Сурвалжилга, Нийтлэл

Тэмдэглэл: Японы төрөх эмнэлэгт өнгөрүүлсэн ТАВ ХОНОГ

УГ НИЙТЛЭЛИЙГ СОНСОХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ

ӨДӨР #1 

Өглөөний цай бэлдэж буй бололтой, хагас жигнэсэн цагаан будаа, даливсын үндэс гэж (burdock root) бургас аятай модлог ургамлын хөрслөг болцтой үнэр холилдон хонгилоор нэг ханхийнэ. Өчигдөр орой унтах гэж хэвтсэнээс хойш өвдөх, явах, төрөх гээд шөнөжин ачаалласан бие одоо нэг хоол унд нэхэхтэйгээ болсон бололтой, сувилагч бид хоёрын үе үе шивэр авир гэхээс өөр чимээгүй бүрэнхий урт хонгилын мөнөөх үнэрт гэдэс аргагүй дээ хоржигнож “харр, хурр” болоодохов. Сувилагч бүсгүй гэдэсний “үг”-ийг сонссоноо “Онака ганбаримашитанэ” /Хичээсэн шүү/ гэж миний гэдэстэй ярилцан хөгжилтэй инээмсэглэв. Үүр хаяарч гэгээ орохтой зэрэгцэн төрөх тасгаас төрсний дараах өрөө рүүгээ сувилагчийн хөнгөн хөдөлгөөнөөр залагдах тэргэн дээр суун яваа минь энэ юм.

Төрсний дараах өрөөндөө өглөөний 06:00 цагийн үед орж ирлээ. Шалнаас тааз хүрсэн цэлгэр хоёр цонх нь сэтгэл булаана. Сэтгүүлийн жижиг ширээ, хүүхэд хөхүүлэх дэр болон оёдолтой төрсөн ээжүүдийн суудал зэргийг зэхсэн авсаархан буйдан, хэдхэн суваг ээлжлэн гарах хуучин загварын зурагт, түүний доорх шүүгээнд жижиг дөрвөлжин хөргөгч байрлуулжээ. Ханын шүүгээний хажууд миний эмнэлгийн цүнхийг хэдийнээ оруулж ирээд тавьчихаж. 

“07:40 гээд өглөөний цай өрөөнд нь ирэх учраас тэр болтол тайван амраарай. Харанхуйгаас айдаггүй бол өрөөний гэрлийг унтраагаад гарвал болох уу. Өнөөдөр мундаг байлаа шүү, дахин баяр хүргэе” гэж сувилагч бүсгүй ёсчлон хэлээд гарч одов. 

Орны хажуугийн шүүгээн дээр эмнэлэгт тав хонох хугацаанд юу юуг хэзээ хийх ёстой, ямар ямар шинжилгээнд хэрхэн хамрагдах ёстой зэргийг өдөрчлөн бичсэн хуваарьтай цаас англи, япон хэлээр (НЭГ), таван өдрийн өглөө, өдөр, оройн хоолны меню (ХОЁР) болон түүний орц, найрлага бүхий тайлбар, эмнэлгээс гарахын өмнөх өдөр барих баярын зоогт юу хүртэх хүсэлтэй байгаагаа сонгон бичих меню (ГУРАВ) зэргийг тавьсан байв. 

...шөнө 02:57 цагт амаржиж охинтойгоо уулзсан ч төрөх орон дээр охиныхоо анхны гэрэл зургуудыг дурсгал болгон авуут сувилагчид шуудхан л нярайн өрөө рүү асрахаар авч явсан билээ. Тэр өдөр бүтэн өдөржингөө охиныг тэнд нь асарч халамжлан, эхийг бүтэн өдөр ганцааранг нь амраан, биеэ тэнхрүүлэх боломж олгодог юмсанж.  Өдөр 14:00 цагт харин ганцхан л удаа сувлагчийн пост дээр ирж охиноо тэвэрч, энгэртээ нааж, зургийг нь авч, хамтдаа зургаа авахуулах боломжтой бөгөөд маргаашаас өөрсдөө хүүхдээ асарч, хөхүүлж эхлэх ёстой учраас өнөөдөртөө охиндоо санаа зовж, хоргодолгүй биеэ бэлдэхийг тэд зөвлөлөө. Төрж амаржсаны маргааш нь өөртэйгөө ижил гурван ээжийн хамт нэг өрөөнд өөрсдийн “эвдэрч, урагдаж, ядарсан” биеэ арчлахын хажуугаар дөнгөж төрсөн шинэ хүнийхээ учрыг олох гэж уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж тун чиг хүнд өнгөрүүлж байсан зургаан жилийн өмнөх дурсамж минь санагдана. Гэтэл энэ удаа бүр хийцгүйрч, өрөөн дотуур нааш цааш хөнгөн алхаж, хөшиж чангарсан биеийнхээ чилээг гаргахчаа аядахаас өөрийг үл хийнэ. Удалгүй хаалга тогшиж асрагч орж ирснээ ширээн дээр баярын бичигтэй бяцхан бэлэг үлдээгээд “Таашаавал хүртээрэй” гэж хэлээд гарч одов. 

