Анализ: Монголын байгалийн баялгийн төлөөх өрсөлдөөнд Хятадын байр суурь улам бэхжих үү
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай урд хойд хөрш Монголын байгалийн баялгийг сонирхох нь улам бүр нэмэгдсэн. Хятад улс ган, эрчим хүчний зах зээлд ногоон шилжилтийн эрин үе буюу коксжих нүүрс, зэсийн эрэлт нь огцом өсөж Бүс ба зам эдийн засгийн коридор зэргээр төмөр замын боомтуудыг эрчимжүүлэх болсон. Мөн газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр Монголыг сонирхож буйгаа ч удаа дараа илэрхийлж байв.
Оросын хувьд Сибирийн хүч-2 хийн хоолойг Монголоор дайруулж, ингэхдээ транизит улсын хувиар зангидах сонирхол бий. Түүнчлэн эрчим хүчний салбарт усан цахилгаан станц, АЦС зэрэг хэд хэдэн боломжууд дээр томоохон боломж эдлэх хүсэлтэй.
Монгол Улсын хувьд "гуравдагч хөршийн бодлого" гэсэн байр сууриар тэнцвэртэйгээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хичээж буй ч уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн хамгийн том хэрэглэгч гэдэг утгаараа ойрын ирээдүйд Хятадын байр суурь томорсоор байх болно. Харин энэ нөлөөллийг улам бат бэх болгохын тулд Хятад улс төмөр замын хил холболтуудаар Монголд "найр тавьж" байна хэмээн Оросын "Независимая Газета"-д дараах нийтлэлийг бичжээ.
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлэх бодолтой байна. 1940–1950-аад онд тавигдсан Трансмонголын төмөр замыг Хятадын оролцоотойгоор иж бүрэн шинэчлэх бөгөөд энэ нь Монголын коксжих нүүрс болон байгалийн бусад баялгийг экспортод өрсөлдөхүйц хэмжээнд нэмэгдүүлэх боломжийг нээх аж.
Монголын тухай ярихад олон хүний төсөөлөлд хязгааргүй тал нутаг, нүүдэлчдийн гэр буудаг. Гэвч бодит байдал үүнээс тэс өөр. БНХАУ, Япон, БНСУ, АНУ зэрэг орнууд Монголын баялагт сонирхлоо илэрхийлэх нь улам нэмэгдэх болов.
Энэ дундаас ялангуяа БНХАУ нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгчийн хувиар Монголын хувьд хамгийн том зах зээл хэвээр байна. Монголын Засгийн газрын мэдээлснээр тус улсад нийтдээ 33.4 тэрбум тонн нүүрсний нөөц бий. Үүний гуравны нэг нь ган үйлдвэрлэлд ашигладаг коксжих нүүрс хэмээдэг. Нүүрс нь Монголын ДНБ-ий 12 хувь, нийт экспортын хагасаас илүү хувийг дангаараа бүрдүүлж буй.
Ийм өндөр эрэлт хэрэгцээний улмаас БНХАУ Монголын нүүрсний гол худалдан авагч болсон нь гайхах зүйл биш. 2025 оны эхний хагас жилд Хятад улс 58 сая тонн ган экспортолсон нь өмнөх оноос 9.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ өсөлт нь Азийн хөгжиж буй орнуудын хотжилт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын эрэлттэй холбоотой.
Нүүрсний худалдааны стратегийн ач холбогдлыг 2025 оны есдүгээр сард Бээжинд болсон Хятад–Монголын дээд түвшний уулзалтын үеэр хоёр тал дахин баталгаажуулсан. Гэвч нүүрс тээвэрлэлтийн асуудал Монголын хувьд томоохон бэрхшээл хэвээр байна. Одоогоор коксжих нүүрсийг Хятадын хил хүртэл зөвхөн ачааны машинаар тээвэрлэж байгаа бөгөөд хамгийн сайн нөхцөлд хүртэл 130 тонн ачсан нэг машин зорьсон газартаа 6–8 цагийн дараа л хүрч байна. Түүнчлэн нэг жолооч 14 хоногт гуравхан удаа хил давах боломжтой. Энэ нь нийлүүлэлтийн хурдыг сааруулж, зардлыг өсгөсөөр буй.
Асуудлын гол шийдэл нь Монгол төмөр замын сүлжээгээ өргөтгөх. Мөн үр ашиг өндөр төдийгүй агаарт ялгарах бохирдлыг мэдэгдэхүйц бууруулна.
70 гаруй жилийн турш Монгол–Орос–Хятадыг холбосон Трансмонголын төмөр зам нь бүс нутгийн худалдааны үндсэн зангилаа байсан ч одоо хүчин чадлынхаа дээд хязгаарт хүрч, тоног төхөөрөмж нь хоцрогдсон.
