ЯРИЛЦЛАГА

“Ханиа алдсан ч жолоогоо бариад, долоон хүүхдээ хүний гар харуулалгүй өсгөсөн”

Тээврийн жолооч гэхээр магад ихэнх хүнд хүдэр бор эрчүүд төсөөлөгдөх нь лавтай. Учир нь халуунд халж, хүйтэнд хөрж амьдралын үнэн төрхийг бодитоор мэдрүүлэх мэргэжил тул эмэгтэйчүүд тэр бүр зориглож сонгодоггүй. Тэгвэл ариун хэвлийдээ олон сайхан хүүхэд тээж төрүүлэн өсгөхийн хажуугаар залуугаасаа тээвэрт яван, ар гэр, ажил амьдралаа зохицуулж ирсэн нэгэн буурайг бид өнөөдөр /2020.09.23/ онцолж байна. Өдгөө 74 настай түүнийг Д.Халтархүү гэдэг. Тэрбээр алдаа бүрээсээ өөрийгөө хурцалж, мэргэжилдээ зүрх сэтгэлээ, амьдралаа зориулсан жирийн нэгэн тээвэрчин. Түүний машин сурмаг гэгч нь барьж их хотын замын хөдөлгөөнд оролцож буй зургийг нь нэгэн залуу авч, цахим орчинд тавьснаар өдгөө хүмүүсийн анхаарлыг ихэд татаад буй билээ.

Ярианы өнгө аяс, сэтгэл хөдлөлөөрөө “Тээвэрчдийн алдрыг өндөрт өргөх ёстой” гэдгийг тултал ойлгуулсныг цохон онцолъё.

-ЭМЭЭГИЙНХ НЬ НҮДНИЙ ХАРАА, ЧИХНИЙ СОНСГОЛ ЦОО ЭРҮҮЛ. ЗҮҮГЭЭ Ч СҮВЛЭНЭ, НОМОО Ч УНШИНА-

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Д.Халтархүү гэдэг. Би 1946 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. Бага, дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирснийхээ дараа авто сургуульд суралцаж, 18 насандаа жолоочийн үнэмлэхээ авч байлаа. 1978 оноос хойш улсын будаа, үйлдвэрүүдийнхээ тээврийг хийж байсан. 1980 оноос хүүхдүүд овоо томорч, аймгуудад тээвэр хийдэг болов. За, тэгээд л 1990 оноос хойш гавьяаныхаа амралтад гараад, суудлын гоё, гоё машинуудыг хувиараа унаж байна даа.

-Өчигдөр таны жолоо бариад явж буй зураг цахим орчинд түгснээр олон нийт болон хэвлэлийнхний анхаарлыг ихэд татсан. Өдий насны хүн машин бариад явж буй нь ховор тохиолдол.

-Эмээгийнх нь нүдний хараа, чихний сонсгол цоо эрүүл. Зүүгээ сүвлэнэ, номоо ч уншчихна. Гэхдээ бас хүүхдүүд маань намайг машин барихад их санаа зовно. Төдий чинээгээр шүүмжилдэг. Тиймээс аль болох чухал шаардлагатай үед л өдрийн цагаар машинаа барьдаг.

Тэгэхгүй бол шаардлагатай үед хүүхдүүд ихэнх нь завгүй, ажилтай байж таардаг. Хүний гар харахгүй, эрх дураараа явах нь жаргал. Найзтайгаа хамт арав хоног амралтад явсан ч, өөрийнхөө унааг унаад явчихна. “Хүүхдүүд маань ирээд авах болов уу, яах бол” гэж санаа зовохгүй шүү дээ. Насны бөгсөнд өөрийн гэсэн машинтай, орон гэртэй байх л хамгийн чухал гэж эмээ нь боддог.

-Та өчигдөр хаашаа явж байгаад зурганд өртөв?

