
Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяртай ярилцлаа.
-ЗАРИГ.МН САЙТ ШҮҮХЭД БИЧГЭЭР ТАЙЛБАР ӨГӨӨГҮЙ, НОТЛОХ БАРИМТАА ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ИРҮҮЛЭЭГҮЙ БАЙГАА-
-Уржигдар /2020.04.22/ ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн нэхэмжлэл бүхий Зариг.мн сайтад холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж хойшиллоо?
-Миний бие иргэн Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй “Ган үзэгтэн” компанид холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийлгэхийг хариуцагчид үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Маргааны үйл баримтын тухайд 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр “Ган үзэгтэн” компанийн эрхлэн ажиллуулдаг “Зариг.мн” сайтад “Хурандаагийн хүү баяжиж байвал хүн мал харангадах нь яамай” гэх 12 минутын бичлэг нийтлэгдсэн. Энэ бичлэг нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан худал мэдээллийг олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад одоо шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
-ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн нэхэмжлэл гаргасан гол шалтгаан юу вэ?
-Бичлэг 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр нийтэд цацагдсан бөгөөд тухайн үед сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх гэдэг утгаар асуудалд хүлээцтэй хандаж, ямар нэг байдлаар хууль, шүүхийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл “Ган үзэгтэн” ХХК, түүний сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ёс зүйгүй үйлдэл хэрээс хэтэрч, бусдын нэр төрд халдсан, гутаасан мэдээг удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж нийтэд тараах болсон. Уг асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь ч хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хүндэтгэж байгаагийн илэрхийлэл шүү дээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын эрх тэгш оролцоо, мэтгэлцээний үндсэн дээр явагддагаараа онцлогтой. Иймд “хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах оролдого гаргаж байна, хүч тэнцвэргүй байна” гэх зэргээр ярьж байгаа сэтгүүлчийн тайлбар бодит байдалтай нийцэхгүй болохыг онцолж хэлмээр байна.
-Яагаад?
-Монгол Улсын Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу “Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан” мэдээ тараасан этгээд тухайн мэдээллээ үнэн зөв гэдгийг нотлох үүрэгтэй. Нотолж чадаагүй тохиолдолд мэдээг тараасан арга хэлбэрээр няцаах үүргийг хүлээдэг.
Уг асуудлаар Д.Гэрэл 2020 оны хоёрдугаар сарын 20-нд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар хоёрдугаар сарын 27-ны өдөр шүүх иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарснаас хойш шүүхийн мэдэгдсэний дагуу нэхэмжлэлийн хувийг гардаж авах ёстой байдаг. Гэтэл “Ган үзэгтэн” компани бүхэл бүтэн сарын дараа буюу гуравдугаар сарын 26-нд шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн бураагаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэг сар орчим хугацаагаар удааширч, саатсан. Ингээд нэхэмжлэл гардаж авсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу 14 хоногийн дотор хариу тайлбараа өгөх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл шүүхэд бичгээр тайлбар өгөөгүй, нотлох баримтаа ирүүлээгүй л байгаа. Тэгсэн мөртлөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөр асуудал яриад л яваа харагдана лээ.

-Г.АРАНЗАЛ ГЭХ ХУВЬ ХҮНИЙ УУРХАЙ Д.ГЭРЭЛ ГЭДЭГ ХҮНТЭЙ ОГТ ХАМААГҮЙ. ӨРХ ТУСГААРЛАСАН ХҮНИЙ УУРХАЙГ ХОМ-ТЭЭ ТУСГАХ АЛБАГҮЙ-
-ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын уурхайг яагаад аавд нь хамааралгүй гэж үзээд байгаа юм бэ. ТЕГ-ын дарга ХОМ-тээ тусгаагүй ?
