Нийгмийн

Тусгаар тогтнолын үнэ цэн: Биднээс алсарч мэдэх соёл

Монголчууд бид баян ард түмэн. Байгалийн баялаг, өв соёл, уламжлал гээд юм юмаараа. Ерөөс Монголын бүхэн биднийг бусдаас ялгаруулдаг, ондоошуулдаг. Хаанаас нь ч хараад “Аан, энэ монгол хүн байна” гээд таниулж буй бүхэн Тусгаар тогтнолын баталгаа, бид цаашид ч Монголоороо, монгол хүнээрээ байхын гол утга учир. 

Монголчууд бид цаг хугацаа, даяаршлын салхинд хувьсан өөрчлөгдсөөр, өөдлөн хөгжсөөр буй. Амьдралын орчин, хэв маяг, эдэлж хэрэглэж буй зүйлс гээд аль аль талаасаа. Тэр хэрээр харийн соёл, бидний бус олон зүйл монголчуудыг нөмөрч буй. Үүний аясаар бидний бүхэн биднээс алсарч, монголчууд ч өв соёл, уламжлалаасаа холдож буй. 

“Тусгаар тогтнолын үнэ цэнэ юу вэ” гэж уншигч Танаас асуувал юу гэж хариулах вэ. Хүн бүхэн өөр, өөрийнхөөрөө хариулах нь лав.

Хэд хоногийн өмнө реппер Desant-таас ярилцлага авахад “Аль ч орны тусгаар тогтнолын үнэ цэн соёлдоо байдаг” гэж онцолсон. Түүнтэй би санал нийлнэ.

Наадам, цагаан сар, дээл, морин хуур, нүүдэлчин амьдралын хэмнэл, морьтны соёлоос авхуулаад монголчууд бидний гэсэн тодотголтой, өв уламжлал, соёл олон. Тэр бүхнээ бид мэдсэн шиг мэдэж, хайрласан шиг хайрлаж байгаа бил үү. Наад захын жишээ тататад, Хот суурин газар өсөж буй хүүхэд ногт, хазаар хоёрыг ялгаж мэдэхгүй л өсөж байгаа. Энэ нь тэдний буруу бус. Амьдралын орчин нь өөр, тэр хэрээр монгол ахуйгаасаа хол өсөж буй хэрэг.

Монгол ахуйгаасаа хэр хол байна, тэр хэрээр өв уламжлал, соёлоо мэдэхгүй, мэдрэхгүй өснө гэсэг үг. Энэ нь алсдаа монголчууд бид бусдаас юугаараа өөр, ондоо, өвөрмөц ард түмэн бэ гэдэг ялгарлаа, үнэ цэнээ алдахын эхлэл. Бүр цаагуураа харийн соёл биднийг өөртөө автуулж, Тусгаар улс байхын, тусгаар тогтносон орны иргэн байхын гол утга учрыг бүдгэрүүлж, сүүдрээ тусгаж буй хэрэг. 

Үнэндээ Монголынх гэсэн бүхнээ бид хэр сайн мэддэг билээ. Олонх харийн зүйлыг, бусад орны соёлыг бид өөрсдийнх, Монголынх гэж андуурдаг. Зөвхөн хоол л гэхэд, бууз, хуушуур, цуйван гээд бид өдөр тутамдаа хэрэглэдэг хоол харийнх, Хятадынх. 

Хэдэн жилийн өмнө би Японд очихдоо тэнд нэгэн япон айлд хоносон юм. Өнөөх айл япон үндэстнийхээ хоолоор дайлан, өв, соёл уламжлалаа танилцуулаад жигтэйхэн. Хаа холоос оччихоод зүгээр суухыг бид хүссэнгүй. Интернет ашиглан Монголынхоо өв уламжлалын талаар зөндөө бичлэг үзүүлэн, тайлбарлав. 

Тэгж байтал өнөөх айлын өвөө “Танай үндэстний хоол гоё уу. Идэж үзмээр санагдаж байна” гэв. Тэгэхээр нь бид тэдний хоолны материалыг харлаа. Монгол үндэстний хоол гээд хийгээд өгье гэх нь ээ хорхог, боодогноос өөр хоол бидний санаанд орж ирээгүй. Явах дөхчихсөн байсан тул нэг талаар их тулгамдсан юм л даа. Тэднийд хорхог, боодог хийх хэмжээний тийм их мах байгаагүй. Ямар, ямар хүнс байгааг нь харав. Бууз хийх л боломж бидэнд байлаа. Аргагүйн эрхэнд бууз хийж өгсөн. Бид үндэсний хоолоо болтол өдөр тутамдаа хэрэглэдэг, идэх дуртай, харийн хоолыг. Япон айлд сайн тайлбарласан ч үнэндээ бид хоолны хувьд л гэхэд ийм байгаагаа, өв соёлоо улам сайн судлах, мэдэх хэрэгтэйг ухаарсан юм.

Тусгаар тогтнолын үнэ цэн, тусгаар улс байх эсэх иргэн биднээс ч мөн шалтгаалахын учир энэ. Тиймээс өв соёл, уламжлалаа, Монголынх гэсэн бүхнийг мэдсэн шиг мэдье, хайрласан шиг хайрлая, ирээдүй хойчдоо өвлүүлсэн шиг өвлүүлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button