ЭХНИЙ ӨДРИЙН ЗООГ: 

Энэ өдөр: 

  • Эмнэлгийн ажилтны тусламжтайгаар төрсний дараах тасаг руу шилжив. Төрсний дараа анх удаа 00 орох үед сувилагч хамт орохыг санал болгосон ч би зөвшөөрөөгүй тул оёдолтой төрсний дараа хэрхэн бие засаж, арчиж, цэвэрлэх талаар зөвлөгөө өгөв. Оёдолтой төрсөн эх зөөлөн суугаад аль болох ямар нэгэн үнэргүй зөлөөн даавуун материалтай нойтон салфетикаар эмзэг хэсгийг тойруулан арчина. Харин төрсний дараа эслэг, уураг, нүүрс усыг тэнцвэртэй идэж өтгөн хатахаас сэргийлнэ. Төрсний дараа анх удаа хүндрэх үед санаа тань зовнож байвал усан суурьтай нойтон сальфетикаар оёдолтой хэсгийг наанаас нь хөнгөн дараад дүлвэл оёдол задрах вий гэх айдас багатай, илүү тухтай бие засах боломжтой гэв. 
  • Өглөө 06:00, 09:00 цаг, орой 20:00 цагт халуунаа хэмжин сувилагч орж ирэхэд мэдээллэхийг сануулав. 
  • Төрсний дараах үрэвсэл дарах эм гурван өдөр - өглөө, өдөр, орой хоолны дараа хүртэхээр бэлдэж өгөв. 
  • Хүүхдийг төрснөөс 6 цагийн дараачаас нэмэлт сүүгээр хооллож эхлэв. 
  • Төрсний дараах шавхрагад зориулсан ариун цэврийн хэрэглэлийг гурван цаг тутамд сольж, усан суурьтай салфетикаар арчиж, цэвэрлэх зөвлөгөө өгөв. Ариун цэврийн хэрэглэл нь хэвтрийн өвчтөнд зориулсан 46 см урт, 16 см өргөнтэй хэрэглэл байсан бөгөөд эхний хоёр өдөр энэ хэрэглэлийг хоёр давхарлан хийж байснаа шавхарга багасаж ирэх үед нэг болгон багасгаад, гурав дахь өдрөөсөө уртын хэмжээг улам багасгасан билээ.  

ӨДӨР#2 

Эмнэлэгтэй залгаа эрээлжиж, сөөлжсөн галт тэрэгний зам байх агаад хөшгөө нээчихвэл галт тэргэнд зогсох зорчигчдын царайг ч тодорхой харж болохоор, тийм ойр тул түчигнэх чимээ нь төдий чинээ тод, чанга сонстох нь чийртэй. Шөнийн цагт харин нэг ч галт тэрэг явалгүй, тэг зогсдог учир сэтгэл амар гүн нойронд автана. Үүрийн 05 цагт харин эхний галт тэрэг дугтчин түгдчин яаралдаж, энэ хотын хөл хөдөлгөөнийг ч, энэ өрөөний өглөөг ч эхлүүлдэг билээ. 

Зургийн тайлбар: Галт тэрэгний зам

Өнөөдрөөс охинтойгоо хамт өдрийг өнгөрүүлэх “эрхтэй” болж байгаа тул юу юугүй л нойр сэргэж, биеэ бэлдэж эхлэв. Төрж амаржсанаас хойш 30 гаруй цагийн дараа анх удаа охиноо амлуулж, өөрийн биеэр асарч эхлэх гэж буй учир бие сэтгэл хөнгөн, хөнгөмсөг яаран гэгэлзэнэ. Мөнөөх цаасан дээр бичсэн “хийх ажлын жагсаалт”-аа эхнээс нь нэг бүрчлэн харж, тулгав. Өглөөний биеийн халуун хэмжилтээ хийн сувилагчид илтгэхэд бэлдэн амандаа үглэн нааш цааш холхино. 

-“Санжюү рокү тэн го, санжюү рокү тэн го” буюу “Гучин зургаа аравны тав” гэж хэл амаа эвлүүлэн хэдэн Япон тоог үглэнгээ хөнгөн дасгал хөдөлгөөнөө хийж, хумсаа авах, үсээ нямбайлан боох зэрэг цаасанд бичигдсэн даалгавруудыг нь охинтойгоо уулзахаас хоёр цагийн өмнө гэхэд л базааж дуусгаадахлаа. “Үгүй ерөө, хийх ажилгүй ингэж байх чинь жаргал мөртлөө зовлон ч шиг яасан ч хоржоонтой юм бэ дээ” гэж ганцаараа мушилзав. Ашгүй 07:40 болж өглөөний цай ирлээ. 

