НИЙГЭМ

ИРГЭН Ц: Үрээ алдсан эхийг загнаад, жирэмсэн ээжүүдтэй нэг өрөөнд байлгадаг нь дэндүү харгис

Бид та бүхэндээ манай редакцид хандсан нэгэн иргэний дуу хоолойг зохих байгууллагын удирдлагуудад хүргэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ. Тухайн иргэний хувьд өнгөрөгч гуравдугаар сарын 1-нд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Амгалан” амаржих газрын Жирэмсний эмгэг судлалын тасагт “Сорвин дээрх жирэмслэлт” хэмээх оноштойгоор найм хоног хэвтэн эмчлүүлжээ.

Эмнэлгийн зүгээс “Ургаа цаашид үргэлжлүүлэн тээх боломжгүй” хэмээн оношилсон аж. Иймд БНЭУ-д үйлдвэрлэгдсэн химийн тариагаар хэвлий дэх ургийн амийг тасалж, зулбуулан гаргах эмчилгээг хийжээ. Тэрбээр зургаан сарын зайтай хоёр ч удаа энэ мэт харамсалтай шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэж, хэвлий дэх ургаа таслуулсан байна. Түүний зүгээс дээрх нэр бүхий амаржих газартай холбоотой хэд хэдэн зүйлд сэтгэл дундуур буйгаа манай редакциар дамжуулан уламжилсан юм.

-ЖИЛИЙН ХУГАЦААНД ХОЁР Ч УДАА УРАГ БҮТЭЛГҮЙТЭЖ, ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВСАН-

Бид тухайн асуудлаар "Амгалан” амаржих газартай холбогдсон боловч, цар тахалтай холбоотойгоор мэдээлэл өгөхгүй хэмээх хариултыг өглөө.

-Сайн байна уу? Ямар учир шалтгааны улмаас “Амгалан” амаржих газартай холбоотой гомдол, мэдээллийг өгөхөөр холбогдсон бэ?

-Миний зүгээс зөвхөн “Амгалан” амаржих гэлтгүй төрөх эмнэлгүүдэд анзаарагдсан, өөрийн кэйс дээр тулгуурласан зүйлсийг хэлэхийг хүссэн юм. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд ураг хэвлийдээ өсөлтгүй, амьгүй болох, савны гадуурх жирэмслэлтэд өртөх зэргээр эмгэг үүсэх болсон. Миний хувьд ч гэсэн дээрх шалтгааны улмаас жилийн хугацаанд хоёр ч удаа төрөх эмнэлэгт хандсан.

Надтай адил үргүйдэл, өсөлтгүй жирэмслэлтээс улбаалж өөрөө хүсээгүй ч, хэвлий дэх ургаа таслуулж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан эмчилгээ үйлчилгээ, түүнийг дагасан хангамжийн асуудлууд манайд хөгжихгүй бол болохгүй нь ээ. Жишээлбэл, дээрх оноштой эмэгтэйчүүдийг амаржих эмнэлгийн Жирэмсний эмгэг эмчлэх тасагт эмчилдэг гэдэг ч, хөрсөн дээрээ уг өвчлөлийн тухай судалгаа бага, эмч нарын ур чадвар муу санагдсан.

Наанадаж хэвлий дэх ургаа таслуулж байгаа эхийг, үрээ хэвийн тээж байгаа ээж нартай хамт байлгадаг нь эмч, удирдлагууд дээрх эмгэгийн тухай судалгаа, хангамж муу байгааг харуулж байна. Хагалгаанд орсон, үрээ алдсан эхчүүдэд эмнэлэгт тусдаа орон зай байх хэрэгтэй. Гэтэл тийм зүйл алга.

-Таны хувьд хамгийн сүүлд энэ сарын 1-нд “Ургаа үргэлжлүүлэн тээх боломжгүй” гэх шалтгаанаар “Амгалан” амаржих газарт хэвтэж, үйлчилгээ авсан гэсэн шүү дээ?

