НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Цаасан технологийг халсан цахим эмнэлэг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II

Яармагт шинээр байгуулагдан, үйл ажиллагаа эхлээд буй Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгийг зорин очиж, мэдээлэл бэлтгэлээ. Биднийг очиход яаралтай тусламжийн тасгийн үүдэнд залуухан голдуу хэд хэдэн аав, ээж хүүхдээ үзүүлэхээр дугаарлаж, эмнэлгийн угтах ажилтан найрсагаар зохион байгуулалт хийж байв. Харин цааш зөвлөх поликлиник буюу амбулторид очиход өмнөх тасгаас ч илүү хөл хөдөлгөөн угтлаа. Энд нас насны хүүхдүүд, эмэгтэйчүүд бүртгэлийн ажилтанаас цаг авч байна. Коридор, хүлээх хэсэг гээд бүгд зай томтой, тохь тухтай учраас иргэд ядарсан, унтууцсан шинжгүй, харин ч их сэтгэл ханамжтай байдлаар үйлчилгээ авах аж. Үүдний орох хэсэг байрлуулсан дэлгэц дээр хаалгаар орж буй хүмүүсийн халууны хэмжээг заана. Нэг дор 30 гаруй хүний халууныг зэрэг үзэх чадамжтай эл дэлгэц халуунтай орж ирсэн хүний зургийг мэдээлэл болгож илгээдэг “ид шидтэй” гэнэ. Халуун хэмжигч барьж, нэг бүрчлэн халуун үздэг байдлыг энэ ухаалаг дэлгэц халчихжээ.

-ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШИЙДВЭРЛЭХ ҮНДЭСНИЙ ТӨВ-

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлэг Хүүхдийн эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн эмнэлэг гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлээд байна. Хүүхдийн эмнэлэг нь 300 ортой, сэргээн засах, уламжлалт, өдрийн эмчилгээ, яаралтай, дотрын 1, 2, мэс заслын 1, 2, эрчимт эмчилгээ, нярайн тасгуудад 0-18 насны хүүхдийг харьяалал харгалзахгүй авч, бүх төрлийн өвчин эмгэгийг цогцоор оношлон эмчилж байна. Харин Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг нь төрөх, төрсний дараах, жирэмсний эмгэг, эмэгтэйчүүд, дутуу тээлт, хүлээн авах яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт, мэс заслын тасгуудаар бүх насны эмэгтэйчүүдийн нөхөн үржихүй, эх барих, эмэгтэйчүүдийн эмгэг чиглэлээр мөн л харьяалал харгалзахгүй хүлээн авч, үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийг ХУД, СХД-ийн харьяа хорооноос гадна, Нисэх, Яармагийн шинэ хорооллууд, Төв, Дундговь аймаг, нийслэлийн бусад дүүргээс ч иргэд зорин очиж байна. Зорин очсон хэнийг ч буцаахгүй, лавлагаа шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх нь эмнэлгийн гол зорилго. Зорилгодоо хүрч ажиллаж буй нь ачааллаас харагдана. Эмнэлгийн ажилтнаас ачаалал хэр байна гэж асуухал гар утсаа нээж, "Өнөөдрийн байдлаар хүүхэд, эх барих эмэгтэйчүүдэд нийлээд 418 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хүүхдийн эмнэлэгт 311, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт 170 өвчтөн байна. Өнгөрсөн шөнө 11 эх амаржиж, яаралтай тусламжаар 96 хүүхэд, 33 эмэгтэй ирсэн байна" гэж мэдээллээ. Эндхийн эмч, ажилтнууд бүх тоон мэдээгээ ийн танилцуулах аж.

-САХИУРУУД ЦЭЛГЭР ТОМ ӨРӨӨНД АМАРЧ, АМАРЖСАН ЭЭЖ VIP ӨРӨӨНД НӨХРӨӨРӨӨ АСРУУЛЖ БАЙНА-

Шинэ тутам байгуулагдсан эмнэлэг гэдгээрээ энэ эмнэлгийн орчин нөхцөл маш таатай. Эмнэлгийн ажилтнууд, үйлчлүүлэгчид кофе шопт тухлан, зэргэлдээх дэлгүүрээс эх, хүүхдэд хэрэгцээтэй хэрэглээний эд зүйлсийн худалдан авч байна. Мөн тохилог, өргөн сонголттой меню бүхий хоолны газартай. Төрөх тасгийн VIP өрөөнүүд эрэлт хэрэгцээ ихтэй. Учир нь амаржсан гэргий, нялх үртэйгээ хамт байж асарч халамжлах хүсэл аав бүрд бий. Эрчимт эмчилгээний тасгийн сахиурууд амрах өрөө бас анхаарал татна. Сахиурууд шатан дээр картонан цаас дэвсэж, сандал дээр хажуулдаг үе ард хоцорчээ. Энд сахиурууд цэлгэр том өрөөнд тааваараа амарч, хүлээх аж. Ковидын үед анх эрүүл мэндийн сайдын тушаалаар 300 ор дэлгэж, үйл ажиллагаагаа эхэлсэн гэдэг утгаараа "Яармагийн 300 ортой эмнэлэг" гэж иргэдийн дунд нэршиж тогтсон л болохоос биш тэд халдварын оргил үед 1400 хүртэлх ор дэлгэж байв. Эндээс тус эмнэлгийн хүчин чадал, багтаамж харагдана.

