НИЙГЭМНийгэм мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. 

Төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргалаа. 

Талууд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарт өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо.  

Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Парламентын доод танхимын дарга Идизода Файзали-г хүлээн авч уулзан, Рогун усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч нарын ивээл дор анх удаа бизнес форум зохион, морин хуур болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Үндэсний урлагийн их театрын хамт олон уран бүтээлээ толилуулав. 

Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа тус улсад төрийн айлчлал хийлээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Душанбе хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Тажикистан Улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид үдлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button