-Би өчигдөр 05.00 цагт зуслангаасаа гараад хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд хот руу явж байсан юм. Хүүхдүүд дуудаад ажилтай явж байлаа. Тэгээд түгжрэл дунд цонхоо нээгээд явтал харсан хүүхдүүд л “Эмээ ёстой мундаг юм” гээд дуу алдаад шагшраад байсан. Зураг аваад тавьсныг хүүхдүүдээсээ л дууллаа. Эмээ нь насаараа тээвэрт явсан учраас олонтойгоо байх дуртай. Гэртээ зүгээр суухаас илүү найзуудтайгаа уулзах, агаар салхинд зугаалж явах нь жаргал юм даа.

-ТҮГЖРЭЛ ДУНД МАШИНЫХАА ЦОНХЫГ ДООШ БУУЛГАХААР, ХҮМҮҮС ХҮНДЛЭЭД ЗАМ ТАВЬЖ, НАЙРСАГ ХАНДДАГ-

-Машин бариад явахад хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?

-Настай хүн жолоо бариад явж байгаа гэдэг утгаараа жолооч нар их найрсаг, хүндэтгэлтэй ханддаг. “Эмээ болгоомжтой яваарай, машинаа энд байрлуулбал зүгээр юм байна” гэхчлэн их тусална. Заримдаа замын түгжрэлд орох үеэрээ цонхоо нээхээр харсан жолооч нар зам тавьж өгөх зэргээр давуу тал их. /инээв.сурв/ Гэхдээ эмээ нь түгжрэлийн цагаар аль болох жолоо барихаас татгалздаг. Өдрийн цагаар зам чөлөөтэй үед л гардаг.

-Хотын түгжрэл, стресс дунд машин барихаар их ядардаг. Жолооны ард суухаар бие тань хөшиж, ядардаг уу?

-Насаараа тээвэрт явж, машины донсолгоонд дасчихсан болоод ч тэр үү, хэцүү зүйл гардаггүй. Харин ч жолооны ард суухаараа насаа мартчихдаг. /инээв.сурв/ Ганц гэм нь сүүлийн үеийн залуус их тэвчээргүй, уцаар ихтэй болсон юм уу даа л гэж бодогдож байна. Эмээ нь залуудаа, тээвэрт явдаг байхад тухайн үеийн залуус их найрсаг, нэгэндээ тустай, дэмтэй явахыг хичээдэг байлаа. Тээвэрчдийнхээ нэр алдрыг сэвтүүлэхгүй, өөдөө авч явахыг хүн бүр хичээж, дор бүрнээ л ухамсарладаг байсан. Намайг одоо машинаа бариад замд явахад насыг маань хүндлээд бүгд л найрсаг ханддаг. Харин залуу үеийнхэн дундаа л бухимдаад байх шиг. Амиа хичээхгүй, нийтийнхээ төлөө явахад л аажимдаа учир нь олдоно шүү дээ.

 -АМЬДРАЛ МААНЬ 10 ХУРУУ ТЭГШ БАЙСАН БОЛ ХАНИЙГАА АЛДААД ЕС БОЛСОН-

-Эмэгтэй хүн тээвэрчин болж, эрчүүдтэй хөл нийлүүлэн алхаж явсан тань сонирхол татаж байна. Хүлгийн жолоо мушгих болсон дурсамжаасаа хуваалцана уу?

-Жолоо барина гэдэг нь асар их эрх чөлөө, аз жаргал юм даа. Тээврийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа их ч олон газраар явж, аялж байлаа. Хүүхэд байхын л машин техникт сонирхолтой хүүхэд байсан. Их махлагдуу, биерхүү хүүхэд байж билээ. Багаасаа яруу найрагч, зохиолчдын ном бүтээлийг унших дуртай, ямарваа зүйлд их зоримог тууштай хүүхэд байсан. Найзууд маань ямар сайндаа “Манай энэ их зоримог, хэзээ ч үгүй гэж хэлдэггүй шүү” гэдэг байсан. Залуугаасаа өнөөдрийг хүртэл дандаа л сайхан амьдарч ирсэн дээ. Хүүхдүүдийнхээ буянд өтөл болсон хойноо ч ингээд тааваараа сайхан л амьдарч, аж төрж байна. Хүүхэд байхаас өнөөдрийг хүртэл амьдрал маань арван хуруу тэгш сайхан байсан. Харин ханийгаа алдахад л есөн хуруу болсон гэж би боддог юм. Одоо ингээд унтаад өгсөн ч, бүтээсэн амьдралдаа харамсахгүй, үр хүүхдэдээ хоргодохгүй амьдралыг туулсан.

