НИЙГЭМ

Астма өвчний үндэсний хэмжээний судалгааг ЭХЭМҮТ-өөс эхлүүллээ

Астма (гуурсан хоолойн багтраа) – янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөгөөр гуурсан хоолойн мэдрэгжил ихэссэнээр гуурсан хоолойн салст бүрхэвч хавагнаж, салс их ялгарч, гөлгөр булчин хүчтэй агшсанаас болж агаар дамжуулах зам бүхэлдээ нарийсан дахин дахин бөглөрч амьсгал багтрах шинжээр илэрдэг дахилтат явцтай харшлын гаралтай архаг үрэвсэлт эмгэг юм.

ДЭМБ-аас XXI зууныг харшлын эрин зуун болно гэдгийг мэдэгдсэн байдаг. Харшлын эмгэг нь сүүлийн 20 жилд 3 дахин нэмэгдэж, хурдацтай тархаж байгаа нь нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг дагуулж байна. Харшлын эмгэгийн хүнд хэлбэр болох астма нь дэлхийн улс орон бүрт харилцан адилгүй тохиолдож байгаа хэдий ч амьсгалын эрхтний архаг эмгэгийн дунд тэргүүлэх байр эзэлж байна.

Дэлхийн Астмын сүлжээ (The Global Asthma Network)-ний тархвар зүйн судалгаагаар дэлхий дээр 334 сая хүн астмаар өвчилсөн байдаг бөгөөд тэдгээрийн 14% нь хүүхэд насанд тохиолдсон байна.

Судлаач Д.Малчинхүү, Н.Раднааханд (1989, 1993) нар астма өвчний тархалтад байгаль цаг уурын онцлог байдал нөлөөтэй эсэхийг тогтоох зорилгоор монгол орны говь, хээр, хангай, алтайн бүс тус бүрийн онцлогийг тусган харуулж чадах Дорноговь, Хэнтий, Завханы Тосонцэнгэл, Ховд аймгийг сонгон авч судалгаа явуулахад 1000 хүүхэд тутамд дунджаар 7,9±0,3 дахин, говийн бүсэд 5,4±2,2, хангайн бүсээс 2 дахин, Алтайн бүсээс 3 дахин тус тус илүү тохиолдож байна. Улаанбаатар хотод 9,0-2,5, Дархан хотод 15,0-3,8, Шарын голд 17,5-4,0 тархалттай байгаа нь астмаар өвчлөхөд агаар, орчны бохирдол онцгой нөлөөтэй байдгийг харуулсан байна. Шарын гол нь ил уурхайн хот учраас агаар нь угаарын хий хүхэрлэг хий, тоос ихтэй учир тэнд амьсгалын замын харшил өвчин хамгийн элбэг байна. Хот, хөдөөд нийлээд 8314 хүүхэд анхан шатны үзлэгт орж, улсын хэмжээгээр хүүхдийн астма нь 1000 хүүхэд тутамд 7,0-0,9 тархалттай нь тогтоогджээ.

Астма (гуурсан хоолойн багтраа) өвчин нь өвчтөн түүний гэр бүлд нийгэм, эдийн засгийн дарамт учруулдаг архаг явцтай, халдварт бус өвчин юм. Хүүхдэд астма нь хөнгөн хэлбэрээр явагддаг боловч хүнд хэлбэрээр сэдрэхэд бэлэн байдаг. Эмчилгээгүй удаан явбал гуурсан хоолойн бүтэц эргэшгүй өөрчлөгдөн эмчилгээнд үр дүнгүй болдог. Сэдрэл өгч, багтраат байдалд оруулах эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр амь нас эрсдэх тохиолдол гардаг.

Иймээс  астма эмгэгийг хүүхэд насанд эрт илрүүлэн эмчилгээг цаг алдалгүй эхэлж, байнгын эмчийн хяналтад авах нь дээрх эрсдлээс сэргийлж, тухайн гэр бүлийн эмнэлэгт хүүхдээ сахиж, хэвтэн эмчлүүлэх цаг зав, эмчилгээний зардлыг тодорхой хувиар хэмнэн гэр бүлийн гишүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тогтвортой хангахад чухал ач холбогдолтой юм.

Монгол улсад сүүлийн 25 жилд хүүхдэд тохиолдох астмын талаар судалгаа хийгдээгүй, түүнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хянах тогтолцоо бүрдээгүй байгаа тул Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүүхэд насанд астма (гуурсан хоолойн багтраа)-ыг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хянах зорилготой үндэсний хэмжээний судалгааг 2019-2021 онд хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна. 

Судалгаанд оролцох аймаг, дүүргийн 60 гаруй хүүхдийн эмч нарт өнөөдөр хүүхдэд астма өвчнийг хэрхэн эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хянах тогтолцооны далаарх мэдлэг, дадлага олгох сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д зохион байгуулж байна.

Сургалтад оролцсон аймаг, дүүргийн хүүхдийн эмч нар 0-19 насны хүүхдэд эхний үзлэгийг хийж, астматай байх магадлалтай хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д илгээнэ. ЭХЭМҮТ-д астмыг нотлох үзлэг, шинжилгээ хийгдэж, онош батлагдсан тохиолдолд ЭХЭМҮТ-ийн диспансерийн хяналтад авч, харьяа аймаг, дүүргийн эмч нартай хамтран насанд хүртэл нь хянах тогтолцоог бүрдүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button