УРЛАГ

Зарим газар бүр УЛИХ Ч шаардлага гарч магадгүй

Д.Оюунчимэгийн “Очирт уулын бичиглэл” яруу найргийн түүврийн тухай

Дашийн Оюунчимэгийн шүлгэнд шүүмж бичье гэж бодсонгүй, зүгээр л сэтгэгдэл хэлье гэж шийдлээ. Нэг их айхтар гүн ухаан, үзэл санаа, хэлбэр дүрс ярихаас илүү өөрт төрсөн мэдрэмжийг бичих нь зүйтэй болов уу. Учир нь мэдрэмж мэдлэгийн нилээд гүнзгий түвшин. Бүр жинхэнэ үнэнийг онохын цагт үгийн тусламжтайгаар илэрхийлэх ч боломжгүй болно. Өөрт мэдрэгдээд байдаг үгээр илэрхийлж чаддаггүй тохиолдол зөндөө. Эртний Хятадын их бясалгагч Лууз “үнэнийг үгээр илэрхийлэх боломжгүй” гэсэн байдаг.

Орой ажлаас тарж хариад эргэж хөрвөж хэвтэх хоорондоо шүлгийн түүврийг сөхөж харлаа. Нэг мэдэхэд би салж чадахгүй уншиж эхэлсэн байв.

Маргааш нь ажилдаа явж байхдаа би аль хэдийн автобусан дотор

“Амраггүй, ажилгүй, алтан бөгжгүй

Ай, тэдний хүрээлэнд нэвтрэх эрхийн үнэмлэхгүй“ гээд дотроо дуржигнатал цээжээр уншиж явсан юм.

Хэд хоног л энд тэнд нь цаас нааж, зурж байгаад уншлаа. Заримыг нь уншиж амилуулах гэж оролдлоо. Нөхөр маань насаараа л цэргийн байгууллагад явсан бүдүүн хадуун хүн. Оюунчимэгийн шүлгийн зарим мөрийг уншиж өгөхөд хоолоо хийх хоорондоо ихэд тоож, зарим хэсэг дээр нь бүр дуу алдаж байсан. Шүлэг яруу найргийг ингэж тоож байхыг би насандаа хараагүй.

Оюунчимэг рүү утасдлаа: “Чи чинь яасан маркетинг муутай дурак вэ! Юуны чинь “Очирт уулын бичиглэл”! Гаригуудын сүйрэл, Дэлхийн гуравдугаар дайн гэж нэрлэвэл таарна. Сайхан сонсдог СД гаргаач, энэ номоо шинээр дэглэж гарга. Маш өвөрмөц, сэтгэлгээний зургуудаар чимэглэж, нэрийг нь өөрөөр өгөх хэрэгтэй” гэв.

Шүлгүүдийг базаж хэлэхэд үнэхээр төгс хийгдсэн бүтээл болжээ.

Хуульч хүний хувьд Чезаре Бекаре 27-хон насандаа “Гэмт хэрэг ба ялын тухай” бүтээлээ туурвисан, уг бүтээл өнөөдрийн орчин цагийн эрүүгийн эрх зүйн үндэс суурь болж байдгийг мэднэ.

Д.Оюунчимэгийн залуу халуун хорин хэдхэн насны хүч энергийг аваад үлдчихсэн, асар их тэсрэлттэй шүлгүүдийг залуу л хүн уншиж амилуулахгүй бол яаж ч зөв уншъя гэж оролдоод миний энерги дутаад байв. Амьтай, сүнстэй юм гэдэг аюултай.

Гаригууд сүйрч байгаа юм шиг, дахиад хормын дараа хачин нам гүм диваажин үүсэн цогцолж байгаа ч юм шиг. Энэ гайхамшигтай драм, жүжиглэл, нэг хүний театрыг жирийн ч нэг жүжигчин үзэгчдэд хүргэж чадахгүй. Асар дотоод хүчтэй, дотортой, маш залуу хүн л жинхэнэ сонгодог тавилтаар нь хүмүүсийн оюун санаанд хүргэхгүй бол “Очирт уулын бичиглэл” хэмээх хуучинсаг нэртэй галзуу авангард шүлгүүд номын сангийн зузаан номнууд дунд нам жим унтсаар л байх болно.

