УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Айлчлал: Казахстан улстай дараах арван салбарт хамтран ажиллахаар боллоо

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын айлчлалын мэдээллийг нэг дороос хүргэж байна.


Нэмэлт: 19:53 цаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө.

Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев нар үдэж мордууллаа.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ тунхаглан зарлалаа. Ингэснээр Казахстан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.  Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч К.Токаевт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо. Хүндэт зочныг Соёлын сайд Ч.Номин, музейн захирал С.Чулуун нар угтан авч, музейн үйл ажиллагаа, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхийг товч танилцууллаа.

НЭМЭЛТ: 13.30 цаг

-Казахстан улсад хөдөлмөрлөж буй 3000 гаруй Монгол Улсын иргэн хуримтлалын тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ-

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Стратегийн хамтын ажиллагааны тухай хамтарсан тунхаглал"-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев нар гарын үсэг зурлаа.

  • Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсоныг төрийн тэргүүнүүд тунхаглан зарлалаа. Монгол Улс нь Төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Казахстан Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

НЭГ. Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,

  • Хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт ажилласан хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх асуудлыг зохицуулсан. Хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, одоогоор тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 3 мянга гаруй Монгол Улсын иргэд хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах чухал ач холбогдолтой. Хэлэлцээр шинээр байгуулах чиглэлээр 2018 оноос хойш ажиллан, 17 удаа хэлэлцээ хийсний үр дүнд хэлэлцээрийг ийнхүү эцэслэн байгууллаа.

ХОЁР. “Монгол, Казахстаны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай 2025-2027 онуудын замын зураглал"-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,

  • Худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарт 2025-2027 авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгаж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.

ГУРАВ. “Нисэхий эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,

  • Эрэн хайх, авран туслах байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын нутаг дэвсгэрт аюулд нэрвэгдсэн иргэдийг богино хугацаанд эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх зорилгоор яаралтай мэдээлэл солилцох, өөрийн харьяаллын бүсэд нөгөө талын агаарын болон газрын эрэн хайх, авран туслах байгууллагыг ажиллуулж, иргэдэд түргэн шуурхай тусламж үзүүлэх боломж бүрдлээ.

ДӨРӨВ. “Монгол Улсын зам, тээврийн яам, Бүгд найрамдах Казахстан улсын зам тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,

  • Олон улсын хоёр талын болон дамжин өнгөрөх тээврээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах замаар хоёр улсын хоорондын авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, хуурай боомтын үйл ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох, олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монгол-Казахстаны чиглэлийн тээвэрлэлтийг хөгжүүлнэ. Энэ нь тээвэрлэлтийн түргэн шуурхай, тогтвортой байдлыг хангах, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.

ТАВ. “Монгол Улсын ГХЯ, Бүгд найрамдах Казахстан улсын ГХЯ хоорондын 2025-2027 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө"-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мурат Нуртлеу,

  • Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд 2025-2027 онд хоёр улсын Гадаад харилцааны яам тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгалаа. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулах, харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах зэргийг харилцан тохиролцлоо.

ЗУРГАА. “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, Спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд найрамдах Казахстан улсын Соёл, мэдээллийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева,

  • Соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр хамтран зохион байгуулах, соёлын өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр судалдаа хийж, соёлын солилцоог нэмэгдүүлнэ. Түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой улсуудын хувьд соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ.

ДОЛОО. “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд найрамдах Казахстан аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев,

  • Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээ хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ. Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

НАЙМ. “Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай болон мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ХХААХҮЯ, Бүгд найрамдах Казахстан улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаров,

  • Арьс шир, ноосны боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, талуудын инженер, техникийн ажилтан, төрийн болон аж ахуйн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүдийг бэлтгэх болон арьс шир, ноос гүн боловсруулахад хөрөнгө оруулалт татах, технологи нутагшуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтарч ажиллана. Малын арьс шир, ноос боловсруулах хяналтын тогтолцоо, стандарт, лабораторийн байгууламжийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Цаашид хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юм.
  • Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн систем үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлж, энэ салбарт мэдээлэл солилцохоор тохиролцлоо. Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээгээр мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн шаардлагыг харилцан тохиролцох замаар мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ.

ЕС. “Мэдээлэл харицлаа холбоо технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ЦХХХЯ болон Бүгд найрамдах Казахстан улсын Цахим, хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Цэндийн Баатархүү, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрлэлийн сайд Жаслан Мадиев,

  • Үндэсний хэмжээнд тулгамдсан асуудлуудыг мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чиглэлээр туршлага хуваалцана. Энэ салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, гарааны бизнес эрхлэлтийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран ажиллах, хиймэл оюун ухаан дээр түшиглэсэн шийдлийг улсын байгууллагуудад нийлүүлдэг платформыг харилцан туршлага судлахаар тохиролцлоо. Мөн хоёр улс мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо хөгжилд шинэ үеийн технологи, шинжлэх ухаан, өндөр технологийг түлхүү ашиглах чиглэлээр хамтран ажиллана.

