Нэг дороос: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр “шарк” Д.Энхтүвшин сонгогдлоо
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнөөдөр болох юм. Одоогийн Ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа билээ. Тэгвэл МҮХАҮТ-ыг дараагийн дөрвөн жил удирдах тэргүүнийг сонгох сонгуулийн явцыг та бүхэнд нэг дороос мэдээлж, хүргэж байна.
НЭМЭЛТ: 01.19 ЦАГ
-Танхимын Ерөнхийлөгчийн сонгууль дууслаа-
Нийт 13 хүн Танхимын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн билээ. Тэгвэл цаасан санал хураалтаар хамгийн их саналыг “шарк” Д.Энхтүвшин авчээ. Тэрбээр нийт хүчинтэй 648 саналаас 246 санал авч тэргүүлсэн байна.
Харин “Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од нийт 138 буюу 20 хувийн санал цуглуулж, удаалжээ.
НЭМЭЛТ: 21.50 ЦАГ
-Т.Дүүрэн нэрээ татлаа-
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь нэр дэвшигч нэрээ татлаа. Тодруулбал, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нэр дэвшсэн ч эцсийн мөчид нэрээ татахаа мэдэгдэв.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тус бүр 10 минут мөрийн хөтөлбөрөө танилцуулж, асуулт хариулт 2, нэмэлт 1 минутын хугацаатай билээ. Одоогоор нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж дуусаагүй байна.
Мөрийн хөтөлбөрийг танилцуулж дууссаны дараагаар нууц санал хураалт явуулах билээ.
НЭМЭЛТ: 20.50 ЦАГ
-Цор ганц эмэгтэй нэр дэвшигч нэрээ татав-
Танхимын Ерөнхийлөгчид анх удаа болон цорын ганц нэр дэвшигч болох эдийн засагч Б.Лакшми нэрээ татсан байна.
Тэрбээр энэ талаараа “Ерөнхийлөгчийн сонгууль шударга бус болж байна. Энэ бол маш гунигтай зүйл. Мөн ганц эмэгтэй нэр дэвшигчээ “шахаж” гаргаж байна. Үүнд харамсаж байна. Цаашид жендэрээр ялгаварладаггүй, эмэгтэйчүүдээ дэмждэг, тэгш гараанаас өрсөлддөг байгаасай гэж захимаар байна” гэв.
Түүнчлэн “Монгол Бренд” холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий нэрээ татсан юм.
НЭМЭЛТ: 20.30 ЦАГ
-Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр бүртгүүлсэн 13 хүний 2 нь нэрээ татлаа-
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид 13 хүн нэр дэвшиж хоёр нэр дэвшигч нэрээ татлаа. Ингэснээр 11 хүнээс нууцаар санал хурааж сонголт хийхээр болж байна.
Үүнд,
- “Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд
- Ард даатгалын ТУЗ-ийн дарга О.Одбаяр
- “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бямбасайхан
- “Ардын тэтгэврийн данс”-ын ТУЗ-ийн гишүүн Б.Гантулга
- “ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Т.Дүүрэн
- “Эм Ти Эм Сити Инженеринг” ХХК-ийн захирал Ш.Мөнхсайхан
- “Би Тү Брос”ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Энхтүвшин
- “Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од
- “Смартдийл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор
- “Буян Холдингс” компанийн захирал Б.Жаргалсайхан
- “Дабльхилл” компанийн захирал Ш.Төмөрсүх нар өрсөлдөж байна.
Мөн Хяналтын зөвлөлд 34 нэр дэвшигч өрсөлдлөө. Улмаар Хяналтын зөвлөлийн долоон гишүүнийг сонгосон байна.
НЭМЭЛТ: 18.30 ЦАГ
-Удирдах зөвлөлийн 51 гишүүнээ сонголоо. Үлдсэн нь орон нутгаас сонгогдоно-
МҮХАҮТ удирдах зөвлөлийн 75 гишүүнийхээ 51-ийг сонгож дууслаа. Харин үлдсэн гишүүдийг нь 21 аймгийн салбар зөвлөлөөс шууд нэмж, оруулах ажээ. Одоо Хяналтын зөвлөлд нэр дэвшсэн гишүүдийн бүртгэлийг нягталж байгаа аж.
Удахгүй Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгосны дараагаар Танхимын Ерөнхийлөгчийн сонгууль болох юм.