Хоолны дараа 08:00 цагаас хэтрэхгүй өрөөний цэвэрлэгээ хийхээр хаалга тогшив. Ийн өрөө бүрэн ариутгагдан цэвэрлэгдэж, ээж ундаа бүрэн идэж, биеэ бэлдэн үс гэзгээ цэгцэлсний дараагаар харин эмч сувилагчид өрөөнд орж ирэн үзлэг хийдэг билээ. Ингэх нь ч учиртай. Япончууд “Хүний хувийн орон зай”-д халдахыг тунчиг цээрлэн үздэг учраас айлд орохдоо “Ожама шимасү” буюу “Төвөг удаж байгаадаа хүлцэл өчье” хэмээгээд дотогш алхана. Бас өмнө зурагтын нэг нэвтрүүлгээр өгүүлсэн өглөө бүр гэрт нь шинэхэн талх хүргэх үйлчилгээ эхлүүлсэн бизнесмэн эрийн ярилцлага ойнд буув. Хүмүүс, ялангуяа Япон эзэгтэй нар “Өглөө эрт үс гэзгээ янзлан, хувцас хунараа зэхээгүй байхад нь хаалга тогшиход тухгүй байна” гэх шалтгаанаар уг үйлчилгээг ашиглахаас татгалзсан тул бизнес нь нуржээ. Хувийн орон зайг хүндлэн үздэг нийгэм ийм буюу. Тэр өдөр мөн манай өрөөний агаар цэвэршүүлэгчийг 10 минут орчим цэвэрлэх тухай цаасан мэдэгдэл ирсэн бөгөөд үүнд “Эрэгтэй хүн цэвэрлэх учраас хүлцэл өчье” гэж тусгасан байх нь төрж амаржсан эхийн өрөөнд өөр хүйсийн хүн орж ирэхэд тухгүйдэх, санаа зовох, ичих, айх хандлага гарах вий хэмээн сэрэмжилж, ёсчилж буй хандлага юм. 

Зургийн тайлбар: Эмнэлгийн орны хэсэг

Эмчийн үзлэг дуусуут нярайн тасаг руу зэхсэн цүнхээ аваад яаран алхлаа. Уртаа өргөн шилэн цонхны цаана, төрсөн он сар цаг, өндөр жин, ээжийнх нь нэрийн бичгээр ялгаж эгнүүлсэн арав, хорин нярай тайван гэгч нойрсох нь эгээ л Солонгос кино аятай санагдана. Сувилагч бүсгүй эхийн гарт зүүсэн нэр, дугаар, хүүхдийн хоёр хөлөнд зүүсэн нэр дугаарыг тулган үзээд сая нэг тэврэх эрх өгөн охин бид хоёр хөхөө амлахаар ашгүй нэг уулзан золгох нь тэр. 

 “Хүүхдээ яаж хөхүүлдэгийг санаж байна уу” гэж сувилагч инээмсэглэн асуув. 

“Санаж байгаа ч санаагаар болохгүй л байна” гэж шилээ майжвал 

“За тэгвэл би туслах уу” гээд гараа сунгалаа. 

Сувилагч бас охин, хөх, бид дөрөв тун удалгүй л учраа олцгоочихов. Хүүхдийг хөхөө зөв амлаж, хөхөө зөв идэх хүртэл нь сувилагч хажууд “манангаа” зааж зөвлөж, удирдан чиглүүлэх тун чиг таатай санагдана.  Зургаан жилийн өмнө анхны хүүхдээ Монголдоо төрүүлчхээд яаж хөхүүлэхээ мэдэхгүй, сүү гарахгүй, сувилагчийн өрөө рүү шөнө дөлөөр аврал эрэх шиг гүйн очиж байсан минь ч тэрхэн агшинд санагдаж, гол гогдов.   

Дараагаар нь “Хүүхдийн памперсыг хэрхэн сольдог болохыг санаж байна уу” гэж сувилагч бүсгүй нүдээрээ инээмсэглэнэ. “Санаж байгаа ч охин хүүхэд анхных болохоор…” гэж заалгачих санаатай би бас л нөгөө шилээ маажив. “За тэгвэл сайн хараад аваарай, хөлийг нь мэлхий шиг нугалж байгаад бага зэрэг дээш өргөөрэй, эсвэл нуруугаар нь хоёр тийш хөдөлгөөд солиорой, охин хүүхдийг урдаас хойш чиглэлд арчиж цэвэрлэж өгөөрэй” гэх зэргээр хэн хүний мэддэг шиг боловч мэддэггүй ч шиг, хаанаас бол хаанаас уншаад мэдчихэж болохоор ч шиг, хэтэрхий энгийн ч шиг зүйлсийг нэг бүрчлэн хэлж заав. 

Энэ бүх зааварчилгааны дараа охин бид хоёр өрөө рүүгээ явах эрхээ “өвөртлөн” анх удаа л хоёулханаа үлдэж, цагийг өнгөрөөхөөр яаран догдлов. 

… энэ өдөр хоёр алхамын зай дахь хажуугийн өрөөнд орж охиноо жинлэхээр тэвэрч яваад сувилагчтай халз тулгараадахав. Сувилагч бүсгүйн нүд эгээ л эвэртэй туулай үзсэн шиг нэг гайхсанаа,  хурдан хурдан жижиг жижиг алхан ирээд “Хүүхдийг ингэж тэвэрч явж яавч болохгүй. Ойрхон газар байсан ч заавал тэргэн дээр түрж явах ёстой. Ээж, хүүхэд хоёрын төлөө. Ээжийн бие тэнхрээгүй, ядарсан бас маш их цусаа алдсан, ухаан алдвал хүүхдийг шууд л газар унагах эрсдэлтэй, аюултай, заавал тэрэг ашиглана” гэж тунчиг төв хоолойгоор урсган хэлэв. “Нэрээн тийм юм байна шүү дээ, хэн мэдэх вэ, өмнө нь оёдолтой, оёдолгүй, шатрын морь шиг болтол эвхэрсэн ээжүүд хаашаа ч явсан хүүхдээ тэврээд л явж байдаг тийм “хатуужил шаардсан” газар амаржсан юм болохоор адилхан л санаж дээ, ээ хөөрхий тэнэг толгой шүү би…”    

