УРЛАГ

“ЦАС” романаас жингэнэх АЙ

Цас орох бүрийд, эсвэл урин цагт хүйтний амьсгалыг санагалзсан хэн бүхэн номын тавиураасаа “Цас” романыг барьж авдаг биз ээ. Уг романыг орчуулагч Б.Баясгалан монгол хэлнээ хөрвүүлж, уншигчдын хүртээл болгосон юм. Бид энэ удаа уг романыг онцолж, гурван уншигчийн сэтгэгдлийг бэлтгэлээ.

Б.САНЧИРМАА

Өвлийн эхэн сарын шинийн нэгэн. Цас дарсан өглөө угтав. Халдварт өвчин дотоодод тархсаны улмаас хөл хөдөлгөөн хорьсон өдрүүд. Каг Карсыг зорих үеийг санагдуулам Алтайн буйд үдэш. 2 жилийн өмнө тэмдэглэл бичих гээд чадаагүй ч цасны тухай бодол цастай өдөр дахин сэргэдэг юм. Одоо тэр цаг нь иржээ...

Эл хуль гудамж, үзэх харах юмгүй уйтгартай саарал суурин минь эрхгүй Карсыг санагдуулдаг тул улс төр, шашны үзэл нэвт ханхалсан эл нүсэр романыг хаагаад тавьчхаж түвддэггүй билээ.

Зорилгогүй, өөрийгөө гаргуунд нь гаргасан зарим хүмүүс аливаа шашинд нэг итгэхээрээ гайхамшигтай эерэгээр өөрчлөгдөх нь бий. Шашин тэдэнд айх эмээх, хүндлэх үнэт зүйлийг өгдөг гэж хардаг. Гэтэл эсрэгээрээ ул суурьгүй муйхар шүтлэг, хэт тахих үзэл хүнийг юунд ч хүргэх адтай. Ялангуяа бага балчир хүүхдүүдэд мухар сүсэг сэтгэл санааны хувьд асар хүчтэй нөлөө үзүүлж байдгийг Цас романаас харж болно. Хүнд ч, улс оронд ч “үнэт зүйл” хэмээх амин сүнс бий. Сонгуулиас сонгуулийн хооронд өөрсдийгөө ч танихгүй болтлоо өрөвдөм байдалд ороод байгаа улс орон маань Чингис хааныг эс тооцвол өөр оюун санааны нэгдмэл үнэт зүйлгүй байгаа нь үндэстэн ястан жийлцсэн Карсын улс төрийн байдалтай жишим санагдах нь хоржоонтой. Гэвч Цас бас тийм ч хүйтэн хөндий, хахир хатуу зохиол биш ээ.

Юу энэ шүлгийг ийм тансаг болгоно вэ” гэх Кагийн гайхшрал шиг юу эл лут “саарал” номыг хаагаад орхихгүй уяна вэ.

Зохиол эхлэх мөчөөс сэтгэлд хургах цасны гоо сайхан, ид шид, яруу найрагчийн аз жаргал, айдас, ганцаардал шаналал, шүлэг төрөхийн баяр бахдал, догдлол, амраг сэтгэлийн хөдлөл, хүсэл хясал… Цонхны цаахна гудамны гэрэлд ойн будрах цасан ширхгийн урьд өмнө анзаарч байгаагүй олон талстын нууцыг дэлгэх мэт. “Тийм цас бидний зүүдэнд л орох буюу. Цас аз жаргал авчирна, айлган сүрдүүлж, залхаан ядрааж ч чадна. Цас Бурхныг санагдуулна. Цас гоо үзэсгэлэн, бүтээхүйн чинад нууц, амьдрал хэмээх онцгой баяр баясгаланг танин барих хүсэлт төрүүлдэг. Цас амьдрал гээч нь хэчнээн үзэсгэлэнтэй агаад богино зүйл болохыг сануулна”. Энд өгүүлэх хайр дурлалын явдал нь яг үнэндээ амраг сэтгэл гэхээсээ хүсэл тачаал гэлтэй. 40 хэдийнээ гарсан эр, эм хүмүүсийн дундах хүсэл тачаалаа гүйцээх амтат мөчүүдийн гоо сайхан. Гэвч эмэгтэй хүн гэдэг жинхэнэ хайр сэтгэлийнхээ төлөө өөрийгөө золиосолдог нь, Каг дагаад ядуурал, хоосролын туйлд хүрсэн Карсыг хаяад явчхалгүй, өөрийг нь нэгэнт хайрлаагүй Хөхөд үнэнч сэтгэлээ хадгалан үлдэж буй Ипекээс харагдана.

Цас хэмээгч зохиолыг бүрнээ мэдрэн ухахад Түрэгийн түүх, исламын шашин, улс төр, үгүй ядаж л Карсын орчныг танин мэдэх хэрэг гарах буй за.

