Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Шадар сайд Усмонали Усмонзодагийн хамт Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
Рогуны усан цахилгаан станц нь Тажикистаны нийслэл Душанбе хотын зүүн урд байрлах Вахш мөрний дээд урсгалд баригдаж буй бөгөөд дэлхийн хамгийн өндөр буюу 335 метрийн өндөр далантай.
Тус станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор жилд 17 тэрбум киловатт.цаг (кВт.ц) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй бүс нутгийн бусад улсад эрчим хүч экспортлох чадавхтай болно гэдгээрээ онцлогтой юм.
Уг станцын анхны турбин 2018 онд, хоёр дахь нь 2021 онд ашиглалтад орсон бөгөөд 2029 он гэхэд бүх зургаан турбин бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр нийт 3600 МВт-ын хүчин чадалтай болох бөгөөд Төв Азийн хамгийн том усан цахилгаан станц болно гэж тооцож байна.
Рогуны усан цахилгаан станц нь Тажикистан Улсын томоохон бүтээн байгуулалт төдийгүй бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад онцгой ач холбогдол бүхий стратегийн мега төсөл хэмээн үнэлэгдэж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.