Зургийн тайлбар: Хүүхдийн эмнэлэгийн тэрэг харагдаж буй нь

Өдрийн 15 цаг болоход гаднаас эргэлт орох эрх үүслээ. Харамсалтай нь эргэлтээр хүүхэд оруулахыг зөвшөөрөөгүй учир хүү гэртээ үлдэж, аав нь шинэ хүнээ харахаар “манайхаар” зочлов.  Ээжийн захисан зарим зүйлсийг зэхсэн аав хэдийгээр 18 цаг хүртэл үлдэх боломжтой ч ахыг нь асарч халамжлах хүнгүйн дээр, ээж охин хоёр эмнэлэгт хэрэгтэй бүх л тусламж үйлчилгээгээ авч чадаж байсан учир эргэлтийн хүнийг өрөөндөө удааж, уях шаардлага байсангүй. 

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ЗООГ: 

Энэ өдөр: 

-Хүүхдэд К2 витамин өгч эхлэв

-Хүүхдийн шарлалтыг хэмжив

-Хөхөөр хооллох, усанд оруулах, живх солих заавар зөвлөгөө өгөв. 

-Сонсголын тест өгөх эсэхээ шийдэн, анкет бөглөв. 

ӨДӨР #3

Өглөө. Галт тэрэг түчигнэн сэрээв. Цаг харвал яг л 05 цаг болж байна. Хөшгөө нээвэл эрээлжиж, сараалжсан галт тэрэг мөнөөх янзаараа зөрөлдөнө. Дотор нь өчигдрийн бас уржигдрын л  нэг ижил хувцастай хүмүүс. Босоод биеэ хөдөлгөнө. Сайхан амаржээ. Үсээ боож, хумсаа авлаа.  Өглөөний цай 07:30-д орж ирэв. Үргэлжлүүлэн өрөөний цэвэрлэгээ. Эмч сувилагч хоёр орж ирээд үзлэг хийнэ. Бие хаа хэвийн гэнэ. Өглөө яг л ингэж эхэлнэ. 

Зургийн тайлбар: Өрөөний нэг хэсэг

Өчигдөр орой 20 цаг гэхэд хүүхдээ сувилагчийн постод хүргэж өгснөөс хойш хэдийнээ 12 цаг өнгөрчихөж. Өнөөдөр юу юу хийх ёстой болохоо мөнөөх цаасаа гарган харна: 

-Хүүхдийн шарлалт хэмжинэ. 

-Хүүхдийн сонсголын тест авна. Энэ сонсголын тестийг эцэг эхийн хүсэлтээр 8000 иэнээр хийх аж. 200 орчим мянган төгрөг. Монголд бол үнэгүй л хийчихдэг. Зургаан жилийн өмнө, эмнэлгээс гардаг өдөр. Хүүхэд бүрийг гарахын өмнө шалгана гээд л хүүхдээ тэвэрсэн ээжүүд нэг өрөөний гадаа дараалж зогссоныг санадаг. Оёдолдоо өвдөж ядарсан ээжүүд байж ядна. Хүү бид хоёрын ээлж ашгүй ирэв. “Зүүн чих нь сонсохгүй байна, гараад эмчид үзүүл” гэж сувилагч хээв нэг хэлэв. Төрсөн эхийн сэтгэлийг хайрлаад, ядаад аятай эвтэй хэлж ч болсонгүй. Би тэр дороо сэтгэлээр унаж, түгшүүртэй бодлуудад дарагдана. Хүүхдийнхээ өмнө гэм хийсэн гэмтэний сэтгэлзүйтэйгээр түүний ирээдүйг төсөөлөн хэдэн сар шаналсан билээ.  Гэвч явцад хүүгийн хоёр чих нь хэвийн сонсож буйг олж мэдэн, хэдэн сар хүзүүн дээр хөлөө ачаад суучихсан айдсаа хөөн явуулж байсан бас нэгэн дурсамж толгойд эргэж хөрвөөвэй. 