НЭМЭЛТ: 17.00 ЦАГ
-Ш.Отгон-Өлзий: Танхимын Ерөнхийлөгч болвол шинэчлэлийг нэвтрүүлж, уламжлалыг хослуулна-
Танхимын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн нэг бол Ш.Отгон-Өлзий билээ. Тэрбээр төрийн ажлын зарим хэсгийг хувийн аж ахуй хийж болдог гэдгийг харуулсан гэдгийг онцлов.
Тэрбээр "Бизнес салбар руу төр орж, бизнес эрхлэгчидтэй өрсөлдөж байна. Төрийн өмчит компаниуд "улсын нууц" гэх нэрэн дор мөнгө завших нь бий. Тиймээс төр бизнесийн байгууллагуудтай өрсөлддөг байдлаа болих хэрэгтэй. Үгүй бол эдийн засаг цаашид эрүүл болохгүй.
Миний хувьд Монголын ЖДҮ-ийг дэмжиж, ажилладаг. Төрийн ярьдаг ч хийж чаддаггүй зарим ажлыг ТББ хийж болдог гэдгийг харуулсан. Тухайлбал, АНУ-ын Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай уулзаж, 4-5 зочинг Монголд урьж, бизнес хийх гэж буй компаниудад зөвлөгөө өгч, АНУ-ын зах зээлд IPO гаргах боломжийг бий болгосон. Одоогоор гурван групп байгаа.
Гадаадын томоохон худалдааны сайтуудад Монголын уран зураг, бүтээлүүдийг экспортолж гаргалаа. Нийт 400 бүтээлийг Монгол арт нэрээр гаргасан. Энэ мэтээр жижиг санаачилга зөв байгаа нь ахиц болж чадаж байна.
Тиймээс бизнес орчинд гэрэл нэмэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа. Энэ салбар бол Монголын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг хэсэг. Тиймээс "5 сайн" гэх мөрийн хөтөлбөрийг бэлдсэн. Миний хувьд бусад нэр дэвшигчдээс нэг зүйлээр давуу талтай. Бусад нь ямарваа нэг бизнес эрхэлдэг. Миний хувьд ямар нэгэн бизнес, эсвэл улс төрийн хамаарал байхгүй. Сонгогдох юм бол бизнес ашгийн төлөө би явахгүй. Зөвхөн Танхимын хууль дүрмийг бий сайжруулж, шинэчилнэ. Бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр олон улсын экспертүүдийг авч ирж, баг цөм болсноор экспортын амбицаа нэмэх юм" хэмээв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Шинэчлэлийг нэвтрүүлж, уламжлалыг хослуулах хэрэгтэй. Зөв дата мэдээлэл, судалгаатай байх ёстой. Бизнес эрхлэгчдийг дэмждэг байх хэрэгтэй. Нэг намын эдийн засаг бус Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Дундаж давхаргыг нэмэх хэрэгтэй" гэлээ.
НЭМЭЛТ: 16.10 ЦАГ
-Д.Энхтүвшин: Хувийн хэвшил татвар их төлдөг ч эрх баригчид үр ашиггүй зарцуулж байна -
Танхимын Ерөнхийлөгчид өрсөлдөж буй хүмүүсийн нэг бол "шарк" Д.Энхтүвшин билээ. Түүнд олон ч хүн итгэл хүлээлгэж байгаа бөгөөд өрсөлдөөнд оролцох хүмүүсийн тоонд зүй ёсоор оруулж байгаа. Тэгвэл тэр Ерөнхийлөгчийн сонгуульд дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Танхимын үйл ажиллагааг ил тод болгох шаардлага бий. Төртэй янз бүрийн түвшний харилцаа бий. Төрөөс заримд нь оролцож, заримаас нь холдох хэрэгтэй. Олон төрлийн дэмжлэгийг төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлсэн ч зохистой хүндээ хүрч чадаагүй асуудал үүссэн.
Мөн бусад бизнесийг хязгаарлах, тэр дундаа шинээр салбарт нь орж ирж буй компаниудыг түлхэх асуудлууд их бий. Бизнесийн орчинд эрх зүйн орчныг сайжруулах нь чухал.
