НИЙГЭМ

Улаанбаатар хотыг дөрвөн “дэд төв”-тэй болгоно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг танилцууллаа.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хот зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа бол дараагийн ээлжинд Дэнжийн мянга, Толгойт, Дамбадаржаа, Шархад, үүний дараагаар Нисэх, Яармагт дэд төв байгуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулснаар нийт 40 гаруй мянган өрхийн амьдрах орчныг сайжруулах ач холбогдолтой юм. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн дэд төвийн барилгын ажил гүйцэтгэх талбайн хэмжээг баталлаа.

Үүний дараагаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төсөл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон дүүжин зам 4.9 км урт, гурван зогсоолтой шугам болон Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км бүхий гурван зогсоолтой дүүжин зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг төслийг гүйцэтгэх явцад захиалагчийг төлөөлөн хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх, ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаа зохион байгуулах “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨҮГ-ыг байгууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
санал
санал

нарантуул, хар хорин зэрэг бүх хар захуудыг нь яг ижилхэн нэр, хаяг өгөөд, байшин, сав хашааг нь хотын баруун зүүн, хойд урд захад нь хэд хэдээр бариад өгвөл түгжрэл багасах юм шиг санагдлаа. Зах руу л холхисон машинууд байх юм

Back to top button