-Таны энэ тууштай, зоримог зан магадгүй эцэг эхээс тань өвлөгдсөн болов уу?

-Тийм ээ. Аав маань их сайхан хүн байсан. Даанч дэндүү эрт хорвоог орхисон юм. Аавыгаа бурхан болсноос хойш ээж бид хоёр хошууч, генерал Осор гэх авга ахындаа очсон. Авга ах маань намын урилгаар нутагтаа очоод, тэнд хамтдаа амьдарч, сургууль соёлоо дүүргэсэн. Ингээд ээжийг бурхан болсны дараа тэд маань намайг өөрийн хүүхэд мэт халамжлан өсгөөд Улаанбаатарт авчирч байлаа. Гэр бүлд маань жолооч мэргэжилтэй хүн байгаагүй. Харин хань маань Геологи, уул уурхайн баазад жолооч хийдэг байсан. Номхон, дөлгөөн их сайхан хүн байлаа. Ингээд 1997 онд ханийгаа алдаад, нялх нойтон хүүхдүүдтэй үлдсэн би нэг үе яахаа мэдэхгүй хүнд хэцүү цаг үеүдийг өнгөрөөсөн дөө. Хүлгийн жолоо мушгиж явсаар, моторт хүлгийн буянд хэдэн хүүхдээ хүний гар харуулалгүй өсгөсөн.

-Ханьтайгаа хамт ажиллаж байхдаа танилцаж, гэр бүл болж байсан уу?

-Бид хоёр тээвэрт хамтдаа явдаг байсан юм. Нөхөр бид хоёр хамар хашааны хөрш хүүхдүүд л байлаа л даа. Нэг нэгнээ битүүхэн хараад л, сонирхлоороо нийлсэн. Бид хоёр техникт адилхан дуртай байсан болохоор миний машиныг бас өөрийнхөөгөө ч их гоёдог байсан юм. Анх нийлсэн түүх гэвэл талийгаач нөхрийн маань ээж биднийг нэг гэрт оруулж байлаа. Бас л их сайхан хүн байсан юм. Тэгээд хүүхдүүд маань мэндэлж, бид хоёр тээвэрт явахдаа хүүхдүүдээ хувааж аваад л хайрцагт хийгээд нуугаад явдаг байсан. Тэгэхгүй бол ажлаас чөлөөлөгднө шүү дээ. Тухайн үед тийм зоримог шийдвэрийг гаргаж байж. Нөхөр бид хоёр хүүхдүүддээ “Шударга, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч бай, тэгвэл хэзээ ч өлсдөггүй юм” гэж сургадаг байлаа. Одоо дурсахад тэр маань маш цэмбэгэр, дэгжин хувцасладаг сайхан хүн байсан.

-ХАМГИЙН ӨНДӨР, ХҮН ДАВДАГГҮЙ ДАВААГ БИ ДАВАХ ГЭЖ ДУРЛАДАГ БАЙЛАА-

-Ганцаараа хүүхдүүдээ өсгөн, хүмүүжүүлж, хажуугаар нь ажлаа хэрхэн зохицуулж байв?

-Том охин маань дүү нараа харж, надад их тус дэм болсон доо. Тиймээс том охиноо их сургуульд сургаж чадаагүй. Дүү нараа өдий зэрэгтэй сайхан явуулж байгаад охины маань ач, тус их бий.

Та анх ямар маркийн машин унаж байв?