У.Цэвэгмид: УДАМ ЗҮЙН ЛАБОРАТОРИТОЙ БОЛЖ, УРАГТ МЭС ЗАСАЛ ХИЙХ АЛСЫН ХАРААТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II, Хүүхдийн эмнэлгийн асуудал хариуцсан дэд захирал /АУ-ны доктор, клиникийн профессор/

- Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-ын Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа өнөөдөр  хэр жигдэрч байгаа вэ? Та ерөнхий мэдээлэл өгөөч?

-Манай  хүүхдийн эмнэлэг нийт арван тасагтай үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн эмнэлгийн маань яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 100-180 хүүхэд тогтмол үйлчлүүлж байна. Дотрын чиглэлээр бөөр, мэдрэл, уушги, хоол боловсруулах, зүрх судасны чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нар тусламжаа үзүүлж эхэлсэн. Цаашид ерөнхий мэс засал, эрүү нүүр, чих хамар хоолой мэс засал гээд тасгууд ажиллахаар хүний нөөц бүрдүүлж байна. Тасгуудын бүтэц  зохион байгуулалтын хувьд сэргээн засах, уламжлалт тасаг, өдрийн эмчилгээ, яаралтай, дотрын 1, 2, мэс заслын 1, 2, эрчимт эмчилгээ, нярайн тасаг орно. Яг өнөөдрийн байдлаар томуугийн өвчлөл их байгаа учраас бид 2-6 давхартаа 500 ор дэлгээд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.

- Яаралтай хүлээн авах болон амбулторийн үүдээр хүүхэд маш их байна. 500 хүүхэд хэвтэж байгаа гэсэн үг үү? 

-За би статистик тоо хараадхая. Өнөөдөр, яг одоогийн байдлаар 310 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 17, сэхээний тасагт 20 гаруй хүүхэд байна. Өнгөрсөн шөнө яаралтай тусламжийн нэгжээр 100 хүүхэд иржээ. Яаралтай тусламжаар ирсэн хүүхдүүдийг эмч үзээд гэрт нь эмчилгээ зөвлөж буцаана, шаардлагатай гэж үзвэл өдрийн эмчилгээний тасгаар эмчилгээнд орно. Хүндэрсэн бол шууд хэвтүүлнэ. Мөн яаралтай тусламжийн ажиглалтын өрөөнд 24 цаг эмчилгээ үзүүлж ажиглана.  Ийм тогтолцоо, зохион байгуулалтаар ажиллаж, хүүхдийн яг одоо амь насанд халтай шинжүүдийг дор нь оношлох мэргэжлийн баг ажиллаж байна.

-Зарим хүүхдийн эмнэлгүүдэд очиход хүүхдийнхээ рентген зургийг авахуулаад ир, ийм тийм шинжилгээ өгөх шаардлагатай  гэх мэт хүндрэл байдаг. Харин энд  24 цагаар цогц үйлчилгээ үзүүлдэг гэлээ. Иргэдэд чирэгдэлгүй болжээ?  

- Шинэ эмнэлэг, ногоон бүс болж үүд хаалгаа нээгээд хоёр, гуравхан сар болж байгаа ч үндэсний хэмжээний лавлагаа шатны эмнэлэг гэдэг агуулгаараа манайх иргэдэд ямар ч чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх бүрэн чадамжтайгаар зохион байгуулагдсан. Онош тодруулах бүх төрлийн  шинжилгээг 24 цагийн турш үзүүлнэ. Манай яаралтай тусламж, эрчимт эмчилгээний баг маш сайн бүрдсэн, цаашдаа буглаа нээх, хатиг мундас, олгой гээд мэс заслын үйлчилгээ цогцоор үзүүлэхэд ойрхон байна.

- Арван тасаг маань хэчнээн эмч, сувилагчтай вэ? Боловсон хүчний чадамжийн хувьд?

- 50 эмч, 50 сувилагчтай. Лавлагаа шатны эмнэлэг, өвчтөний хамгийн хүндэрч байгаа цэг дээр хамгийн чадамжтай хүмүүс байх ёстой. Тэр утгаараа манай эмч нар олон жил дүүргийн эмнэлэг, эх нялхаст  ажиллаж байсан туршлагатай хүмүүс байгаа. Манайд хүүхдийн эмчээр сурч, дараа нь хоёр рессидентээр ажилласан олон эмч бий.

Хэн хэн хандаж болох вэ, үндэсний төвийн хүүхдийн эмнэлэгт...?

-Дөнгөж төрсөн нярайгаас 18 нас хүртэл хүүхдэд харьяалал харгалзахгүй үйлчилнэ. 16-18 насны коллежид сурдаг хүүхдүүдийн даатгал нь насанд хүрэгчдээр тооцогддог болохоор ЕБС-ийн 18 нас хүртэлх хүүхэд гэж ойлгож болно. Манай эмнэлэг алслагдсан, түгжрэлийн бүсэд байдаг ч БЗД, ЧД, Налайхаас хүүхэд зориод ирэх нь олонтаа. Тэгэхээр бид нэгэнт зориод ирсэн хүүхдийг бүх талаар нь чирэгдэл учруулахгүй тусламжийг үзүүлж байгаа.

