Гадаад мэдээДЭЛХИЙ

Сар луу тэмүүлж буй дэлхийн том гүрнүүдийн амбиц

Сар дээр газардсан дөрвөн улс л дэлхий дээр бий. Хамгийн эхэнд ЗХУ буюу одоогийн ОХУ 1966 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Луна-9 нэртэй хөлгөө сар дээр газардуулсан.

Харин 1969 онд АНУ сар дээр хөлөг газардуулсан хоёр дахь орон, хүн буулгасан цорын ганц орон болсон. Сар дээр анх газардаад Нэйл Армстронг “Хүний хувь жижиг алхам, гэхдээ хүн төрөлхтний хувьд аварга том дэвшил” гэж хэлснийг мэдэхгүй хүн гэж дэлхий дээр ховор биз ээ.

Энэ хоёр том гүрэн сар дээр газардсанаас хойш 50 жилийн турш өөр ямар ч улс манай гарагийн дагуул дээр очоогүй. Харин 2019 онд БНХАУ сар дээр газардсан дөрөв дэх орон болсон юм. Мөн энэ жил Энэтхэг “Pragyan” хөлгөө сар дээр газардуулж сансар судлалын салбарт хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулав.

Тэгвэл дэлхийн томоохон гүрнүүд яагаад сарыг зорих болсон юм бэ? Хүн төрөлхтөн өсөж хөгжих хүсэлтэй. Иймд манай гараг дээрх нөөц хязгаарлагдмал тул хэзээ нэгэн цагт бид сансар луу тэлэх шаардлагатай болно.

Тэгэхийн тулд бид гарагтайгаа хамгийн ойрхон томоохон сансрын биет дээр эхлээд байнгын оршин суух боломжтой бааз барих хэрэгтэй. Тэр биет бол сар, байнгын оршин суух боломжтой эсэхийг эхлээд судалж байж мэднэ.

Тэгвэл Энэтхэгийн “Pragyan” хөлөг сар дээрээс юу илрүүлсэн бэ

Энэтхэг сар дээр хөлөг газардуулсан дөрөв дэх орон болсноос гадна сарны өмнөд туйл дээр газардсан анхны орон болсон юм. Тус хөлөг сарны өмнөд туйлаас хүхэр, хөнгөн цагаан, төмөр, кальци, хром, титан, манган, хүчилтөрөгч болон силикон илрүүлсэн.

Хүхэр байна гэдэг нь ус мөс хэлбэртэй өмнөд туйлд нь оршин байж магадгүйг илэрхийлдэг. Ийм учраас хүхэр илрүүлэх нь ач холбогдол өндөр зүйл юм. Ус байна гэдэг нь хүмүүс байнгын суурьших боломж бий гэсэн үг юм.

Энэтхэгийн сансар судлалын агентлаг өмнөд туйлыг судлах даалгавраа дуусгасан тул “Pragyan” хөлгийг “унтуулж” орхисон байгаа.

Япон ч гэсэн сар луу тэмүүлэв

Арлын Япон улс өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2023.09.07/ Танегашима баазаас “SLIM” нэртэй судалгааны хөлгөө “H-IIA” пуужингаар хөөргөсөн. “SLIM” нь түлш хэмнэхийн тулд сар луу удаанаар нисэж, ирэх жилийн хоёрдугаар сар гэхэд очно.

 Газардах ажил амжилттай болбол Япон сар дээр буусан тав дахь улс болно.Японы сансар судлалын агентлагийн ерөнхийлөгч Хирошима Яамакава “SLIM-ийн гол зорилго бол өндөр нарийвчлалтай газардалт хийх. Газардаж чадах хэсэгтээ буух биш, газардахыг хүсэж байгаа бүсдээ буух нь чухал” гэж хэлжээ.

АНУ болон БНХАУ ирээдүйд сарны өмнөд туйл дээр газардах төлөвлөгөөтэй байгаа. Тэднээс гадна Өмнөд Солонгос, АНЭУ нар мөн сар луу хөлөг нисгэхээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button