Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

БНХАУ-ын хөрөнгийн зах зээл энэ жилийг хэцүүхэн эхлүүлж байна

БНХАУ-ын хөрөнгийн зах зээл 2023 онд ширүүхэн өнгөрсөн нь энэ жилийн үргэлжилж байна. Тодруулбал Хонконгийн “Hang Seng” индекс даваа гарагт /2024.01.22/ 2.3 хувиар буурч, арилжаа хаагдахад 2022 оны аравдугаар сараас хойш үзэгдээгүй доод түвшинд хүрчээ.

Энэ сарын байдлаар тус индексийн ханш 12 гаруй хувиар унасан нь 2023 онд үзэгдсэн бууралттай тэнцэхүйц хэмжээ юм. Харин Шанхай хотын “SSE” индекс даваа гарагт 2.7 хувиар буурсан нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойших нэг өдөрт үзэгдэн хамгийн том уналт болов.

Шэньжэн хотын “SZSE” индекс сүүлийн хоёр жилийн хамгийн муу үзүүлэлттэй өдрөө өнгөрөөж, 3.5 хувиар унажээ. 2024 оны эхний хэдэн долоо хоногт “SSE” 4.8 хувь, “SZSE” 7.7 хувиар буурсан юм.

2015 онд зах зээлийн уналтын улмаас хөрөнгө оруулагчид БНХАУ-д эзэмшиж байсан хөрөнгөө их хэмжээгээр худалдсаны улмаас Хятадын хувьцааны индексүүд уналтад орж байсан билээ. Энэ жил БНХАУ-ын хөрөнгийн зах зээл 2016 оны уналтаас хойш үзэгдээгүй хэцүүхэн эхэлж байна.

Сүүлийн саруудад Хятадад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал үүсэн, эдийн засгийн өсөлт олон жил үзэгдээгүйгээр удааширсан. Мөн Бээжингээс зарим бизнесүүдэд шахалт үзүүлэх бодлого баталсан нь гаднын хөрөнгө оруулагчдын Хятадын эдийн засагт итгэх итгэлийг буурахад хүргэжээ.

Японы Мизүхо банкны Азийн гадаад валют солилцооны ахлах стратегич Кэн Чеун “БНХАУ-ын засгийн газар үл хөдлөх хөрөнгийн хямралыг шийдэж, эдийн засгийн сэргэлтэд туслах үр дүнтэй арга хэмжээ хараахан аваагүй байна” гэж хэлсэн юм.

Даваа гарагт /2024.01.22/ Хятадын төв банк бодлогын хүүгээ өөрчлөхгүй үлдээх шийдвэр гаргасанд хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур үлдсэн байна. Бодлогын хүүг бууруулснаар иргэд, аж ахуй нэгжүүд зээл авах эсвэл зээлийн хүүг төлөх зардлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэх нөлөө үзүүлэх билээ.

Үүнээс гадна БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.01.17/ 2023 оны хүн ам зүйн тоо баримтаа нийтэлсэн. Тус хорооны тайлан Хятадын хүн ам хоёр дахь жилдээ дараалж буурсныг харуулсан нь хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч сайн мэдээ байгаагүй юм.

Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян өнгөрсөн долоо хоногт болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр эдийн засгийн сэргэлтэд туслах засгийн газрын бодлогын талаар дурдаагүй байна. “ANZ Research” компанийн шинжээчид болох Брайан Мартин, Даниел Хайнс нар Ли Цяны хэлсэн үг БНХАУ-ын засгийн газар эдийн засгийн сэргэлтэд туслах шинэ алхам хийнэ гэх хөрөнгө оруулагчдын хүлээлтийг унтраасан гэж бичжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button