Нийгэм мэдээ

Энэ жилийн "Чингис хаан" одонг Чинагийн Галсан хүртэх үү

Чингис хааны эхээс мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1, монгол бахархлын өдөр энэ жил 2024 оны 11-р сарын 2-ны бямба гарагт тохионо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар Эзэн богд Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн огноогт Шинжлэх ухааны Академийн өргөн барьсан саналыг үндэслэн  билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар болсон билээ.

“Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
  • 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
  • 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж,
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
  • 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл,
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай,
  • 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр,
  • 2019 онд The Hu хамтлаг,
  • 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,
  • 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,
  • 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов,
  • 2022 онд АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
  • 2023 онд Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга тус тус хүртсэн юм.

Харин 2024 оны тухайд монгол болон гадаад хүнд олгоно гэх мэдээлэл байна. Ингэхдээ хөдөлмөрийн баатар, зохиолч Ч.Галсан, төрийн шагналт "Харанга" хамтлаг, БНСУ-ын иргэн Бан Ги Мүний нэр яригдаж байгаа аж.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button