Эцэст нь шингээн хэлэхэд уншигчийн хат шаардсан энэхүү романыг хөрвүүлэн хүргэсэн орчуулагчийн нөр их хөдөлмөрийг бахдахгүйгээр өнгөрч даанч чадамгүй. Газар орон, цаг хугацаа, соёлын асар их ялгаа бүхий энэ зохиолыг нүдэнд харагдтал, Карсын гудамны байрлалыг сэтгэлд буутал, хэчнээн урт өгүүлбэрийг ч үл анзаарам нэхэн сүлжсэн нь эх хэлээ эзэмшихийн бахдал төрүүлэн байлаа.

Х.УМААХАН

Хонины бэлчээрээс Карсыг тольдохуй


Өмнөх амралтаар, амралт гэж дээ хөл хорио тогтооход би хөдөө гэртээ очсон юм. Аав өглөө эртлэн босож, тэнгэрийн байдал ажин “Гурав, дөрвөн цагийн үед шуурч мэдэх нь. Малаа эртхэн бэлчээж бээрээг нь гаргангаа, тав хазуулаад авъя” гэсээр орж ирлээ. Би ч аавд “Та ямар Шагдарсүрэн гуай биш. Яаж мэдэж байгаа юм” гэж хэлээд хонио дагаад,  Орхан Памукын “Цас” романыг өвөртлөөд гарлаа.

Цастай өдөр “Цас”-ыг уншихаар оюун бодол, сэтгэл зүрх нэвсийтэл цас дарсан Карс хотод оччихдог юм билээ.

Улс үндэстний аж байдал, шашны үзэл баримтлал, хижаабтай охидын гэнэтийн үхэл, аллага, хардлагаас илүүтэйгээр Ка гэх яруу найрагчийн дотоод хүн, сэтгэл зүй нь илүү таалагдаж байлаа. Бяцхан охинд үлгэр уншиж өгөхөд баатарт нь дурладаг шиг би өөрийгөө Ка-гийн оронд тавиад гунигт автсан шүү. “Хэтэрхий их жаргалд удаан умбавал усан тэнэг болчихно. Гэтэл бас зовлон зүдгүүрд нухлуулж удвал яруу найрагчийн хүч мэдрэхүйгээ алдчихна. Аз жаргал яруу найраг хоёр өчүүхэн бага хугацаанд л хамт оршиж чадна. Тэгээд жаахан удвал өнөөх их аз жаргал нь яруу найрагчаа мэрж дуусгах юм уу, яруу найраг нь гашуун үнэнийхээ ид бахаар аз жаргалыг нь үймүүлж сандаачиж орхино”. Тиим ээ, тийм яруу найрагч үүнийг л мэдэж авахаас илүү өөр юу мэдэх хэрэгтэй гэж.

 
“Энэ ертөнцөд би ер нь юу хийж яваа юм бол, Ка өөрөөсөө асуув. Ийм холоос харахад цас хэчнээн уйтай, миний амьдрал ч бас яасан их түйтэй юм бэ. Нэгэнтээ амьдарч явсан хүн үйрэн бутраад орчлонд байгаагүй юм шиг арилж одно”. Энэ хэсгийг уншаад “Ай цасны аниргүй” гэж хэлээд дээш харахад бүрхэг тэнгэрээс гурил имрэх шиг цасан ширхгүүд хацар нүүрэн дээр зөөлөн буух нь тун таатай. Нээрээ л та бүхэн хэзээ нэг өдөр байхгүй болно гэж бодоод айж байсан уу. Бас энэ дэлхий дээр юу хийж байгаагаа, юуны төлөө амьдардгаа мэдэх үү. Би ч гэсэн өөрөөсөө асуугаад хариулт олоогүй л явна. Хэрвээ бидний зовлон шаналалд ямар ч утга үгүй юм бол бид яах гэж, энд амьдарч, энэ их гасланг юуны тулд туулж яваа юм бэ.

Орой нь гэртээ ороод “Цас” романыг өврөөсөө гаргахад хуудаснууд нь норж хоорондоо наалдаад, нэгэн цул шар цаас болчихсон байж билээ. Хэрвээ би халуун кофе ууж хөлөрсөн цонхоор том том цасан ширхгүүд газарт унахыг харангаа уншсан бол өөрийгөө цав цагаахан цасан ширхэг байна гэж төсөөлөөд үсэрч орхих байлаа. Гэхдээ би өөрийгөө тийм жаргалтай гэж хэлэхгүй ч, ядаж л залуу байгаагаа мэддэг юм. 

Танд гэж хэлэхэд цастай өдөр битгий уншаарай. Хэрвээ уншсан бол “Дундаа ганц ч болов нууцтай болчихвол, сайхан нөхөрлөлийг эхлүүлэх хамгийн сайн арга шүү дээ” гэж хэлээд надтай ярилцаарай.