УСАНД ОРОХ ҮЕД ХҮҮХДИЙГ ТАНЬ АСАРЧ ӨГНӨ

Гурав дахь өдрийн өглөө залуухан царайлаг эмч үзлэг хийснээ “Өнөөдрөөс шүршүүрт орж болно шүү” гээд толгой дохив. Залуу эмч төрж хөнгөрсөн ээжүүдийн хүсэн хүлээдэг энэ баярт мэдээг нь хэзээний дуулгаж сурсан янзтай,  эгээ л шагналын тавцан дээрээс нэр дуудах шиг бахархалтайгаар зарлав. Төрснөөс хойш гурав дахь хоногоосоо ийн усанд орох эрхээ “өвөртлөлөө”. Амаржсаны дараах анхны бүхэн өмнө хийж байгаагүй шиг санагдана. Төрөх орон дээрээс буугаад алхсан анхны алхам хөлд орж байх шиг хэцүүхэн, анхны идсэн хоол өмнө нь идэж байгаагүй шиг амттай, анх хэвтсэн ор мөн өмнө хэвтэж байгаагүй шиг тухтай. Амаржсаны дараа анх удаа бие засахад өөр хүний биеэр л бие засах гэж буй шиг санагдана. Урагдаж, сунаж, унжиж, тэлсээр эргээд хараахан хэвэндээ ороогүй тэр хэсгээр ахиад ямар нэг зүйл гаргана гэхээс зүрх үхмээр. Анхны шүршүүр ч ялгаагүй, гурван өдрийн өмнө багтахгүй зовоож байсан гэдэс хов хоосон болчхоор бас л минийх биш, хүнийх ч шиг санагдана. Энэ мэт бодлууд хэрвээ харагддагсан бол эмнэлгийн өрөөгөөр нэг хөглөрч, эмч залуугийн ардуур хойгуур сүлбэлдэн нисэлдэж байгаадаа гэж бодтол инээд хүрэв. 

Зургийн тайлбар: Өрөөний шүршүүрийн хэсэг
Зургийн тайлбар: Өрөөн доторх ариун цэврийн өрөө

…ийн төрж, амаржсаны дараа анх удаа шүршүүрт орох боллоо. Шүршүүрт орох хугацаанд охиныг сувилагч асраад өгөх тул мөнөөх түрдэг тэргэндээ “хийж аваад” хоёул хоёрдугаар давхарыг зүглэв. “Тайван яваад ирээрэй” гэсэн сувилагчийн дуунаар хаалга хаагдаж, өрөөндөө ганцаараа үлдсэн хүүхдэдээ зовнилгүй анхны шүршүүртээ орох нь амар амгалан. Төрөх үед дааварласан хөлс, тосноосоо салах нь эхийн сэтгэл санааг улам л өөдрөг сайхан болгохын дээр төрсний дараа эхийн нөхөн үржихүйн эрхтэний ариун цэврийн байдал тунчиг чухал учир өдөр бүр усанд орж бүлээн усаар угааж цэвэрлэх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хөхний ариун цэврийг ч мөн чандлан сахихын чухлыг тэд сануулан хэлж байлаа. Иймд энэ өдрөөс хойш орой бүр хүүхдээ сувилагчийн тасагт хүлээлгэн өгсний дараагаар өрөөндөө усанд орох, хүүхдээ хөхүүлэхийн өмнө усан суурьтай салфетик эсвэл цэвэр чийгтэй алчуураар арчихыг тэд сануулаан хэлэвэй.  

ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ХЯНАНА

Энэ өдөр мөн хүүхдийн хоололтыг хэрхэн тохируулах талаар хичээл орохоор чанга дуутай, цовоо сэргэлэн сувилагч эмэгтэй өрөөний хаалгаар шагайв. “Цаасан дээр бэлдсэн зүйлсээ аваад уулзалтын хэсэгт ирээрэй” гэж хэлээд дараагийн хаалга руу очин мөнөөх үгээ давтаж байх нь сонсогдлоо. Сургалт, хичээлийн үед мөн л анхаарлаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэйн учир нярайгаа сувилагчийн постод хүлээлгэн өгөх ёстой байв. Хүүхдээ өгчхөөд эгээ л оюутан аятай үс зүсээ шууж янзлаад, гэрээс зэхэж ирсэн дэвтэр үзгээ сугавчлан уулзалтын өрөө рүү очлоо. Надаас гадна хоёр ч ээж байсны нэг нь Хятад нөгөө нь Энэтхэг бололтой. Манай давхарт дан гадаад бүсгүйчүүд байрладаг болохыг өнгөрсөн гурван өдөрт анзаарч мэдсэн билээ. 

Сувилагч бүсгүйчүүдээс нэг нэгээр нь хооллолтын ямар арга барил сонгож буйг нь эхлээд лавлаад авав. 

  • Дан хөхөөр хооллох, 
  • Хөх болон нэмэлт сүүгээр хооллох,
  • Дан нэмэлт сүүгээр хооллох гурвын нэгийг сонгоод түүнд тохирсон зөвлөгөө өгнө. 

Дан хөхөөр хооллоод сурчихсан хүүхэд хааяадаа ээж нь гарч ороход мөөм л байхгүй бол унтаж ч чадахгүй хэрхэн өөрийгөө болон харгалзан үлддэг хүнээ зовоодог болох, мөн ээжийн ачаалал хэт өндөр, шөнөдөө хүүхэд 5, 10 сэрсэн ч тэр бүрт заавал босох ёстой болдог зэргийг өмнөх хүүхэд дээрээ туулж мэдэрсэн учир бид энэ удаа хөх болон нэмэлт сүүг хослуулахаар шийдсэн билээ. Иймд сувилагч бидэнд хоололтын дараах аргыг зөвлөв. 

