Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын эдийн засаг аравдугаар сард саарсан шинж тэмдэг үзэгдлээ

Аравдугаар сард БНХАУ-ын эдийн засаг саарсан шинж тэмдэг ажиглагджээ. Тодруулбал өнгөрсөн сард Хятадын үйлдвэрлэлийн өсөлт удааширснаас гадна дотоодын хэрэглээний үзүүлэлт сул хэвээр байсан аж.

Дотоодын эрэлт сул байгаа нөхцөлд хиймэл оюун ухаантай холбоотой бараа бүтээгдэхүүний экспорт БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч болж өгч байна. 2027 он хүртэл экспорт тус улсын эдийн засгийн өсөлтийг гадаад, дотоод сөрөг нөлөөнөөс хамгаалах төлөвтэй мэт харагдаж байв. Гэвч аравдугаар сард өсөлтийн эрч суларсан нь дотоодын эрэлт хангалтгүй байгаагаас эдийн засагт учирч буй дарамтыг харууллаа.

БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын даваа гарагт /2026.11.16/ мэдэгдэл хийхдээ, аравдугаар сард аж үйлдвэрийн салбарын гарц өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өссөн гэсэн юм. “Reuters” агентлаг эдийн засагчид дунд санал асуулга явуулж, үйлдвэрүүдийн гарц 5.3 хувиар өснө гэж таамаглаж байжээ. Гарц есдүгээр сард 5.5 хувь байсан юм. Өөрөөр хэлбэл аравдугаар сарын үзүүлэлт өмнөх сараасаа буурснаас гадна эдийн засагчдын хүлээлтэд хүрээгүй байна.

Харин жижиглэнгийн худалдаа аравдугаар сард жилийн дүнгээр 0.4 хувиар өсжээ. “Reuters” агентлаг эдийн засагчид дунд явуулсан санал асуулгаар тус үзүүлэлт 0.8 хувиар өснө гэх таамаг дэвшээд байсан юм. Мөн аравдугаар сарын үзүүлэлт есдүгээр сарын 1.1 хувиас буурчээ.

“ING” банкны ахлах эдийн засагч Линн Сонг аравдугаар сарын үзүүлэлтүүд хүлээлтээс доор гарсан нь дөрөвдүгээр улирлын хувьд санаа зовоосон эхлэл гэж дүгнэжээ.

Зургийн эх сурвалж: Zabala Innovation

Энэ жилийн хоёрдугаар улиралд БНХАУ-ын эдийн засаг удаашралд ороод байсан. Харин олон улс дахь хиймэл оюун ухаантай холбоотой бүтээгдэхүүн, машины эрэлт өндөр байсан нь өсөлтийг сэргээсэн билээ. Үргэлжлүүлэн гуравдугаар улиралд Хятадын эдийн засаг 4.5 хувиар өссөн. Ийм учир Бээжин эдийн засгийг дэмжих томоохон бодлого явуулалгүйгээр энэ жилиийн ДНБ-ий өсөлтийг 4.5-5 хувьд хүргэх зорилтоо биелүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

Тодруулбал “ANZ” банкны Хятадын сэдвийг хариуцсан ахлах стратегич Жаопэн Син “Энэ оны үлдсэн хугацаанд эдийн засгийг дэмжих шинэ арга хэмжээ зарлахгүй байх төлөвтэй байна” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Аравдугаар сарын үзүүлэлт нийт жилийн өсөлтийн чиг хандлагыг өөрчлөх магадлал бага. Энэ онд БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 4.5 хувиас давна гэж бид таамагласан хэвээр байна” гэсэн юм.

БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фу Линхуй хэлснээр оны эхний арван сард үйлдвэрлэлийн өсөлтийн талаас илүү хувийг дэвшилтэт технологийн салбар бүрдүүлжээ.

Дэлхий даяар дэвшилтэт технологийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн нь Хятадын уламжлалт үйлдвэрлэл болон дотоодын зах зээлд суурьтай салбаруудын сул үзүүлэлтийг тодорхой хэмжээнд халхалж байгаа юм. Үүний улмаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлт салбар бүрт тэнцвэргүй явагдах байдал үргэлжилж, гүнзгийрэх эрсдэлтэй байна. Экспортын орлого тогтвортой байгаа нөхцөлд Хятадын эрх баригчид дотоодын хэрэглээг өсгөхийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлага бага гэж үзэж байгаа юм.

Гэвч Хятадын Үндэсний статистикийн газраас явуулсан үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх судалгаа үйлдвэрлэгчдийн итгэл өмнөх сарынхаас буурсныг харуулсан юм. Тус судалгаанаас харвал шинээр ирэх захиалга болон экспортын захиалгын нөхцөл муудсан гэж аж ахуйн нэгжүүд мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button