Туурвигчийн хамгийн эрхэм чанар энэ ертөнц, энэ амьдралыг хөндлөнгөөс нь харахад байдаг гэж би боддог. Хамгийн эхний шүлэгтээ л тэр өөрийгөө шонхортой эн зэрэгцүүлэн тавьжээ. “Алдар болоод атаархалд агаар дутагдах” орон зайд тэр хүрч чадсан байна. Гэвч найрагч шонхортой ханьсаад арилаад өгсөнгүй, үүлсийн дээгүүр нисдэг сэхрүүн бардам жигүүртний харцанд үгүй “зовлонгийн жин” түүнийг доош буулгаж ирнэ. Яруу найрагч одоо зөвхөн өрөөл бусдыг өрөвдөн хайрлах сэтгэлээр энхэл донхолтой энэ амьдралд унаж босон алхах хэрэгтэй болсон. Ийм өндөрлөгт хүрсэн туурвигч алдар нэр хөөцөлдөн гүйхгүй, энэ ертөнцийн түмэн дуулиан шуугианаас ангид нам гүмхэн оршдог. Яагаад гэвэл тэр дотооддоо дүүрсэн. Хэдий цөхөрсөн, гутарсан мэт харагдавч тэнд гутрал ер байхгүй, зүгээр л таньж мэдсэн хүний үг. “Харанхуйн дуулал” бүлэг шүлгүүдээс нь түүний дорно дахины сэтгэлгээний өнгө аясыг тод томруун харж болно. Зовлон гээч нь зах хязгааргүй хүслээс, хүсэл нь эс мэдэхүйн харанхуй мунхагаас үүсэлтэй гэх буддын гүн ухааны суурь ойлголт энд байна.

...Хэн нэгний даажигналд – хүслийн шугуйд төөрч

Хоёр өвдгөө тэврэн удтал сууж, уйлсаар

Урсах нулимсаа бараад, урвагч орчлонгийн аалиар

Одоо би гундуухан чамдаа ирлээ, төрөлх минь.

Төрөлх гэж тэр “Сэтгэл”-ийг хэлжээ. Сэтгэлийнхээ ая занг олох нь манай энэ шинэ зууны сэхээтнүүдийн зорилт болоод байгааг одоо олон хүмүүс мэддэг болж байна. Гэхдээ сэхээтнүүд гэж манай дарга даамлууд, алдар цолтнууд биш шүү, учрыг эрж хайн оюунаа чилээж яваа тэр эрхмүүд.

Бүсгүй хүн уйлахад

Бөхөнгийн эвэр сэрвэлзэнгүй.., гэсэн гүнзгий мэдрэмж, сэрэхүйтэй мөрийг ойлгож барьж авах хүн үнэхээр ховор шүү. Монгол ахуйтай нэгэн л ойлгох болов уу.

Ховд аймгийн Манханы ган халуун талд, зэрэглээн дунд хэдэн бөхөн хатирч явна. Зэрэглээнээс ялгарах ч юм алга. Жинхэнэ ганцаардал, жинхэнэ онгон байгалийг мэдэрсэн хүн л дээрх мөрийг ойлгоно. Зэргийн хаяа, Хар ус нуурын хөвөөнд 100-150 км-ийн зайтай цөөхөн хэдэн айл намаржина. Хар ус нуурын хөвөөнөө ганц гэр, гэрт ганц бие бүсгүй.

“Тийм хоосны дунд бүсгүй хүн

Тасалданги хөг огшоон сэмээ уйлахад

Талд ахуй бөхөнгийн зүүн эвэр сэрвэлзэнгүй.”