- Томуугийн ид дэгдэлтийн үед иргэд хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламж дээр олон цагаар дараалал хүлээж байгаадаа бухимдаж, нийгмийн сүлжээнд энэ байдлыг шүүмжлэх нь их байсан. Харин энд нөхцөл байдал ямархуу байна?

-Бид хэдийгээр үндсэн үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа ч эх нялхас, дүүргийн хүүхдийн эмнэлгийн хэмжээнд ачаалалтай явж байна. Яаралтай тусламжийн нэгжээр ирсэн хүүхдүүдийг эрэмбэлэн ангилдаг. Хүнд, яаралтай тулгамдсан шинжтэй хүүхдэд дараалал харгалзахгүй шууд тусламж үзүүлдэг. Эхэлж халуурсан, ганц нэг ханиасан үедээ ирсэн бол цагаан эрэмбэд орж дарааллаар үзүүлнэ. Хамгийн дээд талдаа 1-1.30 цагийн хүлээгдэлтэй харагдаж байна.

- Алслагдсан байршилд үндэсний хэмжээний төвийг нээгээд удаагүй ч бусад төрөлжсан эмнэлэг шиг ачааллыг авч байгаа юм байна. Тулгамдсан асуудлын тухайд?

- Бүтэц  зохион байгуулалт, материаллаг бааз, тоног төхөөрөмжийн хувьд хангалттай сайн хийсэн. Одоо мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагчийн хомстол бий. Баг бүрдүүлэлт эрчимтэй хийгдээд явж байна. Мэргэшсэн хүний нөөц манай төвийг зорьж ирэхэд алслагдсан гэдгээрээ асуудалтай байна. Өөрөөр бидэнд хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ямар ч тусламж үзүүлэхэд тулгамдсан бэрхшээл алга. 24 цагийн  дотор тусламжийг ямар хэмжээнд авах вэ гэдгийг шийдвэрлээд явдаг учраас яаралтай тусламжийн нэгжээ илүү томоор зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.

-Эмнэлэгтэй танилцаад явж байхад удамзүйн лабораторитой болно гэж байсан. Тодруулбал?

- Төр засгаас алсын хараа  2050 дүйцүүлсэн том төлөвлөгөөнд удамзүйн лабораторийг үндэсний хэмжээнд олноор байгуулахыг төлөвлөсөн. Ген, эд, эсийн түвшинд шинжилгээ хийж, мөн хэт авиагаар ургийн гажгийг оношилж, улмаар ураг үед эмчилж, мэс засал хийх алсын хараатай ажиллаж байгаа. Энэ тусламжийг үзүүлэх хүний нөөцийн мэргэшсэн мэргэжилтэн улсын хэмжээнд дутагдалтай байгаа учраас бодлогоор сургаж бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Удамзүйн лаборатори ойрын таван жилдээ хэрэгжээд эхэлнэ.

- Хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж, зонхилон тохиолдож буй асуудал нь юу юу байна вэ?

- Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан хэлэхэд дөнгөж халуурангуут нь аваад ирдэг аав ээж байхад, гэртээ удаан хяналтгүй, олон хоног халуурч хүндрүүлсэн тохиолдол нэлээд ирдэг. Аливаа өвчин хүнд шатандаа орчихсон ирэх тусам бид нарын тусламжийн цар хүрээ яалт ч үгүй төвөгтэй болж ирдэг. Тийм учраас аав ээж, асран хамгаалагч нар маань хүүхдийнхээ эрүүл мэндэд цаг ямагт анхаарч, жижиг гэлтгүй зовиур асуудал илэрвэл зохих шатны эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандах хэрэгтэй.  

- Бид өдөр тутамдаа бага насны жаахан хүүхдүүд хүндээр өвдсөн, гадагшаа явж эмчилгээ хийлгэхээс аргагүй байдалд хүрч хандив, тусламжийн үйл ажиллагаа өрнүүлсэн тохиолдлуудыг харж байна. Уг суурь шалтгаан нь юу вэ?

-Статистикээр төрөлхийн гажиг манай улсад тодорхой түвшинтэй яваа. Төрөлхийн хөгжлийн гажиг  ч бай, үүссэн бэрхшээл ч бай энэ бүгдийн эмчилгээг хаана хийлгэх нь эрүүл мэндийн салбарын чадамжаас шалтгаална. Ерөнхий суурь шалтгааны тухайд бол хүүхдийг төрсөн цагаас нь өрхийн эмч хянадаг. Энэ хяналт маш чанартай байх хэрэгтэй. Энэ хяналтад урьдчилан сэргийлэх байдлаар ямар зүйлүүдийг илрүүлэх вэ гэдэг нь одоо энэ тавдугаар сарын нэгнээс эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад нэлээд тодорхой болгож өгсөн. Өрхийн хяналт сэтгэцийн үнэлгээ, физиологийн гол үйлдлүүд зэргийг маш сайн хянаад асуудал байнаа гэж үзвэл төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд рүү цаг алдалгүй илгээж байх хэрэгтэй. Энд ирсэн тохиолдолд шалтгаануудыг нь илрүүлэх нарийн шинжилгээнүүд хийгдэнэ. Тухайн хүүхдийн эмгэг байдлыг эрт илрүүлнэ гэдэг өрхийн эмчийн мэргэшсэн байдлыг шаардаад байгаа. Жишээ нь, сульдаа гэдэг нь яс булчингийн систем алдагдсан, яс сийрэгшсэн, булчин нь улбагар байхад хүүхэд идэвхтэй хөдөлгөөн хийхгүй өвчинд өртөмтгий суурь эмгэг болоод явчихдаг. Хоол тэжээлийн бэрхшээлээс цус багадалт үүснэ. Харшламтгай хүүхдүүд маш их боллоо. Вирусын халдварууд хүүхдийн дархлааг сулруулж байна. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр хүүхэд өвддөг. Хүүхэд төрмөгц эх хүүхдийн ягаан дэвтэр өгдөг, тэнд маш их мэдээлэл байдаг ч харамсалтай нь ээв ээжүүд ашигладаггүй.

