СПОРТ

57 настай Ц.Оюунчимэг ДАШТ-д дөрөв дэхээ түрүүлэв

Франц улсад болсон хүндийг өргөлтийн ахмадын ДАШТ-д Монголын тамирчин Ц.Оюунчимэг, Ш.Лхагваа нар түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэв. Эмэгтэйчүүдийн +87 кг-д хүч сорьсон ОУХМ Ц.Оюунчимэг дэлхийн дэвжээнд гурав дахиа түрүүлж байгаа нь энэ. Дэлхийн дээд амжилтыг 14, Азийнхыг 23 удаа шинэчлэн, өдгөө эзэмшдэг түүнд ДАШТ-ий хоёр мөнгөн медаль бий.

57 настай Ц.Оюунчимэг нэлээд хожим буюу 2011 онд тэтгэвэрт гарсныхаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөснөөр хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн юм. 49 насандаа эл спортод хөл тавьсан тэрбээр дараа жил нь анхныхаа олон улсын тэмцээн болох ДАШТ-д оролцохдоо дэд аварга болж амжилтынхаа жимийг гаргажээ. Тэгэхдээ дэлхийн долоон удаагийн аварга Сара Смитээс ганцхан кг дутуу буюу огцом шахалтаар 53, түлхэлттэй өргөлтөөр 65 кг өргөсөн юм. Улмаар 2013 оны ДАШТ-д түрүүлэхдээ өнөөх тамирчнаас 11 кг-аар илүү өргөн, есөн жилийн турш шинэчлэгдээгүй байсан дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулж, 148 болгожээ.

Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр одоогоор ДАШТ-ий дээд амжилтыг нийлбэрээр 138, гран пригийнхийг 151, Азийн АШТ-ийг 131 кг-аар тус тус эзэмшиж байна. Азийн ахмадын наадамд түрүүлсэн Монголын анхны туйванч түүнд гран при ангиллын тэмцээний дөрвөн алтан медаль, мөн тооны аваргын цом бий.

Эрэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдсөн, 65 настай Ш.Лхагваа ДАШТ-д анх удаа түрүүлэв. Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат тэрбээр тус тэмцээний гурван мөнгөн медальтай. УАШТ-д найман удаа түрүүлэн, улсынхаа дээд амжилтыг 16 удаа шинэчилсэн түүнд дөрвөн жилд болдог, олимпын бус төрлийн спортоор хичээллэдэг тамирчдын олимп гэгддэг дэлхийн наадмын гурван түрүү бий. Тэгэхээр Ш.Лхагваа гуай дэлхийн дэвжээнд сүүлийн 12 жил босоо яваа гэсэн үг. Түүнд пауэрлифтингийн ДАШТ-ий хүрэл медаль бий. Дэлхийн дээд амжилтыг дөрөв, Азийнхыг гурван удаа шинэчлэн, өдгөө эзэмшдэг тэрбээр өнгөрсөн жил Монголын мастеруудын биеийн тамир, спортын холбооны тэргүүн дээд шагналын эзэн болсон юм.

Б.ДАЛАЙ

https://www.facebook.com/zolzaya.bold.12/posts/1279471768881924
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button