Сонин шүү. Баруун эвэр нь сэрвэлзвэл яасан юм? Жинхэнэ гуниг, жинхэнэ том ганцаардлын чимээ дээд хэмжээст ертөнцөөс орж ирдэг аялгууны бясалгалаар авч үзвэл яавч баруун талаас орж ирэх ёсгүй. Хүний зовлонгийн чимээ зүүн талаас орж ирж таарна. Бүсгүй хүн уйлаад байна, уйлах гээд байна. Талд ахуй, хиртэж бузартаагүй, эрхэм чанар ихтэй, цэвэрхэн амьтан бөхөн 150 км-ийн цаана багтарч тасалдаад, уйлаа ч үгүй, уйлах дөхөөд зогссон бүсгүйн амьсгалыг тийм холоос мэдрээд сэрвэлзэж, чимээрхэж, түгшиж, зүүн эврээ сэжиж байна. Тэрээр гэмгүй бүсгүйн зовлонг сарниахыг хичээж, зүүн эврээ сэрвэлзүүлж байна.

Гэтэл бид хажуу өрөөнд хүн уйлахад мэдэрдэг бил үү? Хажуу өрөөний хүний байтугай хажуу бөөрөөрөө нийлээд сууж байгаа хүнийхээ зовлонг ойлгодог билүү? Хажуу айлд нялх хүүхэд магадгүй хүчирхийлэлд өртөж байж ч болзошгүй орилоод чарлаад байхад бид ядаж цагдаад мэдэгддэг билүү? Шүлэгчийн нэгэн шүлгэндээ хэлсэнээр бид “ширмэн зууны роботууд” болсон.

Амьдралыг олон ааштай, мунхаг, зальжин, хортой авгай нартай зүйрлэвэл таарна. Ер нь их хүмүүс тэр дундаа Данзан Равжаа ертөнц авхай гэж амьдралыг нэрлэсэн байдаг. Амьдралын тухай нэг шүлэгт

“Аймаар энэ төрх -

Ай, яаран багаа өмснөм.

Ав адилхан над шиг бас

Уруулаа будаж, нүдээ засаж

Урдах толиноос эгцлэн ширтэх

Охины гэнэн харц шиг болоод

Амьдрал над руу гараа сунгана.

Хамтдаа бид сугадалцаж

Хангалуун инээж, толгой дохисоор

Давхар хаалганд түлхүүр шургуулж

Дуулиант өдрийн үүдийг нээнэ.

Түүний дотор эгээ л бидэн шиг

Тал нүүртэнгүүд, таван нүүртэнгүүд

Торгон гивлүүр намиран намируулж

Төгөлдөр гоог үзүүлсээр угтана.

Хачин том очир шигтгээт бөгжийг

Хар бээлийтэй хуруундаа дүрэх шиг

Хүсэхүйн үнэнийг хоолойн цаана өнгөрүүлж

Хэвэнд тааруулж үгсийг өрнө.

Хорлонт могойнх шиг харцыг минь гагцхүү

Хэмжээлшгүй чөлөөт харанхуй мэднэ

“Хэнд ч өчихгүй” гэж ам шүд алдана.

 1993.3.15 гэжээ.

Тийм ээ, бэлгэдлийн хувьд амьдрал дандаа давхар хаалгатай байдаг. Өнөөдөр дан хаалгатай хотын айл гэж байхаа больсон. Амьдрал бол итгэхийн аргагүй эд учраас давхар хаалгатай. Тийм шүү. Амьдрал аймаар төрхтэй, торгон гивлүүр намиран намируулж, төгөлдөр гоог үзүүлсээр угтах боловч төд удалгүй аймшгийн муухай бараан төрхөө ичгүүр сонжуургүй харуулдаг. Оюунчимэг ээ, чи тал нүүртэнгүүд,таван нүүртэнгүүдийн тухай бичсэн байх юм. Би бүр 500 масктай хүнтэй таарч үзсэн юм байна. Бас энд “Хэвэнд тааруулж үгсийг өрдөг” хүмүүсийн тухай ямар гоё хэлээ вэ? Бодлоготой ярьдаг “мангар ухаалаг” хүмүүс цаана чинь хэвэнд тааруулан үгсийг өрж байна. Бодлогогүй, гэнэн цагаан, хүнээрээ байж, үнэн үгсийг хамаагүй хэлсэн нэгнийгээ үзэн ядаж байна. Амьдралд ядаж нэг багтай байхгүй бол бас болохгүй.