АРАВ. “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын цөмийн энергийн комисс, Бүгд найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг"-т Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Гун-Аажавын Манлайжав, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев нар гарын үсэг зурлаа.

  • Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хүрээнд ураны олборлолт, тусгай зөвшөөрөл, цацрагийн аюулгүй ажиллагаа зэргээр туршлага солилцох, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хамтарсан онол, практикийн сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах зэргээр хамтарч ажиллана.

НЭМЭЛТ: 12.00 цаг

Хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийж, санал солилцлоо. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Шууд дамжуулалт:

-Ж.Токаев: Монголд малын эмийн үйлдвэр байгуулна-

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр, "Эрхэм хүндэт ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монгол зон олонд хамгийн түрүүнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Халуун дотно сэтгэлээр угтаж буй монголын ард түмэнд баярлалаа. Монгол улс бол бүс нутаг дахь бидний чухал хөрш орон билээ. Тиймдээ ч бид нэг нэгнийхээ сайн сайхны төлөө байдаг. Бид нэг нийтлэг түүхтэй бөгөөд оюун санааны болон соёлын үнэт зүйлстэй. Өнөөдрийн уулзалт маань Казахын түүхэнд онцгой олон зай эзэлдэг Зүчи улсын 800 жилийн ойтой давхцаж байна. Энэ нь манай орны хувьд бэлгэдлийн ач холбогдолтой.

Сүүлийн жилүүдэд Казах Монголын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Бат бэх эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа маань стратегийн түншлэлд хүрлээ. Бид ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Уг бичиг баримт нь хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлж, олон салбарт үр ашигтай ажиллахад шинэ түлхэц болно. Бид соёл урлаг, хүмүүнлэг, эдийн засгийн хүрээнд хамтарч ажиллахаар ярилцлаа. Энэхүү айлчлалын хүрээнд хэд хэдэн томоохон хэлэлцээрт хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа. Ерөнхийдөө хэлэлцээр маш амжилттай боллоо гэж хэлмээр байна. Тухайлбал эдийн засгийн харилцааг сэргээхээр тохиролцов. Хоёр улс маань Ази дахь томоохон орнуудын ангилалд багтдаг. Тиймдээ ч хоёр улсын худалдаа аж үйлдвэрлэл хөгжих ёстой. Өнгөрсөн жил гэхэд худалдааны хэмжээ 150 сая долларт хүрсэн. Энэ үзүүлэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.доллар хүргэх төлөвлөгөө гаргалаа. Үүнийгээ дагаад тээвэр ложистикийн үйлчилгээг нэмэгдүүлнэ.

Казахстан улсад малын өвчний эсрэг эм тариаг үйлдвэрлэг. Үүнийгээ ч монгол улсад нутагшуулж, үйлдвэр байгуулахаар тохиролцлоо. Мөн түүнчлэн шинэ технологи аж үйлдвэржилтийн талаар хэлэлцлээ. Миний бие казахын кибер аюулгүй байдал болон сансар судлалын талаар байр сууриа илэрхийллээ. Мөн хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистикийг хөгжүүлэхээр хамтран ажиллана.

Та бүхний мэдэж байгаачлан хоср орон байгалийн баялаг ихтэй. Тиймдээ ч байгалийн нөөцийг хэрхэн үр ашигтай ашиглах талаар ярилцлаа. Казахстаны уул уурхайн бизнес эрхлэгчид монгол улсын уул уурхайг судлахад бэлэн байдаг. Үүний хүрээнд асар олон зүйлийг хэрэгжүүлж, хамтарч ажиллах боломж нээгдэж байна. Бүс нутаг хоорондын эргэлдтийн боломжийг ашигтай ажиллах билээ. Астана болон монголчууд бат бүх ах дүүс болсон. Боловсролын салбарт нээлттэй харилцах боломжтой. Монгол оюутнуудыг Казах улс хүлээн авахад, үргэлж нээлттэй гэдгийг нэмж хэлмээр байна.

Дэлхийн болон бүс нутгийн хүрээнд хамтын ажиллагаа маань хөгжиж байна. Геополитикийн  хүрээнд эгзэгтэй байгаа учраас бид цаашид хамтран ажиллана. Тиймээс НҮБ болон олон улсын хүрээнд эдгээр асуулдлыг хэлэлцэх болон. Монголын казахууд бол хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Бидний элэг нэгтэн хайрлаж байдаг төрийн удирдлагуудад баярлалаа гэж хэлмээр байна.

