Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн ярилцлага

Б.Өлзийбат: 2028 оноос улс төр мөнгө биш болж, залуучууд дөрөв сонгогдсон гишүүдийг ч ялна

"D.Parliament" цахим платформийг санаачлагч Б.Өлзийбат өчигдөр /2024.03.19/ нийтэд хандан мэдээлэл хийсэн. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ МАН-ын удирдах зөвлөлд өгөөд байгаа бөгөөд АН, ХҮН зэрэг бусад намын залуучуудыг нэр дэвшихийг уриалсан юм. Түүнтэй ярилцлаа.

-Залуучууд нийгмээ өөрчилье гэвэл сонгуульд нэр дэвших хэрэгтэй байна-

-МАН-ын удирдах зөвлөлд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн гэлээ. Нэр дэвших болсон болон үеийн залуучуудаа давхар уриалах болсон шалтгаан юу байв?

-Манайх парламентын засаглалтай улс. Парламентын засаглалтай улсын хамгийн гол зүйл нь ардчилсан сонгууль байдаг. Манай улсын хүн амын 70 хувийг 0-35 насны залуучууд бүрдүүлж байна. Харин сонгуулийн насны 51 хувийг 18-39 насны залуучууд бүрдүүлж байна. Эдгээр залуучууд өнөөдөр нийгмийн бүх үйл явцад оролцож, өөрчлөлт хийхийг хүсэж байгаа юм. Тиймээс энэхүү өөрчлөлтийг хийх боломжтой цаг хугацааг энэ жилийн сонгууль гэж харж байна. Өөрөөр хэлбэл ардчилсан парламенттай улсад амьдарч байгаа учраас залуус сонгуулийн аргаар өөрчлөлт хийх боломжтой. Өнөөдөр шийдвэр гаргагчид, тэр дотроо УИХ-ын гишүүд залуусыг нийгэм улс төрийн асуудлуудыг сонирхдоггүй, идэвхтэй оролцдоггүй гэж хардаг ч хоёр жилийн өмнө талбай дээр залуус олон мянгаараа жагссан.

Мөн УИХ-ын цахим систем "D Parlamient" дээр 600 гаруй мянган залуус нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулах, НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох, цалинтай ээжийн 50 мянгыг нэмэгдүүлэх, газрын тухай хуулийг цуцлах асуудлуудад хуулийн дагуу шаардлага хангаад саналаа өгчхөөд байхад хэлэлцэгдэхгүй 48 хонож байгаа. Эндээс УИХ залуусыг цахим боломжоор хангаж, тэдний санаа бодлыг цахимаар авч хуулиараа шийднэ гэчхээд тэд санаа бодлоо нийлүүлээд цахимаар хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох хүсэлтээ гаргахад тэр асуудлыг нь хэлэлцэхгүй зуд далимдуулж өвс тараагаад яваад байгаа. Тиймээс энэ зүйлийг больё гэдэг асуудлыг л миний хувьд дэвшүүлээд байгаа юм. Тэр дундаа 1990 оны ардчилсан хувьсгал, 2000 оны шинэ мянганы залуус нийгмийн энэ өөрчлөлтөд сонгуулийн аргаар оролцох ёстой. Тэр нь УИХ-д нэр дэвших. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 23.1-т заасан 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн нэр дэвшиж болно гэдэг эрхийнхээ хүрээнд энэ олон залуусын дуу хоолойг парламентад хүргэх хөшүүргэ нь байя. Мөн сүүлийн 30 жилд төрсөн 2.4 сая хүүхэд залуусын манлайд нь улс төрд хойшоо суухгүйгээр бодлого тодорхойлохоор энэ парламентад оръё гэж МАН-ын удирдах зөвлөлд нь нэр дэвших саналаа хүргүүлсэн.

-Нөгөө талаас гишүүдийн тоо 126 болох гэж байгаа учраас сонгогдох, ялах боломжтой хэмээн харж байгаа гэж ойлговол болох уу. Өөрөөр хэлбэл харьцангуй залуу гэж болох таны онцлоод буй үеийнхэн сонгогдоод ороод ирэх боломжтой гэж харж байна уу?