Д.ХУЛАН

“Ай цасны аниргүй” хэмээн автобусны жолоочийн яг ард сууж явсан эр бодлоо. Цас роман ингэж эхэлдэг. Эхлэлээсээ төгсгөл хүртлээ цасны аниргүйд үйл явдал хөврөх эл романыг өвөл уншсан тул үдшийн бүрэнхийд удаанаар унах цасан ширхгүүд танил дотно санагдана. Гэсэн ч өглөөгүүр бударсан нүд гялбуулсан цалин цагаан цаснаас илүүтэй үдшийн бүрийд цас зөөлнөөр будрах үед романы дүрслэлүүд уур амьсгал эрхгүй оюунд минь биеждэг юм. Цас нэвсийсэн буйдхан Карс хотын гудам нүдэнд харагдаад, цас өмнөхөөсөө үзэсгэлэнтэй харагддаг болсон.

Романы үйл явдал алс бөглүү Карс хотод өрнөх авч хайр дурлал, нөхөрлөл, улс төр, шашин, үзэл бодлын тухай хөхиүн, даацтайгаар өгүүлсэн гэдгийг дурдах хэрэгтэй. Сэдэв нь цаст хөндийн төгсгөлгүй шиг өргөн. Иймд хурдан уншиж ард нь гарахдаа биш, өгүүлбэр нэг бүрийг дарс шиг шимэн, сэтгэлдээ тунгаан номоо уншаарай гэж зөвлөмөөр байна. Памук романдаа өөрийн үзэл бодлыг давамгайлахыг эрс татгалзан, уншигчид өөрийн оюундаа дураар буулгах боломжийг олгосон нь романыг илүү үнэ цэнтэй болгосон аж. Сийрүүлвээс романы гол баатар Ка шашингүй үзэлтэн бөгөөд хижааб зүүдэг охидын гэнэтийн амиа хорлолтыг сурвалжлах нэрийдлээр Карс хотноо ирнэ. Карс хотод түүний сэтгэлт бүсгүй Ипек аав дүү хоёртойгоо аж төрнө. Олон жил шүлэг бичих онгодгүй явсан яруу найрагч Ка Карс хотод ирснээр амьдралынхаа туршид урдаа барих гол бүтээлүүдээ тэрлэх нь хачирхалтай. Чингэхдээ түүний чихэнд шивнэснийг гар нь буулгаж буй аятай торолгүй биччихнэ гээч. Түүний Карсад байх ахуйдаа тэрлэсэн шүлгүүдийг зураглан хуваарилвал зургаан талс бүхий цасан ширхэг хэлбэрийг харж болно. Романы нэр болох цасыг түрэг хэл дээр “Каr” гэнэ. Ка, Карс, Кар гээд л. Ийн романд эхлэлээс төгсгөл хүртлээ цас зогсолтгүй бударсаар л байхуй.

“Зургаан талс цасан ширхэг нэгэнт талсжин хэлбэрээ олсон хойноо газарт бууж иртлээ наймаас арван минут тэнгэрээр хөвж, газардмагцаа үйрэн бутарч, хэлбэрээ алддаг. Цасан ширхэг уур амьсгал, салхины чиглэл болоод хүч, үүлний өндөр нам, өөр тоо томшгүй олон хүчин зүйлсээс хамаарч хэлбэрээ олдог”

Сургууль дээр нь хижааб зүүснийг хориглосноос болоод амиа хорлосон охид, аллага, үймээн самуун, төрийн эргэлт гээд романд өрнөж буй үйл явдлуудын дийлэнх нь гагцхүү итгэл үнэмшлээс улбаатай. Хүний итгэл үнэмшил дарж, боомилох тусам оргилон цацарч байдаг аж. Романд гарах Нэсипийн дүр гүн сэтгэгдэл төрүүлсэн. Түүний Катай ярилцсан сэдвүүд, зүүд, бодролууд миний ой тойнд тод үлджээ. Бурхангүй үзэл, там диваажин, хайр дурлал, итгэл үнэмшилтэй хүнд төрж болох хамгийн ичгүүрт бодлуудын талаар Катай хүүрнэлдсэн хэсгүүд гойд онцгой.

Хэрэв бурхан гэж үгүй юм бол диваажин ч бас байхгүй гэсэн үг. Тийм бол энэ дэлхийн үгээгүй ядуус, өлсгөлөн тарчлаанд нухлагдан зүдэрч буй сая сая хүн хэзээ ч диваажинд очихгүй гэсэн үг. Учир ийм болж таарвал та энэ олон хүний зовлон шаналлын мөн чанарыг юу гэж тайлбарлах вэ? Хэрэв бидний зовлон шаналалд ямар ч утга учир үгүй юм бол бид яах гэж амьдарч, энэ их гасланг юуны тулд туулж яваа юм бэ?” гэж Нэсип Кагаас асуудаг.

Бурхан гэж бий. Тиймээс диваажин ч байдаг байж таарна” гэж Ка хариулна.

Удахгүй, саарал хот маань цасанд дарагдаад тэнгэр, газар, модод нэгэн жигд гялтганана гэхээр эрхгүй догдолж байна шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button