Гадаад мэдээДЭЛХИЙ

“Facebook”-ийн сонголт: Орлого уу, үнэн зөв мэдээлэл хүргэх үү

“Meta” компани “News Tab” нэртэй нэгэн томоохон үйлчилгээгээ Канад мөн Европын хэд хэдэн оронд зогсоохоор болсон байна. Үйлчилгээг нэвтрүүлэхдээ тус компани энэхүү үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь “Facebook”-ийн сэтгүүл зүйг дэмжих чин хүсэл эрмэлзлийг харуулж байгаа гэж хэлсэн юм.

Тэгвэл тэр үед хэлсэн үг нь тийм ч үнэн байгаагүй бололтой. “Meta” 2022 оноос сэтгүүлзүйг дэмжих санхүүжилт, хүчин чармайлтаа багасгасаар ирэв. Тухайлбал өнгөрсөн сард сэтгүүлзүйг дэмжих хөтөлбөрөөсөө хэд хэдэн ажилтан, тэр дундаа орон нутгийн мэдээний түншлэлийг хариуцаж байсан ажилтнуудаа халжээ.

Мөн “Sydney Morning Heral” тус компанийг олон улсын мэдээллийн түншлэлийн захирлаа ажлаас нь чөлөөлсөн гэж мэдээлсэн нь сонирхол татаж байна.

“News Tab” гэж юу вэ, хэзээнээс эхэлсэн вэ

2019 оны аравдугаар сард Meta буюу тухайн үед “Facebook” байсан компани сошиал платформ дээрээ “News Tab” нэртэй үйлчилгээг нэвтрүүлсэн. Тус компани тэрхүү үйлчилгээгээ нэвтрүүлэхээс өмнө хэвлэл мэдээллийн сайтуудад төлбөр төлөхөөс татгалзсаар ирсэн юм.

Тэгтэл дөрвөн жилийн өмнө энэ шийдвэрээ өөрчилж, “Washington Post”, “The New York Time”, “Bloomber”, “USA Today” гэх мэт 200 гаруй мэдээ, мэдээллийн агентлагуудад нийтлэлийг нь “Facebook” дээр “News Tab” нэртэй хэсэгт байршуулсныхаа төлөө төлбөр өгөх шийдвэр гаргасан.

“News Tab” хэсэг дээр “Meta”-ийн ажилд авсан сэтгүүлчид тусгай алгоритмын хамт буруу, худал мэдээллийг шүүн, баримтын хувьд үнэн зөв нийтлэлүүдийг оруулах маягаар ажилладаг байсан.

Тухайн үед “News Tab” үйлчилгээг худал мэдээллийг таслан зогсоон, санхүүгийн хувьд хүндрэлтэй мэдээллийн агентлагуудыг дэмжих хэрэгсэл гэж “Meta” танилцуулж байв. Гэхдээ зарим хүмүүс худал мэдээлэл гэж, “Meta” компанийн үзэл суртлын хувьд таардаггүй мэдээллүүд байх магадлалтай гэдгийг 2019 онд хэлж байсан юм.

Энэ нь огт оргүй зүйл биш юм. Жишээ нь 2016 онд зарим мэдээллийн агентлагууд “Facebook”-ийн алгоритм улс төрийн барууны буюу консерватив үзэл бодлыг дэмжсэн мэдээллүүдийг нуун дарагдуулж байгаа талаар мэдээлжээ. Үүний улмаас тус компани мэдээллүүдийг ялган, салгах ажилд хүмүүсийг ажиллуулж эхлэхээ мэдэгдсэн байдаг.

Яагаад зогсоох болов

“Facebook” 2021 оны аравдугаар сард нэрээ “Meta” болгож “Metaverse”-ээ хөгжүүлж эхэлсэн. “Metaverse”-дээ тус компани сар бүр 1 тэрбум ам.доллар зарцуулж буй. Шинээр хөгжүүлж буй энэ үйлчилгээ нь чанарын хувьд маш муу байсан тул олны шүүмжлэлийг их дагуулсан. Үүнээс болж “Meta” компани 2022 онд “Metaverse”-ээс  болж 13.72 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Дан ганц орлогоо алдаж буй салбар нь “Metaverse” биш юм, мэдээ мэдээллийн салбарын орлого маш бага тул “Meta” мэдээллийн бизнест анхаарал өгөхөө багасгасаар иржээ. “Meta” “News Tab”- зарцуулдаг хөрөнгөө богино хэмжээний бичлэг гэх мэт илүү алдартай контентын төрлийг хөгжүүлэхэд ашиглах зорилготой байгаа юм.

Яагаад Канадаас эхлэв

Канад улс “Meta”, “Apple”, “Microsoft”, “Alphabet” гэх мэт технологийн компаниудыг мэдээ мэдээллийн агентлагуудын нийтлэлийг ашигласандаа төлбөр төлөхийг шаардсан хууль баталсан байдаг. Үүний улмаас “Meta” компани Канадад “Facebook” болон “Instagram”-аас мэдээлэл унших боломжгүй болгосон.

Мөн Европын холбоо технологийн томоохон компаниудад хамаарал бүхий шинэхэн "Дижитал зах зээлийн тухай хууль" батлах гэж байгаа нь халуун асуудал юм. Иймд “Meta” Их Британи, Франц, Германд “News Tab”-ийн үйлчилгээг зогсоож буйгаа мэдэгджээ.

Орлого олох нь компанийн хамгийн том зорилго. Ийм ч учраас “Meta” орлого бага олдог мэдээ мэдээллийн бизнест зарцуулж буй хөрөнгөө өөр, орлого сайтай салбарт төвлөрүүлэх сонирхолтой. Гэвч “News Tab”-ийг зарим оронд идэвхгүйжүүлснээр худал мэдээлэл илүү их тархана гэж зарим хүмүүс шүүмжилж буй.

Эх сурвалж: Reuters, CNBC, Yahoo Finance

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button