“Аймаар энэ төрх

Ай яаран багаа өмснөм.” Өөрийн амьдрал хичнээн зовлонтой байсан ч ядаж худал инээмсэглэж, өрөөл бусадтай мэндлэхгүй бол болохгүй. Ядаж худал, хүчээр инээмсэглэхгүй бол их зантай, хэрээ мэдэхгүй, ихэрхүү тэнэг, ойворгон гэхчлэн нэрлэнэ шүү дээ. За тэгээд амьдралын формальность, дэг жаяг гэж нэг юм байна.

Шүлгийн түүвэр дотор “Гэгээвч цонхгүй орчлон” гэсэн бүлэг байх юм. Аль 1994, 1995, 1996 оны бичсэн шүлгүүдэд 20-30 жилийн дараах өнөөгийн нийгмийн өнгө төрхийг ямар ч алдаагүй зуржээ. Шүлгүүдийн ихэнх нэргүй, яг л японы 14 дүгээр зууны лам Кенко Хосийгийн “Уйдан суухуй дор бичсэн тэмдэглэл” шиг.

ЕР НЬ ТҮҮНИЙ ШҮЛГҮҮД БҮХЭЛ БҮТЭН ДРАМ

Өнөөдөр ялангуяа “Гэгээвч цонхгүй орчлон” гэх бүлгийг хүмүүст амилуулж хүргэвэл нэн чухал байна. Бодлогогүй ярьдаг хэсэг нь ч үнэнээр цангаж байна, хэвэнд тааруулан үгсийг өрдөг хэсэг нь ч хүн л юм болохоор цаагуураа үнэнээр ангаж байна. Машин дотроо эдгээр шүлгүүдийг сонсоод жаахан ч болов ухааралтай нүүр тулж үзээсэй, олон түмэн минь.

Энэ найрагчийн шүлгэнд бас нэг онцлог байна. Урд өдөр нь огт анхаарч тоогоогүй мөрүүд маргааш нь уншихад агуу мөрүүд болж, урдаас цоо шинээр амилж, амьдарч, амьсгалах юм. Нэгэн гэмгүй мөрийг унштал урдаас:

“Энэхэн орчлонгийн бөөрөн дээр

Амсхийх газар олсонгүй билээ л” гэж байна.

Цааш нь:

“Угтаа яах ч гэсэн билээ, бүү мэд

Урилгагүй ирсэндээ энд дэмий харуусч

Уйтгараа мартахаар л зөвхөн шүлэг бичиж

Улам бүр түүнээ цөхрөлийг олоод

Угтаа яах ч гэсэн билээ, бүү мэд.”

Энэ эрэлхийлэл, учир утгагүй харь газар хэрэн бэдсэний эцэст найрагч маань:

“Иргэнээр намайг аваагүй энэ зууны төрхийг

Ирээгүй үеийнхэний өмнөөс гэмшингүй бээр ширтэнэ

Өр авлага мэт хүмүүсийн дунд

Өглөг мэт хэсүүчилсээр..,

Өөр газар хаана? Хэн мэднэ, түүнийг?”

1994.5.19 гэж төгсгөсөн байх юм.

Би мэднэ, Оюунчимэг ээ. Аугаа их оршихуйтай харьцуулбал бидний энэ үхэлдэн тэмцэлдээд буй амьдрал үнэхээр зурсхийн өнгөрөх үзэгдэл төдий юм шүү дээ. Бидний жинхэнэ гэр орон, бидний очих ёстой, байх ёстой газар бол өөр хэмжээст Дээд Ертөнц. Их багш нар тэгж хэлдэг юм байна лээ шүү гэж хариулъя даа.