-Энэ асуудлыг ярихын өмнө тэр мэдээлэлд юу дурдагдсан бэ гэдгийг бид эргээд санах хэрэгтэй. Тухайн мэдээлэлд “…Пентатерра, “Монгол алтан минт”, “Тайхаржин транс” гэх гурван компанийн нэрийг дурьдаж, эдгээр компанийг үүсгэн байгуулагч нь Д.Гэрэл дарга мэтээр дүрсийг харуулж, улмаар хүүгээрээ дамжуулж, хүү нь гурван компаниар дамуулж хууль бусаар алт олборлож байгаа…” гэх ойлголтыг олон нийтэд төрүүлсэн бичлэгийг цацсан болохыг санаж байгаа байх. Гэтэл бодит байдал дээр энэ уурхай Д.Гэрэл гэдэг хүнтэй огт хамааралгүй. Хамааралгүй гэдгийг нотлох хэд хэдэн баримт бий. Уг мэдээлэл цацагдсаны дараахан “Босоо хөх Монгол” ТББ АТГ-т гомдол гаргасан юм билээ. Улмаар АТГ Д.Гэрэл гэж хүн хамааралтай юу, тухайн компани хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа юу гэдгийг шалгасан. Тэгээд АТГ-аас “Энэ уурхай Д.Гэрэл гэдэг хүнтэй хамааралгүй, тэрээр хууль зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна, ХОМ-д өрх тусгаарласан гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогыг мэдүүлэх хууль зүйн үндэслэлгүй” гэх агуулгатай хариуг өгсөн. Цагдаагийн Ерөнхий газраас ч мөн адил хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулаад хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэх хариуг өгсөн. Эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.
Энд нэг зүйлийг бас онцолж хэлмээр байгаа нь Д.Гэрэл гэдэг чинь тусдаа хувь хүн, эрх зүйн харилцаанд бие дааж оролцож байгаа этгээд. Д.Гэрэлийн хүү Г.Аранзал мөн л тусдаа хувь хүн, эрх зүйн харилцаанд бие дааж оролцдог этгээд. Тиймээс Д.Гэрэл гэдэг хүн, өрх тусгаарласан Г.Аранзалын компанийг ХОМ-тээ мэдүүлэх албагүй. Тийм хууль зүйн үндэслэл байхгүй. Аранзал гэж хүн Гэрэл даргын хүү болохоороо түүний үйл ажиллагаа тэр хүнээс хамааралтай байна гэсэн хэрэг биш шүү дээ.
Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд ХОМ хэрхэн гаргах, ямар шаардлага тавих гэдэг хууль зүйн үндэслэлийг заасан. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан. Түүнээс биш өрх тусгаарласан хүний хөрөнгийг тусгах шаардлагагүй болох тодорхой нь ойлгогдоно.
Гэтэл сэтгүүлч олон нийтэд “Энэ компани Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын нэр дээр байгаа учир Д.Гэрэлийн компани бөгөөд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна” гэдэг ойлголтыг өгч байгаа нь үндэслэлгүй юм аа. Товчхондоо бол, энэ компани Д.Гэрэлд огт хамааралгүй.
-Тэр уурхай ямар замаар хүүгийнх нэр дээр очсон юм бэ. Аавынх нь нөлөөлөл бий гэх хардлага сэтгүүлч, болоод хэвлэл мэдээллийнхэнд мэдээж бий?
-Тухайн компаниуд хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан уу, компанийнхаа хувьцааг Г.Аранзал гэдэг хүн ямар замаар олж авсан бэ гэдэг нь Иргэний хэргийн шүүхэд гаргасан бидний нэхэмжлэлтэй хамааралгүй асуудал. Энэ компаниудын талаар нарийн учрыг би мэдэхгүй. Компанийн хувьцааг Г.Аранзал гэх хүн авахдаа хууль зөрчсөн, эсхүл тэр компани хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан үйл баримт байхгүй юм билээ. Үүнтэй холбоотой мэдээллийг “Пентатерра” компанийн захирал болон холбогдох хүмүүсээс тодруулах нь зүйтэй болов уу.

-ЭХНЭР НЬ АРЦАТЫН АМАНД ГАЗАРТАЙ ГЭХ МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР Д.ГЭРЭЛ ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДААГҮЙ-
-Арцатын аманд Д.Гэрэл даргын эхнэр газартай гэх мэдээллийг “Зариг.мн” сайт нийтлэсэн. Эхнэрийнх нь газрыг мэдээлсэн байхад Тагнуулын байгууллагын нэр хүндэд халдлаа гээд Эрүүгийн хуулиар өгчээ. Эхнэрийнх нь газрыг мэдээлснээрээ яагаад ТЕГ-ын нэр хүндэд халдсан гэж үзэх болов?