Хослуулах хоололтын үед эхлээд заавал хөхөө хөхүүлж, дараагаар нь нэмэлтээ өгч байх нь зүйтэй. Ингэхдээ боломжтой бол хөх хөхүүлэхээс өмнө хүүхдийн жинг үзэж, хөхөө идэж дууссаны дараа ахин жинг нь үзээд хэдэн мг сүү хөхнөөс уусныг нь мэдээд тэмдэглэн авна. Төрөөд хүүхдийн гэдсийг дасгах зорилгоор гурван цаг тутамд эхлээд 20, дараа өдөр нь 30, тэгээд 40 гэж нэмж явсаар нэг сар хүрэхэд нь хүүхдийн жингээс хамааран 120-160 мл болгон нэмэгдүүлнэ. Хоёр хөхийг яг ижил тав, таван минут хөхүүлж байж, том жижиг болголгүй, сүүний гарцыг нь мөн ижил болгон авч үлдэх нь чухал. Эхний үед өдрийн хэдэн цагт хэдэн мл сүү уусан тухай  хүүхдийн хоололтын тэмдэглэл хөтлөх зааврыг танилцуулж, ийн тэмдэглэл хөтөлснөөр хүүхэд хоолоо хэтрүүлэн гулгих, дүүрэнг гэдэстэй болох эсвэл хэт өлдөх зэрэг эрсдлээс сэргийлж болох аж. Мөн сувилагч өглөө бүр орж ирэн хөхний сүүний гарцыг шалгаж, гарц муу байгаа эсвэл чинэсэн хөхөнд хэрхэн массаж хийх зэргээр тохирох шаардлагатай зөвлөгөөнүүдийг өгч байв. 

ЭМНЭЛГЭЭС ӨГСӨН БАГЦ: 

Төрөхөөр ирэх үед өрөөний буйдан дээр нэг том цүнх байсан нь төрөх үед болон төрсний дараа хэрэглэх хангамж байв. Уг цүнхэнд багтсан зүйлсийг эмнэлэгт ирэхдээ бэлдэж ирэх зүйлсийн жагсаалтад бичээгүй байсан учир бид ч мөн бэлдэлгүй ирсэн билээ.  Үүнд, ариун цэврийн хэрэглэл том жижиг гурван төрөл, төрсний дараах оёдол болон хөхүүлэхийн өмнө хөхний толгой арчиж цэвэрлэх усан суурьтай даавуун салфетик 20 ширхэгтэй багц 2 ширхэг, хүүхдийн хүйг тойруулан арчих ариутгагчтай  нэг удаагийн хөвөн даавуу 20 ширхэгтэй нэг багц, доогуураа онгойдог дотуур хувцас 1 ширхэг, хүүхдийн гулгидас зэргийг арчих мусли амны алчуур 10 ширхэг, хүүхдийн памперс нэг уут зэрэг байна. 

ГУРАВ  ДАХЬ ӨДРИЙН ЗООГ: 

ӨДӨР #4

…Галт тэрэг түчигнэв. Босож биеэ хөдөлгөв. Өглөөний цай, цэвэрлэгээ, эмчийн үзлэг. Охиноо авахаар явлаа… Эмнэлгийн амьдралд хэдийнэ дасчихжээ. 06:00 цагт сувилагч чанга яригчаар “Өглөөний мэнд. 06 цагийн товлолтой биеийн халуунаа үзээрэй” гэж хэлэхэд хэдийнэ сэрчихсэн өрөөндөө холхиж байдаг байв. Сувилагчийн энэ чанга яригчийг хааяа мартчихсан байхад гэнэт өрөөний нам гүмийг эвдэж “Баасан, байна уу? байна уу? 20:00 цаг өнгөрчихлөө, хүүхдээ пост дээр авч ирж өгнө үү”, “Баасан, байна уу? байна уу? Эмчийн үзлэг дууссан бол хүүхдээ ирж авна уу” гэх зэргээр цочоох нь халаг. Ядахдаа Гэрэлмаа нэртэй хүн чинь Японд “Баасан”  гэдэг нэртэй болчихоор ямар сайн байх вэ, хааяа өөрөө өөрийнхөө нэрийг танихгүй сандраана. Японд хүний нэрийг ОВОГ+ӨӨРИЙН НЭР гэсэн дарааллаар бичээд овгоор нь дуудаж хүндэлдэг. Ингэхдээ тэр ОВОГ нь эцгийн нэр биш харин манайхаар Боржигон гэдэг шиг ургийн овог нь байх тул товч бөгөөд тодорхой сонстоно. Харин бидний нэр ЭЦГИЙН НЭР+ӨӨРИЙН НЭР гэсэн дараалалтай тул эцгийнхээ нэрээр дуудуулна. Ингэхдээ Япон хэлний онцлогоор хүнийн нэрийн араас хүндэтгэлийн “сан”-г заавал дагуулан Баасанжябүсан болсноор хэлэхэд тун чиг ярвигтай болчихно. Орж ирсэн эмч сувилагч бүр л “Баа, баасаанжиа, баасанжяаабүү” гэх зэргээр түгдэрч гацах учир “Баасан” гэж дуудаж байгаарай хэмээн нэрээ товчилсон нь энэ. Хааяа аавынхаа нэрээр дуудуулах нь дотно сайхан санагдаж, сэтгэл бүлээцүүлэх мэдрэмжийг Японд ирснээс хойш олонтаа авах болсон билээ. 

Энэ өдөр: 

-Эх төрснөөсөө хойш анх удаа шээсний шинжилгээ өгнө. 

