Ши Жиньпин БНХАУ-ын эдийн засагт асуудал тулгараад байгааг хүлээн зөвшөөрчээ
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин улсынх нь эдийн засагт асуудал тулгараад байгааг анхны удаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр шинэ оны мэндчилгээндээ “Зарим аж ахуйн нэгжүүд хэцүүхэн үе тулгарсан. Зарим хүмүүст ажил олох, суурь хэрэгцээгээ хангахад хүндрэлтэй байсан” гэж хэлсэн юм.
Дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засагтай Хятад улсад эрэлт суларч, ажилгүйдэл нэмэгдэн, бизнест итгэх итгэл багассан тул эдийн засгийн өсөлт удаашраад байгаа билээ.
Ши Жиньпин нэмж хэлэхдээ “Эдгээр асуудлуудыг шийдэх нь миний эн тэргүүний бодол. Бид эдийн засгийн сэргэлтийн эрчмийг дэмжин, бэхжүүлэх болно” гэсэн байна. Түүнийг мэндчилгээ дэвшүүлэхээс хэдхэн цагийн өмнө БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо арван хоёрдугаар сарын тоо баримтыг нийтэлсэн юм.
Тус тайлангаас харвал үйлдвэрийн үйл ажиллагаа сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшинд хүрсэн байна. Тодруулбал Худалдан авалтын менежерийн индекс (PMI) арван нэгдүгээр сард 49.4 байсан нь 49 болж буурчээ. “PMI” 50-аас өндөр байх нь үйлдвэрийн үйл ажиллагаа өсөж байгааг илтгэдэг. Харин 50-аас бага байх нь үйлдвэрийн үйл ажиллагаа ширгэж байгааг харуулдаг байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.