-Одоо 76 гишүүнтэй сүүлийн парламентын бүрэн эрх үргэлжилж байна. Энэ үеүдэд буюу өмнөх парламентуудад 35 нас хүрсэн залуус орж ирэх ямар ч боломжгүй байсан. Учир нь улс төрийн тоглоомын дүрэм чи олигархын хүүхэд биш, эсвэл аль нэг хар мөнгө рүү ороогүй л бол сонгуульд нэр дэвшиж ялах ямар ч боломжгүй гэдэг тоглоомын дүрмээр явж ирсэн. Харин ирэх парламентаас гишүүдийн тоо 126 болох учраас парламент руу болон нам дээр мөнгөний эх үүсвэр цугладаг энэ байдал өөрчлөгдөж багасна. Ингэснээр маш олон залуус орж ирэх боломжтой гэж харж байгаа. Нөгөө талаас 2016 болон 2020 оны сонгуулиар 35-аас доош насны хоёр, хоёр гишүүн л сонгогдож байсан. Өнөөдөр УИХ-д 39-өөс доош насны хоёрхон гишүүн байна. Тэгвэл анх удаагаа парламентад 39-өөс доош насныхан сонгуулийн 50+1-ийг эзэлж байгаагаараа ирэх парламент өмнөхөөсөө өөр гэдгийг хэлэх гээд байгаа юм. Тиймээс ирэх сонгуулийг УИХ дахь залуусын тоог нэмэх алтан боломж гэж харж байна.

-Тойрог томсож байгаа нь залуучуудад ашиггүй, ээлгүй гэдэг асуудал зарим талаар шүүмжлэл дагуулаад байгаа. Өөрөөр хэлбэл томсгосон тойрогт танигдаагүй залуу дүрүүд живэх өндөр магадлалтай гэгдэж буй. Энэ тухайд?

-Өгөгдсөн дүр зургаа харах юм бол тийм. Гэхдээ сонгуулийн 50+1 нь залуус бид өөрсдөө. Өмнө нь өвөө, эмээ нар дээд үеийнхэн сонгуулиар бидний ирээдүй, бидний боломжийг сонгуулиар зарчихлаа гэгддэг байсан бол энэ удаа өөр. Тодруулбал, 50+1 буюу улс орны хэмжээнд 2,189 хэсгийн хороо бүрийн саналын 60 хувийг бидний үеийнхэн өгөх юм. Эндээс бид өөр хандлагыг харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, залуу нь залуугаа дэмжье, залуу үеэ сонгоё гэдэг асуудлаа гаргаж тавих юм бол өөр гэж үзэж байгаа. Жишээ нь 126 гишүүнтэй болоод жижиг намуудыг хасаж байгаа боловч нөгөө талаасаа том намууд залуу мөнгөгүй тэгсэн хэрнээ үзэл бодолтой залуучуудыг намын ранкаар дэмжиж тойрогт болон жагсаалтад нэр дэвшүүлээд намын пи ар-аар явж чадах юм бол ялах магадлалтай гэж харж байгаа. Тиймээс залуучууд өөр хандлагаар хараасай. Энэ удаа энэ хараагаа өөрчилж чадахгүй сонгууль өнгөрч болно. Харин 2028 оноос залуучууд хүссэн хүсээгүй дөрөв сонгогдсон парламентын гишүүдийг ч ялдаг болно. Жишээ нь сая Америкт өнгөрсөн Сенатын сонгуулиар дөрвөн удаа мужийн захирагч байсан хүнийг 29 настай залуу ялсан. Энэ нь тодорхой хэмжээний ажил хэргийн санаатай, нам гэдэг зүйл дээр тулгуурлаж, заавал мөнгөтэй байж улс төрд ордог гэдэг үзэл бодлыг халж чадвал боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

-Энэ удаа залуучууд чадахгүй байж болох ч 2028 оноос хүссэн хүсээгүй мөнгө улс төр биш болж, олон сонгогдсон гишүүд бүгд явна-

-Мөнгөтэй хүн л улс төр хийдэг, хол явах боломжтой гэдэг ойлголт хараахан үгүй болоогүй хэвээр байгаа. Гэсэн ч мөнгөгүй залуучуудыг жишээ нь МАН энэ удаагийн сонгуульд зүгээр л дэмжье, зөв байна гээд дэмжих болов уу?