-Хүүхдийг эмчийн үзлэгт оруулна 

-Энэ өдөр мөн ээж өөрөө хүсвэл хүүхдээ хажуудаа авч хонох боломжтой болно. 

-Сүүний гарц шалгах сувилагч орж ирж хөхөнд үзлэг хийнэ. 

-Өчигдрөөс эхлэн бөглөж эхэлсэн хүүхдийн хоололтын хүснэгтийг хянаж, алдаа мадаг байвал засаж залруулж өгнө. 

-Нэмэлт сүүг хэрхэн зөв найруулах, халуун бүлээнийг нь хэрхэн тохируулах зэрэг мэдээлэл өгөх. 

-Гарын бэлэг өгөх. 

-Хүүхдийн шарлалт хэмжих. 

-К2 витаминыг эмнэлгээс гарсны дараа хэзээ хэзээ хэрхэн өгөх талаар зөвлөгөө мэдээлэл өгөх

-Хүндэтгэл, баярын зоог барих зэргийг төлөвлөсөн байв. 

Охинтойгоо өдөржин хооллох, баах шээх, унтуулах зэргээр цаг минутаар төлөвлөж, ажилласаар нэг мэдэхэд л бүрий болсон байв. Ээжүүд ажилчин зөгий шиг л цагийн хуваарийн дагуу хөлхөлдөнө. “Одоо унтах, идэх цаг дээр нь сайн ажиллаж чадвал эмнэлгээс гарсны дараа хүүхэд тэр хуваарьтаа дасчихсан байх учир бидний хажууд байх хугацаандаа сайтар хичээгээрэй” гэж сувилагч захисан нь аргагүй үнэн байв. 

ХҮНДЭТГЭЛ, БАЯРЫН ЗООГ

…дөрөв дэх өдрийн тэр орой эхийг төрж амаржсанд баяр хүргэх “Хүндэтгэлийн зоог” барих учир түүнээс 20 минутын өмнө хүүхдээ сувилагчийн тасагт хүлээлгэн өгөөд биеэ бэлдэхийг хүсэн санууллаа. Өрөөндөө ганцаар оройн зоог барихад биеэ бэлдээд байх ч юу байх билээ, гэвчиг хүнийг яарч сандраан эвгүй байдалд оруулахгүйн тулд ийн хугацаа өгөх нь аргагүй нэг япон үйлчилгээ. Орой 18:00 цаг гэхэд өрөөний хаалга цэлийтэл нээгдэж, өглөө бүр хоол оруулж ирж өгдөг үйлчилгээний ажилтан ердийнхөөсөө бүр ч соёлтойгоор мэндлэн, хүндэтгэлийн хэлээр ярин бөхөлзөв. Зөөгч эмэгтэйн зөөлөн хөдөлгөөнөөр ширээн дээр зууш, үндсэн хоол, десерт ээлж дарааллан дэлгэгдэж, ус нэмэх үү, цай нэмэх үү зэргээр байн байн ёслон мэхийнэ. Эгээ л Улаанбаатар хотын төвөөр хааяа нэг орж гардаг үнэтэй зоогийн газарт ирсэн шиг үйлчилгээг эмнэлгийн өрөөнд авч үзэх нь сонихон. Зоог барих 1цаг 30минутын хугацааг ээжид өгсөн учраас тавтай сайхан ундаллаж дуусаад, оройн зоогны амт, чанар болоод үйлчилгээний соёл ямар байсныг үнэлэн дүгнэх хуудас бөглөснөөр энэ оройны амтат зоог өндөрлөв. 

ДӨРӨВ ДЭХ ӨДРИЙН ЗООГ: 

ӨДӨР #5

Тав дахь өдрийн өглөө гэхэд галт тэрэгний чимээнд бүүр дөжирчихсөн аятай, чихэнд торж сонсогдохоо больсон байв. Эхний галт тэрэгний дуунаар л тээршаангуй сэрдэг байсан атал өнөө өглөө нам гүм. Хөшгөө нээн харвал галт тэргүүд хэдийнээ сүлжилдэн, түчигнэлдэж эхэлсэн байлаа. Хүн гэдэг ийм л хурдан “амьтан даа”. Өрөөндөө, эмнэлгийн хэмнэл, галт тэрэгний дуундаа дасаж орхисноо мэдсэн энэ өглөө харин гэртээ харих бэлтгэлээ хийхээр хөл хөнгөрөн адгана. 

