Нийгэм мэдээ

“Он гарсаар Архангай аймагт 2700 орчим сул газар хөдлөлт бүртгэгдсэн”

Архангай аймгийн Ихтамир суманд он гарснаас хойш нийт долоон удаа 3.5-аас дээш хүчтэй газар хөдлөлт бүртгэгдээд байна. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын ажилтан, доктор, А.Алтангэрэлээс тодрууллаа.

-Сул газар хөдлөлтүүд олшрох нь хүчтэй газар хөдлөлтийн урьтал байж болно-

-Архангай аймагт ойр ойрхон газар хөдлөөд байгаа нь юутай холбоотой вэ?

-Архангай аймаг нь газар нутгийн хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг харьяалагддаг. Он гарснаас хойш тус газар нутагт 2700 гаруй жижиг сулавтар газар хөдлөлт бүртгэгдсэн. Сул газар хөдлөлтүүд олшрох нь хүчтэй газар хөдлөлтийн урьтал байж болно. Үгүй бол газар хөдлөлт болохгүй ч байж мэднэ. Дахиад 50-60 жил ч газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Эргээд дахиад л жижиг хөдлөлүүдийн давтамж олширч болно. Үүнийг хэлэхэд хэцүү л дээ.

Уг газар хөдлөлтөөс үүдэж ойр орчмын хохирол учирна гэсэн ойлголт байхгүй. Ер нь газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын бүс нутагт сул газар хөдлөлтүүд олноор болно гэдэг нь тэнд хүчтэй газар хөдлөлт болох дохио ч байж болно. 

-2700 гаруй жижиг хэмжээний газар хөдлөлт болсон гэлээ. Энэ хэвийн үзүүлэлт үү?

-Байдаг л үзэгдэл. Хүмүүст мэдэгдэхүйц хэмжээний хүчтэй газар хөдлөлт л цөөхөн болохоос биш иргэдэд мэдэгдэхгүй маш олон газар хөдлөлт болж байдаг. Ямар зайнд, ямар хүчтэй, хэр гүнд болж байгаа гэдгээсээ маш их хамаарна. Хүмүүсийн мэдэрдэг нь л цөөхөн болохоос биш бага хэмжээний хүчтэй газар хөдлөлтүүд байнга болдог. 

-Тэгэхээр цаашид ойр орчимд нь оршин сууж байгаа иргэдэд газар хөдлөлтийн идэвхтэй цаг хугацааг урьдчилан мэдээлж болох уу? 

-Энд хүмүүсийн нэг төөрөгдөл байдаг. Жишээ нь, газар хөдлөлтийг Япон, Турк зэрэг улсад урьдчилан хэлдэг гэж. Яг газар хөдлөлт болохыг урьдчилан хэлэх боломжгүй. Одоогоор болзошгүй газар хөдлөлтийг цаг хугацаа, орон зайн хувьд нарийвчлалтай тодорхойлох боломжгүй байна. Манай орны хувьд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломжийг судлах геофизикийн цогц станцууд ажиллаж байна. Ер нь хүчтэй газар хөдлөлтийн өмнө ямар нэг физик оронд өөрчлөлт орох боломжтой эсэх талаар олон судалгаа хийгдэж байгаа.

-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байна. Үүний шалтгаан нь юу байдаг юм бол. Ер нь манай улс газар хөдлөлтийн хэр аюултай бүсэд ордог вэ?

-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байна гэдэг нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн тухайд авч үзсэн судалгаа байгаа юм. Яагаад гэвэл Улаанбаатар хот орчимд 2005 оноос эхлээд газар хөдлөлтийн тооны хувьд огцом өсөлт ажиглагдаж эхэлсэн. Тиймээс ч бид тус бүс нутагт нутагт нарийвчилсан судалгааны ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Улаанбаатар хот орчмын бүс нутагт олон улсын эрдэмтэдтэй хамтран идэвхтэй хагарлын судалгааг хийсэн Нийслэл хот орчимд Хустай, Эмээлт, Гүнж, Авдар, Шархай, Мөнгөнморьт гэсэн идэвхтэй хагарлууд байгааг тогтоож, нарийвчилсан судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнд эдгээр голомтуудад магнитуд нь 6-7.8 хүчтэй газар хөдлөлтүүд 1000-6000 жилийн өмнө болж байсан бөгөөд 2005 оноос ажиглагдаж буй идэвхжилт тус бүсүүдийн дагуу болж буйг тогтоосон. Ер нь Газар хөдлөлтийн идэвхтэй хагарал гэдэг нь урьд өмнө нь тэр газарт хүчтэй газар хөдлөлт болж байсан гэсэн үг.

-Ард иргэдэд газар хөдлөлтийн талаар зөвлөмж зөвлөгөө хэрэгтэй байх?

-Сүүлийн 10-аад жилд газар хөдлөл маш идэвхтэй явагдаж байна. Иргэн хүн юугаа яаж бэлтгэх тухай мэдлэгтэй заавар зөвлөгөөтэй байх ёстой. Монгол Улсын түүхэнд хүчтэй газар хөдлөх юм бол иргэд цугларах талбай бий болгох. Тэр бүгд чинь газар хөдлөлтийн эсрэг авч байгаа төрийн арга хэмжээ болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button