-Би жишээ нь 1990 оных, 34 настай. Намын харьяалалгүй. Бид сонгуулийн насны 51 хувийг бүрдүүлнэ. Хүн амын 71 хувь нь бид гэсэн үг. Би мөнгийг нэг номер гэж үзэхгүй байгаа. Манай үеийнхэн одоогийн нийгмийн даатгал өндөр байгаа, өглөө хүүхдээ хүргэж өгч байгаа зэрэг энэ асуудлуудыг яг мэддэг. Өөрөөр хэлбэл нийгмийн бодит асуудлуудыг мэдэж байгаа энэ үе өөрөө ирэх сонгуулийн 50+1.

Тиймээс нам засгийн эрхийг авахын төлөө байдаг учир энэ залуучууд бид ийм гэдгээ хэлэх юм бол мөнгө бодохгүй байх боломжтой гэж харж байгаа. Яагаад би МАН-ыг сонгоод байгаа вэ гэхээр надаас 10 ах Л.Оюун-Эрдэнэ сайд 10 дүү хүний амьдралыг мэдэх учраас мөнгө шаардахгүйгээр юу хийсэн бэ, ямар ажлын туршлагатай вэ, яагаад нэр дэвшихээр яваад байна вэ гэж асуух юм бол "D Parlamient" цахим системийг бий болгосон, хүүхэд харах үйлчилгээг санаачилсан, үндсэн хуулийн парламентын боловсрол, засаглалынхаа талаар залуус ойлголттой байгаад хамтарч чадвал нийгэмд өөрчлөлт хийж чадна гэдгээ илэрхийлнэ.

Ингэснээр буюу өөрийгөө болоод энэ үеийн үзэл бодол, боломж, хүчээ зөв илэрхийлснээр мөнгөгүй ч дэмжигдэх боломжтой гэж хараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, нам мөнгөн дээр фокуслахгүйгээр энэ үеийнхэнд ийм давуу тал, боломж байгаа юм байна гэж хараад, дэмжээд өгвөл асар олон залуус орж ирэх боломжтой.

-Тэгэхээр чадвартай, хэлэх үгтэй, хийсэн юмтай залуучууд тоогдох боломжтой гэж хэлж байна уу?

-Энд нэг оч бадамлах гэж байгааг би мэдэж байгаа. Энэ очийг ядаж дөрвөн циклийн өмнө нээе л гэдэг санаатай. Өнөөдөр миний ярьж байгаа энэ зүйлийг зарим нь ойлгоогүй байж болно. Гэхдээ 2028 оноос хүссэн хүсээгүй сонгуулийн 80 хувийг залуучууд бид шийдээд ирэхээр олон сонгогдсон гээд байгаа настай гишүүд аандаа байхгүй болно. Харин тэр цагт бид гоншигносон хэвээрээ, нэг нэгнээсээ боломж ирэхийг хүлээгээд байхгүйн тулд ийм шийдвэр гаргасан. Залуучуудад буюу энэ үед ялах боломж нь одоо ирчихсэн учраас боломж олгооч ээ. Парламент гэдэг нийд ард иргэдийн төлөө ажилладаг хууль тогтоох дээд байгууллага. 25 нас хүрчихсэн бол бүх сегментийн төлөөллийг оруулах эрх мэдэл нь намд байгаа гэдэг утгаараа нам руу илүү хандаад байгаа гэсэн үг.

-Таныг энэ удаа ялахын тулд биш дараа дараагийн боломж гарцыг нээх эхлэлийг тавихын тулд дэвшихээр шийдсэн гэж ойлгож болох уу?