Хувийн хэвшил татвар их төлдөг ч шийдвэр гаргаж буй хүмүүс үр ашиггүй зүйлд зарцуулж байна. Үүнд хяналт тавих хэрэгтэй" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Анх удаагаа Танхимын сонгуульд өрсөлдөж байна. УИХ-ын сонгууль шиг юм. Процессыг нь харахад улс төрийн шинж чанартай болдог юм байна. Намайг харлуулсан зүйл ч цахимаар их явлаа" хэмээлээ.
НЭМЭЛТ: 15.40 ЦАГ
-Б.Лакшми: Ерөнхийлөгч болвол ЖДҮ болон орон нутаг, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжихэд чиглэнэ-
Танхимын Ерөнхийлөгчид өрсөлдөж буй цор ганц эмэгтэй гишүүн бол эдийн засагч Б.Лакшми билээ.
Тэрбээр "Танхимын чиг үүрэг нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг өмгөөлөх ёстой. Хоёрт, бизнес орчинд санхүүжилт татаж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй институц бол Танхим юм.
Миний хувьд Танхимын түүхэн дэх анх удаа нэр дэвшиж байгаа эмэгтэй гишүүн. Мөн цор ганц эмэгтэй нэр дэвшигч. Бизнесийн орчинд ЖДҮ салбарт эмэгтэйчүүд давамгайлсан байдаг ч томоохон үйлдвэр, компанид эрчүүд давамгай байдлыг бий болгодог. Өнөөдөр бизнес бүрд хүртээмжтэй, тэгш бодлогууд хангалттай хэмжээнд байхгүй байна.
Тэр дундаа гарааны, тусгай хэрэгцээт хүмүүс рүү чиглэсэн бизнес орчин, дэмжлэг байхгүй байгаа. Хэрэв би Танхимын Ерөнхийлөгч болвол энэ чиглэлд анхаарч ажиллана.
Мөн орон нутгийн бизнесийг дэмжих хэрэгтэй байна. Үүний тулд Танхим хүчирхэг байх ёстой. Ингэхдээ орон нутгийн боомтуудыг Танхим руу шилжүүлэх нь зүй гэж бодож байгаа. Мөн Танхимын тэргүүлэгчид дунд орон нутгийн төлөөлөл бага байдаг. Үүнийг нэмэх хэрэгтэй. Тэгсэн цагт орон нутгийн бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсож, бодлогоо боловсруулах юм.
Эцэст нь бизнес эрхлэгчид ажлын байр бий болгох, бүтээн байгуулалт хийх, мөнгөн урсгалыг бүрдүүлдэг, чухал хэсэг. Төр бизнест эрхлэгчдийг дэмжиж, хамтарч ажиллах шаардлагатай" гэсэн юм.
НЭМЭЛТ: 14.50 ЦАГ
-Б.Лхагважав: Аж ахуйн нэгжүүдийн 60-70 хувь нь энэ оны эхний хагаст хасах баланстай гарсан-
Танхимын тэргүүлэгч Б.Лхагважав төр болон хувийн хэвшлийн талаар дараах байдлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цар тахлаас хойш дэлхий даяар эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний өөрчлөлттэй байгаа учраас бид ч үүнд нь зориулж хувьсах хэрэгтэй.
Манай улсын хамгийн гол зүйл бол газрын доорх баялаг. Үүгээр дамжуулж төрийн өмчит компаниуд голлон оролцдог. Төр биднийг ивээн тэтгэж буй мэт хандлага гаргадаг. Ерөөс тийм биш. Төрийг бий болгодог татвар төлөгчид нь манай бизнес эрхлэгчид юм.
Тиймээс төртэй эн тэнцүү, бизнесийн чөлөөт байдал руу өнгийж байгаа хандлагууд эрс ихсэж байна. Данхайсан том төр болон эрх баригчдаар дамжуулж, бизнесийн орчинг тодорхой нэг бүлэглэл авах, эрх ашигтай хүмүүсийн үйл ажиллагаа сайн явдаг нь маш том гажуудал үүссэний жишээ.
Ний нуугүй хэлэхэд эхний хагас жилийн макро тоо эрх баригчдад том харагдаж байгаа боловч задлаад харахад аж ахуйн нэгжийн 60-70 хувь нь хасах баланстай гарсан. Төгрөгийн ханш 40 хувиар унаснаар компанид ашиг байхгүй. Цар тахлын гурав, дайны нэг жилийн хугацаанд компанийн бүхий л нөөцөө давсан. Сүүлийн 30 жилийн хугацаанд бизнес эрхлэгчид 4-5 том хямралыг давлаа.
