ЕБС-иудад "Хүүхэд хамгаалагч цагдаа" ажиллана

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилготой “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сарын 1-ний өдрөөс ЕБС-иудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэлнэ.
Сүүлийн таван жилийн хугацаанд хүүхэд хохирсон 10,665 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1228 нь сургуулийн орчинд үйлдэгдсэн байна. Сургуулийн орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 74 хувь нь нийслэлд бүртгэгдсэн төдийгүй үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн тоо өсөх хандлагатай байгаа юм.
“Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд байх юм. Тэд сургуулийн ойр орчмын хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх эрсдэлтэй цэг болон замын хөдөлгөөний нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийнэ.
Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах арга хэмжээ авах аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.