Одоогоос хорин хэдэн жилийн өмнө цэл залуухан найрагч шүлгээ бичиж байх үед манай нийгэмд шударга ёс бас ч тэгтлээ алдагдаагүй байсан болов уу. Гэтэл “Элеги” гэдэг шүлгээ:

“Эрхэмсэг ноёд оо,

Энд хүүхэлдэйн зах нээгджээ” хэмээн эхлүүлж байна.

Тэгээд цааш нь:

Хүүхэлдэйн хотхон суу алдарт шатжээ.

Халамцуу, халамцуу, намгийн мэлхий

Хашгиралдах шиг алга ташилтанд

Хөөрцөглөж тэд хөлөө хугална.

Хөвөн даавуун, магадгүй хов хоосон

Тархинд нь зайлуул, хуримын даашинз

Таримал өлбөн бас багтдаг гэнэм

Толгой дохисхийн инээж үзэгдэнэ

Хөдөөгийн буйдад эмгэн үнэг уйлна

Харуй өтгөртөл ууль гашуудан инээнэ

Хөх морьтой савдаг ууланд хальжээ.

Хөөрхий тэр харууслаа даасангүй гэнэ.

.

Харанхуй улам зузаарахад

Хүүхэлдэйн хотхонд найр хавтгайрна

Хүмүүс шиг наргицгааж

Хүмүүсээс дутахгүй хөлчжээ.

...Аварга, шилдэг,

Хамгийн, хамгийн.., Аз болж

Дэлхийд ганцхан

Хүүхэлдэйн зах нээгджээ энд.

 1993

Хуульд бодит үнэн гэж ойлголт байдаг. Бас эрх зүйн жам ёсны сургааль ч гэж байна. Үнэхээр дээрх шүлгүүдийн үзэл санаа бодит үнэнд нийцэхээс гадна юмс үзэгдлийн жам ёсонд ч нийцэж байна. Тийм ээ, бид өнөөдөр Хүүхэлдэйн хотод амьдардаг болсон. Одоогоос хориод жилийн өмнө Монгол орны лус савдаг бүрэн бүтэн байсан. Одоо олон газар уул уурхайгаас болоод савдаггүй болсон. Хөх морьтой савдаг ууланд хальсан. Хөөрхий тэр харууслаа даагаагүй. Бас цүнх баригчид, дохиогоор ажиллагсад, тархиндаа зайлуул хуримын даашинз, өмч хөрөнгөөс өөр програмчлалгүй гэнэн охид олон болсон. Бас хүүхэлдэйн хотын тоглоом шиг уралдаан тэмцээн, шагнал урамшил, алдар гавьяанд живж гүйцлээ.

“ Арав дахин цаазлагдсан ч үхэх нь болоогүй

 Араг яс алтан бэлзэгтэй савраараа

 Албан тасалгаанд хууль ёс хөтөлж

 Алдар хэмээх шалбаагт бие биеэ хутгана”

Одоогийн энэ их гавьяагүй гавьяатууд, эрдэмгүй эрдэмтэд, хэцүү хатуу,ёс зүйгүй түшмэдүүд энэ мөрнөөс харагдаад байгаа биз дээ?

Японы танка шүлэг шиг таван мөртөөр, заримдаа долоон мөртөөр бичсэн, тийм ийм гэх хэлбэр загварт баригдаагүй, залуу бүсгүйн шүлгүүд. Хорин хэдхэн насандаа хорвоог нэг сайн төвлөрч ажиглаж харчихаад “За даа, цаашаа ч сонирхолтой юм алга шив дээ“ гээд цөхрөөд яваад өгсөн бүсгүйн шүлгүүд.

Шүлэгчийн залуу цагийн 1990-ээд оны нийгмийн амьдрал тийм байсан уу, эсхүл өнөөдрийн амьдралыг нэвт харсан уу, эсхүл амьдрал угаасаа л тийм мөн чанартай юм уу.

