Гэр хорооллын 396 байршил гал унтраах автомашин зорчих боломжгүй байдалтай байна

Улаанбаатар хотын нийт иргэдийн 180 гаруй мянган иргэд гэр хороололд амьдардаг. Гэр хороолол нь 232 мянга гаруй келометр талбайг эзэлдэг.
Тэгвэл өнөөдрийн байдлаар ашиглагдаж байгаа зам гудамж талбайгаар зорчиход гэр хорооллын 10 хувь нь хаалттай, том оврын тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй, хаягжилт дутуу, үерийн усанд өртөмтгий байна.
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд гал унтраах автомашин зорчих боломжгүй хаалттай зам, мухар гудамжны судалгааг хийжээ. Судалгаагаар машин очих боломжгүй мухар гудамж, үерийн аманд буусан үерт автах магадлалтай, өндөр хүчдэлд буусан, машин эргэх боломжгүй, мухар үерийн даланд байрласан, гудамж нарийсгасан, зам хааж сунгаж хашаа барьсан, өндөрлөг газар буусан зэрэг нийт 396 байршлыг тодорхойлон гаргасан байна.
Өөрөөр хэлбэл гэр хорооллын 396 байршилд гал гарсан тохиолдолд галын машин орох ямар ч боломжгүй. Гал гарсан тохиолдолд гар аргаар унтраадаг байна. Тиймээс тус бүсүүдэд гал түймрээс үүдэж иргэд эд, хөрөнгө амь насаараа хохирох эрсдэл өндөр байна. Харин энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.
Нийслэлд гарч буй гал түймрийн дийлэнх нь гэр хороололд гардаг. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан гал түймрийн дуудлага мэдээллийг шүүж үзэхэд дөрөвдүгээр сарын 5-7 өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 13 гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний дөрөв нь Хан-уул дүүрэгт, гурав нь Баянзүрх дүүрэгт, Чингэлтэй, Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд нэг нэг гал түймэр гарчээ. Эдгээр галын тохиолдлуудын дийлэнх нь гэр хороололд гарсан ахуйн гал түймэр байгаа юм.
Т.ӨЛЗИЙМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.