Нийгмийн

Амиа алдсан цэргийн хэрэг: Албаны хүн үгүйсгэсэн ч хэргийн газраас архины шилнүүд олдов

Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид архидан согтуурч, нэгийнхээ аминд хүрсэн гэх хэргийн тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, уржигдар буюу өнгөрөгч тавдугаар сарын 21-нд тус ангийн алба хаагчид талийгаач Р.Э-г ажлаас гарахад нь үдэж өгөхөөр архидан согтуурч, зодолдсон гэх мэдээлэл бий.

-Б.ОТГОНБАЯР: АЛБА ХААГЧИД АЖЛЫН БАЙРАНДАА АРХИДАН СОГТУУРААГҮЙ-

Улмаар Р.Э-г оройн 22:00 цагийн орчимд тус цэргийн ангийн хойно байрлах “Хангай” бөөний төвийн гадна талбайгаас ухаангүй хэвтэж байхад нь олж эмнэлэгт хүргэсэн ч, талийгаач хэдий нь нас барсан байсан гэх.

Цэргийн ангийн захирагч Ж.Мөнхбаяр “Амиа алдсан алба хаагчийн үхэлд ангийн хоёр алба хаагчийг шалгаж байгаа” хэмээх мэдээллийг өгөөд байсан. Түүнчлэн алба хаагчид ажлын бус цагаар ажлын байран дээрээ архидан согтуурсан байж болзошгүй гэгдэж байгаа учир бид Зэвсэгт хүчний 032-р анги руу очив.

Биднийг очиход, тус цэргийн ангийн жижүүр нь, “Дарга удирдлагууд бүгд гарцгаасан. Мэдээлэл өгөх хүн байхгүй. Хэргийн тухай мэдээлэх боломжгүй” гэв.

Харин Зэвсэгт хүчний Жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр:

“Талийгаач Р.Э нь эл өдөр ажлаас гарахаар тойрох хуудсаа зуруулаад байсан. Ер нь бол сүүлийн хэдэн өдөр хоёр байгууллагын хооронд л явж байсан гэсэн үг. Ажлын байран дээр архидан согтуурах боломжгүй. Одоогийн байдлаар бид та бүхэнтэй л адил мэдээлэлтэй байна. Цагдаагийн байгууллагаас хэдийн шалгалтын ажиллагаа эхлүүлсэн” гэв.

-“ХАНГАЙ” БӨӨНИЙ ТӨВИЙН ХУДАЛДАГЧ: “ТҮМЭН ТӨМӨРТ” ТӨМРИЙН ҮЙЛДВЭРИЙН ОРЧИМ, ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМД ХҮН НАС БАРСАН-

Талийгаачийг ухаангүй байхад олсон гэх “Хангай” бөөний төвийн худалдагчаас хэргийн тухай мэдэх эсэхийг асуухад:

“Манай гадна тийм хэрэг болоогүй. Манайхаас хойшоо “Түмэн төмөрт” төмрийн үйлдвэрийн орчим, гэр хороолол руу ордог гудамд л хүн нас барсан гэсэн” гэв.

Худалдагч эмэгтэйн хэлсэн блокон хашаанаас цагдаагийн тууз татсан байх бөгөөд хойшоо айлууд харагдана.

-ГУДАМЖНЫ ҮЗҮҮРТ ЦЭРГИЙН ХУВЦАСТАЙ ХОЁР ХҮН ЗОДОЛДООД, ЦАГДАА СЭРГИЙЛЭХ ИРСЭН-

Хойш гэр хороолол руу алхаж, оршин суугчдаас хэргийн тухай лавлав. Тухайн орчмын газар нь хүний хөдөлгөөн их, тэгш бус гадаргуутай тул хаа сайгүй борооны ус тогтож, алхахад бэрх болгожээ. Хэд хэдэн оршин суугчдаас хэргийн тухай лавласан ч сайн мэдээлэлгүй байв. Харин 50 эргэм насны эрэгтэйгээс асуухад:

“Орой 21:00 цагийн орчимд гудамжны үзүүрт цэргийн хувцастай хоёр хүн зодолдоод, цагдаа сэргийлэх ирсэн гэж хөршүүдээсээ сонссон. Архи л уусан юм шиг байгаа юм. Дараа нь мэдээгээр гарсныг харсан” гэв.

-ХЭРГИЙН ГАЗРААС 0.5 ЛИТРИЙН “ЧИНГИС”, “ХАРАА” АРХИНЫ ШИЛҮҮД БОЛОН 2.5 ЛИТРИЙН ХЭМЖЭЭТЭЙ ШАР АЙРАГНЫ САВ ОЛДСОН-

Харин эх сурвалжийн мэдээлснээр: Талийгаач Р.Э нь хэргийн газраас холгүй алба хаагчидтайгаа архи ууж, харихаар гарахдаа маргасны улмаас хоорондоо зодолдсон аж. Хэргийн газраас 0.5 литрийн “Чингис”, “Хараа” архины шилүүд болон 2.5 литрийн хэмжээтэй шар айрагны сав олдсон гэх.

Амиа алдсан ахлах ахлагч нь 032-р цэргийн ангид 2009 онд томилогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах нэр бүхий хотхонд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Эл өдрийн орой нь эхнэртээ “Удахгүй харилаа” гэж хэлээд ийн амиа алдсан байна.

-ТАЛИЙГААЧИЙГ ЗОДОЖ АМИНД ХҮРСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭМЭЭН 30 НАСТАЙ Л-Г ШАЛГАЖ БАЙНА-

Талийгаачийн амиа алдсан хэрэгт 3-4 алба хаагчийг холбогдуулан шалгасан ч, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 30 настай Л-г талийгаачийг зодож, аминд хүрсэн болзошгүй хэмээн үзэж шалгалтын ажиллагаа эхэлснийг эх сурвалж мэдээлэв.

Ташрамд сануулахад: Өнгөрөгч хоёрдугаар сарын 26-нд Зэвсэгт хүчний 032-р ангид хүндэт харуулын 032 дугаар ангийн халагдах цэргүүд  шинэ цэргүүдээ дэглэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, шүүмжлэл дагуулж байсан. Улмаар уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, албаа хаагаад халагдаад явсан М, О, Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сар хоригдох ял оноосон билээ. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхээс шийдвэрлэсэн байдаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Архи битгий ууцгаа. Хүн ажлаас гарахад нь гаргаж өгч буй бол сайн сайхныг хүсээд л болно шүү дээ ! Яагаад заавал цагдаа цэрэг гэхээр хоцрогдсон ч нэмээд архичин байх албатай гэж ?

Холбоотой мэдээ

Back to top button