-Д.Гэрэл гэдэг хүн төрийн албан тушаалтны хувьд авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу хөрөнгө орлогоо тайлагнадаг. Хөрөнгө орлогын мэдүүлэг АТГ-ын сайт дээр нээлттэй байршдаг тул тэндээс хэн ч нээлттэй байдлаар харах боломжтой мэдээлэл шүү дээ. Энэ асуудлаар Д.Гэрэл гэж хүн хууль, шүүхийн байгууллагад хандаагүй гэдгийг хэлмээр байна. Энэ нь бидний иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай хамааралгүй асуудал. Үүнтэй холбоотой мэдээллийг зохих газраас нь асуувал зүгээр болов уу.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдаагийн байгууллагад аваачиж өгсөн баримт алга болсон. Тухайн баримт ТЕГ-т очсон гэх зүйл яригдаж байгаа. Цагдаад өгсөн баримт яагаад алга болов?
-Би дахин дахин хэлж байгаа. Иргэний хэргийн шүүхэд Д.Гэрэл гэх хүний нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасантай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа. Дөрөвдүгээр сарын 21-нд болсон шүүх хуралдаанд талууд хэн ямар нотлох баримт цуглуулах, холбогдох ажиллагаа хийлгэх хүсэлтээ гаргасан. Зариг.мн сайтаар “Цагдаагийн байгууллагад өгсөн баримт алга болсон тухай” ярьж байхыг би хальт л харсан. Ямар учиртай баримт хэлж байгаа юм, тэрийг нь ойлгохгүй, мэдэхгүй байна. Хэрэв үнэхээр тийм л юм бол тэр асуудлаа холбогдох газарт нь гомдол гаргаад шалгуулах эрх нь нээлттэй шүү дээ.

-СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ХУВИЙН ХАЯГТ НЬ БИШ ЗАРИГ.МН САЙТ БОЛОН ПЭЙЖ ХУУДАС, ТВИТТЕР ХАЯГТ ҮЗЛЭГ ХИЙЛГЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН-
-Танай талаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн “Твиттер хаягт шалгалт хийх”, “Зариг.мн сайтад Д.Гэрэлд холбогдох мэдээ, мэдээлэл дахин нийтлүүлэхгүй байх” гэсэн хоёр хүсэлтийг шүүхэд гаргасан. Эхний хүсэлт нь сэтгүүлчийн гэхээсээ илүү хувь хүний эрхэнд халдсан хэтэрхий бүдүүлэг үйлдэл биш үү?
-Дөрөвдүгээр сарын 21-нд зарлагдсан шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гурван хүсэлт гаргасан. Хариуцагч талаас хоёр хүсэлт гаргасан. Шүүгч эдгээрээс заримыг нь хангаад, зарим хэсгийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан завсарласны дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Твиттер хаягт шалгалт хийх”, “Зариг.мн сайтад Д.Гэрэлд холбогдох мэдээ, мэдээлэл дахин нийтлүүлэхгүй байх” асуудлыг нэхэмжлэгч талаас тавьсан мэтээр ярьсан юм шиг байна лээ. Тийм асуудал байхгүй. Нэхэмжлэгч талаас “Зариг.мн сайт болон уг сайтын фейсбүүк пейж хуудас, сайтын твиттер хаягт л үзлэг хийлгэх” хүсэлт гаргасан. “Шалгалт” биш “үзлэг” шүү дээ. Сэтгүүлчийн хувийн хаягт биш “байгууллагын цахим хуудаст үзлэг хийлгэе” л гэдэг асуудал. Үзлэг гэдэг нь нотлох баримтыг бэхжүүлж байгаа нэг процессын ажиллагаа юм. Сайтын пэйж хуудсуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан нь ийм учиртай. Тухайн мэдээллийг яаж тараасан, хэдэн хүн үзсэн зэрэг нийтэлсэн байдлыг нь тогтоолгох зорилгоор л тухайн хүсэлтийг гаргасан. Үүнийг сэтгүүлчийн хувийн хаягт шалгалт хийх хүсэлт гаргасан мэтээр гуйвуулж, олон нийтэд тайлбарласан байна лээ.
-Хоёр дахь хүсэлт тань бас хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан юм биш үү?
