Цагдаагийн байгууллагаас Партизаны гудамжид 26 телекамер суурилуулж, "Ногоон бүс" болгожээ
Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.
Энэ удаад Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Партизаны гудамж”-ийг тухай орчинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр анхны иргэдийн аюулгүй байдлыг хангасан “Ногоон гудамж” бий болгох дэд төслийг боловсруулж, хэрэгжүүлсэн.
Энэ гудамж нь уртаашаа 240, өргөөшөө 80 метр, нийт 4.2 га талбайг хамардаг бөгөөд Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн Прокурорын газар, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, 1 дүгээр цэцэрлэг зэрэг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн 15 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг харьцангуй хөл хөдөлгөөнтэй гудамж юм.
Энэ гудамжинд нийт 18 телехяналтын камер байсан боловч ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй зэрэг дутагдалтай 7 телекамер байсныг дэд төслийн хүрээнд Монгол Улсын стандарт “Теле хяналтын системийн ерөнхий шаардлага MNS 6423:2019”-ыг хангуулж, шинээр 26 ширхэг телехяналтын камер суурилуулж, үйл ажиллагааг жигдрүүлээд байна.
Эдгээр телекамерууд бүрэн ажиллаж эхэлснээр Ерөнхий боловсролын сургуулийн 760, цэцэрлэгийн 640, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр өдөрт үйлчлүүлж байгаа 2.0 мянга орчим иргэдийн аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ, тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэх юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.