-Тийм ээ. Нийслэлийн "Амгалан” амаржих газарт би хоёр ч удаа эмчилгээ, үйлчилгээ аваад гарсан. Эхний удаа савны гадуурх жирэмслэлт болоод эмнэлэгт очиход эмч ажилтны харилцаа хүнд, дээр нь онош тодруулж чадахгүй нэг сар орчим явсан. Нэг сарын хугацаанд би тус эмнэлгийн яаралтай хүлээн авах тасагт очоод “Миний биеийн байдал ямар байна вэ, хүүхэд маань зүгээр үү” хэмээн асуусаар ирсэн ч тодорхой хариулт авч чадаагүй. Миний хувьд хүүхдээ авч үлдэх, үргэлжлүүлэн тээх чин хүсэлтэй. Тэгэхэд хамгийн хэцүү нь эмч, мэргэжилтнүүдийн зан харилцаа үнэхээр хэцүү байсан.

“Та ийм оноштой, цаашид хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. Ийм эмчилгээ хийлгэсний дараа таны биеийн байдал дээрдэнэ. Дахиад тэдэн сарын дараа хүүхэд тээх боломжтой. Эсвэл ийм учраас тээх боломжгүй” зэрэг мэдээллийг асуусан ч өгдөггүй байсан. Дотроо маш их айдастайгаар “Би жирэмсэн болж уу. Миний хүүхэд зүгээр үү” хэмээн эмчээс асуухад “Жирэмсэн нь ч жирэмсэн л юм. Одоо ч хүүхэд чинь суваг руугаа орно гэж худлаа л даа” зэрэг бүдүүлэг хариултуудыг өгч байсан. Сүүлийн кэйс дээр ч гэсэн сорвин дээрх жирэмслэлтийг таслан зогсоохоор Яаралтай тусламжийн тасагт очиход, эмч нар тодорхой мэдээлэл өгөөгүй.

Тиймээс өөрийн чадах хэрээр цахим ертөнцөөс өөрийн оноштой холбоотой мэдээллийг цуглуулсан. Үзсэн эмч нь “Таны хүүхдийг ч одоо ингээд шууд авчихна гэж байхгүй л дээ” зэргээр бүдүүлэг өнгө аясаар харьцдаг. Ялангуяа ургаа алдаж байгаа сэтгэл санаа тогтворгүй ээжүүдэд дэндүү хэнэггүй, бүдүүлэг хариултуудыг өгч харьцаж байсан нь харамсалтай. Тэдгээр үгс нь өөрт маш хүнд тусдаг юм билээ.

-УЛСЫН ЭМНЭЛГҮҮД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ДУТМАГ, ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ОНОШ ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ-

-Дээрх харамсалтай явдлууд болоход ураг тань хэдэн долоо хоногтой байсан бэ?

-Эхнийх дээрээ 5-6 долоо хоногтойд оношлуулж байсан. Гэвч эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй, эмч нарын хүнд суртлаас болоод сар орчим явсны дараа хөндүүлж байсан. Улсын эмнэлгүүд өөрсдөд нь тоног төхөөрөмж дутмаг хэр нь хувийн эмнэлгийн оношийг хүлээж авдаггүй юм билээ. Хувийн эмнэлэгт ураг маань зүүн талдаа байна гэдэг. Улсын эмнэлэгт очиход ураг тань хаана байгааг харж чадахгүй байна гэх мэт. Аргаа барахдаа хувийн эмнэлгийн оношоо үзүүлэхэд “Бид нарын харж чадаагүйг хувийн эмнэлгүүд мэдэж чадахгүй” хэмээн хүлээж аваагүй.