-Анхны машин маань УАЗ-51. Жолооны курсээ төгсөөд ирэхэд баазын дарга хашааны буланд байгаа дугуйгүй машиныг заагаад сэлбээд унуулж билээ. Тухайн үед бидэнд машин, хэрэгслээ голох эрх байгаагүй. Боломж бололцоо нь л тэр байсан. Сүүлийн үеийн залуус харин ч их азтай. Бүх зүйл нь бэлэн. Зөвхөн машиныг дүрмээрээ л унаад явахад болохоор байна. Гэтэл бидний үед холын тээвэрт явахад машин эвдэрч, цасанд суухаас эхлээд хэцүү зүйлс их тохиолддог байлаа шүү дээ.

-Хээр тээвэрт явж байхдаа машинаа цас, шаварт суулгасан үедээ эмээж, ажлаасаа шантарч байв уу?

-Цасанд суулаа гээд гутарч суусангүй. Хамгийн өндөр хүн давдаггүй давааг би давдаг, давах гэж дурладаг. Хөвсгөлийн нэг айхтар даваанаас л айж үзлээ. Цагаан бургастын даваа. Түүнээс биш даваа бүрийг л давах гэдэг байж. Одоо бодоход их зоримог байсан гэж бодогддог. Шөнө машин унтраад зогсоход хажууханд чоно улихаас эхлээд хэцүү зүйлстэй учирч явлаа. Мэдээж шантарч, эмээх үеүд олон байсан ч, харамсаж байсангүй. Замдаа саатаж айж, эмээх үе гарвал дуртай дуугаа дуулж, сонсоод тайвширдаг.

-Та замд явахдаа ямар дуу сонсдог вэ?

-Жолоож бүрийн сонсдог “Алтан шар зам” дууг их дуулна аа. Тэгээд залуусын дуулсан сүүлийн үеийн сайхан, сайхан дуучдыг бас их сонсдог. Аргагүй нас маань хөгширсөн ч, сэтгэлгээ бодол маань залуу үеийнх шиг ээ л байдаг шүү. /инээв.сурв/

-Тээвэрт явж байхад тохиолдож байсан хөгжилтэй эсвэл дурсамжтай түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Байлгүй яах вэ. Төрөх дөхсөн байх үедээ Ховд аймаг руу тээвэрт явж байлаа. Тухайн үед далимд нь эгчтэйгээ уулзъя гээд зориглоод гарсан юм. Замд юу юугүй өвдөлт эхэлж, төрөх гээд байгаагаа мэдэж байсан ч, шүд зуугаад эгчийндээ очиж байсан. Тэндээ аяга шөл хийж уугаад эмнэлэгт очоод хүүгээ төрүүлж байлаа. Ер нь л тээвэрт явах ихэнх хугацаанд бие давхар явдаг байж дээ.

-Тухайн үед эмэгтэй жолооч нар хэр олон байсан бэ. Хамт тээвэрт явдаг байв уу?

-Олон бол байгаагүй ээ. Дуламжав гээд нэг сайхан жолооч эмэгтэй байсан. Чиргүүлтэй ЗИЛ-130 машинаа харин ч нэг маягтай унана гээч. Ихэвчлэн Говь-Алтай аймаг руу тээврээр их явдаг байсан юм. Харин миний хувьд ихэвчлэн Завхан аймаг руу тээвэрт явна. Бид өдөрт 250 км замыг туулах хувиартай байсан. Хувиартаа хүргэж, түүнээс хэтрүүлэхгүйг хичээнэ. Хэтэрвэл шагнал олгодоггүй байсан юм.

-Та ярилцлагын төгсгөлд залууст хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Нэгэндээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, дүрмээ баримталж, хамгийн чухал нь хүн чанартай байгаарай гэж зөвлөе. Нэгнийгээ баллах бус аль болох тустай, дэмтэй явбал болно доо. Тэгээд машинаа зогсоолд байрлуулахдаа өөр хэн нэгэн төмөр хүлгээ тавих зайг үлдээж байгаарай.

Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. хүний эх хүн эрүүл саруул амьд сэрүүн байна гэдэг ямар их аз жарг#### гээч, ээж хүн хорвоод үгүй болоход хүн бүтэн жарг####ыг мэдэрдэггүй их гашуун үнэн дээ хөөрхий

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button