тохижуулахад хэр хугацаа зарцуулав?

-Би багагүй хугацааг гадаад дотоодын олон газраар явах, жуулчдад хөтөч хийхэд зарцуулсан. Ингээд аялж явахад үндэсний уламжлал, хэв маягийг цогцлоосон кофе шопыг харж байсан юм. Тиймээс кофе шопоо үндэсний хэв маяг, ахуйг нэвт шингээсэн маягаар тохижуулахыг хичээсэн. Түүнчлэн цар тахлын үед залуус маань Монгол ахуйг харуулсан тухтай орчинд, дахин давтагдахгүйгээр урлагдсан цор ганц зүймэл урлагийн бүтээлүүдийг үзэж, бүтээл төрөх явцыг дэргэдээс нь харж танилцангаа кофе ууж тухлаасай гэж бодсон. Ингэсэн залуус зүймэл даавуун урлалын мөн чанар, үнэ цэнийг илүүтэй ойлгож, цаашид энэ чиглэлд суралцахыг хүсэх болно шүү дээ.

-ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЭД БҮХ ХҮНИЙГ ЯЛГАЛГҮЙ СУРГАДАГ-

-Зүймэл даавуун бүтээл урлах сургалт явуулдаг гэж сонссон. Бүх хүн хамрагдах боломжтой юу?

-Тийм ээ. Манай төв нь гар урлал сонирхдог, өөрийгөө дайчилж ямарваа шинэ зүйлийг суръя гэсэн хүмүүст нээлттэй. Зөвхөн залуус гэлтгүй, гэртээ хүүхдээ хараад сууж буй ээжүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхчлэн бид сурах хүсэлтэй хэнийг ч ялгаварладаггүй. Энэ нь бас нэгэн давуу тал маань юм. Зүймэл даавуун урлалд суралцсанаар байгаль орчиндоо ээлтэй амьдрах, юмхнаар юм хийх, цагийг бүтээлчээр өнгөрхүүлэх, мөн өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой.

-Төвийнхөө тухай бидэнд танилцуулбал? 

-Манай төв анх үйл ажиллагаагаа нээснээс хойш өнөөдрийг хүртэл 17 дахь жилдээ тогтвортой ажиллаж байна. Анх орцны подвальд жижигхэн талбайд гар урлалын төвөө ажиллуулж байсан бол өнөөдөр үйл ажиллагаагаа өөр хэлбэр рүү амжилттай шилжүүлж чадлаа. Мэдээж үүний гол цөм бол ажилчид маань. Энэ ташрамд, бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан, төвийн маань зүрх болсон чадварлаг урлаач нартаа баярлаж явдгаа хэлмээр байна. Алдаа оноо, амжилт бүрийг бид хамтдаа туулсаар өнөөдрийг хүргэсэн.

-АЛЬ БОЛОХ БҮХ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ЦАЛИНТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙХЫГ ХҮСДЭГ-

-Одоогийн байдлаар танай төвд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-Нэг үеэ бодоход бидэнд хүнд цаг үе ирсэн. Урьд нь 40 орчим хүнийг тогтмол цалинжуулаад, үйл ажиллагаагаа таслахгүй яваад болж байсан бол өнөөдөр ердөө 10 гаруй хүн л тогтмол ажилтай байна. Бусад нь ерөнхийдөө гэрээсээ л "ажил гарах болов уу” хэмээх хүлээлттэй сууж байгаа. Манай ажилтнуудын хувьд ч мөн ихэнх нь нийгмийн зорилтот бүлэгт хамаарах өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд байдаг. Тиймээс чадлынхаа хэмжээгээр аль болох бүх ажилчдаа цалинтай байлгахыг зорьдог. Монголын ард түмэн маань ч гэсэн аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, баяр ёслолын бэлгээрээ монгол бүтээгдэхүүн сонгоосой гэж хүсэх байна. 

-Ярилцлагын төгсгөлд нийт уншигдад юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Цар тахал гарсан энэ хэцүү цаг үед залуусыгаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй гэж уриалах байна. Гар урлаачдын бүтээлийг худалдан авах нь тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлж буй нэг хэлбэр билээ.

Ц. Сэлэнгэтэй ярилцаад гарах замд нэгэн сонирхолтой булан байсан нь түүний хувийн цуглуулгаар хийсэн үзмэрүүд байх юм. Тэнд арьсны өөдөс бүрийг зүйж оёсон цүнх байх бөгөөд энэ нь түүний хүүхэд байхдаа оёж байсан анхны цүнх гэв. Түүнчлэн маш хуучны ховор эд зүйлсээрээ ийн булан гаргасан нь сонирхолтой санагдлаа. Эл кофе шопын угаалгын өрөө нь хүртэл маш өвөрмөц. Мөн л Монгол ахуйг дүрсэлж, тохижуулсан нь содон байв. Ташрамд сонирхуулахад тус төвийн ихэнх тавилга, авдар нь маш хуучных бөгөөд дахин сэргээж тавьжээ. Ийнхүү Монголдоо анхдагч нэгэн бүтээлч кофе шопоос өнөөдрийн сурвалжлагаа бэлтгэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц. МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button