Сурвалжилга, Нийтлэл

СЭРЭМЖЛҮҮЛЭХ СЭДЭВ: Согтуу жолоочид үрсээ бүү дай

Сургууль, цэцэрлэг амарч, хүүхдүүд эмээ, өвөө, ах эгчийндээ зусахаар хөдөөг зорьдог улирал эхэлж байна. Бид энэ цаг үетэй холбогдуулан хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, тэр тусмаа согтуу жолоочийн балгаас хамгаалах, сэргийлэх үүднээс сэрэмжлүүлэг мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Сүүлийн хэдхэн хоногт л гэхэд согтуу жолоочийн үйлдлээс үүдэж, хүүхдүүд хэрхэн хохирсныг дурдья.

Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт 46 настай эрэгтэй согтуудаа 16 настай хүүхдэд жолоо шилжүүлснээс осол гарч, 2-12 насны гурван хүүхэд гэмтэж, 16 настай хүүхэд амиа алдав. БЗД-ийн нутаг дэвсгэрт согтуу жолооч айлын хашаа мөргөжээ. Тус машинд 1-12 насны таван хүүхэд зорчиж явжээ.

-2022 ОНЫ ЭХНИЙ ДӨРВӨН САРД 16588 СОГТУУ ЖОЛООЧ СААТУУЛАГДСАН-

2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 16588 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа саатуулагдсан бөгөөд нийслэлд 8891, орон нутагт 7697 тохиолджээ. Энэ тоо нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад  76.2 хувиар өссөн үзүүлэлт юм. 2021 онд 39800 согтуу жолоочийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, 280 осол бүртгэгдэн 98 хүн амиа алдсан байна. Хөл хориотой үед бүртгэгдсэн энэ тоо өмнөх онтой харьцуулахад 47.9 хувиар өссөн үзүүлэлт юм.  Эндээс харахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь жилээс жилд нэмэгдэж байна. Монгол улсын хэмжээнд хамгийн сүүлийн тоон мэдээгээр нэг сая 300 мянган тээврийн хэрэгсэл, нэг сая 400 мянган жолооч бүртгэлтэй байна. ТЦА-наас мэдээлснээр өдөрт 120-150 жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцон, саатуулагддаг. Эдгээр тохиолдлын 50 хувь нь 18-25 насныхан байна.  

Статистикээс харахад, 2016-2020 онд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 1119 хүүхэд хохирч, 255 хүүхэд амь насаа алдсан байна.   

-СОГТУУ ЖОЛООЧ 400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖ, СОГТУУРЛЫН ЗЭРЭГ 0.21-ЭЭС ДЭЭШ ТОХИОЛДОЛД ЖОЛООДОХ ЭРХЭЭ ХАСУУЛНА-

Манай улс  “Согтуу жолооч”-ийн асуудлыг  Эрүүгийн тухай хуулийн 27.10, 27.11 зүйл ангиар шийдвэрлэдэг.

Товчхондоо бол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянга хүртэлх төгрөгөөр торгож, нэг жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасна. Давтан үйлдвэл 7-30 хоног хорьж шийтгэнэ. Хэрвээ бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах, амь насыг хохироосон бол 3-8 жилийн ял онооно. Согтуурлын зэрэг буюу промиль 0.21-ээс дээш байвал эрх хасна. Энэ нь дэлхийн бусад улс оронтой харьцуулах “жульдах” шийтгэл аж. Тийм ч учраас согтуугаар жолоо барих нь бараг хэвшил болж, тохиолдол, хохирлын тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

 -ЯПОН, СОЛОНГОСТ МОДУЛЬ СУРГАЛТ АВСАН ИРГЭДИЙН ДИЙЛЭНХ НЬ ЖОЛООЧ БОЛОХООС ТАТГАЛЗДАГ -

Дэлхийн улс орнуудад замын хөдөлгөөний зөрчил, осол, гэмт хэрэг хамгийн цөөн тохиолддог ХЭРЭГ аж. Учир нь тэд дунд сургуулийн хөтөлбөрөөс эхэлж зааж, сургадаг. Улмаар жолооч бэлтгэх сургалтыг цогц агуулгаар олгоно.

Жишээ нь: Япон, Солонгост эхлээд жолооч болоход амьдрал дээр ямар ямар эрсдэл тохиолдож болохыг модуль сургалтаар үзүүлдэг.  Осолд орвол хэрхэн гэмтэх, дүрэм зөрчвөл хэдэн төгрөгийн торгууль төлөх, хүний амь нас хохироовол ямар шийтгэл хүлээхийг ийнхүү харуулахад арван хүнээс тав нь жолооч болохгүй гэсэн шийдвэр гаргаж буцдаг байна. Жолоочоор бэлтгэгдээд гарахад ч тэд цаг ямагт эрсдлийг тооцоолох сэтгэлзүйтэй байж, замын хөдөлгөөнд оролцоно. Учир нь ЖОЛООЧ гэдэг үйлдлийн хариуцлага, хор хохирол, бусад мэдлэгийг бүр хүүхэд байхаас нь системтэйгээр олгочихдог.   Солонгост согтуурлын зэрэг 0.03-0.08 үзүүлэлттэй гарахад нэг жил хорьж, 5 сая воны торгууль оногдуулна. Эл үйлдлээ хоёр болон түүнээс дээш удаа зөрчвөл 2-5 жил хорих, 10-20 сая воны торгуулийн арга хэмжээ авна. Харин бусдад хүнд гэмтэл учруулах, амь насыг хохироовол хуулийн дээд хэмжээ буюу насан туршид нь хорих ялаар шийтгэнэ. Согтуурлын зэргийн 0.03 промиль гэдэг нь манайхны ярьдгаар халбага пивоны хэрэглээ аж. Солонгос улсад дундаж цалин 3 сая вон байдаг. Тэгэхээр бусад улс орнууд хуулиараа ингэж барьж, хүмүүжүүлж чаддагийн нэг жишээ энэ.