Өнөөдрийн айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

-У.Хүрэлсүх: Монгол-Казахстаны нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлнэ-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ "Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Миний урилгыг хүлээн авч, мөнх тэнгэрийн оронд айлчлал хийж байгаад талархлаа.

Хоёр улсын найрсаг харилцааг өнөө цагт улам хөгжүүлж байна. Анхны стратегийн орон болж буйг онцлон тэмдэглэхэд таатай байна. Хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалт халуун, дулаан уур амьсгалтай болж өнгөрлөө.

Төрийн айлчлалын хүрээнд тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргүүлэхээр тохиролцлоо. Тээвэр логистикийн хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, хоёр орны нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхээр ярилцлаа.

Хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэн нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгууллаа. Хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг гарын үсэг зурлаа.

Соёлын харилцаан манай хоёр орны иргэдийг холбох чухал гүүр. Соёлын биет бусийн өвийн, түүх археологийн судалгааг хамтран хийхээр боллоо. Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллана.

Уур амьсгалын өөрчлөлтэй хамтран тэмцэх үүднээс хоёр орны Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөнд хэрэгжүүлнэ.

Монгол-Казахстаны найрамдалт, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжихийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Өнө эртний түүхт манай сайхан улсад тавтай зочлохыг урьж байна. Анхаарал тавьсанд баярлалаа" хэмээлээ.


НЭМЭЛТ: 10.35 цаг

-К.Токаев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа-

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авсны дараа Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёслов.

Мөн Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч К.Токаев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.


НЭМЭЛТ: 10.20 цаг

-ФОТО: Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг угтах ёслол боллоо-

Шууд дамжуулалт:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар өчигдөр Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев айлчлан ирсэн билээ. Түүнийг өнөөдөр 10 цагаас төв талбайд угтан авах ёслол боллоо.

Монгол Улсад тус улсаас төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа ийн айлчлал хийж байна. Өмнө нь тэрбээр 2006 онд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх үедээ Монголд айлчлан ирж байсан билээ.


ЭХЛЭЛ: 10.00 цаг

-Монголд айлчилж буй Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев гэж хэн бэ-

Касым Жомарт Токаев нь 1953 онд Казахстаны Алмата хотод мэндэлсэн бөгөөд ОХУ-ын Москвагийн Олон Улсын Харилцааны Сургуулийг төгссөн. ОХУ-ын Гадаад хэргийн яамны дипломат академийг Олон улсын мэргэжилтнээр суралцан төгсчээ. Тэрбээр Түүхийн шинжлэх ухааны кандидат, Улс төрийн шинжлэх ухааны доктор, Дэлхийн Хүмүүнлэгийн болон Байгалийн Шинжлэх Ухааны Академийн бүрэн эрхт гишүүн, Шэньжэнь их сургууль (Хятад) болон Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Дипломат академийн хүндэт профессор, Женевийн дипломат харилцаа ба олон улсын харилцааны сургуулийн хүндэт декан аж. Англи, франц, орос, хятад хэлтэй бөгөөд Хятадад томилогдон элчин сайдаар ажиллаж байжээ.

Түүний ажлын намтрыг харвал,

  • 1975 ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд дадлагажигч
  • 1975-1979 ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд ажилтан
  • 1979-1983 ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан
  • 1983-1984 Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлагажигч
  • 1992 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академи төгссөн.
  • 1984-1985 ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан
  • 1985-1991 ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх
  • 1992-1993 Гадаад хэргийн орлогч сайд
  • 1993-1994 Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд
  • 1995 Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд
  • 1994-1999 Гадаад хэргийн сайд
  • 1999-2002 Ерөнхий сайдын орлогч, Ерөнхий сайд
  • 2002-2003  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2003-2007 Гадаад хэргийн сайд
  • 2007-2011 Сенатын гишүүн, Сенатын дарга
  • 2011-2013  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дахь салбарын дарга 
  • 2013-2019  Казахстаны Сенатын даргаар ажиллаж байсан бөгөөд 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл Казахстан улсын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байна.

Сэтгүүлч: Ж.Мядагбадам, П.Урнаа

Шууд дамжуулалт, гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 29, 2024 10:33

1992 оноос Казахстаны гэдгийг ялгаж бичвэл...

Зочин
Зочин
10 сар 30, 2024 01:09

1992 оноос хойш Казахстан чинь тусгаар тогтносон улс болсон ш дээ ОХУ-д ажиллаж байсан гэж юу байхав ЗХУ-ын үед ЗХУ-ын Казахстан ССР гэдэг улсад нь ажиллаж байсан байх

Холбоотой мэдээ

Back to top button