Нийгмийн

В.Батчимэг: Түүхэн дурсгалт газрууд бүгд газарт орчихсон байгаа нь харамсалтай

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхий даяараа аялал жуулчлалын салбар нь зогсонги байдал орсон. Харин одоо цар тахалтай хэрхэн дасан зохицож, энэ салбараа сэргээх талаар анхаарч эхэлж буй. Манай улсын болон нийслэлийн хувьд аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал ямар түвшинд байгаа талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэгтэй ярилцлаа.


-Цар тахлаас үүдэлтэйгээр ачлал жуулчлалын салбар тэг зогсолт хийгээд бараг гурван жил болох нь. Нийслэлийн аялал жуулчлалын салбар ямархуу байдалтай байна?

-Монгол Улс гэлтгүй дэлхий нийтэд аялал жуулчлалын салбар тэг зогсолтод орсон. Анх удаа бид ийм байдалд орсон. Гэсэн хэдий ч Нийслэлийн аялал жуулчлалын газраас саалиа бэлдэхээр саваа бэлд гэж аялал жуулчалын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд түүх соёлын дурсгалт газруудынхаа судалгааг гаргалаа. Бүтээн байгуулалтын ажлуудаа хийхээр бэлтгэж байна. Тухайн түүх соёлын дурсгалт газруудын газар нь дандаа бусдад эзэмшүүлчихсэн газрууд байна. Тиймээс газрын асуудлыг заавал Засгийн газрын хуралдаанаар оруулж, тогтоол гаргуулж байж чөлөөлүүлэх ажил гардаг юм байна.

Нийслэл Улаанбаатар хотод ирсэн жуулчид музей, Зайсан толгой, гандан, талбай гэх мэт хотын төвөө тойрсон хэдхэн газар үзэж сонирхдог байсан бол бид коронавирусийн хөл хориотой энэ цаг хугацаанд аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж, түүх соёлын дурсгалт газруудаа өргөжүүлж байна. Манай хот маш их түүхтэй хот. Түүх, соёлын дурсгалт газар гэхэд судалгаагаар 47 судлагдчихсан. Үүнээс манайх ач холбогдол бүхий таван газар сонгоод бүтээн байгуулалтын ажил хийж, аялал жуучлалын цогцолбор болгохоор төлөвлөж ажиллаж байна.

-Тухайлбал ямар газрууд байгаа вэ?

-Жишээ нь Их тэнгэрийн амны хадны зураг. МЭӨ 2000-3000 жилийн өмнөх зураг гэдэг. Шонхор шувуу, бортгон малгайтай эмэгтэй, бүжиглэж байгаа хүүүүсийн зураг дүрслэгдсэн байдаг. Бичгийг нь уншихад Мөнх тэнгэрийн хүчин дор гэсэн агуу үг бичээтэй. Биокомбинатад Тоорил хааны орд гэж бий. Сая малтлага орсон. Тэнд түүхэн кино зураг авалт хийдэг, Монголын нууц товчоогоор тоглолт, өдөр тутам эвент арга хэмжээ хийдэг тиймэрхүү байдлаар ашиглахаар тохижуулна.

Ар гүнтэд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны цогцолбор, Бэлхийн аманд Хүннүгийн үеийн язгууртны булж байна. Дэлхий дээр маш цөөхөн байдгийн нэг нь Улаанбаатар хотын төвдөө байх жишээтэй. Гачууртын хадны зураг гэх мэт түүх соёлын дурсгалт газрууд маш их байна. Тиймээс эдгээр дурсгалуудынхаа газрын асуудлыг шийдүүлж байгаад эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна.

-Эдгээр түүхэн дурсгалт газрууд газарт орчихсон байдаг гэсэн үг үү?

-Тиймээ. Бидний сонгосон түүхэн дурсгалт таван газарт аль эрт газар олгочихсон байгаа юм. Маш харамсалтай. Засгийн газрын тогтоол гарч байж асуудлыг шийдэх юм билээ. Манайх газруудын кадастрын зураг хийлгээд Соёлын яаманд өргөн барьсан. Өчигдөр Соёын яамнаас мэргэжилтнүүд ирж тодруулга хийгээд явсан. Есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж байгаа гэсэн. Засгийн газрын хуралдаанаар тогтоол гарах юм бол газар чөлөөлнө. Дээр нь бүтээн байгуулалтаа хийж эхлэх боломж бүрдэх юм.

-Нийслэлийн аялал жуучлалын газарт цар тахлын дараа аялал жуулчлалаа өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах ямар шинэ төсөл, санаачилга байгаа вэ?

-Нийслэлийн ачлал жуулчлалын хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” гэж хөтөлбөр байсан. Хэрэгжих хугацаа нь дууссан. Тиймээс энэ жил дахин шинэ хөтөлбөр боловсруулж ажиллаж байна. “Сайн байна уу Улаанбаатар” нэртэй дөрвөн жилийн төсөл юм. Энэ бодлогын бичиг баримтад өмнө нь тусгаж байгаагүй шинэлэг ажлууд оруулж өгсөн. Тухайлбал түүх соёлын дурсгалт газруудын бүтээн байгуулалтад анхаарах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт, албан бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Олон улсын форум, зөвлөгөөнүүдийг нийслэлд зохион байгуулж байх гэх мэт томоохон зорилтууд тавьсан. Арван зорилтын хүрээнд 88 төсөл хэрэгжүүлэхийг зорино.

-Ногоон коридор үүсгэх асуудал ярьж байгаа гэсэн. Гаднаас ирсэн жуулчдыг онгоцны буудлаас шууд аялахыг хүссэн орон нутаг руу нь явуулах байдлаар ачлал жуулчлалаа сэргээх талаар ярьж байгаа ч энэ нь ажил хэрэг болохгүй удааширч гацсан гэж дуулсан?