-Өнөөдөр бидэнд ялах боломж байгаа гэж харж байна. Өөрөөр хэлбэл залуучууд залуучуудаа дэмжвэл ялах боломж байгаа гэдэг байдлаар харах хэрэгтэй. Болдог юм аа гэдгийг харуулахаар би өнөөдөр явж байна. Сонгуулийн дүн хэрхэхийг би мэдэхгүй. Тэр хүртэл бидэнд боломж байсаар байгаа. Өнөөдөр хамгийн гол нь энэ удаагийн парламентын сонгуулиар сүүлийн 34 жилд төрсөн залуучуудаас хамгийн анхны гишүүд төрнө. Бид үнэхээр ардчилсан орон юм бол 26, 27 настай парламентын гишүүдийг харах ёстой. Ингэснээр олон улсад манайх ардчиллаа харуулж чадна.

-Залуучуудад залуучуудаа сонгох сонгогчийн боловсрол ямар түвшинд байгаа бол?

-Залуучуудын сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх, сонгогчийн боловсролыг нь дээшлүүлэхийн тулд үеийнхнийг нь л нэр дэвшүүлэх ёстой. Энэ удаагийн сонгуулийн 51 хувийг 18-39 насныхан бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ 51 хувийг сонгуульд оролцуулахын тулд тэдний төлөөллийг дэвшүүлэх нь зөв. Үгүй бол талаас илүү хувийг бүрдүүлж байгаа талаас нэг ч гишүүн сонгогдохгүй. Харин 49-ийг бүрдүүлж байгаа буюу нөгөө л өмнө нь байсан хүмүүс нь 126-д сонгогдох юм бол иргэдийн төрд итгэх итгэлийг үгүй хийж, залуучуудын парламентад оролцох боломжийг хаана гэсэн үг.

Тиймээс залуучуудад энэ талын мэдлэг олгохын тулд тэдний төлөөллийг л дэвшүүлэх чухал. Ингэснээр нийгэмд шударга гараа бий болно. Мөн олон залуучууд парламентын түвшинд орж ирснээрээ нийгэм цэвэршинэ гэж хараад байгаа. Нөгөө талаас хамгийн гол зүйл нь одоо байгаа УИХ-ын гишүүд технологийн дэвшил, инновац нэвтрүүлэх тал дээр хойрго байна. Энийг ярьсан гишүүд нь адлуулдаг, энийг ярьсан үйл явцууд нь эхлээд гацчихдаг. Гэтэл энд залуучууд оролцох маш дуртай байгаа. Жишээ нь нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулах, НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох, цалинтай ээжийн 50 мянгыг нэмэгдүүлэх, газрын тухай хуулийг цуцлахаар 612,000 залуучууд давхцахгүйгээр саналаа өгсөн. Үндсэндээ энэ жил сонгууль өгөх 2.2 сая хүний 600 мянга нь парламент дээр энэ дөрвөн асуудлыг шийдээч гээд санаа өгчихсөн. Гэтэл парламент энийг хэлэлцэхгүй байгаа нь яг энэ 600,000 хүнийг сонгуулиар идэвхгүй байх ажлыг өөрсдөө буюу нөгөө гараараа хийж байгаа хэрэг л дээ. Харин энэ асуудлуудыг хэлэлцчихвэл цахимаар санал өгсөн дээр дурдсан 612,000 хүн саналаа идэвхтэй өгнө.

Өөрөөр хэлбэл парламент бидний төлөөллийн байгууллага, нэмдэг нь бид цахимаар шилжээд үндсэн хуульд зааснаар шууд оролцох боломжоо эдэлж байгаа юм байна гэдэг ойлголттой болж ахиц гарна гэсэн үг. Саналаа давхцахгүй өгсөн энэ 612,000 иргэдийн 80 хувь нь 18-35 насныхан. Үндсэндээ миний хэлээд байгаа 51 хувийг бүрдүүлэх 1.2 сая залуучуудын 600,000 нь цахим байдлаар одоо саналаа өгчхөөд байхад парламент хэлэлцэхгүй гэдэг нь энэ хүмүүсийн саналаа өгөхгүй байх хувийг дахиад 50 хувь бууруулна гэсэн үг. Тиймээс энэ залуучуудын дуу хоолойг мэдэрч, яг адилхан үзэл бодолтойгоор парламентад манлайлж орохгүй л бол болохгүй.

