Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-д хайрын баяраар хосууд зардлаа танасан нь эдийн засгийн тааруу байдалтай холбоотой

Товч агуулга: Хятадын Валентин гэгддэг Чиши баяраар хосууд бэлэг сэлтэд их хэмжээний мөнгө зарцуулдаг байв. Гэвч энэ жилийн баяраар хосууд зардлаа танасан байна. Энэ нь БНХАУ-ын эдийн засгийн тааруухан нөхцөл байдалтай холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм.


БНХАУ-д Чиши нэртэй эртнээс тэмдэглэж ирсэн үндэсний баяр байдаг. Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үед, Чиши баярын үеэр аварга том сарнай цэцгийн баглаа барьсан залуу хосуудын дүр зураг олноор харагддаг байсан юм.

Тус эртний баяр нь хайр, үнэнч байдлыг тэмдэглэдэг, нэг ёсондоо Хятадын Валентины өдөр гэж хэлж болно. Баяраар хүмүүс цахим сүлжээд шинэ iPhone болон Louis Vuitton брэндийн цүнхийг бэлгэд авсан тухайгаа, мөн тансаг зоогийн газар оройн хоолоо зооглосон зургаа нийтэлдэг байжээ.

Тус баяр ихэвчлэн жил бүрийн 7 эсвэл 8 дугаар сард болдог. Энэ жилийн баяр өнгөрсөн бямба гарагт /2024.08.10/ тохиосон. Гэвч энэ удаагийн баярын уур амьсгал өөр байв.

Хүмүүс цахим орчинд бэлэг солилцоо нэг их болоогүй талаар болон баярын уур амьсгал муу байгаа талаар бичжээ.

Хятадын “Weibo” платформ дээр “Хятадын Валентины өдрөөр худалдан авалт огцом буурлаа. Залуус хайрын татвар төлөхөөс татгалзаж байна уу?” гэсэн хэйштаг №1 хандалттай болж, 200 сая хандалт авсан байна.

"Чиши баяр өмнөх жилүүдийнх шиг эрч хүчтэй биш байна. Бараг эзгүй шахуу боллоо" гэж нэгэн хэрэглэгч бичжээ. Цэцгийн дэлгүүрийн эзэд "Xiaohongshu" платформ дээр худалдан авалт буурсан талаар бичиж, зарагдаагүй сарнайнуудын зураг нийтэлсэн байна.

Бусад нийтлэлүүд улсынх нь эдийн засаг сайн байсан үед хосууд зарцуулах мөнгөтэй байсан талаар санагалзсан байв. Өнгөрсөн жилээс хойш БНХАУ-ын эдийн засагт үл хөдлөх салбарын уналт, өрийн хямрал, иргэнийн хэрэглээ буурсан зэрэг асуудлууд тохиолдоод байгаа билээ.

Эдийн засгийн тааруухан төлөвтэй холбоотой

Сингапурын Үндэсний Их Сургуулийн дэд профессор Альфред Ву Чиши баяраар их хэмжээний худалдан авалт хийдэг байсан залуу иргэд одоо ажлын байр олоход хүндрэлтэй байгааг онцлов.

Тэрбээр "Нийтийн сэтгэлзүй маш муу байгаа тул хэрэглэгчид зардлаа танаж байна" хэмээж сөрөг сэтгэлзүй нь бусад баяруудад ч ажиглагдаж буй ерөнхий зүй тогтол гэжээ.

Зургийн эх сурвалж: Metro

“IG” арилжааны фирмийн зах зээлийн стратегич Йеап Жун Ронг хэрэглээ буурсан гэх анекдот баримтууд нь сүүлийн хоёр жилд БНХАУ-д ажиглагдсан сул хэрэглээний чиг хандлагатай нийцэж байна хэмээв.

Жун Ронг Хятад иргэдийн хэрэглэгчийн эдийн засагтаа итгэх итгэл түүхэн доод түвшинд хүрч байгааг онцолжээ.

Эдийн засагт итгэх итгэл тааруухан байгаа нь БНХАУ-ын худалдаа болон бусад мэдээллээс харагдаж байгаа юм. “CNN” агентлаг Хятадын гаалийн албан ёсны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, энэ оны эхний алмаазны импорт 2023 оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар буурсныг илрүүлсэн байна.

Баасан гарагт /2024.08.09/ Хятадын Гадаад валютын удирдлагын газар тайлан гаргасан юм. Тус тайланд БНХАУ-д орж ирж буй шууд хөрөнгө оруулалтын өр дөрвөөс зургаадугаар сард 15 тэрбум гаруй ам.доллароор буурсан байна.

1998 оноос хойш шууд хөрөнгө оруулалтын өр хоёр удаа л ийм хэмжээгээр буурч байсан юм.

Хятадын хосууд мөнгөө хэрхэн зарцуулж байгаа нь дэлхийн бизнесүүд болон БНХАУ-ын засгийн газрын хувьд чухал асуудал. Сүүлийн үе“L’Oreal”, “Volkswagen” зэрэг компаниуд Хятадад эрэлт сул байгааг анхааруулсан онцолжээ.

“L’Oreal”-ийн гүйцэтгэх захирал Николас Херонимус “Хэрэглэгчийн итгэл бага хэвээр байгаа дэлхийн цорын ганц хэсэг бол Хятад улс юм” гэж өнгөрсөн сард хэлсэн байна

Тэрбээр эрэлт муу байгааг БНХАУ-ын ажлын зах зээл суларч үл хөдлөх хөрөнгийн салбарын асуудалтай холбоотой гэжээ. Энэ жил дэлхийн гоо сайхны салбарын өсөлт таамаглалаас тааруухан байгаагийн гол шалтгаан нь Хятадад хэрэглээ сул байгаа явдал гэж Хероминус хэлсэн юм.

“WPP” сурталчилгааны агентлагийн өнгөрсөн долоо хоногт тайлан гаргахдаа хоёрдугаар улиралд БНХАУ-д хийсэн орлого нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бараг дөрөвний нэгээр буурсан гэжээ.

Тус агентлагийн санхүүгийн захирал Жоанн Вилсон "Би энэ оны хоёрдугаар хагаст БНХАУ-д нөхцөл байдал хүнд хэвээр болно гэж таамаглаж байна. Бүтэн жилийн орлого хоёр оронтой тоогоор буурах байх" хэмээсэн байна.

“Volkswagen” болон “Mercedes” компаниуд БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвт мөн адил бүрхэг хандлагатай байгаа юм.

“Mercedes Benz Group”-ийн дарга Ола Каеллениус "Өнгөрсөн жил ковидийн дэглэм дууссаны дараа хэрэглэгчдийн зарцуулах хүсэл хэзээ ч эргэж ирээгүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Хятад иргэдийн хэрэглээ хэзээ сэргэх нь тодорхойгүй байна” гэжээ.

Хятадын эрх баригчид хэрэглэгчдэд чиглэсэн дэмжлэгийн бодлого хэрэгжүүлж, 2024 оны үлдсэн хугацаанд эсрэг циклийн зохицуулга хийхээ амласан юм. Гэвч томоохон компанийн захирлууд болон шинжээчид хэрэглээ сэргэхгүй гэж таамаглаж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button