НийгмийнУлс төрийн мэдээ

С.Наранцогт: Монголбанк өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдэхгүй бол инфляцад далд байдлаар нөлөөлнө

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэгт төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар мэдээлэл танилцууллаа. Мөн ирэх таван жилд Монголбанкны өөрийн хөрөнгийн 4.8 их наяд төгрөгийн дутагдлыг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар нөхөх гэж байгаа тухай мэдээлэл өглөө.

Ингэхдээ "Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай бонд гаргаж шийддэг нь олон улсын практик. Олон улсын валютын сангаас 2023, 2026 онд ингэж шийдэх зөвлөмжийг өгсөн.

Монголбанк өөрийн хөрөнгө дутагдлын асуудлыг шийдэхгүй бол инфляцад далд байдлаар нөлөөлдөг. Төв банкны мөнгөний бодлогыг явуулах орон зайг хумьдаг сөрөг үр дагавартай. Үүнийг шийдэж чадвал 2032 оноос төсөв дээр бондын хүү үндсэн төлбөрийг төлөх зүйл гарна. Инфляцыг өсгөөд арга хэмжээ авахгүй бол инфляцаар төлөгдөх урсгал зардал нь 2-3 дахин томрох эрсдэл бий.

2012 оноос эхэлсэн төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.7 их наяд төгрөг төв банкнаас гарсан. Цэвэр дүнгээр 5.4 их наяд төгрөг болж байгаа. Зарим хугацаанд мөчлөг дагасан экспортын орлого, эдийн засагт илүүдэл нөөц үүссэнийг богино хугацааны дутагдлыг нөхөх зорилгоор төв банкны үнэт цаасаар татаж байгаа нь төв банкны төлөх хүүгийн зардлыг нэмэгдүүлж байна.

Төв банкнаас төлөгдөж буй хүүгийн талаас илүү хувь нь үнэт цаасны хүүд төлөгдөж байна. Мөн своп хэлцэл болоод бусад банкны үлдэгдэлд төлж буй хүүгийн зардал нэмэгддэг. Мөн ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн Эрдэнэс бондын 870 тэрбум төгрөг, Засгийн газар Монголбанк хооронд үүссэн өр төлбөрийн асуудал 1.5 их наяд төгрөгт хүрсэн. Сүүлийн 15 жилийн хугацаанд инфляц зорилтот түвшиндээ тавхан удаа орсон. 2021 оноос эхлээд зорилтот түвшнээс зөрдөг зөрүү томорсон. Энэ нь суурь асуудлаа шийдэхгүй бол зөвхөн төв банк мөнгөний бодлогоор асуудлаа удирдахад хязгаарлагдмал байна" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button