Нөгөө талаас намууд тойрог том болонгуут залуучууд худлаа гэдэг ойлголтыг анхнаасаа өгөөд эхэлсэн. Бид ч гэсэн тойрог том болохоор залуучууд боломжгүй гээд бодчихсон. Гэтэл тоон дээр харьцуулаад үзэхээр бид дандаа 51 хувьтай буюу илүү боломжтой гэж харагдаад байгаа. Тиймээс парламентад олигархууд, баячууд эсвэл сугалаа сугалуулдаг хүмүүс ордог гэдгийг хүлээн зөвшөөрч болохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн гэдэг хуулиараа 25 нас хүрчихсэн хэн ч байж болно. Аль ч улсын парламент ухаантан, өөгүй алдаагүй хүмүүсийн цуглуулга байдаггүй. Одоогийн нийтлэг ойлголтоор бол залуу бол парламентад орж болохгүй, эсвэл парламентад өөр хүмүүс байдаг гээд төгс хүмүүс хайгаад байдаг. Гэвч бусад улс орны парламентад алдаатай нь ч, оноотой нь ч байж л байдаг шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-03-20 08:50

За хүү минь з�##�уучууд з�##�уучуудаа сонгоод гаргаад ирнэ гэдэгт итгэлтэй байгаа юм уу ах нар чинь сүүлийн 2 УИХ-н сонгуулийг хар машинаар луйвардаж авсан магадл�##� маш өндөр шүү дээ

Зочин
Зочин
2024-03-20 09:45

З�##�уучууд гэж яг хэдэн настай хүмүүсийг хэлээд байна. Хэт з�##�уу ажил хийж үзээгүй, амьдр�##�ын туршлагаггүй хүмүүс бол бас худлаа л байдаг юм байна шүү. Ядаж л хүнээр удирдуулж ажиллаж үзээгүй хүмүүс хүн удирдана гэж байдаггүй л юм байна. Энэ Оюукийн эргэн тойрныхныг хараад байхад нэг л бишээ.

Зочин
Зочин
2024-03-20 11:03

Eр нь энэ заавл з �##�уу хөгшин гэж туйлширдаг их буруу л даа. Ямар ч нийгэмд бүх насныхан л байдаг. Одоогийн энэ Элбэгдорж, Баярцогт, Сайханбилэг тэргүүтнийг дөнгөж хорин хэдтэй байхад нь л з�##�уучууд гээд л сонгож гаргаж ирсэн. Төр барьж чадахгүй л бужигнуулсан. Хүнд төр барих насанд хүрэх гэж нэг юм бас байнаа байна

Зочин
Зочин
2024-03-20 11:04

Трамп, Байдeн, Ши жинпин, Путин, Моди гээд бүр настай хүмүүсээ их гүрнүүд төр бариулаад байдаг ч бас учиртай шүү

Зочин
Зочин
2024-03-20 16:44

Энэ сонгуулиар дахиад хулгайч нар сонгогдоно гэсэн үг үү

Иргэн
Иргэн
2024-03-20 21:32

28 онд биш ээ. Одоо з�##�уучууд гараад ир. Дэмжий

монгол
монгол
2024-03-21 15:42

Иргэдийн нас хүйсээр ялгаварлан гадуурхах �##�ь нэгэнд нь давуу байд�##� олгохыг үндсэн хуулаар хориглосон байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд жендериын асууд�##� яриад гишүүдийн 30-40 хувь нь эмэгтэй байх ёстой гээд л хуульчилчихлаа одоо 60-70 хувь нь 40 оос доош насны з�##�уус байна ч ингэж хас хүйсээр нь ялгаварлаж �##�ь нэгэнд нь давуу байд�##� олговол энэ нь хууль бус үйлдэл болно ,

Зочин
Зочин
2024-03-21 15:52

Тэнэг новш вэ. УИХ -д орох гэж яасан их улайр ч байна аа, Удирдлах зөвлөлд сан�##�аа өгсөн ч гэх шиг.чамайг нэр дэвшүүлнэ гэж юу байдаг юм, Хэдэн жилийн өмнө Хэнтийгээс сонгогдсон Гантулга ч билүү хэн ч билээ Баян өлгийн Мурат нарын з�##�уучуудын төлөөлөл УИХ-д ороод юу бүтээсэн юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button