-Миний хувьд ажлын хэсэгт нь орж ажилласан. Жуулчин хүлээж авах түр журам боловсруулсан. Нэг нь тэр ногоон коридор үүсгэх. Мөн тухайн улсдаа PCR шинжилгээ өгөөд эндээ орж ирээд тусгаарлахгүйгээр аялах, эсвэл эндээ ирээд долоо хоногийн тусгаарлалтаа дуусгах гэх мэт журмууд боловсруулсан. Гэхдээ энэ нь шийдвэр гаргах түвшинд батлагдаагүй байгаа байх. УОК, шадар сайдын түвшинд энэ асуудлыг ярьж байгаа.

-Ногоон коридор гэдэг энэ журам хэрэгжих боломжтой юу. Өөр улс оронд хэрэгжүүлж эхэлсэн үү?

-Олон улсын жишиг юм билээ. Өөр улс орнууд хэрэгжүүлж байгаа. ГХЯ, Аялал жуулчлалын яам, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл  оролцож энэ асуудлаар санал солилцсон. Байх боломжтой л гэж харсан. Яг тэр ногоон коридорынхоо аялалын маршрутаар аялаад буцах журам гэсэн үг.

-Жуулчин ирэхгүй байгаа энэ үед Нийслэлийн аялал жуулчлалын газар яаж ажиллаж байна вэ?

-Манайх тодорхой төлөвлөсөн ажлуудаа хийж байна. “Дээлтэй монгол” наадмыг сарын хүрээнд онлайнаар зохион байгууллаа. Зургаан улсаас 200 бичлэг ирлээ. Аялал жуулчлалын эвент арга хэмжээ тогтмол явуулж байж энэ салбар хөгждөг. “Хийморь” морь харваа гээд олон улсын наадам хийх гэж байна. Үзэгчгүй, онлайнаар хийнэ. Олон улсаас харвалтын бичлэг ирнэ. Ер нь цаашдаа олон улсын Морьт харвааны төв болно гэсэн амбицтай ажиллаж байна. Манайх адуу ихтэй учраас. 2019 онд энэ тэмцээнийг зарлахад 17 орны 47 тамирчин ирж оролцож байсан. Мөн “Уухай” шагай харвааны тэмцээн зохион байгуулах гэж байна. Монгол туургатны улсууд оролцохоо илэрхийлээд байна. Явган аялалын фестиваль жил бүр зохион байгуулдаг. 2019 онд Солонгосоос 150 алхагч ирж байлаа. Энэ жил явган аялалын маршрутуудыг тохижуулж байна. Тэрэлжид гурав дахь маршрутаа нээх гэж байна. Есдүгэр сард нээнэ. UB фүүд фестиваль бас төлөвлөсөн. Цар тахлын үед нөхцөл байдал юу болохыг харж байна.

-Дотооддоо тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа нь сайн ч бид өөрсдөөсөө зарлага гаргаж буй. Гадаадаас орж ирэх мөнгөн урсгалгүй болсон энэ үед яам болон холбогдох газруудад жуулчдаа авч эхлэх талаар танайхаас шахалт, шаардлага тавьсан уу?

-Манайхаас саналуудаа удаа дараа өгдөг. Яам, УОК, Шадар сайдын түвшинд саналуудаа өгдөг. Уулзалтуудаа тодорхой хэмжээнд хийж байна. Онлайнаар хийж байгаа бидний энэ ажил эргээд олон улсад биднийг сурталчилж байгаа хэрэг. Хорио цээр хэзээ нэг цагт тавихад сонирхогчдын тоо нэмэгдэх юм.

-Аж ахуй нэгжүүд хоёр жил гаруй, бараг гурван жилийн хугацаанд тэг зогссон. Цаанаа ажилчидтай байгаа. Энэ хугацаанд үйл ажиллагаа нь зогсож, дампуурсан газрууд байгаа байх. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээ танайхаас хэрхэн дэмжиж байна вэ?

-Манайх бодлогын бичиг баримт дээрээ аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжсэн заалтууд оруулж байна. Тухайлбал түр оператор компаниуд дээрээ байцаагч томилно. Яагаад гэхээр солонгос аялалын компани орж ирээд жуулчдаа аваачаад солонгос эзэнтэй ресторанаар оруулаад, солонгос эзэнтэй амралтын газартаа буудаллаад явчихдаг асуудал гардаг. Тиймээс манайхаас үүнийг хориглох бодлогын дүрэм, журам гаргахаар ажиллаж байна.

Хэн дуртай нь хөтөч, тайлбарлагч хийчихдэг. Энэ хүмүүс Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын нүүр царай болсон хүмүүс байдаг. Тиймээс зэрэглэл олгох асуудлыг тусгаж өгсөн. Гэх мэт аялал жуулчлалынхаа салбарынхны дуу хоолойг маш сайн сонсож байна.

Улаанбаатар аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулах асуудлыг тодорхой хуулиудад тусгуулж байгаа. Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлд санал өгсөн. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд мөн заалтууд тусгуулсан. Нийслэлийн татварын болон аялал жуулчлалын орлогоос тодорхой хувийг эргүүлэн зарцуулах заалтыг хуулиар зохицуулж байж аж ахуй нэгжүүдээ эргээд харж үзэх боломжтой болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-26 09:15

Манайд чинь хүний хөлнөөс зайдуу өчнөөн л олон газар байдгийн байна шдээ. Тулгаа тойроод л Зайсангаасаа хэтрэхгүй юм

Зочин
Зочин
2021-08-26 09:49

Өчнөөн олон сайхан хоттой ойрхон газрууд байдаг л юм байна шдээ

Холбоотой мэдээ

Back to top button