“Белград 2022”: Н.Наранхүү мөнгө, З.Занабазар хүрэл медалийн төлөө барилдана

Сербийн нийслэл Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн энэ оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн төгсгөлийн шатандаа орлоо. Өнөөдөр тэмцээний сүүлийн гурван /61, 65, 97/ жингийн урьдчилсан барилдаанууд болж, хагас шигшээд барилдах бөхчүүд тодроод байна.
Мөн өчигдөр явагдсан 57, 74, 92 кг-ын жингийн медалийн төлөөр барилдаан өнөө шөнө болно. Энд манай тамирчин Занданбудын Занабазар 57 кг-д БНХАУ-ын бөх Ванхао Жоутай хүрэл медалийн төлөө барилдана.
МАНАЙ БӨХЧҮҮД ХЭРХЭН БАРИЛДАВ
61 кг: ОУХМ Нармандахын Наранхүү Молдавын Игор Чичиойг 11:0, Гүржийн Таймураз Ванишвилиг 10:2, Киргизстаны Улугбек Жолдошвековыг 13:5 оноогоор ялж шөвгийн дөрөвт үлдээд байна. Удахгүй Ираны бөх Реза Атритай мөнгөн медалийн төлөө барилдана.
65 кг: ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах Гвиней Биссаугийн Мбунде Мбалиг 7:0, Польшийн Кшиштоф Бенковскийг 3:0-ээр хожиж наймд үлдээд Пуэрто Рикогийн Себастьян Риверад 8:1-ээр хожигджээ. Энэ пуэрто рико бөх нь АНУ-д амьдардаг, Рутгерсын их сургуулийн бөх, NCAA-ийн “Их 10” /Big 10/тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан залуу аж. Энэ залуу АНУ-ын Жон Диакомихалисыг ялбал манай бөхөд дагах боломж гарна.
97 кг: ОУХМ Өлзийсайханы Батзул Унгарын Владислав Байцаевт 0:6 оноогоор хожигдож, нөгөөх нь дараагийн тойрогт Словакийн бөхөд хожигдсон тул тэмцээнийг орхив.
ДАГАХ БОЛОН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДААН
74 кг: ОУХМ Олонбаярын Сүлдхүү Кайл Дэйкийг дагаж, Энэтхэгийн бөх Сагар Жаглантай барилдаад 3:7 оноогоор хожигдон тэмцээнээ дуусгалаа.
57 кг: ОУХМ Занданбудын Занабазар өчигдөр Канад, Туркийг хожиж, АНУ-ын бөх, ноднингийн дэлхийн аварга Томас Гилманд хожигдоод өнөөдөр дагах барилдаанд Австралийн бөхийг ялж, хүрэл медалийн төлөө барилдах болсон. Өрсөлдөгч нь БНХАУ-ын Ванхао Жоу юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэвжээ цэвэрлэгээний бригад дэвжээгээ цэвэрлээд л, зарим нь бүр медаль энэ тэр яриад овоо байх чинь ээ