Нийгмийн

ТАНИЛЦ: “Хубилай хаан” медалиар шагнуулсан таван ЭРДЭМТЭН

Монгол Улсын ШУА-ийн тэргүүн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг дотоодын 4, гадаадын нэг эрдэмтэнд олгожээ.

Тодруулбал, академич Ц.Оюунсүрэн, МУБИС-ийн математик, байгалийн ухааны сургуулийн багш, доктор Х.Мөнхбаяр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, ШУА-ийн ахмадын холбооны тэргүүн Ш.Чунаг, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга, академич В.Н.Пармон нар тус шагналыг хүртсэн юм.

“Хубилай хаан” алтан медалийг Монгол улсын болоод дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн, шинжлэх ухааны зүтгэлтнүүдэд олгодог бөгөөд ШУА-иас тус шагналыг жилд дотоодын 2 хүртэлх, гадаадын 2 хүртэлх иргэнд олгох журамтай байдаг.

Гэсэн хэдий ч тус шагналыг сүүлийн 5 жилд огт олгоогүй бөгөөд өнөө жил Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсний 100 жил, ШУА байгуулагдсны 60 жилийн ойн хүрээнд 10 хүнд олгож байгаа юм байна. Өнгөрсөн долдугаар сард Д.Баатар, Ж.Гүррагчаа, Л. Жаргалсайхан, Б.Цогтбаатар, И.В.Пузынин нарт олгож байжээ.

“Хубилай хаан” алтан медалиар шагнуулсэн эрдэмтдийг танилцуулж байна.

АКАДЕМИЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Ц.ОЮУНСҮРЭН

Тэрбээр 1976 онд ШУА-ийн Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэнгийн Генетикийн секторт эрдэм шинжилгээний ажилтнаар орсноос хойш өдгөө 45 дахь жилдээ ажиллаж байна. 1986 оноос Молекул генетик, улмаар Молекул биологийн лабораторийн эрхлэгчээр томилогдон 35 жил ихээхэн үр бүтээлтэй ажиллаж энэ хугацаанд дотоод, гадаадын олон төсөл, сэдэвт ажлыг удирдан гүйцэтгэж, манай оронд генийн инженерчлэлийн ажлыг эхлүүлсэний зэрэгцээ хепатитийн вирусийн болон зарим зэрлэг амьтны молекул биологи, молекул генетикийн судалгаа, элэгний хавдар үүсэх молекул хүчин зүйлс, хавдарын молекул биологи зэрэг судалгааг амжилттай удирдан гүйцэтгэжээ.

Ц.Оюунсүрэн биологийн шинжлэх ухаан, биотехнологийг манай оронд хөгжүүлэх, ялангуяа молекул генетик, молекул биологийн судалгааг дэлхийн жишигт хүргэхэд ихээхэн хүч чармайлт гарган ажиллаж байна. Японы эрдэмтэдтэй хамтран монгол адуу, тахийн молекул генетик, гарал үүсэл, мөн Англи, Бразилын эрдэмтэдтэй хамтран хүний эр бэлгийн хромосомын эволюцийн чиглэлээр судалгаа хийж үр дүнг олон улсын хүртээл болгосон.

1995-2010 онуудад монгол хүний дунд тархсан гепатитийн вирусийн онцлог, геномын бүтцийг тогтоох, оношлох зэрэг ажлыг амжилттай хийсний зэрэгцээ молекул биологийн аргаар гепатитийн G, TTV вирусүүдийг манай оронд анх удаа илрүүлж тэдгээрийн генетик хэвшлийг тогтоосноос гадна гепатитийн вирүсийн генетик онцлогоос шалтгаалж элэгний хавдар үүсгэж буй молекул шалтгаан өөр өөр байгааг тогтоосон нь онолын болон практикийн ихээхэн ач холбогдолтой юм.

Молекул биологи, молекул генетикийн арга зүйд тулгуурлан гепатитийн В,С вирусийг Полимеразын гинжин урвалаар илрүүлэх аргыг манай орны эмнэлгийн практикт анхлан нэвтрүүлснээс гадна элэгний хавдар болон дээрх вирусуудын халдварыг илрүүлэх 3 оношлуур гарган авсан нь манай оронд ихээхэн тархсан дээрх өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой болно. Мөн элэгний хавдар үүсэх молекул хүчин зүйлс, зарим протоонкоген, хавдар дарангуйлагч ген зэргийн мутац, хавдарын эсийн судалгааг амжилттай хийж үр дүнг олон улсын болон өөрийн орны нэр бүхий сэтгүүлд хэвлэн нийтлүүлсэн.

