Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

БНХАУ ховор металлын экспортод хязгаарлалт тавьж байгаа нь баруунд дарамт болно

БНХАУ үндэсний аюулгүй байдлыг хамгаална гэх зорилгоор сурьма болон бусад элементүүдийн экспортод хязгаарлалт тавих гэж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Сүүлийн үед Бээжин чухал ашигт малтмалын экспортод тавьж буй хязгаарлалтаа нэмэх болсон юм. Өнгөрсөн жил дэлхийн сурьма олборлолтын 48 хувийг БНХАУ хийсэн байна.

Ийм учир сурьмагийн тал гаруй хувийг олборлодог улс экспортдоо хориг тавих нь чухал ашигт малтмалын салбарт нөлөөлөх нь дамжиггүй.

БНХАУ-ын Худалдааны яам энэхүү мэдэгдлийг гаргахдаа эдгээр хязгаарлалтууд нь үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах, мөн түүнчлэн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэх мэт олон улсын өмнө үүрэг хариуцлагыг биелүүлэхийн тавьж байгаа гэсэн юм.

Тус яамны төлөөлөгч уг хязгаарлалтууд нь тодорхой нэг улс орон эсвэл бүс нутгийг чиглээгүй гэж хэлсэн байна.

Сурьма гэж ямар элемент вэ

Сурьма бол Sb химийн тэмдэгтэй атомын дугаар нь 51 бүхий элемент. Тус элементийг эрт дээр үеэс эмчилгээ болон гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглаж иржээ.

Гялалзсан саарал өнгөтэй энэ металлыг галд тэсвэртэй бодис бүтээхэд хамгийн их ашигладаг байна. “CICC” брокерын компани мэдэгдсэнээр 2023 онд олборлосон сурьмагийн тал гаруй хувийг ийм бодис бүтээхэд ашигласан юм.

Зургийн эх сурвалж: Geology Science

Мөн нийт олборлосон сурьмагийн тавны нэг нь сайн чанарын нарны хавтан бүтээхэд ашигладаг байна. Үлдсэн сурьмагийн ихэнхийг хар тугалганы хүчлийн зай хураагуур бүтээхэд хэрэглэдэг юм.

Сурьма орчин үеийн цэргийн техник бүтээхэд шаардлагатай учир стратегийн ач холбогдол бүхий металл. Тухайлбал хэт улаан туяаны пуужин, цөмийн зэвсэг болон шөнийн харааны дуран бүтээхэд тус металл шаардлагатай.

БНХАУ ямар хязгаарлалт тавив

Есдүгээр сарын 15-наас эхлэн хэрэгжих тус хязгаарлалт нь сурьмагийн хүдэр, сурьмагийн металл, сурьмагийн исэл зэрэг зургийн төрлийн сурьматай холбоотой бүтээгдэхүүнүүдэд хамаарна.

Мөн тус хязгаарлалтад алт, сурьмаг хайлуулж салгах технологийг зөвшөөрөлгүйгээр экспортлохыг хоригложээ.

Экспортлогчид цэргийн болон иргэний зориулалттай технологид ашиглаж болох сурьмаг гадагшаа худалдах хүсэлт гаргаж, лиценз авах ёстой болох юм. Лиценз авах процесс нь БНХАУ-д ойролцоогоор гурван сарын хугацаа шаарддаг байна.

Өмнө нь БНХАУ галли, германий экспорт дээр үүнтэй ижил хязгаарлалт тавьсан юм. Салбарын эх сурвалжууд хэлснээр зарим экспортлогчид ийм лиценз авч чадаагүйтэй хавсран зарим гадаад худалдан авагчид юуны тулд металлыг авч буйгаа мэдэгдэхийг хүсээгүй тул БНХАУ-ын галли болон германий экспорт буурсан байдаг.

Сурьмагийн үнэ энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрсэн байгаа дээр БНХАУ-ын экспорт буурвал үнэ цааш нэмэгдэх хандлагатай.

Яагаад сурьмагийн үнэ тэнгэрт хадав

Одоогоор мэдэгдэж буй сурьмагийн нөөц нь дэлхийн эрэлтийг 24 жилийн турш хангана гэсэн тооцоо бий. Тус элементийн нөөц нь лити гэх мэт бусад газрын ховор металлтай харьцуулахад хамаагүй бага байдаг.

Хүдрийн агууламж буурч, байгаль орчныг хамгаалах илүү хатуу хууль батлагдсаны улмаас БНХАУ-ын сурьмагийн хүдрийн боловсруулалт 2020 онд 61 мянган тонн байснаас 2023 онд 40 мянган тонн болж буурсан юм.

2024 оны эхний хагаст БНХАУ-ын боловсруулаагүй сурьма, тэр дундаа гулдмайны экспорт өмнөх оны мөн үеэс 45 хувиар буурчээ.

Нийлүүлэлт буурснаас гадна нарны эрчим хүч болон цэргийн салбарт эрэлт нэмэгдсэний улмаас сурьмагийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.

БНХАУ-ын хязгаарлалт ямар үр дүнд хүргэх вэ

Лондонд байрладаг “Hallgarten & Company” компанийн уул уурхайн стратегич Кристофер Эклестон “Энэ бол томоохон үйл явдал” хэмээжээ.

Тэрбээр “Цэргийн зориулалтаар ашиглагддаг сурьма одоо бусдыг шахалтад оруулах хэрэгсэл боллоо. Зэвсэг бүтээх гэсэн хэнд ч бай тус элемент хэрэгтэй болохоор худалдахаас илүү хадгалсан нь дээр. Энэ шийдвэр АНУ болон Европын цэргийн хүчнүүдэд томоохон дарамт учруулах болно” гэсэн юм.

“LSEG Workspace” фирмийн мэдээлснээр 99.65 хувийн хольцгүй чанартай сурьмагийн үнэ долоодугаар сарын сүүлээр тонн нь 22 мянган ам.доллароос давж түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.

Өнгөрсөн лхагва гарагаас /2024.08.14/ хойш БНХАУ-д 99.91 хувийн хольцгүй чанартай сурьма тонн нь 162,500 юань (22,657 ам.доллар) давж арилжиж байгаа юм.

БНХАУ-аас сурьма худалдан авагчид шинэ хязгаарлалтын улмаас материал нөөцөлж авах гэж эрмэлзэж байгаа тул энэ жил тонн сурьмагийн үнэ 8 мянган ам.доллароор нэмэгдэж 30 мянган ам.доллар давж магадгүй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters, CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Алтай
Алтай
2024-08-21 20:21

Хятад гүрэн нарийн мэдрэмжтэй, уха�##�аг. Санааг нь гүйцэх үү . Сайн судлаж байгууштай хөрш

Лхагва
Лхагва
2024-08-21 21:57

Зөв

Зочин
Зочин
2024-08-22 04:36

Америк буруунлуу дайн зарлаагүй байхад өөрсдөө лих үймээн өдөөх мэт

Холбоотой мэдээ

Back to top button