Э.Намуyн: ХАТГААНЫ ҮЕД УУШГИ 45-60 ХОНОГИЙН ХУГАЦААНД НӨХӨН ТӨЛЖДӨГ

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II, Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч

- Яаралтай түргэн тусламжийн тасгийн ерөнхий мэдээлэл өгөөч?

- 2022 оны нэгдүгээр сараас бид үндсэн тусламж үйлчилгээгээ эхэлж, томуу, томуу төст өвчин дээр нийт 500 ор дэлгэж, долоон тасгийг хэвтэн эмчлүүлэх, нэг тасгийг хүлээн авах тусламжийн зориулалтаар ажиллуулж байна. Нээгдсэнээсээ хойш хоногтоо тогтмол 150-300 үйлчлүүлэгчтэй явж байна. Үндэсний төв статусынхаа хүрээнд бүх төрлийн өвчин, эмгэгтэй хүүхдүүд ирдэг ч томуу, томуу төст өвчин зонхилж байна. Сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчин гүйлгэлт, бөөлжилттэй хавсарсан байдлаар илэрч байна. Бид 24 цагийн тусламжийн үйлчилгээг явуулж 2-3 эмч 24 цагаар ажилладаг. Мөн рентген, эхо, лаборатори бүрэн хүчин чадлаар ажиллаж тусламж үйлчилгээг тухайн өдөртөө цогц байдлаар шийдээд явж байна.

- Томуугаас бусад эмгэг хэр ирэхэв?

- Аливаа өвчин шинж тэмдгийн, нууц, эдгэрэх үе гэж байдаг. Сүүлийн хоёр жилд томуу, томуу төст өвчин хөл хориотой холбоотойгоор багасчихсан байсан. Ээж аавууд маань ч бүр тайвширчихсан байтал дэглэм буурангуут огцом нэмэгдсэн. Маш өндөр халуурч, шөнийн цагаар халуундаа таталт өгч ирж байна. Энэ бол дийлэнх тохиолдол. Бусдаар олгой, хатиг, буглаа, нярайн өвчлөл, бөөрний эмгэг цөөнгүй хувийг эзэлнэ. Нэг давхрын эрчимт эмчилгээний тасаг 25 ортой, байнга дүүргэлттэй байдаг.

- Шинэ барилга болохоор зай талбай сайтай, саруулхан тав тухтай байдал илүү мэдрэгдэж байна. Тэр утгаараа орны менежмент  нэг их асуудал дагуулдаггүй болов уу гэж харлаа?

- Томуугийн улиралтай холбогдуулж ЭМС-ын тушаалаар манайх 500 ор дэлгэсэн. Манай өрөө тасалгаанууд хувьд харьцангуй хүртээмжтэй, өрөө болгон дотроо шүршүүр, нойлтой. Нэг тасаг дотроо өвчтөнөө шинэ, хуучнаар нь салгаж эмчлэх зохион байгуулалттай. Ямартай ч бид шинээр ирсэн болон хэвтэн эмчлүүлж байгаа мөн гүйлгэлт, ханиад хоёрыг холихгүй, контакт үүсгэхгүйгээр орны менежментээ хийгээд явж байна. 

- Давтан эргэж ирэх тохиолдол хэр их байна?

-Томуугийн үед 4-7 хоногийн эмчилгээ хийж, уушгины хатгалгааны цочмог үе, үүсгэгчийг эсрэг эмчилгээ хийгээд гаргадаг. Уушгины хатгалгааны дараа нөхөн төлжих хугацаа 45-60 хоног буюу  бүрэн эдгэрэх хугацаа маш удаан. Тэгэхээр 4-5 хоног эмчлээд сайхан болоод гаргангуут дахиад бидний орчин тойрон вирусууд байж л байдаг. Ялангуяа томуугийн вирус маань дэгдэлт хурдан, нэг өвчтөний ард  10-15 хүн байдаг учраас дахиад вирусын халдвар авч бүрэн төлжөөгүй уушги цочрохдоо илүү хурдан байдаг. Ийм байдлаар эргэж ирэх тохиолдол бий. Эмнэлгээс гараад цэцэрлэгтээ, сургуульдаа явж байгаа болохоор энэ тохиололд дөрвөн сард бүр ихэссэн. Дээрээс нь хүүхдийн дархлааны тогтолцоотой бас холбоотой.

-Ковидын тохиолдол хэр их байна?

-Бид нар хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээсээ дотроо ковидын шинжилгээ авдаг. Долоо хоногт 5-6 тохиолдлоос буухгүй байна. Ковид бүрэн устаагүй. Хүмүүс тайвшраад маскаа тайлаад, гараа угаах нь багасч, ариутгагч хэрэглэхээ байсан учраас томуугийн дэгдэлт их байна.

