Нийгэм мэдээ

Э.Дариймаа: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдлээ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай улсын цаг агаар, уур амьсгалд ихээр нөлөөлөх болсон. Тэр ч утгаараа ойрын жилүүдэд Монгол Улсын нийт газар нутгаар цас ихтэй, өвөлжилтийн байдал хүндэрч байна. Иймд Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын технологич, инженер Э.Дариймаатай энэ цаг үед үүсээд байгаа хүндэрсэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 43-48 градус хүрч хүйтэрнэ-

-Ойрын өдрүүдийн цаг агаарын аюулт үзэгдэл болж, малчид зудын нөхцөлийг туулж байна. Төлөв байдал хэр урт хугацаанд, хэрхэн гарсан бэ?

-Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-нд Алтайн уулаа дагаад Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн өмнө талын сумуудад хүчтэй салхи салхилж байна. Хоёрдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Ховд аймгийн нутгаар агаарын температур ихэнх сумуудаар нэмэх градустай хоносон. Үүнтэй уялдуулаад халуун хуурай салхи ажиглагдаж салхины хурд 39 метр секунд хүртэл ширүүссэн байна. Энэ салхи Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудаар үргэлжлээд салхилж байна.

-Бүсчлэн танилцуулбал...?

Увс болон Завхан аймгуудын нутгаар өчигдрийн /2024.02.16/ 14.00 цагийн байдлаар цас ороод, явган шуургатай байгаа бол өнөөдөр /2024.02.17/ Төв, Говь, Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Мөн Өмнөговь, Дундговь болон Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгуудаар салхи секундэд 18-20 метр зарим үед 24 метрийг давж хүчтэй салхи салхилахаар байна.

Агаарын температурын хувьд уржигдар буюу 15-нд өчигдөр буюу 16-ны цаг агаарын байдлаар ялангуяа Төв, Зүүн, Говийн аймгуудын нутгаар агаарын температур нэлээдгүй суларч байна.

Хоёрдугаар сарын 15-нд Ховд аймгийн Зэрэг суманд өдөртөө +10 градус хүрсэн бол өчигдөр говийн бүс нутгаар +14 градус хүрч, агаарын температур дулаарсан байдалтай байна.

Өчигдөр /2024.02.16/ баруун аймгуудын нутгийн хойд талын сумуудаар өнөөдрөөс ихэнх нутгуудаар агаарын температур эрс чангарч байгаа. Хүйтэн байдаг газруудаар Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус байх бол томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус болж хүйтэрнэ.

-Цасан бүрхүүлийн хэмжээ хэр зузаантай байна вэ?

Одоо нэмэх градустай байгаа говийн бүс нутгуудаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градусын хүйтэн болох нь байна. Харин бусад нутгуудаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градусын хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар сарын 17-18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

Харин өвөлжилтийн нөхцөлийн хувьд нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Хотгор газраа 60 см цастай, хунгарсан газраа 100 хүртэлх см-ын цасан бүрхүүлтэй байгаа мэдээлэл байна. Энэ нь зудын нөхцөл байдлыг хүндрүүлсэн. 17 аймгийн 89 сум цагаан зудын нөхцөлтэй байгаа бол 17 аймгийн 82 сум зудархуу нөхцөлтэй байна.

Үүн дээр нэмэгдээд төмөр зудын нөхцөл нэмэгдэж орж ирсэн. Энэ нь гэнэт дулаараад гэнэт хүйтрээд буй нөхцөлөөс үүсдэг. Одоогийн байдлаар зургаан аймгийн 23 сум төмөр зудын буюу шилэн зудын нөхцөлтэй байна. Өчигдөр ихэнх нутгаар дулаарсан. Зарим нутгаар +15 хэм хүртэл дулаан байна. Энэ нь төмөр зудыг улам хүндрүүлнэ. Эргээд баруун аймгийн нутгаар хүйтэрч байна. Баруун аймагт салхины дундаж хурд нь 24-30 м/сек хүртэл шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан.

-Та бүхний анхааруулаад байгаа "Фён" буюу халуун хуурай салхи эрсдэл өндөр үү. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Энэ нь монголын Алтайн уулаар давж орж ирдэг агаарын температур нэмэх градустай байж байгаад эрс температурын өөрчлөлтөд ороод Алтайн уулаа давж орж байгаа хуурай, халуун агаар доошоо уруудахдаа маш хүчтэй салхилдаг. Энэ салхийг бид халуун хуурай салхи буюу цаг уурын мэргэжлийн хэллэгээр Фён салхи гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр энэ бол Алтайн өндөр уулс давж орж ирж байгаа салхи уруудах хөдөлгөөнд ороод ирэхээр маш их хүчтэй салхилж эхэлдэг. Үүнийг халуун хуурай салхи гэж ойлгож болно.

-Нийслэлийн хэмжээнд халиа тошин үүсч, шар түвшинд шилжлээ. Нийт 33 байршилд халиа, тошин үүссэн байна. Сэлбэ голын халиа шар усны үер болох эрсдэлийг нэмэгдүүллээ шүү дээ. Үүнтэй холбогдуулан ямар ажил хийж байна вэ? 