Ц.Оюунсүрэн нь 2010 онд “Монголын хүн амын дунд тархсан хепатитийн зарим вирүсийн молекул генетик онцлог” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэхүү ажлын хүрээнд манай хүн амын дунд тархсан хепатитийн вирусийн молекул биологи, мутаци, молекул эволюцийн судалгаа хийж тэдгээрийн молекул онцлогийг тогтоож, молекул цагийн арга ашиглан дээрх вирүсийн манай оронд тархсан тархалтын цаг хугацааг тодорхойлсон. Сүүлийн жилүүдэд монгол адуунд хепатитийн вирус илрүүлэх чиглэлээр ажиллаж ихээхэн сонирхолтой үр дүнд хүрээд байна. Тэрээр судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх чиглэлээр 4 патентийн эрх эзэмшдэг.

Тэрбээр дээрх ажлуудын үр дүнд тулгуурлан 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, ном, илтгэл хэвлүүлснээс 40 гаруй нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийлэгдсэн ба одоогийн байдлаар түүний өгүүллэгүүдээс 600 гаруй бүтээлд ишлэл авсан байна.

МУБИС-ИЙН МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛИЙН БАГШ, ДОКТОР Х.МӨНХБАЯР

Доктор Х.Мөнхбаяр нь МУИС-ийн Биологийн салбарыг 1963 онд төгсөж улмаар УБДС-ийн биологийн тэнхимд багшаар ажилласан байна.

Тус сургуульд эдүгээ хүртэл хагас зуун жил гаруй хугацаанд ажиллахдаа 1963-1979 онд биологийн тэнхимд багш, 1979-1980 онд эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, 1980-1987 онд сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1987-1989 онд багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1989-2004 онд биологийн тэнхимийн эрхлэгч, 2004-2005 онд багш, 2002-2011 онд Экологийн төвийн захирлаар хавсран ажилласан бөгөөд 2006 оноос эдүгээ хүртэл биологийн тэнхимд багш, зөвлөх профессороор ажиллаж байна.

Тэрбээр биологийн салбарын оюутнуудад түүхэн хувьсах хөгжлийн онол, хүн амьтны физиологи, амьтан судлал, амьтны газар зүй, экологи зэрэг хичээл зааж ирсэн. Тус сургуульд 1995 оноос Экологи-химийн салбарыг санаачлан байгуулж эдүгээ 400 гаруй мэргэжилтнийг төгсгөн гаргаж, тэд багш, экологич, байгаль хамгаалах албанд идэвх зүтгэлтэй ажиллаж байна. 1998 оноос хойш тус сургуулийн бүх салбарт экологи- байгаль хамгааллын хичээл заасан нь “Бүх нийтийн экологийн боловсрол” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон. 1972 оноос эхлэн дунд сургуулийн биологийн сурах бичгийн зохиогчийн бүрэлдэхүүнд орж хамтран бичсэн “Амьтан судлал” сурах бичиг нь олон удаа (1972, 1975, 1977, 1981, 1985, 1998) хэвлэгдэж 1977 оны хэвлэл нь төрийн шагналд дэвшиж байсан юм. Сүүлийн жилүүдэд дунд сургуулийн “Биологи” сурах бичгийн зохиогчоор оролцож ажилласан. Их, дээд сургуульд зориулсан “Амьтан судлал”, “Хялбаршуулсан экологи” сурах бичиг, гарын авлагыг бичихэд мөн зохиогчоор оролцон ажилласан.

Доктор Х.Мөнхбаяр МУИС-ийн оюутан байх үеэсээ эхлэн Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн судалгааг хийж эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвижээ. 1973 онд “Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчид” сэдвээр ЗХУ-д (хуучин нэрээр) биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын шийдвэрээр Х.Мөнхбаяр 1981 онд доцент, 1991 онд профессор цол хүртжээ.

“Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчид” ганц сэдэвт зохиолыг 1976 онд хэвлүүлсэн нь Монгол орны герпетологийн судалгааны анхны бүтээл болжээ. Монгол – Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицэд 1970 оноос буюу анхны жилээс нь оролцон ажиллаж “БНМАУ-ын хоёр нутагтан” (1988), “Монгол орны мөлхөгчид” (1995), “Монгол орны хоёр нутагтан” (2017) хамтарсан ганц сэдэвт бүтээлүүдийн зохиогчдын бүрэлдэхүүнд оржээ. Өнгөрсөн хугацаанд ном, товхимол, сурах бичиг, гарын авлага 30 гаруй, эрдэм шинжилгээний болон шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл, экологи, байгаль хамгааллын талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл 150 гаруйг дангаараа болон хамтран бичиж хэвлүүлжээ. Таван докторын, 20 гаруй магистрын, 30 гаруй бакалаврын дипломын ажил удирдаж хамгаалуулжээ. Гадаад дотоодын эрдэмтэдтэй хамтран хоёр зүйл, хоёр салбар зүйлийн амьтныг шинжлэх ухаанд шинээр нээсэн. Доктор Х.Мөнхбаярын герпетологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж 2015 онд А.М.Никольскийн нэрэмжит ОХУ-ын ШУА-ийн дэргэдэх Герпетологийн нийгэмлэгийн 6-р их хурлаас түүнийг тус нийгэмлэгийн хүндэт гишүүнээр сонгосон байна.