-Иргэдэд та юуг зөвлөмөөр байна вэ?

-Нэгдүгээрт, ковид дээр баримталж байсан ахуйн дэглэмүүд үргэжлүүлээд явмаар байна. Маск зөвхөн ковидоос бус амьсгалын замын бүх өвчнөөс хамгаалдаг. Тэгэхээр энэ дэглэмээ бариад дархлаагаа дэмжих хэрэгтэй. Дархлаа дэмжих гэхээр манайхан учиргүй витамин хэрэглэх гэж ойлгодог. Үнэндээ бол нойр, хоолны л асуудал юм. Тодорхой цагт унтаад сэрдэг, зөв хооллодог.

-Хүүхдийн өвчлөл архагшиж, төрөл нэмэгдэж байна? Суурь шалтгааны тухайд?

- Сүүлийнүед бондгор буюу бидний хэлдгээр өхөөрдөм хүүхдүүд олон болсон. Тэд хөөрхөн, эгдүүтэй харагддаг тарган байх тусам өвчлөмтгий байдаг. Бодисын солилцоо, дархлааны дутмагшил гээд асуудлууд бий.  Хүүхдийн хооллолт, Д витамины зөв хэрэглээих чухал. Яагаад гэхээр хоол тэжээлээс үүдэлтэй цус багадалт, Д витамины дутагдал буюу сульдаа, рахит нь өнөөдөр бүх өвчний суурь шалтгаан болоод байна. Экваторын бүс, нарны тусгалаас хамаараад улс оронд бүрт Д витамин өөр өөр тунтай байдаг. Манай орны хувьд 1000 олон улсын нэгжээр урьдчилан сэргийлэн таван нас хүртэл өдөр бүр уугаад явахад сульдаа өвчнөөс бүрэн сэргийлж чадна.

- Манай аав ээж, эмээ өвөө нар сошиалээс мэдээлэл авч дур мэдэн эмчилдэг. Энэ тал дээр танд мэдээлэл бий юу. Байр сууриа илэрхийлээч?

- Нийгмийн сүлжээ, эмч нарын дунд тэрсэлдээн үүсээд байна. /инээв/ Фээсбүүк группуудээс мэдээлэл авч, дур мэдэн эм, бусад арга чарга хэрэглэх асуудал нийтлэг үзэгдэл. Анагаах ухаан  сүүлийн 20 жил нотолгоонд суурилж яваа. Магадгүй бидний эмээ өвөөгийн үед шээсээрээ анагааж байсан байж болзошгүй. Тэгэхээр бид одоо мэдээллээ шүүх хэрэгтэй. Харшилтай хүүхдийг гангаар утаж хүндрүүлсэн, түлэнхийд гутлын тос түрхчихсэн хүүхэд хүртэл орж ирж байна. Бидэнд эрүүл мэндийн энэ мэт боловсрол, мэдээлэл дутуу байгаа нь харуусалтай. Хаана хаанаа бид зөв мэдээлэл түгээж, хариуцлагатай байх шаардлагатайг олон олон жишээ харуулж байна.

-Эрүүл мэндийн боловсрол дутмагаас үүсдэг хамгийн наад захын жишээ?

-Адгийн наад зах нь хоногт 3 удаа  8, 12 цагаар уу гээд бичээд өгсөн эмэнд ач холбогдол өгдөггүй. Цагт нь уулгахгүй болохоор ямар хор нөлөөтэйг мэддэггүй. Хүүхэд гүйлгэлээ гэхэд шингэнийг хангалттай өгөх ёстойг мэдэхгүй учраас юу ч идэж уухгүй байна гээд улам хүндрүүлнэ. Эрүүл мэндийн боловсролыг зөв газраас авах хэрэгтэй.

Т.Хаш-Эрдэнэ: ЭРЧИМ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТ АМЬСГАЛЫН ЗАМЫН ХАЛДВАРЫН ХҮНДРЭЛ ЗОНХИЛЖ БАЙНА

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II, Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Т.Хаш-Эрдэнэ эрчимт эмчилгээний эмчээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай, чадварлаг боловсон хүчин юм. Тэрбээр БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-д эрчимт эмчилгээ тасагт ажиллаж байгаад 2021 оны хоёрдугаар сараас энд ажиллаж байна.  

- Та ковидын хүнд нөхцөл байдал бүхий цаг үед эрчимт эмчилгээний эмчээр энд иржээ. Тасгийнхаа нөхцөл байдлын мэдээллийг өгөөч?

- Өнгөрсөн жил манай тасаг насанд хүрэгчдийн ковидын хүндрэл дээр түлхүү ажилласан. Энэ жил он гарсаар хүүхдийн ковид ихсэж халдвараа авч эмчилж эхэлсэн. Одоо улаан бүс бүрэн буугаад үндсэн үйл ажиллагаандаа ороод төдийлөн удаагүй ч, томуугийн нөхцөл байдалтай уялдуулан 500 хүүхдийн ор дэлгээд энэ хүчин чадлаараа авч байна. Хүүхдийн өвчлөл ихтэй байх тусам үүнийгээ дагасан хүндрэл эрсдэл их байна. Манай тасаг зургаан нарийн мэргэжлийн эмчтэй, хүнд тохиолдлын 20, хяналтын 30 ортой, өдөр бүр бүрэн хүчин чадлаараа буюу 50 ор дүүрэн ажиллаж байна.