Эдгээр хүндрэлээс гарахын тулд чөлөөтөөр сэтгэж, бүтээж байгаа хүмүүсийн эрх чөлөөг өгөхөөс өөр аргагүй. Түүнээс биш Танхимын тэргүүлэгч хараат байвал бүтэхгүй шүү дээ. Улс төр, эдийн засаг хоёр салах ёстой" гэв.
НЭМЭЛТ: 14.30 ЦАГ
-Б.Жаргалсайхан: Улсын нэгдсэн төсөвийг хэлэлцэхдээ хувийн хэвшлийн төлөөллийг оруулдаг байх хэрэгтэй-
Танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэг бол Б.Жаргалсайхан юм. Тэрбээр төрийн компаниуд хувийн хэвшлээс илүү давуу эрх эдэлж байна гэв.
Б.Жаргалсайхан "Шударга ёсны талаар эхэлж ярих нь зүйтэй. Сонгуулийг шударга, ил тод явуулах хэрэгтэй. Энэ Танхимын гишүүн бүр хариуцлагатай хандах хэрэгтэй юм. Луйвраар сонгогдох гэж оролдох нь буруу. Хоёрт, татвар төлөгчдийн мөнгө гэж байдгаас УИХ-ын гишүүдийн мөнгө гэж байхгүй. Гэтэл тэд татвар төлөгчидтэй нэг ширээнд суухгүй байна. Гуравт, яагаад төрийн компаниуд хувийн компаниас илүү давуу эрх эдэлдэг юм. Нэг хуулин дор эрх тэгш байх ёстой. Төрийн компаниуд алдагдалтай атлаа асар их хэмжээний зээл авдаг.
Тиймээс миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй шалтгаан нь төрийн эрх барьж байгаа улс төрийн намуудтай хэлэлцээр хийдэг хүн байх ёстой гэж бодсонтой холбоотой. Ийм хүн нь улс төрийн дадлага туршлагатай, хувийн хэвшилд ажиллаж байсан, өмч бий болгосон, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татсан хүн худалдаа эрхлэгчийн зовлонг маш сайн шийдэх боломжтой хэмээн харж байгаа. Түүнээс биш бөх барилдаж, дуу дуулдаг, хөөрхөн хүн нэр дэвших шиг дэмий зүйл байхгүй.
Компаниудын өрсөлдөөний гараа ижил байх ёстой. Тиймээс төрийн компаниуд давуу эрх эдлээд байгаа юм. Улмаар төрийн компаниар дамжуулж хулгай, дээрэм их хийж байна. Хувийн хэвшилд тэгэх боломж байхгүй. Тиймээс санхүү, татвар, хууль зүйн орчин ижил тэгш байх ёстой. Мөн Улсын нэгдсэн төсөвийг хэлэлцэхдээ хувийн хэвшлийн төлөөллийг оруулдаг байх хэрэгтэй" хэмээлээ.
НЭМЭЛТ: 13.50 ЦАГ
-Л.Эрдэнэбулган: Нэр дэвшигч, сонгогдох хүн нь тодорхой хэмээн ярьцгааж байна-
Танхимын сонгуулийн үеэр судлаач Л.Эрдэнэбулганаас зарим зүйлийн талаар тодруулав.
Тэрбээр "Танхим бол улс төрийн чиглэлдээ түлхүү явдаг. Нэр дэвшигч нь тодорхой байна. Би үүнийг хараад гутарч байна. Дэлхий дахинаа худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд болон ногоон бизнес, худалдааны чиглэлд түлхүү хөгжиж байгаа. Гэтэл энд ирсэн зарим мандаттай хүмүүс хэн нэгэн нэр дэвшигчид санал өгөхийн тулд л ирсэн байна. Үүнийгээ ч илэрхийллээ. Улс төрийн энэ буруу суртал ч одоо Танхимын сонгуульд байна.
Мөн гадаад улстай харьцахад Танхимын үүрэг оролцоо чухал байх ёстой. Эдийн засгийн коридор бүхий суурийг зөв тавьсан. Өмнө нь дипломат харилцаатай найман улсад Худалдааны төлөөлөгчийн газрыг байгуулж байсан юм. Гэтэл систем нь зөв хэдий ч улс төрийн томилгоотой байна. Мэргэжлийн бус хүнийг томилсоор байгаа юм.