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ж.БАТСУУРЬ

Ж.Батсуурь нь 2018 оноос Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Тэрээр 1998-2000 онд Улаанбаатар хотын “Ус орчин” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 1994-1998 онд Чех улсын Прага хотын Техникийн Их Сургуулийн доктрант багш, 1990-1994 онд Техникийн Их Сургуулийн Компьютерийн Техникийн Менежментийн Сургуулийн багш, дэд захирал, 1988-1990 онд Техникийн Их Сургуулийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1983-1988 онд Техникийн Их Сургуульд багшаар ажиллаж байв.

Мөн 2016-2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, 2014-2015 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2008-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2008 онд Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, Дорноговь аймгийн Засаг даргаар ажилласан.

Тэрбээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай Хамтран ажиллах санамж бичиг байгуулан ШУА-ийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийг Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулах, ус хангамж, ариутгах татуургын салбарын тусгай зөвшөөрлийн болон санхүү, эдийн засгийн зохицуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх, харилцан мэдээлэл солилцох, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах зорилгоор хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хэрэгжүүлэн одоогийн байдлаар 11 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хариуцаж буй төмөр зам дагуух сум, суурин газрын өртөө, зөрлөгийн хүн амын унд ахуйд хэрэглэж буй ундны усны чанар, аюулгүй байдлын суурь судалгааны ажлыг хамтран гүйцэтгэж, цахим мэдээллийн нэгдсэн сан үүсгээд байна.

Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

МОНГОЛ УЛСЫН ШУА-ИЙН АХМАДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ш.ЧУНАГ

Ш.Чунаг нь 1961-1966 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцан төгсчээ. 1977-1980 онд Москва хотноо ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академийн /Хуучин нэрээр/ аспирантурт суралцан улс төр судлаач мэргэжил эзэмшсэн. “Намын ажилд шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг өрнүүлэх талаар явуулж байгаа МАХН-ын үйл ажиллагаа” сэдвээр түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалж, 1990 онд Эрдмийн зэрэг, цол олгох дээд Зөвлөлийн шийдвэрээр “Доцент” цол хүртжээ.

Тэрбээр 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1996-2006 онд Шинжлэх ухааны академийн Тамгын газрын дарга, орлогч даргаар ажиллаж байв. Тэрээр боловсрол, шинжлэх ухааны салбарт 50 жил тасралтгүй ажиллах хугацаандаа арван мянган үндэсний удирдах болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, төр, засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, улс орноо ардчилал, зах зээлийн харилцаанд шилжүүлэх хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын менежментийг төгөлдөршүүлэх, материаллаг орчин нөхцөлийг бэхжүүлэх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйлсэд идэвх санаачилга гарган ажиллаж иржээ.

ОХУ-ЫН ШУА-ИЙН СИБИРИЙН САЛБАРЫН ДАРГА, ХИМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ВАЛЕНТИН НИКОЛАЕВИЧ ПАРМОН

1985 онд Химийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан. 1991 онд ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр, 1997 онд Оросын ШУА-ийн академичаар сонгогдсон. 2017 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга, ОХУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Новосибирскийн Их Сургуулийн физик химийн тэнхимийн эрхлэгч, профессор. 2010 онд Европын Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Олон Улсын Шинжлэх Ухааны Академиудын Холбооны жинхэнэ гишүүнээр (IAAS, 2020)-ээр тус тус сонгогдсон.

Түүний удирдлага дор урьд өмнө байгаагүй ураны исэлд суурилсан өвөрмөц нарны катализаторын реакторуудыг бүтээсэн ба Нефтийн дагалдах хийг боловсруулах дотоодын анхны технологийг боловсруулсан байна. Тэрээр 8 монографи, 33 тойм, 9 сурах бичиг, 150 гаруй зохиогчийн эрхийн гэрчилгээ, шинэ бүтээлийн патент, 950 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийн зохиогч, хамтран зохиогч юм.

2009 онд ОХУ-ын төрийн соёрхол хүртсэн, "Дэлхийн эрчим хүч” олон улсын шагнал, EFCATS шагнал, "Эх орондоо гавьяа байгуулсны төлөө" IV зэргийн одон, "Гавьяаны төлөө" Францын одонгоор тус тус шагнагджээ.

Эх сурвалж: ШУА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-21 18:57

Одоо Өгөөдэй хаан , Тулуй хаан мед�##�ь гарга

Холбоотой мэдээ

Back to top button