-“Зариг.мн сайтад Д.Гэрэлд холбогдох мэдээ, мэдээлэл дахин нийтлүүлэхгүй” гэсэн хүсэлт гаргаагүй л дээ. Иргэний нэр төр гэдэг ойлголт нь хуулиар хамгаалагдсан эрх зүйн үнэт зүйл. Хэн нэгний нэр төрд үндэслэлгүйгээр халдаад байж болохгүй. Энэ үүднээс ч “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар” “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” талаар зохицуулчихсан байдаг. 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ний өдөр Д.Гэрэлд холбогдох мэдээлэл цацагдсан. Тухайн мэдээллийг өнөөдрийг хүртэл тараасаар л байгаа. Энэ хүсэлтийг энгийн жишээгээр тайлбарлая л даа. “Нэг хүнийг түлхээд унагаачхаж. Унасан хүн шүүхэд хандаад “энэ хүний буруутай үйлдлийг шалгаж өгөөч” гээд гомдол гаргалаа. Шүүхээр шалгаж байх хугацаанд дахин дахин түлхэж унагаагаагаад байж болохгүй биз дээ”. Үүний адилаар бид шүүхийн шийдвэр гартал 2019 оны арванэгдүгээр сарын 27-ны өдөр цацагдсан мэдээллээ битгий ахин ахин тараагаад нэр хүндэд халдаад байгаач” гэдэг хүсэлт л гаргасан. Тэрнээс биш “Д.Гэрэл гэдэг хүнд холбогдох мэдээ мэдээллийг зариг.мн сайтад дахин нийтлүүлэхгүй” гэдэг хүсэлт биш. Бидний гаргасан хүсэлтийн хариуд шүүхээс “Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхийг нь хүндэтгээд хүсэлтийг нь хангахгүй орхиё” гэдэг агуулгатай шийдвэр гаргаад “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүхийн ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэхгүй байхыг “Ган үзэгтэн” компанид даалгая гэх агуулга бүхий шүүгчийн захирамж гарсан. Гэвч шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа байдлын талаар зөрүүтэй мэдээлэл гарсан байна лээ.

-ТЕГ-ЫН ДАРГА Д.ГЭРЭЛИЙН ХОМ-ИЙГ ШАЛГАХАД Л ГУРВАН КОМПАНИТАЙ ХАМААРАЛТАЙ ЭСЭХ НЬ ХАРАГДАНА-
-Нэхэмжлэгч талаас гаргасан гурав дахь хүсэлт нь юу юм бэ?
-“Д.Гэрэл гэх хүний 2019 оны ХОМ-т үзлэг хийлгэе” гэх хүсэлт гаргасан. Шүүхээс энэ хүсэлтийг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл ХОМ-ээр нь дээрх гурван компанитай хамааралтай юу, үгүй юу гэдэг нь харагдах юм.
-Н.Өнөрцэцэгийг цахим орчинд харлуулах, нүдэх ажлыг хийж байгаа нь хэр шударга явдал вэ?
-Энэ асуудлын тухайд мэдэх зүйл алга. Шүүх хурлаас гарч явахад сэтгүүлчид “Д.Гэрэл гэж хүн шүүх хуралдаанд өөрөө яагаад орохгүй байгаа юм бэ” гэж асууж байсан. Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд оролцож байгаа. “Ган үзэгтэн” компанийн хувьд ч эрх бүхий төлөөлөгч этгээд болох Н.Өнөрцэцэг гэх хүнээ оролцуулж байгаатай л ижил.
-Асуулгүй орхигдуулсан зүйл бий болов уу?
-Ярилцлагын төгсөлд өөрт төрсөн санал, сэтгэгдийн талаар хуваалцая гэж бодож байна. Нэг талаас Үндсэн хуульд заасны дагуу хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ төрөөс ямар нэг цензургүй, хязгаарлалтгүйгээр эдлэх ёстой. Нөгөө талаас хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байна гээд бусдын нэр төрийг гутаасан, гүтгэсэн, худал мэдээллийг тараагаад байж болохгүй гэж хувьдаа бодож байна. Эрхийн хажуугаар мэргэжлийн ёс зүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллах нь чухал болов уу. Эрхээ ч эдлэе, үүрэг, хариуцлагаа ч ухамсарлая.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүү гэдэг бол хамаарал бүхий этгээд мөн шүү дээ. Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт хамаарал бүхий этгүүд орлого хөрөнгөө мэдүүлэх ёстой шүү дээ. Энэ өмгөөлөгч үүнийг мэдэж байгаа мөртлөө албан тушаалтныг хаацайлж авилгал авч дээ
Өмгөөлөгч авилгал авдаггүй. Өмгөөлөгч өмгөөллийн хөлсөө авдаг юм л даа
Яг хуулинд нь хүүхэд гэж байдаггүй юм байна. Гэхдээ бусад этгээд гэж бичсэн байна. Бусад этгээдэд хамааруулж болно л доо.