Энэ байдлаар ойр ойрхон очоод байхаар эмч нар нь төвөгшөөж эхэлдэг. Ингээд надад “Чи манай зөвлөх эмч дээр очоод харуулчихаад ир” гэсэн. Тэгэхэд хувийн эмнэлгийн оноштой нийлж, зөвлөх эмч нь хүлээж авснаар сая намайг эмнэлэгт хэвтүүлж байх жишээтэй. Би дотроо найдлага тасрахгүй “Хүүхэд маань сав руугаа орж ирэх үү” гэхэд “Юу гэж орж ирдэг юм. Худлаа шүү дээ. Одоо хэвт. Чамд химийн эмчилгээ хийнэ. 48 цагийн дараа ургийн хэмжээ тодорхойлох шинжилгээнд орно. Буурсан байвал эмнэлгээс гарч болно” гэсэн.

Тухайн тариа нь ямар үйлчилгээтэй, хор нөлөө үзүүлэх эсэх ямар ч мэдээллийг огт өгөөгүй. Зөвхөн нэрийг нь л бичиж өгдөг. Химийн тариа нь зөвхөн тэр эмнэлгийн эмийн санд байна лээ. Эсвэл тэр хүнээс аваарай гээд хоёр хүний утасны дугаар өгч байсан.

-Эмнэлгээс гарч болно гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Эмч надад тайлбарлаж өгөөгүй л дээ. Миний ойлгосноор зүүн талын үрийн хоолойд тээглэсэн үр маань химийн тарианд хатингаршиж үхжээд, томрохгүй болсныг эмчилгээ амжилттай болсон гэж үзээд гарах ёстой юм болов уу гэж ойлгосон. Гэвч шинжилгээгээр ураг томорсон гэж гарсан учир дахин тариа хийлгэж нэг өдөр ажиглаад эмнэлгээс гарч болно гэж хэлсэн. Миний оношийн хамгийн эмгэнэлтэй төгсгөл нь ураг умайн гуурсанд томорч хагараад, дотуур цус алдаад арга хэмжээ авахгүй удвал амиа алдах эрсдэл байсан. Иймд дээрх хүндрэлээс сэргийлж, тариа хийлгэсэн. Түүнээс тухайн тарианы гаж нөлөө, хүндрэлийг нь би мэдэхгүй. Надад "Хавдар судлалын эмнэлэг”-т хийгддэг, тухайн эмнэлгийн эмийн санд байх магадлалтай гэж хэлсэн. Түүнээс энэ тариа таны биед ороод ийм ийм зүйл болно, тийм үйлчилгээтэй гэх мэт мэдээллийг надад өгөөгүй.

-ЖИРЭМСНИЙ ХҮНДРЭЛ ГАРСАН ЭСЭХ ХАМААРАХГҮЙГЭЭР ХЭВИЙН ЭЭЖҮҮДТЭЙ ЖИШИГДЭЖ, ҮРГЭЛЖ ГАДУУРХАГДДАГ-

-Тариа хийлгэснээс хойш таны биед гаж нөлөө илэрсэн үү?

-Тариулаад 24 дэх цаг орчимд толгой өвдөх, манарах шинж тэмдгүүд илэрсэн. Сувилагчид хандаад хэлэхэд, "Зүгээр шүү дээ. Тэгж байгаад л зүгээр болчихдог юм” гэж байсан. Миний уншиж судалснаар химийн тариа цуснаас гадагшлахад ойролцоогоор нэг жилийн хугацаа шаардагддаг юм билээ.

-Хийсэн химийн тарианы гаж нөлөө, мэдээллийг танд хэлээгүй, өөрөө судалж мэдсэн гэж ойлгож болох уу?

-Тийм ээ болно. Би 100 хувь өөрөө судалж олж мэдсэн.

-СЭТГЭЛ ӨВДӨӨД УЙЛЖ Ч ЧАДАХГҮЙ, ӨВДӨӨД ЭМЧ РҮҮГЭЭ ОЙР ОЙРХОН ОЧИХООР ЭЭЖҮҮДЭЭ СЭРЭЭЛЭЭ ГЭЭД ЗАГНАДАГ-

-Сорвин дээрх жирэмслэлт болсон гэж ярьсан. Ямар хүндрэлүүд гарсан бэ?

