Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ эдийн засгаа өөрчлөх өсөлтийн амбицтай зорилго тавилаа

БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5.2 хувийн өсөлт үзүүлсэн гэж тус улсын Ерөнхий сайд Ли Цян мэдэгдсэн. Харин 2024 оны хувьд Хятадын эдийн засгийн өсөлт удааширна гэж дэлхийн томоохон байгууллагууд таамаглаад байгаа юм.

Тухайлбал Олон улсын валютын сан 4.6 хувь, “Goldman Sachs” банк 4.8 хувь, “JP Morgan” банк 4.9 хувь өсөлт үзүүлнэ гэж тооцоолсон байна. Тэгвэл БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурал мягмар гарагт /2024.03.05/ хуралджээ.

Хуралдааны үеэр тус улсын Ерөнхий сайд Ли энэ онд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх амбицтай зорилго танилцуулж, хөгжлийн загварыг өөрчлөхөө мэдэгдсэн байна.

Өнгөрсөн онд БНХАУ 5 хувийн өсөлтөө дөнгөн данган биелүүлсэн. Энэ жил дахин 5 хувийн өсөлт үзүүлэх нь илүү хүнд байх болно гэж шинжээчид үзэж буй.

Тухайлбал “Soochow Securities” фирмийн макро эдийн засгийн ахлах шинжээч Тао Чуан “Энэ жил өсөлтийг 5 хувьд хүргэх нь өнгөрсөн оныхоос илүү хэцүү байх болно. Учир нь суурь бодлогын хүүг нэмсэн байгаа. Гэхдээ энэ нэмэгдэл нь эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дэмжих эрмэлзэлтэй байгааг харууллаа” гэсэн байна.

Ли мөн тавьсан зорилго нь биелүүлэхэд хэцүү, санхүүгийн хувьд идэвхтэй мөн боловсронгуй мөнгөний бодлого баримтлах хэрэгтэй гэдгийг онцолсон юм. БНХАУ төсвийн алдагдлаа эдийн засгийн нийт бүтээгдэхүүний 3 хувьд барих зорилго тавьжээ.

Мөн төсөвт тусгаагүй 1 их наяд юанийн (139 тэрбум ам.доллар) урт хугацааны бонд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм. Дээрээс нь энэ жилд инфляцыг 3 хувьд барьж, 12 сая гаруй ажлын байр үүсгэн, ажилгүйдлийн түвшнийг 5.5 орчим хувьд барих зорилго тавьсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button