“Оюутолгой” болон “Онтрэ”-гийн зангилааг тайлж, Монгол Улс илүү өгөөж хүртэж чадах уу

“Оюутолгой”-н бөөрөнд наалдсан “Онтрэ” компани лизенц шилжүүлэх татвараа хэнд ч мэдэлдэлгүй өөрсдийн дураар тооцон төрд тушааж, Монгол Улсын хуулийг тойрон гарахаар завдсан байдаг. Монголын улстөрчдийн хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдэгдсэнээр л тэр шүү дээ. Манайхан ч тэгээд цаагуураа ямар тохироо хийж, наагуураа юу ч гэж төөрүүлэхийг таашгүй хойно.
"Онтрэ" хоёр лицензийг нь эзэмшиж буй талбай нь угтаа зөвхөн Оюутолгойн зах ирмэг бус Херуга орд буюу Жавхлант нь гурван Оюут ордтой тэнцэх, Хойд Хюго үргэлжлэл буюу Шивээ Толгой нь зэс, молибденийн томоохон орд болох хоёр Цагаан суваргатай тэнцэх хэмжээний нөөцтэй, асар баян орд гэдгийг Хянан шалгах түр хорооны сонсголын үеэр шинжээчид дурдаж байв.
Тодруулбал, “Онтрэ” нь “Оюу Толгой” ХХК-ийн 6709А тусгай зөвшөөрлийн талбайг тойрсон Шивээ Толгой (15225А) болон Жавхлант (15226А) гэсэн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. “Оюу Толгой” ХХК болон "Онтрэ"-гийн хамтын ажиллагааны талбай нь Шивээ Толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн (15225A) талбайн Зүүн хэсэг болон Жавхлант ашиглалтын тусгай зөвшөөрлийн (15226А) талбайг бүхэлд нь хамардаг. Гэхдээ Оюутолгойн гэрээг үйлдэх үед "Онтрэ" хэмээх компанийн нэрийг сонсож ч байгаагүй гэж тухайн үеийн улстөрчид мөн сонсголоор дурдаж байсныг энд сануулууштай.
Тэгвэл аравхан ажилтантай, уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй, өөрсдөө үйл ажиллагаа явуулбал эдийн засгийн үр өгөөж нь “0” гэх “Онтрэ” нь лицензээ стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарахаас өмнө буюу 2025 оны дөрөвдүгээр сараас өмнө Оюутолгойд сэмээрхэн шилжүүлчихсэн бол, Монгол Улс татварыг нь бушуухан албан ёсоор хүлээгээд авчихсан бол монголчуудад 20 орчим жил үр өгөөж хүртээгээгүй компанийн хил хязгаар цаасан дээр хэвээрээ ч бодит байдал дээр тэлэх байв.
Тухайлбал, Оюутолгойн бүлэг ордод эл хоёр лиценз бүхий талбай дахь зэсийн эзлэх хүдрийн хувь 31,3 бол зэс 12.7 хувь, алт 10.5 хувь, мөнгө 12.5 хувь, молибден 94 хувийг эзэлдэг хэмээх мэдээлэл бий.

Өдгөө хоёр өөр тусгай зөвшөөрөл бүхий компани, түүнд хамаарах талбайн олборлолт нь “нэг гэрээгээр” явах гэж байсныг төр залруулахаар ажлын хэсэг байгуулж, түүнийг нь ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн ахалж байна. Эл ажлын хэсэг “Онтрэ” компанитай 2027 оны эхээр хэлэлцээрийн ширээний ард сууж, 34 хувийг эзэмших үү, АМНАТ-аар орлуулах уу гэдгийг шийдэх юм. Сайд Г.Тэмүүлэнгийн хэлж байгаагаар Үндсэн хууль дахь газрын хэвлийн баялаг төр нийтийнх байна гэсэн заалтыг барьж зөвшилцөлд хүрнэ гэж байгаа.
Тэгэхээр өдгөө үйл ажиллагаа нь тогвортой явж буй Оюутолгойн бүлэг орд болох Шивээ Толгой, Жавхлантын 34 хувийг төр эзэмшихдээ ямар нэгэн өр үүсгэхгүй, өмнөх алдааг давтахгүй байж чадвал урт хугацаандаа өндөр өгөөж хүртэх магадлалтай. Эсрэгээрээ, өмнөх гэрээний дутагдалтай талыг засаж чадахгүй бол үүний оронд борлуулалтын орлогоос өндөр хувьтай, өсөн нэмэгдэх тусгай АМНАТ тогтоох нь эрсдэл багатай сонголт болохоор байна. Мэдээж энэ нь УИХ-ыг давж байж, эцсийн шийдвэр болно.
Ямартай ч “Онтрэ”-гийн мэдлийн талбай нь асар баялагтай гэдгийг анхаарч, гэрээ байгуулах нь туйлын чухал болоод байгаа энэ цаг үед Монгол Улсын хүртэх ашгийг өндөр байхаар сонголтыг хийх шаардлагатай. Оюутолгой нь “Онтрэ”-гийн өмнөөс талбайн олборлолтыг явуулж, бүтээн байгуулалтыг хариуцна гэсэн заалттай хамтын ажиллагааны гэрээ Монгол Улсын төрд мэдэгдээгүй 2009 оноос 16 жилийн хугацаанд явж ирсэн нь өөрөө хуулийн зөрчилтэй байгаа бол хариуцлагыг ч мөн нэхэх хэрэгтэй. Монгол Улсын хууль тогтоомжийг алгасчхаад өөрт ашигтай байх үүднээс хуулиар шийдэх гэж явсныг нь ч санах учиртай юм.
Д.ГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.