-Эхний буюу савны гадуурх жирэмслэлт, намайг эмнэлгээс гаргасны хоёр дахь хоног дээрээ үрийн суваг маань хагарч, яаралтай хагалгаанд орсон. Кесар хагалгаатай адил юм билээ. Ингээд зүүн талын үрийн хоолойгоо авахуулсан. Эхний жирэмслэлт таагүй үр дүнгээр төгссөн. Хоёр дахь удаагийнх дээр биеэ маш сайн бэлдсэний дараа жирэмсэлсэн. Анх хувийн эмнэлэгт үзүүлж, хянуулаад явахад "Сорвин дээрх жирэмслэлт асуудал биш” хүүхдээ гаргах боломжтой гээд ураг дэмжих тариа хийлгэж хэсэг харзнасан. Гэвч тариа хийлгээд ч хүүхдийн маань зүрхний цохилт муу байсан учир тухайн эмнэлгээс улсын эмнэлэг рүү үзүүл гэсэн.

Ингээд "Амгалан” амаржих руу очоод үзүүлэхэд шууд л "Өө энэ ургийг авахуул. Сорвин дээрх жирэмслэлт цаашид тээх боломжгүй” гэсэн. Яах вэ ялгаа нь хувийн эмнэлэг өвчтөнийхээ сэтгэлийг засаж, эмчлэх арга зам хайдаг бол улсын эмнэлэг тэгдэггүй юм билээ. Хэвтэх шат үнэхээр төвөгтэй. Миний хагалгаанд орсон, жирэмсний хүндрэл гарсан эсэх хамаагүй. Том гэдэсгүй, ургаа цаашид тээх боломжгүй гэсэн шалтгаантай учир том гэдэстэй, хэвийн жирэмслэлттэй эхчүүдийн дараа үздэг. Ор ч олдохгүй. Эмч нарын харилцаа хандлага уурлаж, зандарсан байдаг. Бид ч гэсэндээ хүүхдээ үгүй хийгээд байгаа биш шүү дээ. Гэтэл ургаа хэргээр үгүй хийсэн мэт маш хүйтэн, бүдүүлэг харилцдаг.

-Эмнэлэгт хэвтэхэд нөхцөл байдал, орчин ямар байсан бэ?

-Очсон эхний өдрөө хэвтэж чадаагүй. Зөвхөн 08:00-11:00 цагт ирвэл хэвтүүлнэ, мөн шинжилгээгүй бол оруулахгүй гэсэн. Төрөх гээд өвдөж байгаа, цус алдаж байгаа хамаагүй. Дотор ороод химийн тарианаас өөр эмчилгээ надад хийгээгүй. Эхоны эмч нар ч тодорхой мэдээлэл өгдөггүй байсан. Мөн хамгийн харамсалтай нь үрээ алдсан эхийг, хэвийн жирэмслэлттэй эхчүүдтэй хамт нэг дор байлгаж буй нь. Сэтгэл өвдөөд уйлж ч чадахгүй, өвдөөд эмч рүүгээ ойр ойрхон очихоор ээжүүдээ сэрээлээ гээд загнах зэрэг хандлагууд гаргаж байсан.

-Та өрөөндөө хэдүүлээ байсан бэ?

-Тавуулаа байсан. Надаас гадна нэг эмэгтэй адилхан оноштой. Бусад гурван эмэгтэй хэвийн жирэмслэлттэй байсан. Би мөн л эхнийхтэйгээ ижил химийн тариа хийлгэж, эмнэлэгт 8 хоног хэвтээд гарсан

-Таны биеийн байдал, сэтгэл санаа ямар байна вэ?

-Бас бус хүндрэлүүд мэдээж байгаа. Яг л төрсний дараа гардаг бүхий л хүндрэлүүд гардаг. Ургаа л алдсанаас биш, бидний бие физиологи төрсөн хүмүүстэй ижил тамирдана, ядарна. Сэтгэл санаа одоогоор үнэхээр хүнд байна.

-Бидэнтэй ярилцаж мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-17 09:00

Харамс�##�тай 🙁

Холбоотой мэдээ

Back to top button