Шүлгүүд тэр чигтээ алга ташилт, толгой дохилт, бүжиг болзоо, аяллаар яваад ирсэн найзын бэлэг, арван саяын сугалааны хонжвор, өрнө газрын шар айраг, үнэт зоог, өглөө дөнгөж түрхсэн сүрчигний үнэр, даашинз гоёл сэлт, уруулын будаг, нарийн торгон гивлүүр, бөөн шуугианаар дүүрэн.

Сүр дуулиан, шуугин хөөсрөх шарз, суу алдар, шумуулын жингэнэх мэт алга ташилт, цэцгийн баглаа, сэрүүн тагт, дарс, чихарсан цонх, исгэрээг улам хөгжөөх өрнөл, чихгүй нүдгүй тэмүүлэх цэнхэрхэн цэнгэл, учиргүй олон өнгө дүрс, ухаангүйн амтыг уйдах завгүй тараах хөгжим, хөөрхөн бус бүсгүй, хөлөө савчсан бүжиг, хангалуун царай, харших хундага, хэрэггүй цэнгэл шалаар нэг хөглөрсөн, хэдгэний үүр. Естой нөгөө “много шума из ничего” гэдэг шиг.

Гэвч бужигнасан хаос, хов хоосон шуугиан, донж, дэг жаяг хэлбэрийн төгсгөлд зохиогч заавал энэ шуугианыг нам болгосон дуу алдам жинтэй хоёр мөрт хэлсэн байх нь олонтаа.

.

“Өчүүхэн гоо төрөлхийтөн гоёлоо хичээх нь

Өнөөх л янзаараа, хонхны хэл шиг орчлон

Өлмий дор санжигнах нь хуучин янзаараа

Замын хажууд зарлагууд сонин зарж:

Хатан авгайн жаран нас хүрсэн тухай

Халуун өдрийн шүүр сам, сүрчигний тухай

Хашгичих нь янзаараа тэр цагт

.., Амь тээгсэд хичнээн арван арван зуугаар ч

Амьд хүмүүс ямар алдаг оног цөөхнийг

Азаар би тэр үед халаглан гайхахгүй, азаар л..,

 1994

Өөрийгөө махан бие гэж боддог сэтгэдэг, зөвхөн махан биеэр л амьдардаг хүмүүс

“Би үг ч бус, эгшиг ч бус, авиа “ гэсэн гайхамшигтай мөрийг ойлгох болов уу.

“Хамгийн эхэнд авиа байсаан” гэж Библи судар эхэлдэг юм гэсэн. Өөрөөр хэлбэл долгион, сүнс, хэлбэлзэл байсаан гэсэн үг. Яс юман дээр хүн гэдэг Д.Оюунчимэгийн бичсэнээр авиа, сэрэл, анир, үг, тэмдэгт, зөн совингийн сураг, хөг аялгуу, сэвшээ, бодолд санаанд ч буухгүй зэргэлээ, ганганагч цагаан шувуу, гал улаан шуурга юм.

Хайрын талаар учиргүй гоё хэлсэн шүлгүүд зөндөө л байдаг. Хайр хэмээх тэр асар их энерги, тэсрэлт, долгион давтамж, харуусал сүйрэл, гуниг ганцаардал бүхэл бүтэн амьдралын сургааль, сургамж - энэ зуун жилийн ганцаардлыг романаар биш шүлгээр харуулж болно гэдгийг ойлгоход нэн бэрх. Агуулгын өндөр багтаамжтай учраас Д.Оюунчимэгийн шүлгүүдийг шүлэг гэхэд багадаад театр жүжиг гэж нэрлэмээр санагдаад байгаа юм. Учир нь тэдгээрийг зөвхөн уншихгүй, үзнэ, мэдрэнэ, сонсоно, сургамж авна, уг шүлгүүдээр амилж амьдрах, амьсгалах, тэмцэлдэх хэрэгтэй болно.

