Top StoriesНийгэм мэдээСурвалжилга

Сурвалжилга: Иргэд өмхий мах худалдаж авсаар ч холбогдох байгууллагад гомдол ирээгүй байна

Ойрын хэдэн өдөрт нийслэлд худалдаалж байгаа махны чанарын асуудал олон нийтийн анхааралд буй. Учир нь “Хөдөө орон нутгаас нийлүүлж байгаа мах болон мах бэлтгэлийн газар, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд эрүүл ахуйн стандарт байхгүй, худалдааны төв, ресторанууд өмхий махаар хоол хийж байна” хэмээн шүүмжлэх болсон.

Бид дээрх мэдээллийн дагуу цахим хуудастаа "Таныг өдөр тутмын хэрэглээ болсон махаа худалдан авах үед өмхийрсөн эсвэл чанарын шаардлагад нийцэхгүй тохиолдол гарч байна уу?" гэсэн санал асуулга явуулахад нийт оролцсон иргэдийн 80 хувь нь "Тийм" 20 хувь нь "Үгүй" гэсэн хариултыг өгсөн байна. Цаашлаад" Баянзүрх зах, Нисэхийн эцсийн дэлгүүрүүд, Шөнийн зах зэрэг худалдааны төвөөс мах худалдан авахад өмхийрсөн байсан" гэж хариулжээ.

Eguur.mn агентлаг худалдааны төвүүдээс мэдээлэл бэлтгэлээ.

-Бид мах авахдаа гарал үүслийн бичгийн нь маш сайн шалгадаг. Манай маханд ямар ч асуудал байхгүй-

Шөнийн зах 15:10 цаг

Зам дагуу байрлах уг захаас ойр хавийн оршин суугчдын дийлэнх нь хүнсээ базаадаг. Хэзээний хөл хөдөлгөөн ихтэй энэ захын махны тасгийн худалдан авалт буурсан нь иргэдээс илүүтэй худалдаачид их байгаа нь илтгэнэ. Худалдан авалтын талаар Шөнийн захын худалдаачин “Эмээлтийн махны асуудлаас болж иргэдийн худалдан авалт эрс буурсан нь үнэн. Одоо захаар яваа хүмүүсийн тоог харсан уу. Манайх өмнө нь хүн багатай байлаа гэхэд арай ч ийм байсангүй. Бидний маханд эргэлзэх шаардлага байхгүй.

Манайх Дэнжийн мянгаас махаа авдаг. Дэнжийн мянгаас авчирсан мах гарал үүслийн бичиг өгдөг шүү дээ. Нэгэнт иргэд итгэхээ больсон юм чинь ядаж бичиг баримт, юмнууд нь байгаа гэж л итгэл төрүүлж байна.

Зарим иргэн гарал үүслийн бичгийг чинь харъя гэж өөрсдөө шаардах болсон. Тэр нь ч зөв. Аль аль талдаа итгэлцэл үүсгэхийн тулд бичгээ харуулна. Зарим нэгэн бизнес эрхлэгчдээс болж бид хүртэл хэлмэгдэж, борлуулалт асар их унаж байна” гэлээ.

Худалдаачин Л.Осор: Цахимаар өмхийрсөн мах манайхаас авсан гээд хоёр гурав хоног сэвэгдлээ. Үнэхээр тийм байсан юм бол мэргэжлийн хүнээ авч ирээд шалга л даа. Их сүр дуулиантай ирэх нь гэж бодтол одоо хэр нь ирээгүй л байна. Угаасаа ирсэн ч амжилт олохгүй дээ.

Бид бүгд гарал үүслийн бичигтэй мах худалдаалж байгаа. Тийм болохоор ямар нэгэн асуудал байхгүй. Үнэхээр асуудалтай гэвэл боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд л байна байх. Бид нэг гараас нөгөө гарт шат дамжлагагүй органик зүйл хүргэж байгаа” хэмээв.

Худалдаачид ер нь энэ асуудалд ихэд ундууцангуй таагүй байцгаана.

Зах, худалдааны төвүүдээр “Эмээлт”-ийн махны асуудлаас үүдэн махны борлуулалт тодорхой хэмжээгээр буурч, худалдагчид махны гарал үүслийн бичгийг өргөмжлөл шиг л харуулахад байнгын бэлэн байдалтай шахуу байгааг махны худалдааны төвийн дүр зураг илтгэнэ. Харин иргэд юу гэж ярив.

-Шуналтай бизнес эрхлэгчдээс болж иргэд хохирч байна. Мэргэжлийн байгууллагууд дор бүрнээ хяналт шалгалтаа тавьдаггүй-

Иргэн Б: Манайх голдуу Дэнжийн 1000-аас махаа худалдаж авдаг. Дэлгүүрээс авна гэхээр шаардлага хангахгүй мах зараад байдаг. Ерөнхийдөө итгэдэггүй дээ. Бөөрөнхийлсөн мах нь задлаад үзэхээр үнэхээр муухай хялгас, ноостой болохоор хэн дахиж худалдан авалт хийе гэж бодох вэ дээ. Худалдаачид гадуур нь гоё өөхөөр бүтээж байгаад гялгар уутаар ороочихсон хөлдүү мах зарна. Гэртээ аваачаад гэсгээгээд задлахаар маш онцгүй мах байдаг.