- Халиа нь мөсөн дээгүүр урссан усыг хэлдэг бол мөсний доогуур болон завсраар гүйлгэнэх усыг тошин гэдэг. Улаанбаатар хотод халиа, тошинд өртөх эрсдэлтэй 2,316 нэгж талбар, 341 хашаа, байшин байгааг албаныхан мэдээлсэн байсан. Манайхаас хоёрдугаар сарын 11-ны байдлаар Сэлбэ, Санзай дээр нэг харуул, Дамбадаржаа орчимд нэг харуул ажилладаг. Энэ орчимд мөсний зузаан 50-65 см ёроолдоо хүртэл хөлдчихсөн байгаа бөгөөд тэр орчимд халиа тошин байхгүй байгаа. Бид өөрсдөө очиж нүдээрээ хараагүй, хэмжилт хийгээгүй болохоор хэлэх зүйл байхгүй.

Өнгөрсөн жил нэлээн усархаг байсан болохоор газар доорх ус ханаж, тэр нь гарч ирээд халиа тошоо үүсээд байгаа гэж үзэж байна. Одоогоор аюултай нөхцөл байдал үүсээгүй учраас тогтмол ажиглаж байна.

-Дэлхийн дулаарлын улмаас манай оронд өвлийн улиралд уур амьсгалын эрс өөрчлөлт ажиглагдах болсон-

-Цаг агаарын нөхцөл байдал сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж гэнэтийн хүйтрэл ажиглагдах болсон. Ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн үед нэмэгдсэн. Зуны цагт ердийн борооноос илүү ус ихтэй аадар борооны давтамж нэмэгдсэн. 7-8 дугаар сард үерийн давтамж нэг бус удаа ажиглагдсанаас Сэлбэ голын усны түвшин ихсэж, хөрсний чийгийн хэмжээ өссөн.

Ингэснээр өвлийн улиралд хөрсний чийгийн ус голд үүссэн мөсийг цөмлөж гарч ирэх үзэгдлийг халиа тошин гэж нэрлэдэг. Дэлхийн дулаарлын улмаас манай оронд өвлийн улиралд уур амьсгалын эрс өөрчлөлт ажиглагдах болсон. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд говийн бүс нутгаар нэмэх градустай дулаан байсан бол эргээд хүйтрэхээрээ олон жилийн дунджаасаа эрс хүйтэрч зарим уулархаг бүс нутгаар -50 градус хүрч байна.

Энэ өвөл их хэмжээний цас орж нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч цасан бүрхүүлийн хэмжээ урьдынхаас их байна. Халиа тошин үүссэн ийм үед цасны хэмжээ их байгаа нь гэнэт дулаарвал шар усны үер буух магадлалыг өндөрсгөж байгаа.

Манайх шиг хүйтэн уур амьсгалтай орны хувьд өвөл дулаарах нь сайн тал байж болох юм. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд харахад, уур амьсгалын өөрчлөлт зөвхөн агаарын температурын өсөлтөөр илэрхийлэгдэхгүй, уур амьсгалын бусад үзүүлэлтүүд өөрчлөгдөж байна. Ер нь агаарын температур өөрчлөгдсөнөөр уур амьсгалын тэнцвэр алдагдаж, агаарын чийг, хур тунадасны үзүүлэлтүүд, салхи шуурга, цаг агаарын үзэгдлийн горимд муугаар нөлөөлнө.

-Таны хэлж буй цаг агаарын төлөвтэй холбоотойгоор малчид болоод иргэдэд юуг анхааруулах вэ?

-Тэгэхээр энэ агаарын уналтууд нь амралтын өдрөөр таарч, ард иргэдийн цагаан сарын шинэчлэлт золголтууд дуусаагүй байгаа учраас хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо болон хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих иргэдийн тоо нэмэгдэх эрсдэлтэй. Тэгэхээр цас ороод хүчтэй салхи салхилж, цасан шуурга шуурахаар үзэгдэх орчин хязгаарлагдмал болно. Зам даваан дээр халтиргаа гулгаа ихэснэ. Агаарын температурын зөрүүнээс үүдэн дулаарч байгаа газруудад шар ус урсана. Энэ нь эргээд агаарын температур хүйтрээд ирэхээр хөлдөнө. Тэгэхээр замд ямар нэгэн байдлаар мөстөлт үүснэ, халтиргаа гулгаа ихэснэ. Тийм болохоор ард иргэдийг маш анхаарал болгоомжтой байхыг бидний зүгээс онцлон анхааруулж байна.

Энэ аюултай үзэгдэл нь цаашлаад гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй. Учир нь нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй байна. Тэгэхээр Сүхбаатар, Хэнтий аймгийн зүүн талын сумдад зудын эрсдэлтэй байгаа. Энэ аймгуудаар цас орж, цасан шуурга шуурч, явган шуургатай байх тул маш хүндрэлтэй байх болно. Иймд цаг уурын байгууллагаас гаргаж байгаа үнэн бодит мэдээллийг сонсож ажлаа төлөвлөхийг хүсэж байна.  

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-17 09:39

Эх болсон дэлхий ээжээ хайрлацгаая.Хаа сайгүй сэндийчин ухаж 'хог новшоо энд тэндгүй хаяж'гол усаа ч бохирлож болохгүй шүү дээ.Ядаж л энэ т�##� дээрээ анхааръя хатуу анхаар хүмүүсээ.хайр дутаад байна'сэтгэл дутаад байна Дэлхий ээжээ хүндэл.

Холбоотой мэдээ

Back to top button