Иймээс 2021 онд Монголын парламент төмөр замын шинэчлэл, өргөтгөлийн том хөтөлбөрийг баталж, түүнээс хойш Говийн бүсэд уул уурхайн ордуудыг Хятадын хоёр гарцтай холбосон 900 орчим км шинэ төмөр зам тавьжээ. Хил дамнасан хурдан тээвэрлэлтийг хангахын тулд хоёр улсыг холбосон 36 метр өндөр, 7 км урт гүүр болон ачаа дамжуулах терминал барих шаардлагатай. Эдгээр байгууламжийг 2027 оны эцэс гэхэд ашиглалтад оруулах бөгөөд тэр хүртэл ачааны автомашинд түшиглэхээс өөр аргагүй хэвээр.
Эдийн засгийн ухааны доктор Виктория Намжилова онцлохдоо, Оросын зүгээс зүүн чиглэлийн ложистикийн урсгалд анхаарлаа хандуулж байгаа нь Монголыг дамнасан транзитын коридоруудын ач холбогдлыг нэмэгдүүлж буйг дурдсан. Трансмонголын төмөр замаас гадна бүс нутгийн бусад коридорууд ч эрэлттэй болж, гурван улсын хилийн дагуух дэд бүтцийг сайжруулах хэлэлцүүлэг олон жил яригдаж ирсэн. Энэ бүхэн нь БНХАУ-ын “Торгоны зам"-ын эдийн засгийн бүс санаачилгаас улбаатай.
Гэхдээ барууны шинжээчид Монгол Улс Зөвлөлт задарсны дараа ардчиллын замыг сонгосныг онцлон тэмдэглэдэг. АНУ, Япон, БНСУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэх оролдлого олон байсан ч Монгол Улс гадаад бодлогынхаа төвч чанарыг баримтлан, хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаагаа хадгалахыг илүүд үзсээр байгаа" хэмээн бичжээ.
ОХУ-ын хувьд сүүлийн жилүүдэд, нэн ялангуяа геополитикийн хурцадмал нөхцөл байдлын улмаас Монгол улстай эдийн засгийн олон талт харилцааг нэмэгдүүлэх нэрийн дор хэд хэдэн салбарын томоохон төслүүд дээр хамтрахаар болсон. Ялангуяа, Сибирийн хүч-2 хийн хоолойн төслийг Монголоор дайруулах болсныг Бээжин төдий л сайшаан авч үзээгүй бөгөөд удтал шийдвэрлэгдээгүйн шалтгаан нь Москвагийн нөлөө Улаанбаатарт нэмэгдэнэ гэсэн болгоомжлолоор татгалзаж ирснийг олон улсын шинжээчид онцолдог.
Харин Хятадын хувьд газрын ховор элементийн хамгийн том хэрэглэгч нь АНУ байсаар ирсэн боловч эдийн засгийн хоригийн улмаас сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам хүйтэрч, энэ хэрээр дотоодын газрын ховор элементийн ордуудын үйл ажиллагааг бодлогоор хумьж эхэлсэн юм. Иймд АНУ-ын зүгээс Монголын газрын ховрын элементийг сонирхож эхэлсэн нь Бээжинд тийм ч таатай нөхцөл биш тул тэд цаашид байгалийн баялаг тэр дундаа нүүрс, зэсийн гол хэрэглэгчийн орон зайгаа тэлэх замаар нөлөөллөө нэмэгдүүлэхийг илүүд үзэж эхлэх болов.
Үүний гол эхлэл нь хоёр улсын хилийн боомтуудыг төмөр замаар холбох юм. Харин Оросын хувьд манайд зөвлөлтийн үеэс төмөр замын бүтээн байгуулалтуудыг хийж ирсэн ч өнөөдөр энэ орон зайд Хятад орж ирсэн нь шинэ үзэгдэл болж буй нь гарцаагүй биз ээ. Монгол дахь нөлөөллөө нэмэгдүүлэх сонирхол хоёр хөршид аль алинд нь бий.
Барууны хоригуудын дараах дотоодын зах зээл хумигдаж, экспортоо тэлэх Оросын шаардлага, улсынхаа зүүн хойд бүс нутгийн түүхий эдийн гол нийлүүлэгч гэж харах Хятадын сонирхол зэрэгт Монгол Улс ойрын ирээдүйд гадаад бодлогоо ямар түвшинд хадгалах вэ гэдэг томоохон сорилттой нүүр тулж байна.
Ц.ТАМИР
Холбоотой агуулгыг хавсаргав












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.