Нийгэм мэдээ

ОБЕГ: Бөхмөрөн суманд сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өчигдөр буюу энэ сарын 04-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цас орж баруун аймгуудын нутгаар салхины дундаж хурд 10-15 м/с, түр зуур 24-38 м/с хүрч ширүүссэн байна. Мөн 4-5-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч цасан шуурга шуурч, иргэд сураггүй болсон дуудлага олноор бүртгэгджээ.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт 12 сарын 04-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Харин Завхан аймгийн Баянтэс, Тосонцэнгэл, Увс аймгийн Зүүнхангай суманд нийт 3 иргэн сураггүй болсон дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, эсэн мэнд олсон байна.

Мөн Увс аймгийн Баруунтуруун, Дорнод аймгийн Баянтүмэн, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Баянхайрхан суманд нийт 24 зорчигчтой, 8 автомашин цасанд суусан дуудлагаар тухайн аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Түүнчлэн хүчтэй салхи, шуурганы улмаас Ховд аймгийн Дарви, Зэрэг, Чандмань сумын нутагт 16 гэр, хоёр байшин, хоёр гараашийн дээвэр, Увс аймгийн Ховд суманд нэг гэр, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хоёр гэр нурсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд ажиллаж, иргэдэд тусламж үзүүлсэн байна. Мөн Ховд аймгийн Дарви, Зэрэг, Цэцэг, Говь-Алтай аймгийн Бигэр, Бугат, Дарив, Тонхил, Төгрөг, Халиун, Хөхморьт, Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэ зэрэг нийт хоёр аймгийн 14 сумын цахилгаан эрчим хүч тасалдсан бөгөөд “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсгүүд ажиллаж, бүх сумын эрчим хүч хэвийн ажиллагаанд шилжээд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button