Г.Дамдинням: БНХАУ-аас жилд нэг сая тонн шатахуун авна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нь шатахууны хомсдолын тухайд улсын хэмжээнд авахаар төлөвлөж буй арга хэмжээ болон саяхан БНХАУ руу хийсэн айлчлалын хүрээнд Петро Чайна компанитай байгуулсан гэрээ, хэлцлийн тухай дараах мэдэгдлийг өглөө.
Г.Дамдинням:
ОХУ манай бүх хэрэгцээг хангадаг байсан бол нэг талаас манай хэрэгцээ өсөн нэмэгдсэн, нөгөө талаас дайн тулаантай холбоотой асуудлаа шалтгаалаад тэдний 34 нефть боловсруулах үйлдвэрийн 24 нь халдлагад өртчихөөд байна.
Гэхдээ ОХУ бидэнтэй маш идэвхтэй хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн Монгол улсад экспортолж байгаа. Урьд нь зуун хувь манай хэрэгцээг хангадаг байсан бол өнгөрсөн 7,8-р сараас манай хэрэгцээг бүрэн хангаж чадахаа байсан. Тйимээс бид үлдсэн хэрэгцээгээ БНХАУ болон БНСУ-аас авч байгаа.
Сая бид БНХАУ руу маш амжилттай айлчлал хийлээ. Уулзалтын хүрээнд БНХАУ-ын зүгээс манайд тогтмол нийлүүлье гэж анх удаа дуугарлаа, мөн зах зээлийн зарчмаар шударгаар үнийн томъёо тохиръё гэлээ. Бид жилд 3 сая тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Үүний гуравны нэг буюу нэг саяыг нь Петро Чайнагаас авах зорилттой одоо ажиллаж байна.
ОХУ болоод БНХАУ бол Евро-5 стандартын шатахуунтай улсууд. Харин бид хямд үнэтэй бензин авах хүсэлт тавьчихсан байдаг учраас Евро-2 стандарттай шатахууныг ОХУ-аас авдаг. Гэвч одоо биднийг нөхцөл байдал илүү өндөр үнэтэй буюу Евро-5 стандарт руу шилжихээс өөр аргагүйд хүргэж байна. Манай улсын байдлаар нөөц хараахан бүрдэж амжаагүй, хангалтаа таслахгүй байхыг л хичээж байна. Үнэндээ одоо шатахуун оруулж ирж л байвал тэр нь өөрөө амжилт болж байна.
Хэвлэл мэдээллийнхэн шатахууны хомсдолд зохицуулалт хийж чадаагүй учраас Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж буй асуудлаар тодруулахад Г.Дамдинням нь:
“Хэн нэг хүн, хэн нэг Засгийн газар огцроод шатахууны хангалт хэвийн болчихдог бол болно. Манай Засгийн газар сүүлийн 36 жил төрийн бодлогын хувьд нэг шатахууны сав барих чиглэлд дэмжлэг үзүүлж байгаагүй юм билээ. Харин бид Г.Занданшатар Ерөнхий сайдын үеэс маш эрчимтэй бодлого хэрэгжүүлээд явж байгаа, одоо энэ оны төгсгөл гэхэд хадгалах чадвараа 14 хоногоор нэмэгдүүлнэ. Ирэх оны өдийд гэхэд бид хоёр сарын нөөцөө хадгалдаг болно.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд сая БНХАУ-д айлчлал хийхдээ газрын тосны дотоодын эх үүсвэрээ нэмэгдүүлэх хайгуулын ажилд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлье гэдэг дээр Петро Чайна компанитай тохиролцсон. Бид газрын тосны түүхий эдийг хангах чиглэлд гацчихсан байсан гацаагаа арилгасан гэсэн үг.
ОХУ-ын зүгээс цаас бичгээр мэдэгдээгүй ч гэсэн “танай сошиал орчинд бидний өгч байгаа шатахууныг голсон асуудал яригдаж байгаад бид эмзэглэж байгаа шүү” гэдгээ хэлдэг. Одоо яг үнэнийг хэлэхэд бидэнд олдож байгаа нь, тасарчихгүй байгаа нь их юм болоод байна. Шатахууны компаниудад хөнгөлөлттэй зээл олгох асуудлын тухайд энэ жилийн улсын төсөвт бид 20 тэрбум төгрөгний татаасыг суулгаж өгсөн. Одоогоор 13 тэрбумыг нь ААН-үүдэд олгосон байна. Цаана нь үлдсэн 7 орчим тэрбум төгрөгийг бид шаардлага хангасан, хүсэлтээ ирүүлсэн ААН-үүдэд өгөхөд бэлэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.