-Зонхилон хүндэрч буй шалтгаан нь ?

-Жилээс жилд өвчлөлд амьсгалын замын халдвар зонхилж байна. Ойрын өдрүүдэд дулааны улиралтай холбоотой ротавирусын халдвар суулгалт, бөөлжилт хавсарсан хэлбэрээр тохиолдож байна. Улирлын томуугийн үүсгэгчээр үүссэн халдварын хүндэрсэн тохиолдлууд зонхилж байна.

-Танай тасгийн онцлог...?

- 0-28 хоногтой нярай, 0-18 настай хүүхдэд эрчим эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлнэ. Нярайн нарийн мэргэжлийн эмч нар бэлтгэгдээд одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Амьсгалын замын дутагдал, хатгаа, суулгалт бусад амь тэнсэн байдлууд, эрсдлийг авч эмчилдэг. Өвчний байдал биеийн онцлогоос шалтгаалж хүнд тохиолдлын 20 орноос хяналтын 30 ор руу шилжүүлж зохицуулалтаар хянаж ажилладаг. Цаашдаа өргөжөөд нярайн мэс засал, мэс заслын дараах эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн, туршлагатай эмч нар, залуу шилдэг боловсон хүчнээс бүрдсэн мэргэжлийн баг манай тасгийн давуу тал юм.

- Эрчимт эмчилгээ гэхээр хүмүүст айдас  бий болчихдог шүү дээ...?

- Эрчимт эмчилгээ гэдэг бол аливаа өвчний хамгийн хүндрэлийн цэг. Тийм учраас ар гэр айдас түгшүүртэй, эмч бид нар ч гэсэн эмзэглэнэ, сандарна. Тэр болгон дээр хамтын шийдвэр их чухал. Төрөлжсан нарийн мэргэжлийн эмч, сувилахуйн баг хүндрэл эрсдэлүүдээ тал талаасаа ярилцаж, шийдвэр гарган цогц байдлаар эмчилдэг. Мэдээж хэрэг, ар гэр айдас түгшүүртэй л байгаа. Миний хувьд өвчтөний ар гэрт тухайн өвчний нөхцөл байдал, учир шалтгааныг аль болох энгийн үгээр хэлж, тайлбарладаг. Хэдий тайвшуулдаг ч хий боломж олгох бас хэцүү. Яахав нэг бүрчлэн энгийнээр тайлбарлаад өгөхөөр хүмүүс арай уужуу тайван ханддаг.

-Танд нэмж хэлэх зүйл гэвэл..?

- Бид ковидоос олон зүйлийг мэдэж, сургамж авсан. Амьсгалын замын халдвар ямар амархан халдварладаг гэдгийг харлаа. Бас ямар энгийн аргаар сэргийлж болдгийг ч мэдлээ. Гараа тогтмол угааж, олон хүнтэй газар маск зүүх, хавар, намрын улиралд бүр илүү чанарлаг хоол идэх шаардлагатай. Мөн томуугийн дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгээ амрааж байвал өвчлөл хэрхэн буурахыг бид сая хөл хорионы үеэр мэдэрсэн.

Э.Соёл-Эрдэнэ: ДҮРС ОНОШИЛГООНЫ БҮХ ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭГ ЦАГИЙН ДОТОР ШИЙДЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ТОНОГЛОГДСОН

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч.

- Та өөрийгөө танилцуулаач?

- Би ЭХЭМҮТ-ийн дүрс оношилгооны тасагт долоон жил, Улсын III төв эмнэлэгт дөрвөн жил ажиллаж байгаад тус эмнэлэгт тасгийн эрхлэгчээр ирээд байна.

- Хэвтэн эмчлүүлэгчдэд зөөврийн рентгенээр үйлчилж байгаа нь их таатай санагдлаа. Тасгийн хүчин чадал, бусад мэдээлэл өгөөч?

- Манай тасаг саяхнаас буюу 4 сарын 01-нээс үндсэн үйл ажиллагаагаа тасгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж эхэллээ. Хүчин чадлын тухайд суурин, дижитал, зөөврийн рентген аппарат,  хэвлий цуллаг эрхтний болон хүүхдийн зулай, түнх, бамбайн өндөр хүчин чадал, дүрс тохиргоо бүхий гурван эхо, монголд ховорт тооцогддог маммографийн рентген,  компьютер томографи зэрэг өндөр хүчин чадал бүхий иж бүрэн тоног төхөөрөмжөөр иргэддээ үйлчилж байна. Эндээс онцолбол, маммографийн рентген нь хөхний зургийг олон байрлалаас, гуравхан секундэд, өвдөлт зовиургүй авах давуу талтай. Монголд ашиглаж буй ганц, нэг тооны  маммографийн рентген нь найман секундэд авдаг. Манай бүх багаж, төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлтэй, хурд сайтайгаас гадна бүх шинжилгээний хариуг 30 минутаас нэг цагийн дотор гаргаж, манай эмч нар өөрсдөө хариуг бичиж илгээж байна. Удахгүй MRI оношлогооны аппарат, дуран, цахилгаан бичлэг нэмэгдэж монголдоо жишиг дүрс оношилгооны тасаг болох алсын хараатай ажиллаж байна.

-Дүрс оношилгоог хэн хэдийд ямар тохиолддог хийлгэдэг вэ? Ерөнхий мэдээлэл өгөөч?