-Д.ЭНХБОЛД: ХУУЛИЙГ ЧАНГАТГАВАЛ ЗӨРЧИЛ БУУРНА-

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтнээс хөндсөн агуулгад гарц шийдэл бий эсэхийг тодруулахад “Гадны өндөр хөгжилтэй оронд зам тээврийн зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг анхан шатнаас нь сургадаг.  Арван жилийн сургуулийн хөтөлбөрт тодорхой цагуудад хичээл орно. Манай улсад ингээд явья гэхээр  сургалтын хөтөлбөр нь арван жилээр батлагддаг гээд оруулж өгдөггүй. Уг нь ингээд багаас нь эхэлбэл зам тээврийн гэмт хэрэг, осол буурах үндэслэл нь юм. Одоо манайд 45 хоног бэлдэж, замын хөдөлгөөний дүрмээ судлаад төгсөж байна. Зөрчил осол гарвал хаашаа дуудлага өгөх, осол болсон байвал анхан шатны ямар тусламж үзүүлэх, зөрчил гаргавал ямар шийтгэл оногдох гээд юу ч мэдэхгүй жолооч болдог. Жолоо төгсөөд огт машин бариагүй охиндоо хөдөө явахдаа жолоо шилжүүлээд осолд орчихож байна. Манай аав, ээжүүд хүүхдээ дөнгөж 18 нас хүрэнгүүт жолоонд суулгаж, машин авч өгдөг. Гэтэл өнөөдөр замын хөдөлгөөний зөрчил, ослын дийлэнхийг шинэ жолооч охид, залуус гаргаж байна. Аав ээж нь ч, сургууль нь ч, жолооч бэлтгэх сургалт нь ч замын хөдөлгөөнд оролцоход тохиолдож болох эрсдлийн талаар мэдлэг, мэдээлэл олгоогүй учраас тэр шүү дээ. Тэгэхээр манай улсад сургалтын орчин эрхзүй талаас анхаарах, модуль сургалт нэвтрүүлэх, дээрээс нь хуулиа чангатгах шаардлагатай. Хуулийг чангатгавал зөрчил буурна” .

-СОГТУУ ЖОЛООЧИД ҮРСЭЭ БҮҮ ДААТГА-

Жолооч таны уусан ганц шар айраг, 100 гр архи замын хөдөлгөөнд оролцох үед ямар эрсдэл учруулж болохыг бидэнд өдөр тутмын олон харуусалтай жишээ мэдрүүлсээр л байна. Согтуу жолоочийн хар балгаар хэчнээн нялх амь эрсдэж, хэдэн нялх үрс гэмтэж, бэртэж, насан туршдаа эмгэгтэй болсныг тоо баримт харуулж байна. Нэгэн жишээ. Б.Мөнхзаяа 17 настайдаа согтуу жолоочийн толинд хувцсаараа өлгөгдөн чирэгдсэний улмаас хөлөө тайруулсан. Эхэндээ маш хэцүү байсан, яваандаа аав, ээж минь намайг үхчхээгүй нүдэнд нь харагдаж байгаад жаргалтай байдаг юм байна гэдгийг мэдрээд хичээх болсон гэж тэр ярьж байна. Арваад жил охиноо асарч яваа аав нь охиныхоо оронд би тэр машин доогуур орчихгүй яав даа гэж боддог гэлээ. Согтуу жолоочийн балаг энэ.

Монголчууд, жолоо барих туршлагагүй бүр жолооч ч болоогүй нэгнээ хөдөө явахдаа орон нутгийн зам дээр жолооч болгох гэдэг. Энэ  хариуцлагагүй, болчимгүй дадал нь хэдэн гэр бүлд хэзээ ч мартагдахгүй харууслыг бий болгов. Эцэг эх, асран хамгаалагч нар ч гэсэн энэ асуудалд ихээхэн болгоомжтой хандаж, согтууруулах ундаа хэрэглэдэг, хэрэглэсэн жолоочтой тээврийн хэрэгсэлд үр хүүхдээ дайх, тээвэрлэхээс цаг үргэлжид болгоомжил. Тээврийн цагдаагийн албанаас зуны улиралд үр хүүхэдтэйгээ хөдөөг зорихдоо хамгийн туршлагатай, хамгийн сайн жолоочоороо жолоо бариулахыг зөвлөж байлаа.  ЦЕГ-ын лицензийн төв жолооны эрх сэргээх шалгалтын өмнө хууль эрх зүй, төсөөллийн модуль сургалтыг өгч эхэлсэн. Сургалтад хамрагдсан согтуугаар машин жолоодсон таван эмэгтэй, 55 эрэгтэй жолооч дээр судалгаа хийж үзэхэд тэдний 5 нь гурваас дээш удаа, 11 нь хоёроос дээш удаа, 44 нь анх удаагаа эрхээ хасуулсан байна. Эрх сэргээсний дараа харахад дээрх 60 жолоочоос хоёр нь дахин эрхээ хасуулжээ. Эндээс харахад хуулийн мэдлэг, бодит төсөөллийн сургалтыг гуравхан цаг өгөхөд ямар үр дүн гарсан нь харагдана.

Б.БАЯРТ    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-04 10:04

Согтуугаар жолоо юу бодож барьдаг байна аа

Зочин
Зочин
2022-06-04 10:04

Тэгээд таксинд яваад байдаг юм уу

Зочин
Зочин
2022-06-04 13:51

Харамс�##�тай мэдээ вэ

Зочин
Зочин
2022-06-06 08:01

Осолтой шдээ

Холбоотой мэдээ

Back to top button