Өнөө өглөө 9 цагаасаа ч өмнө сувилагчийн пост дээр очин хуваарьт ажлуудаа эхлүүлээд авлаа. Даралт жингээ үзэх, пульс тоолох, тэмдэглэл бичихээр явахдаа сувилагчийн постны цаахан талд ихээ дотно дулаахан нүд эмчтэй ярилцан зогсоог анзаарах нь тэр. Таван өдрийн өмнө, шөнө дөлөөр, гэнэт л өвдөөд ирэхэд алхам тутамд л магтаж, сайшааж, амьсгалж байгааг минь хүртэл урамшуулах нь холгүй хайрлаж, хүндэтгэсээр эсэн мэнд амаржуулж өгсөн сувилагч бүсгүй минь мөн байлаа. Өглөөний цайны ходоод хоржигонуулсан амтат үнэр үнэрлэн, эмнэлгийн бүүдгэр коридорт шивэр авир хийн ярилцаж явсан мөнөөх сувилагч бүсгүй. Эмч ирж амжаагүй байхад охиныг минь эх барьж авсан энэ залуухан бүсгүй намайг харуутаа л яаравчлан гүйн ирээд “Эрүүл саруул сайхан харагдаж байна шүү дээ, асуудалтай, мэдэхгүй чадахгүй юм байна уу” гэж зовнингуй асуухад нь хайрлах, талархах сэтгэл биеийн эд эс бүрээр цахилгаан мэт таран, тархан, цацрав. Өөрөөсөө бараг л дүү болов уу гэмээр тэр сувилагч бүсгүйд эрхлээд ч байх шиг “Бид хоёр маш сайн байгаа шүү” гэж нялхрангуй хариулна. Хүнд чин сэтгэлээсээ талархахад ийм мэдрэмж төрдөг билээ. 

Энэ өдөр: 

-Хүүхдийн шарлалтыг хэмжин, шинжилнэ. 

-Бодисын солилцооны эмгэгийн шинжилгээг хүүхдийн хөлийн өсгийнөөс цус авч шинжилнэ. 

-Хүүхдийн их эмчид үзүүлнэ. 

-Хөхний сүү, хоололт хариуцсан сувилагчтай уулзан, хөхний сүүний гарцаа шалгуулж, хоололтын тэмдэглэл дээр ахин ярилцаж, зөвлөгөө авав.

-Эмнэлгээс гарсны дараа хэрхэх талаар танилцуулга, мэдээлэл авна. 

-Ээжид нь эмчийн үзлэг хийж, шинжилгээ авсан бөгөөд энэ үеэр эмч хүүхдийн гэрэл зургийг авч дээр нь “Төрсөн өдрийн мэнд” гэсэн бичигтэйгээр угаалгаад, дугтуйлаад бэлдсэн байснаа бэлэглэв.

Зургийн тайлбар: Улбар шар нь сувилагчийн чанга яригч

Өрөөндөө очоод өнгөрсөн таван өдрийн турш сувилагчдын “Баасан, байна уу? Баасан байна уу” гэж чих хангинуулсан “чанга яригч” руу дөхөж очоод анх удаа “Баасан байна, Баасан байна, бид бэлэн боллоо” гэж хэлээд инээд хүрэх ч шиг болов. Удалгүй сувилагч бүсгүй хаалга тогшин, бидний ачаа барааг тэргэнд ачсаар эмнэлгийн хаалга тийш зүглэвэй. Тэнд дүүгээ анх удаа харахаар хүлээн буй хүү минь, охиноо гэрт нь хүргэхээр яаран буй аав нь хүлээн зогсоо билээ… Ингээд бид дөрвүүл боллоо. 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ - ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨР

Нийтлэлд дурьдагдсан Японы уг эмнэлэгт төрөх нийт төлбөр 564.110 иэн буюу 17 сая орчим төгрөг болсон. Үүнээс ЭМД-аа төлдөг иргэн бүрт улсаас төрж амаржсаны 500.000 иэний олгох бөгөөд 64110 иэнийг бид хувийн зүгээс төлсөн. Улсаас өгдөг дээрх 500 мянган иэний төлбөр нь өмнө 420 мянган иэн байснаа Япон улсад төрөлт буурч буйтай холбогдуулан, улсаас олгох мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэ оны дөрөвдүгээр сараас ийн 500 мянган иэн болгон нэмэгдүүлээд байсан юм. Мөн амьдарч буй хотын захиргаанаас жирэмсэн эх бүрт 50 мянган иэн, шинэ төрсөн хүүхэд бүрт мөн 50 мянган иэний урамшуулал олгодог гэвэл хэдийгээр тун өндөр төлбөр гарсан ч улсын дэмжлэг, даатгал зэргийн ачаар Япон улсад нэг ёсондоо үнэ төлбөргүй төрж амаржсан болж байгаа юм. Гэхдээ япон улсын эмнэлгийн төлбөр болон үйлчилгээ нь аль хот дүүрэг вэ гэдгээс хамааран өөр өөр байдгийг дурьдах нь зүй болов уу. 

2023.09.26

СОНСОХ ХУВИЛБАР:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-30 13:50

Яасан уярмаар юм бэ яасан их х�##�амж вэ Монголд яадаг гээч Японы үйлчилгээний 10 хувьч байдаггүйшдээ ёооё гайх�##�тай

Зочин
Зочин
2023-09-30 14:49

Japan orond xun gedgee mederch amidardag gesen unen bainaa Arliin saixan ene orond ochij xeden jil amidrax yumsan daa

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2023-10-01 07:31

япон улс хөгшрөөд сөнөж байгаа биз дээ битгий дандаа өөрсдийгөө муулж бай м�##�ын хотнд төрж байсан нүүдэлчин аймагшүү олон жилийн туршлагатай улстай харьцуулаад байх даа яахав дээ

Mukuchanil
Mukuchanil
2023-10-01 08:14

Нийтлэлүүд нь үнэхээр сонирхолтой байдаг шүү. Баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button