Бүр мах ясыг нь хэрчиж үзүүлэхгүй бол ухаан нь гүйцэж мэдрэхгүй гэдэг шиг. “Яс махандаа тулж байж л сая нэг ойлголоо” гэж хэлдэгтэй адил. Гүнзгий учраас амилуулж, жинхэнэ сонгодог тавилтаар нь тавихгүй бол ойлгохгүй. Зарим газар нь дуугаа нам болгох, зарим газар нь тамир тасран шивэгнэх, зарим хэсэг дээр нь ухаан алдан унах, зарим газар нь орилох, зарим газар нь бүр улих ч шаардлага гарч магадгүй. Зарим хэсэг нь чив чимээгүй, хов хоосон. Энэ галзуу шинэлэг, тэгсэн атлаа монгол хүний л мэдэрч дөхөж чадах жигтэйхэн хуучинсаг, гүн ухааны шүлгүүдээр “Д.Оюунчимэгийн нэрэмжит ганц хүний театр” байгуулбал таарна.

Мөн шүлэгчийн уран гоё нарийн дүрслэл, хэллэг, зүйрлэлийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй.

“Сүр дуулиан есөн давхарт

Шуугин хөөсрөх шарзан дунд тэдний

Шижир шүд инээдэнд сөхөгдөн туяарах шиг

Суу алдар. Шумуулын жингэнэх мэт

Алга ташилт. Аяа шаналах сөхөөгүй

Чөтгөрийн хороололд аз болж, бурхад эзгүй.

Алтан бүрмэл шүд нь гялалзаад гээд хэлчихвэл яасан юм. Гэтэл шижир шүд гэж байна.

Энгийн уншигчид тааруулаад 3,4 дүгээр хорооллын есөн давхарт бөөн нийллэг болоод гэвэл яасан юм? Үгүй ээ, яруу найрагч маань урлаад байна, авах идэхийн шуналд дийлдсэн хүн сүргийн бөөн дуу шуугианд амь тавин ёолж байгаа ертөнцийг зүгээр л “Чөтгөрийн хороолол” гэсэн гайхамшигт үг ашиглан зуржээ. Чөтгөрийн хороололд аз болж, бурхад эзгүй. Гэгээрсэн их багш нар засал ном хийж ядаад хамгийн сүүлд “Энэ дэлхий үнэхээр Маяагийн/ чөтгөрийн/ мэдэлд байна” гэж дуу алдсан гэх үг бий.

“Шөнө, Шийдэж чадалгүй удтал

Шаналан бодсоор санамсаргүй хатгасан

Цэг шиг хав хар үлэмж битүүлэг шөнө” гэсэн гайхалтай мөр байна.

Бас японы хайкуг санагдуулам мөрүүд таарна.

Ганц улаан навч

Тийм дээр хөөрч

Газар алгадан унахад нь

Гараараа нүүрээ таглан

Тэсгэлгүй гашуунаар

Чиний тухай бодлоо.

Бас сонгодгуудыг санагдуулам мөртүүд тааралдана.

“Боллоо.

Тоглолт дууслаа.

Бүрэнхий ертөнцийн тайзнаас бууя.

Будаг шудаг мэт нялуун сэтгэлд наалдаагүй үгээ авья.

Хайрлан дурлагч болж

Ханатлаа нэг тоглолоо.

Хамгийн сайн бүтээсэн

Дүр минь энэ байлаа.”

Оюунчимэг минь ээ, Оюунчимэг минь! Чиний бичсэнээр:

“Хөхийн хөх зэрэглээнд хүсэл биеийг сульдааж

Хээр буйдын дунд гараа алдлан хэвтэх” юмсан.

Хичнээн ч зуунаар ширтүүлэв дээ, амгалан энэ тэнгэр

Харц тэнд амсхийж, хуучин дурсамж хагдрахад

Мөрөнд унасан сүмэдийн тоос, мөнгөн уй мартагдахад

Мөрөөдөл, жаргал, мөнхийн дурлал гээч юухан ч билээ гэж би ч бас дуу алдмаар байна.