Түүнчлэн улс дотор улс байгуулсан. Нам, аймгаараа талцаж байна. Худалдаа, үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд бүс бүсээрээ хамтарч ажиллаж байна шүү дээ. Гэтэл орон нутаг ч худалдаагаа дотооддоо бодохгүй байна.
Эцэст нь зааланд байгаа хүмүүсийг харахад өөрийн бодлоор, итгэл үнэмшлээрээ саналаа өгөхгүй зураглал ажиглагдсан. Хайрцаглагдсан сонгууль болж байна" гэв.
НЭМЭЛТ: 13.30 ЦАГ
-Ерөнхийлөгчийг сонгох сонгууль эхэллээ-
Танхимын их хурлын үдээс өмнөх үйл ажиллагаа дуусаж, хоёрдугаар хэсгийг эхлүүллээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийг сонгох сонгууль эхэлсэн юм.
Нийт 13 өрсөлдөгч материалаа ирүүлсэн гэх боловч одоог хүртэл нэр дэвшигчдийг зарлаагүй байна. Нэр дэвшигч бүр мөрийн хөтөлбөрөө бэлдэж, түүнийгээ мандаттай, их хуралд оролцож буй гишүүдийн санал хураалтаар сонгох юм.
НЭМЭЛТ: 12.00 ЦАГ
-Танхимын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө түр завсарлалаа-
МҮХАҮТ-ын XXI их хурлын үдээс өмнөх хэсэг дууслаа. Улмаар түр хугацаанд завсарлаад байгаа билээ. Үдээс хойших хэсэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлыг хөндөх юм.
XXI их хурлаар МҮХАҮТ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах юм. Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, тус зөвлөлийн гишүүдийг сонгон батална. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулга хийх, тэргүүлэх асуудлуудыг тодорхойлох, Танхимын үүрэг оролцоог мөн хэлэлцэх билээ.
НЭМЭЛТ: 10:35 ЦАГ
-Мандат авсан оролцогчдын зарим нь Танхимын гишүүн компанид харьяалалгүй байна гэв-
Цахим орчинд МҮХАҮТ-ын XXI их хуралтай холбоотойгоор мандат авсан гишүүдийн нийгмийн даатгалыг шалгаж байгаа гэх асуудал үүслээ.
Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор албаны эх сурвалжаас тодруулахад "Мандат авсан гэх гишүүдийн зарим нь Танхимын гишүүн компанид ажилладагүй хүмүүс байсан. Тиймээс сонгуулийг шударга явуулахын тулд тухайн компанид ажилладаг эсэхийг нь шалгах нэг арга гэж хэлж болно. Тухайн компанид ажилладаггүй ч сонгуулийн саналд оролцохоор нэр дэвшигчийг дагаж ирсэн хүмүүс байх магадлалтай. Тиймэрхүү хүмүүс ийм бичлэгийг цахим орчинд тарааж байгаа гэж бодож байна" гэлээ.
НЭМЭЛТ: 10.00 ЦАГ
-О.Амартүвшин: Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж ажилласан-
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин XXI Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг бизнесийн гол тинк танк байгууллага болох, гишүүнчлэлийн хүрээг өргөжүүлэх, бодлогын өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааг хүчтэй, үр дүнтэй явуулах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог хөгжүүлэх, эдийн засгийг тэлэх, түүний дотор уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, танхимын гадаад харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэх чадавхыг сайжруулах, бизнес удирдах чадавхыг хөгжүүлэх шинэлэг сургалтуудыг шинэ шатанд гаргахад анхаарч ажилласан. Мөн бизнесийн маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахад гол асуудал болох арбитрын эрх зүйг боловсронгуй болгох, Монголын Олон улсын Арбитрын институтийн хувьд бэхжүүлэх, чадавхыг сайжруулж чадсан” хэмээн онцлов.
Дэлхийн эдийн засгийн форумын “Их сэргэлт” санаачилгын үзэл баримтлал, бизнесийн орчны судалгааны үр дүнд тулгуурлан 2021 оны тавдугаар сард “Эдийн засгийн Их сэргэлтийн санаачилга”-ыг МҮХАҮТ-аас анх удаа гарган төр засаг, холбогдох байгууллагуудад танилцуулж, уг санаачилгыг ажил хэрэг болгох чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан нь Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын суурийг тавьсан юм.