-Компьютер томографт эмчийн заалтаар өмнөх шинжилгээгээр шаардлагатай гэж үзсэн, мөн онош тодруулах гэж үед орно. Тэр тусмаа хавдрууд, халдварт өвчний хурц үе, яаралтай тусламж шаардлагатай өвчнүүд буюу тархины цус харвалт, зүрхний шигдээс, хэвлийн гялтангийн үрэвсэл, бөөрний чулуу, түгжрэлийн үед энэ төрлийн шинжилгээг зайлшгүй хийнэ.

-Рентген оношилгоо хортой гэсэн нийтлэг ойлголт байдаг учраас ээжүүд хүүхдээ энэ төрлийн шинжилгээнд оруулахаас айдаг. Энэ хэр үндэслэлтэй зүйл юм бэ?

-Сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмжүүдийн туяа нас насанд нь тохирсон зарчмыг баримталж байгаа. Ер нь бол рентген туяа хортой гэх боловч тэр хор нөлөө нь гарч ч магадгүй, гарахгүй ч байж магадгүй. Гарлаа гэхэд 20-50 жилийн дараа хавдрын эх үүсвэр тавигдаж болно гэсэн таамаглал бий. Рентген үнэхээрийн клиникийн ач холбогдолтой шинжилгээ. Хортой гээд хийлгэхгүй байх нь бүр ч илүү хор хөнөөл дагуулж болох эрсдэлтэй гэж ойлгож болно.  

Б.Батсайхан: ДУРАНГИЙН ХАГАЛГААГ ХҮЙСЭН ДЭЭР НЭГ ЗҮСЛЭГЭЭР ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II, Эх нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч

-Эмэгтэйчүүд энэ тасгаас ямар ямар үйлчилгээ авч байна вэ?  

- Манай тасаг үндсэн гурван чиглэлээр буюу эмэгтэйчүүдийн мэс засал, дотоод шүүрлийн эмгэг, үрэвсэлт өвчин гэсэн төрлөөр тусламж үйлчилгээгээ үзүүлж байна. Эмэгтэйчүүдийн мэс заслын хувьд хэвлийн хөндий нээлттэй болон дурангийн, үтрээ, хярзангийн замын болон гоо сайхны хагалгаанууд, мөн умайн хүзүүний урьдал эмгэгийн эрт илрүүлгийг эмчлэх гэсэн үндсэн чиглэлтэй.  Хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг бид үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, гоо сайхан талаас нь харгалзаж хийдэг. Одоо дэлхий нийтээрээ хэвлийн нээлттэй хагалгаанаас  татгалзаж, дурангийн хагалгаа руу шилжиж байна. Ингэхдээ хэвлийг 0,5-1 см хэмжээтэй 3-4 ширхэг цоолж хийж ирсэн. Манай эмнэлэг дурангийн хагалгааг хүйсэн дээр нэг зүслэг хийж хийж байна. Хүйс өөрөө дотогшоогоо татагдсан байдалтай оршдог учраас тэнд хийсэн зүслэг эдгэрсний дараа сорви гэж харагддаггүй давуу талтай. Зарим шаардлагатай тохиолдолд нэмэлтээр 5 мм-ийн нэг ширхэг цорго үүсгэнэ. Тэгэхээр манайх дээд тал нь 2 ширхэг цоорхойгоор хагалгаа хийж байна гэсэн үг.  

-Тэгэхээр энд тоног төхөөрөмжийн давуу тал яригдах байх?

-Манай эмнэлгийн үйл ажиллагаа анх эхлэхдээ ковидын эрчимт эмчилгээний зориулалтаар 300-1400 хүртэлх орыг дэлгэж ажилласан. Цар тахлын хүнд үед засгийн газар, эрүүл мэндийн яам ковидоор төрөлжсөн эмнэлгүүдийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангасан. Бид өнөөдөр үндсэн үйл ажиллагаагаа тэр өндөр чадамж бүхий, шилдэг тоног төхөөрөмж, бааз суурь дээр явуулж байна.

-Тасгийн ачаалал, хүний нөөцийн тухайд...?

 - Манай тасаг 85 орны хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 21 хүн хэвтэж байгаагаас хагалгааны дараах 5, хагалгаанд орсон нэг, маргааш төлөвлөгдсөн хоёр өвчтөн байна. Миний бие тасгийн эрхлэгчээр, үндсэн хоёр эмч, ахлах сувилагч, үйлчлэгч гээд 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Миний хувьд Солонгос улсад 2018 онд Сөүл прожектийн хүрээнд хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон гоо сайхны хагалгааны чиглэлээр нарийн мэргэжил эзэмшиж ирсэн байгаа. Манай чиглэлээр улсын тодотголтой эмнэлгүүд хэтийдсэн их ачаалалтай ажилладаг, үйл ажиллагааны 90 хувь жирэмсний хяналт, төрсний дараах хяналт эмчилгээнд чиглэдэг. Бусад эмгэг өөрчлөлт, өвчлөлийн тодорхой хувийг хувийн эмнэлгүүд хуваалцдаг хэдий ч хүн амын дунд эмэгтэйчүүдийн эмгэг, өвчлөл хаана хэнд онож хандаж чадаагүйгээс хүндэрсэн, нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай тохиолдлууд элбэг. Ямартай ч үндэсний хэмжээний ийм төв эмнэлэг шинээр байгуулагдаж, харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж байгаа нь олон давуу талыг иргэдэд бий болгож байна. 

