БҮТ: Монгол хэл, бичгийн шалгалтад 1500 орчим хүүхэд бүртгүүлсэн

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын ыүртгэлийг орон даяар нийт есөн хоногийн турш явуулж байгаа билээ. Улмаар энэ сарын 11-ний өдрийн 18.00 цагт бүртгэл дуусах юм.
Монгол, хэл бичгийн шалгалтыг бүртгэл дууссанаас хойш найман хоногийн дараа буюу энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10.00-11.40 цагийн хооронд зохион байгуулах билээ.
Тиймээс Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн ажилтнаас дахин шалгалттай холбоотойгоор тодруулсан юм.
Тэрбээр “Боловсролын үнэлгээний төвөөс дөрөвдүгээр сарын 22-нд авсан Монгол хэл, бичгийн шалгалтанд босго оноо даваагүй болон бүртгүүлж амжаагүй хоцорсон гэх мэт төрөл бүрийн шалтгаантай суралцагсад энэ шалгалтыг дахиж өгөх боломжтой юм. Одоогийн байдлаар 1500 орчим хүүхэд бүртгүүлсэн бөгөөд бүртгэл наймдугаар сарын 11-ны 18.00 цагт дуусна. Урьд жилүүдэд ч мөн адил ийнхүү дахин шалгалт авдаг байсан юм. Энэ удаагийн шалгалтад тэнцээгүй эсвэл хоцорсон тохиолдолд дараагийн шалгалтад орох боломжтой. Босго оноо нь шалгуулагчийн тоо, гүйцэтгэл зэргээс хамааран шалтгалт бүр дээр өөр байдаг” хэмээлээ.
Монгол хэл, бичгийн шалгалтад оролцогсод 400 онооны босгыг давснаар их, дээд сургуульд суралцах боломжтой. Түүнчлэн уг шалгалтыг авч эхэлснээс хойш уран зохиол, үндэсний бичгийн хичээлийн үр дүн сайжирч байгаа гэдгийг БҮТ онцолсон юм. Мөн энэ удаагийн шалгалтад унавал 11-12 дугаар сарын хооронд авах дараагийн шалгалтад оролцох боломжтой ажээ.
Ц.ДАВААДУЛАМ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.