Миний эргэн тойрны хүмүүс махыг дэлгүүрээс худалдаж авах их дургүй байдаг. Найдвартай гээд амьд мал ч юм уу эсвэл зах худалдааны төв рүү эрт очиж л авдаг даа.

Иргэн Д: Энэ жил монголчуудын хувьд маш хүнд өвөлжилт, хаваржилт болж байна. Маш олон мал хорогдсон. Малчид, иргэд үхсэн малынхаа махыг оруулж ирээд борлуулаад байна уу даа гэсэн хардлага төрөөд байна. Манай гэр бүл махаа "Саруул" төвөөс худалдаж авдаг. Эмээлтийн өмхий махны талаар хүмүүс их яриад байна. Энэ асуудал дээрээ нарийн хяналт тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол бид ямар мах идээд байгаагаа ч мэдэхгүй байна шүү дээ. Өлсөөд турж үхэхгүйн тулд яасан нь мэдэгдэхгүй мах аваад идэж байна. Төр засаг янз бүрийн арга хэмжээ авч байна л даа. Гэхдээ дорвитой авах хэрэгтэй.

Эмээлтийн муудсан махыг янз бүрийн химийн хольцтой гэж яриад л байна. Чухам тэрийг үнэн, худал гэдгийг л ард түмэнд зарлах хэрэгтэй. Ингэхгүй бол тэндээс л янз бүрийн мах ирээд байна уу гэсэн ойлголттой байгаад байна. Мөн цаашлаад ярих юм бол захын цайны газрууд ямар махаар хоол хийж байгаа вэ гэдэг нь тодорхой бус. Тийм учраас эдгээр бүх хардлагын дагуу цаг алдалгүй холбогдох байгууллагууд нь шалгалт хийгээд бодит үр дүнг нь ард түмэндээ хэлчихмээр байна. Хоёрдугаарт, авч байгаа арга хэмжээ тодорхой байх хэрэгтэй. Махны аюулгүй хэрэглээг шалгалаа л гэдэг, шүүхэд өглөө л гэдэг. Энэ бүхэнд хугацаа алдаад байна. Хариуг нь хүлээгээд байхад л ямар ч сураг чимээ байхгүй “Шалгаж байна аа” л гэдэг. Энэ асуудлыг тийм удаан шалгаад байх шаардлага байдаг гэж үү.

Иргэн Н: Хүнсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг бол мах. Миний ойлгосноор энэ махны цаана Хятадууд л байдаг сурагтай. Хятад хүнд махаа хариуцуулчхаад сайхан байгаа юм хаана байна. Би тэрэнд л их эргэлзэж байгаа. Ер нь бол тэр Хятадуудыг л янзлах ёстой. Бид малынхаа махыг янзлаад идчихэж чадна шүү дээ. Хүнсний аюулгүй байдал ялангуяа махны асуудал дээр ажлаа хийж чаддаг мэргэжилтнүүдийг бий болгох хэрэгтэй.

ХААИС зэргээс эхлээд олон сургууль байгаагийн үндэс юу билээ. Зүгээр нэг шуналтай бизнесийн гарт бүх юмыг өгмөөргүй байна. Миний хувьд махаа хөдөөгөөс л авчихдаг. Тэр бол хамгийн найдаж болох ганц арга болоод байна.

Махны худалдаачид болон иргэд өмхийрсөн мах борлуулж байгаа эсэх дээр харилцан адилгүй хариултуудыг өгч байлаа. Иймд махны хяналт шалгалтын талаар Нийслэлийн мал эмнэлгийн ерөнхий газартай холбогдож тодрууллаа.

-Бид иргэдээс ирсэн санал гомдлын дагуу л очиж шалгадаг, одоогоор ямар ч гомдол ирээгүй-

Нийслэлийн мал эмнэлгийн мэргэжилтэн н.Нямбаатар: "Иргэд том зах худалдааны төвүүдээс худалдан авалт хийхдээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй эсвэл өмхийрсөн мах аваад гомдол санал ирүүлэх юм бол тухайн газрыг очиж шалгадаг. Одоогоор бидэнд ямар ч санал гомдол ирээгүй байна. Хэрэв өмхий мах зарж байгаа нь шалгалтаар нотлогдвол махыг нь хурааж, устгалд оруулдаг. Хамгийн сүүлд сар шинийн баярын үеэр хамгийн их асуудал ихтэй байдаг Эмээлт, Шонхор, Шөнийн зах зэрэг худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт хийсэн. Ямар нэгэн зөрчил гараагүй. Харин одоогийн байдлаар Эмээлтийн үйлдвэр дээр хяналт шалгалт хийгээд явж байгаа. Удахгүй хариу нь гарахаар олон нийтэд мэдээлнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
2024-03-26 11:54

Хаана хандах ёстой юм бэ. Хаяг, утас нь хэрэгтэй байна

Зочин
Зочин
2024-03-26 14:15

Manjin baihad mahaar yaahav

Зочин
Зочин
2024-03-26 15:23

Ороосон машиндсан шулсан гэх цул мах битгий авч бай хог шүүүүү олон түмээн

Холбоотой мэдээ

Back to top button