Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Иран руу довтлох үндэслэлээ гаргаж ирлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт Конгресст тавьсан улсын нөхцөл байдлын талаарх итгэл дээрээ Иран руу довтолж магадгүй үндэслэлээ гаргар ирэв. Тодруулбал Трамп “Дэлхий дээрх терроризмын хамгийн том ивээн тэтгэгч улс цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй” гэж хэлсэн юм.

Трамп Ойрхи дорнодод цэргийн асар их хүч төвлөрүүлсэн байгаа. Тэр Иранд цохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэж зарим хүн таамаглаж байна. Гэвч яагаад цэргийн арга хэмжээ авах гэж буйгаа АНУ-ын ард түмэнд тайлбарлаагүй явсан.

Тэгвэл илтгэл дээрээ Трамп Техран дэлхий даяар зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж, жагсагчдыг хөнөөж байна хэмээв. Мөн Ираны баллистик пуужин хөгжүүлэх хөтөлбөр болон уран баяжуулж буй явдал нь Ойрх дорнодоос гадна АНУ-д аюул учруулж байна гэж тэр хэлжээ.

Трампын Конгрессын өмнө тавьж байсан илтгэлийнхээ 90 дэх минутад "Ираны дэглэм болон тэдний гар хөл болсон алуурчид терроризм, үхэл, үзэн ядалтаас өөр юу ч тараасангүй" гэж хэлсэн байна. Тэр Ираныг цөмийн хөтөлбөрөө дахин эхлүүлж, тун удахгүй АНУ-д хүрэх чадвартай пуужин бүтээнэ гэжээ. Мөн АНУ-ын цэргийн алба хаагчид болон энгийн иргэдийн аминд хүрсэн халдлагууд гарсанд Ираныг буруутай гэж Трамп хэлсэн байна.

Ираны төрийн өмчит мэдээллийн агентлагууд Техран Хойд Америкт хүрэх чадвартай пуужин зохион бүтээж байгаа гэдгийг баталж мэдээлсэн. Одоогоор Вашингтон, Техран хоёр цөмийн хөтөлбөрийн асуудал дээр зөвшилцөлд хүрэхээр хэлэлцээ явуулж байгаа. Хэрэв хоёр улс энэ асуудлаарх олон жилийн маргаанаа шийдвэрлэж чадахгүй бол хэдэн долоо хоног үргэлжлэх мөргөлдөөн үүсэж магадгүй юм.

Вашингтон, Техраны төлөөлөгчид тохиролцоонд хүрч чадаагүй байгаа явдалд Трамп дургүйцэж буйгаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Конгрессын өмнө илтгэл тавихдаа тэр "Иранчууд гэрээ байгуулахыг хүсэж байгаа ч 'Бид хэзээ ч цөмийн зэвсэгтэй бүтээхгүй' гэсэн чухал үгийг хэлэхгүй байна" гэжээ. Иран улс цөмийн хөтөлбөрөө иргэний зориулалттай эрчим хүч үйлдвэрлэхэд зориулагдсан гэх байр суурийг илэрхийлдэг.

Трамп мөн Иранд нэгдүгээр сард өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр мянга мянган жагсагчид амиа алдсанд тус улсын засгийн газрыг буруутгажээ. Иранд 32 мянган хүн амь үрэгдсэн гэж тэр хэлсэн юм. Энэ нь хүний эрхийн төлөөх байгууллагуудын тооцооллоос хамаагүй өндөр тоо байв.

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи лхагва гарагт X хуудсандаа "Ираны цөмийн хөтөлбөр, тив хоорондын баллистик пуужин болон нэгдүгээр сарын үймээний үеэр амь үрэгдэгсдийн тооны талаарх мэдээлэл худал хуурмаг зүйл тараах цуврал ажиллагааны нэг хэсэг" гэжээ.

Трамп Ираны талаарх яриагаа дуусгахдаа дайн мөргөлдөөн хийхийн оронд энх тайван байдлыг илүүд үздэг гэсэн ч АНУ-д аюул заналхийлж буй зүйлстэй нүүр тулахдаа хэзээ ч эргэлзэхгүй хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button