Мөн монголд тийм холбогдох заалт нь байхгүй бол олон улсын гэрээ заалтыг мөрдөнө гэсэн байгаа. Олон улсынхад нь мэдээж байгаа. Гадаадынхан тэнэг биш.
Хуулинд нь төрсөн ах эгч дүү, гэр бүлийн гишүүн гэснээ хүүхэд гэдэг үгийг АЛБААР хаяж батлуулсан байна- Тиймээс манай иргэд хууль баталж байх үед сайн уншиж шаардаж баймаар юм байна.
Энэ хуульч мэргэжилдээ айхтар чадамгай хүн байна шүү. Нээрээ л түлхэж унагасан мөртлөө дахиж түлхээд байгаа юм шиг. Гэхдээ манай эрх зүйн орчин нь сонин л юм. Аав нь хөрөнгөө хүүдээ өгөөд л, хамаагүй болчихож байгаа юм шиг санагдах юм.
Тэгэхээр бид нар хуулиа засуулах ёстой. Том албан тушаалд очиж буй хүмүүсийн төрсөн төрөөгүй хууль ёсны болон хууль ёсны бус болон бусад бүх ашиг сонирхлын зөрчил үүсгэх боломжтой этгээдүүдийн ХОМэдээлэл нэхэх хэрэгтэй.
Уурхайтай л юм байшдээ
1 Арцатын аманд эхнэр нь газартай юм байна.2 зарлиг сайтад шалгалт хийлгэнэ гэсэн нь үнэн байнаҮзлэг шалгалтыг нэг л утгаар ойлгоно.Тухайлан хэлбэл нэгжлэг гэсэн үг.Хувь Гэрлийн тухай ярихаар ТЕГ ын нэр хүнд болоод явчихдаг сонирхолтой
хуульд юу гэж заасан яг тодорхой хариулсан байна.Зариг шүүхээс шийдвэр гараагүй байхад олон нийтэд худал мэдээллээ түгээх нь ёс зүйгүй үйлдэл
Хуулийн нэг заалт нь ийм ч бусад нь тийм байдаггүй. Манай хуулийн заалтууд маш замабараагүй. АНх гадаадаас хуулахтай мэдээж логик уялдаа холбоо сайн абйсан. даанч өнөө хэд нь гараад өөрсдөдөө тааруулж засахдаа ганцхан юм засчихсан байдаг. Г
Гэвч бусад нь засагдаагүй учраас юуг л бол юуг эсэргүүцэх хүчтэй өөр бусад заалтууд бий гэдгийг мартаж болохгүй.
ХУулиа хийхдээ угаасаа но-той этгээдүүд чинь хүүхэд гэдэг үгээ хасаад баталчихсан абйдаг юм байна. гэвч бусад этгээд гэж бичсэн байдаг юм байна. тэгэхээр хамааруулж болно л доо. Мөн хуулийн өөр нэг алдаа нь шүүх үнэхээр шүүх гэж буй бол нот
Шүүх нотлох баримт цуглуулахыг төрийн байгууллагуудаас хүсэж болно.
МАН энэ тэтгэвэрийн хүнийг тэтгэвэрт нь гаргаач. Цаашид тэтгэвэрийн хөгшчүүлээ төрд ажлуулах хэрэг алга. ОЛОН шударга залуус ажлаа хүлээж байна. ТЭДЭНД боломж олго.
за бас арайчдээ
Хоёр талын мэдээллийг тэнцвэртэйгээр унших хэрэгтэй шдээ.
Уншаад уншаад шинэ юм алга. Өөрийгөө хаацайлсан л байна. гэхдээ баримтаар биш хуулийн заалт л дурдаад байна. Үүнийг Ө ч гэсэн чадна.
Гэрэлд эхнэр хүүхдийн хөрөнгө орлого хамаатай л болж таарна
Муу хуульч гэж хувийн бодол минь хэлээд байна !