Очирт уулын бичиглэлээс танилцуулаад танилцуулаад дуусахгүй. Ядаж л

..,Биеэ мэдсэн Соёнбээр

 Бусдын хошуунд сураггүй” гэсэн мөрөөс цэвэр эмэгтэй хүний ертөнц мэдрэгдэнэ.

Нэг удаа Оюунчимэгтэй ярихад Урианхайн да лам Чүлтэмийн тухай роман бичиж байна гэв. Да лам Чүлтэм Хятадын Үрэмч хотноо цаазын ялаа хүлээгээд шоронд сууж байгаа яг тэр хэсгийг бичиж байх үед нь би ярьсан юм байж. Нэгэн амьдрал туулсан, цэцэн билэгт хүн амьдралынхаа төгсгөлийг хүлээж байгаа хэсэг. Тийм хоосон, тунгалаг хэсэг дээр ажиллаж байгаа хүнд хэлэх ч үг олдсонгүй, “Догшин хутагтын сахиус” киноны хөгжим сонсоорой, маш том хүний ганцаардал мэдрэгддэг юм шүү гэв. Дараа нь Оюунчимэг надад номоо “Тунгалаг хөх асар” гэж нэрлэсэн гэж билээ. Д.Оюунчимэгийн шүлгийн түүвэр дотор “Тунгалаг хөх асар” гэх бүтээл байна.

Хүлэг, тал, харгуй -

Хатиран одох он цаг.

Хорвоод би юухныг ч юм бэ эрж

Хоргодож төвдөлгүй юунаас юм дөлж

Хэрэн бэдэх минь гагцхүү: хайсандаа ч бус

Халгасандаа ч бус үйл уйдахын эрхэнд

Хөврөн наадагч үүлэн түүнд ханьсаж

Хэрхэхийн үйлийг эс танин одох минь -

Хаяа хязгааргүй тал, харгуйгүй, хүлэггүй.

Хөхийн хөх хязгааргүй

Хичнээн уудам асар вэ, энэ

Хов хоосны дундаас хаа нэгтээх тодрох мэт,

Хүлгийн дөрөө мулталсан он цаг үгүйн тэнд

Харц жингүйдэн амарлина, тэнгэрийн дорх талд л.

Тийм ээ, Оюунчимэг ээ хүлэггүй, харгуйгүй, хүслэнгүйн хүслээр дайжсан, он цаг үгүй, хачин дүлийрэм аниргүй, ханьсагч үүлэн оргүй, хялганы сэрвэлзэх аниргүй, харц жингүйдэн амарлисан хязгааргүй тэр Тунгалаг хөх асар өөд, тэр Дээд хэмжээст Ертөнц өөд хүлгийн дөрөөгөө мулталаад эргэж ирэхгүйгээр одох юмсан.

Ш.Оюунханд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганболд
Ганболд
2019-08-08 16:12

Ёстой л сэтгэгдлээ чухам үзэгдэж сонсогдтол, Оюунчимэг ч үгээр зурж эгшиглүүлж бүүр амтлуулж арьс ясанд мэдрүүлж бичсэн энэ бүтээлийг үнэхээр шаггүй авъяастан нь тайз дэлгэцнээ амьдруулбаас зохилтой.

Ийм сэтгэл нүд ухаантай бүсгүй шүүгч хийж буйд ч т�##�архаж, сайхан шүүмж өгүүлэмжид нь хэлсэнчлэн хүссэнчлэн олон хүний нүд сэтгэл оюуныг нээж бадамлан дэлгэртүгэй <3 <3 <3

Хатан ухаант МОНГОЛЖИНГОО нартаа хан хорвоогын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Байгалмаа
Байгалмаа
2020-09-24 15:08

Жинхэнэ оюунлаг, эгэлгүй эмэгтэй дээ. Эгчдээ амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button