ДЭЛХИЙСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ДҮН ЗАРЛАГДАХААС ӨМНӨ: Хамгийн олон санал авсан нь ерөнхийлөгч болохгүй

Тун удахгүй АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч тодорно. Нэр зарлагдахаас өмнө уншигчдад Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиа явуулдаг механизмын талаар дэлгэрэнгүй ойлголт өгөхөөр бэлтгэлээ.

Сонирхолтой нь, дөрвөн жилд нэг удаа болдог АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн их санал авсан нэр дэвшигч ялалт байгуулахгүй байж болдог. Учир нь АНУ-г үүсгэн байгуулж, үндсэн хуулийг нь бичилцсэн хүмүүс хэрхэн ерөнхийлөгчөө сонгох тал дээрээ сонирхолтой шийдэл бодож олсон юм.

Тэдний зарим нь хамгийн их санал авсан хүн ерөнхийлөгч болох буюу цэвэр ардчилсан замаар ерөнхийлөгчөө сонгох нь зүйн хэрэг гэж бодож байжээ. Харин бусад нь шууд хамгийн их санал авсан хүн ерөнхийлөгч болох нь хүн ам ихтэй томоохон муж улсуудад хэтэрхий давуу тал авчирч байна гэж үзсэн юм. Тэд мөн олон нийтийн үзэл бодол нэг хүний ятгалгад автах магадлалтай  гэдгийг бодолцож үзсэн бөгөөд хамгийн их санал авсан хүнийг ерөнхийлөгч болгох нь дарангуйлагчийн засаглал тогтох эрсдэлтэй хэмээн болгоомжилжээ.

Үүгээр “Электорал коллеж” хэмээх механизмаа үүсгэсэн байна.

Одоо АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үнэндээ юу болдог талаар өгүүлье. Муж бүрд сенат болон иргэдийн төлөөлөгчдийн суудлын тоотой тэнцэхүйц электор хүмүүс ноогддог. Электор хүмүүсийн тоо ялгаатай байгаа цорын ганц шалтгаан бол мужуудийн иргэдийн төлөөлөгчдийн тоо юм. Учир нь муж болгон хоёр сенаттай байх хуультай байдаг.

Тухайлбал Калифорни муж 53 иргэдийн төлөөлөгчтэй, үүн дээр хоёр сенат нэмэгдэнэ. Ингээд тус муж 55 электор хүнтэй болж байгаа юм. Электор хүн конгрессын гишүүн эсвэл Холбооны албатан байж болохгүй.

Бүх мужийн электорууд нийлээд 538 хүнээс бүрдсэн Электорал коллеж болно. Энд л жинхэнэ ардчилсан сонгууль явагддаг гэхэд болно. Учир нь 270 электорын санал авсан нэр дэвшигч шууд ялалт байгуулна гэсэн үг.

Сонгогдсон электор хүмүүс мужийн төвдөө цугларч, саналын гэрчилгээн дээр гарын үсгээ зурдаг аж. Гэхдээ электорууд өөрийн намаас ялалт байгуулсан гишүүдэд саналаа өгч байгаагүй тохиолдол байдаг.

Дараагаар  саналын гэрчилгээнүүд АНУ-ын сенатуудын ерөнхийлөгчийн ажлын байр луу хүргэгддэг. Эцэст нь нэгдүгээр сарын 6-ны өдөр Конгресоос албан ёсоор АНУ-ын дараачийн ерөнхийлөгчийг зарладаг аж.

Тэгэхээр АНУ-ын иргэд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үнэндээ дэмжигч гишүүнийхээ намын электоруудад саналаа өгч байгаа гэж хэлж болох юм. Ийм учир сонгуулийн төгсгөлд хамгийн их санал авсан нэр дэвшигч ялалт байгуулахгүй байж болдог.

АНУ- д таван удаа үүнтэй адил тохиолдол гарч байсан аж. Тухайлбал 1824, 1876, 1888, 2000 болон 2016 оны ерөхийнлөгчийн сонгуулиар олонхын дэмжсэн нэр дэвшигч ерөнхийлөгч болоогүй юм.

Үүнээс 2016 онд Хиллари Клинтон 48,2 хувь, Дональд Трамп 46,1 хувийн санал авсан ч 304 электорал саналаар Трамп ялалт байгуулсан билээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Сонгуулийн үр дүн гарахгүй дөрвөн хоног өнгөрсөн байна. Сонгууль будлиантай шударга бус болсон байна. Трамп сонгуулийн хороог дээд шүүхэд өгөх нь зөв.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button