Өнгөрсөн дөрвөн жилд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөвшөөрлийн тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг бизнестэй холбоотой олон чухал хуулийн шинэчлэл хийгдсэн бөгөөд МҮХАҮТ-ын зүгээс ажлын хэсгүүдэд орж ажиллах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, санал хүргүүлэх зэргээр хуулийн төслүүдэд бизнес эрхлэгчдийн төлөөлөн саналуудыг тусгуулж ажилласан юм.
МҮХАҮТ нь БНХАУ-д "КОВИД-19" вирусний халдвар тархсан цагаас хөл хорионы бизнес дэх нөлөөллийн судалгаануудыг явуулж, эдийн засагт учирч буй эрсдэлийг удирдах, бизнес эрхлэгчдийг дэмжих саналуудыг төр засагт хүргүүлэн ажилласан төдийгүй үүний дагуу тодорхой шийдвэрүүд гарч хэрэгжсэн билээ.
ЭХЛЭЛ: 09.00 ЦАГ
-МҮХАҮТ-ын XXI их хурал болж байна-
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын одоогийн Ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр албан тушаалаасаа бууж байгаа билээ. Улмаар тус институцад ажилласан дөрвөн жилийнхээ тайланг нийт бүрэлдэхүүнд тавих юм. Ингэхдээ нийт 7.5 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан талаар тайлагнана хэмээн зарим эх сурвалжууд мэдээлсэн юм.
Тус байгууллагын Ерөнхийлөгчид нийт 13 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд Удирдах зөвлөлд 99 компани хүсэлтээ өгсөн байна. Нэр дэвшигчдийг уржигдар буюу энэ сарын 18-ны өдрийн 18.00 цагт эцэслэж, дууссан юм. Улмаар нэр дэвшигчдийн нэрсийг албан ёсоор олон нийтэд мэдээлээгүй. Өнөөдөр Сонгуулийн үйл ажиллагаа эхлэх үеэр нэрсийг албан ёсоор олон нийтийн өмнө задална хэмээж байгаа ажээ. Үүний улмаас зарим эх сурвалжууд "Танхимын Ерөнхийлөгчийн сонгуулийг хаалттай явуулж буй нь цаанаа хэн нэгнийг сонгосон байх магадлалтай" хэмээн мэдээлж байгаа юм.
Өдгөө 63 жилийн түүхтэй тус танхим нь зургаан стратегийн зорилттой. Үүнд,
- Бизнесийн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог бүрдүүлэх
- Бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, бодлогын бичиг баримтыг боловсруулах, шийдвэрлэх, хэрэгжүүлэх, сайжруулах бүх шатанд бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах
- Гишүүд ба бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх, урамшуулах
- Бизнесийн олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх
- Эдийн засаг, зах зээлийн өөрчлөлтөнд мэдрэмжтэй хандаж гишүүд, бизнес эрхлэгчид, түншлэгч байгууллагуудыг үнэ цэнэтэй мэдлэг, мэдээллээр хангах
- Танхимын засаглал, менежементийг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нөөцүүдийг бэхжүүлэх зорилтуудыг тавьжээ.
Танхимын Ерөнхийлөгчид Удирдах зөвлөлд багтсан 75 гишүүнээс нэрээ дэвшүүлэх эрхтэй байдаг бөгөөд сүүлийн гурван жилийн турш танхимын гишүүн байсан, татвараа цаг тухайд нь төлсөн зэрэг шаардлагыг тавьдаг байна.
Хувийн хэвшлийн хамгийн том нэгдэл МҮХАҮТ нь сайн дурын үндсэн гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны байгууллага. Танхим 5900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар Танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б.Лхагважавыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй гэж бодож байна.
Энхтүвшин ..Энхтүвшин . Энхтүвшин
tfu mai
Задаа энэ ч мэдэхгүй ээ
О.Амартүвшин, Т.Дүүрэн нар ярилцаж Д.Энхтүвшин гэдэг найзыгаа сонголоодоо
МХАҮТ одоо хэнд хэрэгтэй гэж, худ�##�даа үйлчилгээ, аж үйлдвэрийн с�##�бар устсан биз дээ