-Эдгээр эмэгтэйчүүдэд ихэвчлэн ямар өвчлөл хүндэрч, нийтлэг тохиолдож байна вэ?

-Төрөх замаар том хүүхэд төрүүлсэн, эсвэл олон удаа төрсөн, мөн нийгэм, биологийн сөрөг нөлөөллөөс шалтгаалсан аарцагны булчингийн сулрал түгээмэл байна. Энэ нь  шээс задгайрах, бэлгийн амьдралын үйл ажиллагааны алдагдлууд үүсэх гэх мэт сөрөг үр дагавартай. Мөн төрөх явцад умайн хүзүү урагддаг. Тэр үед тавьсан оёдол сорвижсноос зулбах, дутуу төрөх эмгэг үүсч байна. Монгол орон цаг уурын эрс тэс байдлаас үүдэлтэй бөөр, шээсний замын үрэвсэл, үтрээний үрэвсэл хүндэрч хэвлий, аарцагны хөндий рүү идээт үрэвсэл болох тохиолдол элбэг байна. Сүүлийн үед төрөөгүй залуу эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин хүндэрснээс үргүйдэл болох эрсдэл нийтлэг байна. Бид эдгээр бүхий л эмгэгийг  нотолгоонд суурилан, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан эмчилж байна.

-Энэ тасгаас эмэгтэйчүүд гурван чиглэлээр хэчнээн үйлчилгээ авах боломжтой вэ?

-Хамгийн түгээмэл тохиолдлын тухайд бэлгийн уруулын суналт, хярзан, үтрээний сорвижилт, булчингийн алдагдлаас үүдэлтэй эмгэгүүд, үтрээний гоо засал, умайн хүзүүн хавдрын урьдал эмгэг өөрчлөлтүүд, савны бүтцийн өөрчлөлтөд орсон хоргүй хавдрууд, өндгөвч  дээр түгээмэл тохиолддог элдэв үүсгүүр, хавдар, цус алдах эмгэг өөрчлөлт, үрийн хоолойны үйл ажиллагааны алдагдал, дотоод шүүрлийн эмгэг гээд маш олон эмгэг өөрчлөлт, өвчлөлийг бид авч байна.

-Насны хувьд хэн хэн ирэх боломжтой вэ?

- Хүйсний хувьд эмэгтэй тэгээд нас харгалзахгүй. Сарын тэмдэг нь ирж эхэлсэн нөхөн үржихүйн насны болон цэвэршилтийн өмнөх болон дараах ахимаг насны эмэгтэйчүүд гээд бүгдэд хүртээмжтэй, цогц үйлчилгээг үзүүлж байгаа. Мөн жаахан охид тоглож байгаад бэртэж бэлэг эрхтнээ гэмтээсэн тохиолдолд гэмтлийн эмнэлэг охидын бэлэг эрхтэн орчмын гэмтэлд тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн түвшинд үзүүлдэггүй учраас хаана хандахаа мэддэггүй. Бид ЭХЭМҮТ-ийн энэ ачааллыг хуваалцаад явж байна.

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт  нь төрөх, төрсний дараах, жирэмсний эмгэг, эмэгтэйчүүд, дутуу тээлт, хүлээн авах яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт, мэс заслын тасгууд эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр  97 эмч, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний 4 эмч, 38 эх баригчтай тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Ногоон бүсэд шилжиж үндсэн үйл ажиллагаа эхэлснээс хойш энд 800 гаруй эх амаржжээ. Тэд хоногтоо хүлээн авах тасгаар тогтмол 35-45 хүлээн авч, 15-20 ээж амарждаг. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн тасгийн эрхлэгч нар бүгд эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх болон ахлах зэргийн эмч нар ажиллаж байна. Улсын үндэсний хэмжээний лавлагаа төв гэдэг агуулгаараа энэ эмнэлэгт бүх насны эмэгтэйчүүд харьяалал харгалзахгүйгээр ирж үйчлүүлж, жирэмсэн ээжүүд хяналтад орох бүрэн боломжтой. 

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлэг нь 2020 оны оны 11 сарын 10-ны засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. 2021 оны нэгдүгээр сараас ковидын үеийн тусламж үйлчилгээг үзүүлэн жилийн хугацаанд ажиллаж нийт 35 мянган иргэнд үйлчилсний 6000 хүүхэд, 6000 гаруй нь жирэмсэн ээж байв. Тус эмнэлэг  2022 оны гуравдугаар сараас ногоон бүс болж, үндсэн үйлчилгээгээ нээж, эх нярай, хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэллээ. Цаасан технологийг халж Цахим эмнэлэг болохоор үйл ажиллагаа эхэлсэн тус эмнэлэг үндэсний хэмжээнд харьяалал харгалзахгүйгээр мэргэшсэн тусламж үйлчилгээг үзүүлж буйгаараа онцлогтой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О. УЛСБОЛД

СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2022-05-08 14:51

Bayar hurgie. Ulam sain mergeshij setgel zovohgui uilchluuldeg bolgooroi.Mash saihan sanagdlaa emch nartaa amjilt husie.itgej boloh emneleg baigaarai.

Холбоотой мэдээ

Back to top button