СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: 20 жил “K-Pop” хөгжим сонсож буй бүсгүй нөхрийнхөө хамт “Vante” кафег нээжээ

“К-Pop” хөгжимд дурлагч хүн бүхэнд тусгайлан зориулсан Монголын анхны кафе “Vante”-г зорилоо. “Ваантэ” хэмээн дуудсаар очиход кафены үүсгэн байгуулагч бүсгүй Б.Нямбаяр “Вантэ” болгон засаж байна. Энэ бол алдарт BTS хамтлагийн гишүүн “V”-гийн албан бус нэр аж.

-МОНГОЛЫН АНХНЫ “K-POP” ХӨГЖИМД ДУРЛАГСДЫН КАФЕ-

Кафе гадна талаасаа нил ягаан өнгөөр нилдээ гоёсоор биднийг угтав. Гадаа байршуулсан ширээ, сандал дээр ахимаг насны хоёр эмэгтэй кофе оочлон суух нь “Эд K-Pop сонсдог юм байх даа” гэх бодол төрүүлнэ. Нил ягаан өнгөнөөс гадна хар гадаргуу дээр Өмнөд Солонгосын хамгийн нөлөөтэй хамтлагуудын нэрийг, логотой нь бичиж, зурсан нь хараажийн “K-Pop” имиж. Энэ кафе долдугаар сарын 29-ний өдөр нээгджээ.

Харин ороход дотор заслын элемэнт бүр нь сэтгэл зүрх, хөлс хөдөлмөр шингэснийг илтгэж байв. Тухайлбал текийг хэд хэдэн поошик нийлүүлж, хар будгаар будаж хийжээ. Ширээний бүтээлгүүд чамин, сэтгэл татам. Сандлууд бас л гараар хийгдсэн болов уу гэмээр өвөрмөц загвар, шийдэлтэй. Кафены цаад буланд өндөрсгөж зассан хэсэг байна. Тийш үйлчлүүлэгчид гутлаа тайлан гарцгаах аж. Хоёр, гурван урц босгожээ. Тэнд солонгос хамтлагийн нэг гишүүний цаасан модель шүхэр бариад зогсож байх юм. Охид аягатай уух зүйлээ бариад, урцанд орж хэвтэцгээжээ.

Текний наана очоод мэндлэхэд “Vante” кафены үсгэн байгуулагч бүсгүй Б.Нямбаяр угтлаа. Тэр нөхрийнхөө хамт энэ бизнесийг эхлүүлжээ. Одоо 30 гаруй настай энэ эмэгтэй “K-Pop” хөгжмийг 20 орчим жил тасралтгүй сонсож байгаа аж. “K-Pop”-д дуртай хүүхэд, залуусын дунд эвент, арга хэмжээ зохион байгуулахад энд тэндхийн кофе шопыг түрээслэх нь хүндрэлтэй байсан тул энэхүү санаагаа ажил хэрэг болгохоор сэтгэл шулуудсан тухайгаа Б.Нямбаяр ярьж байв.

Сүүлийн 10 гаруй жил Өмнөд Солонгосын поп хөгжимд дурлагсад эрс олширсныг уншигчид мэднэ. Ялангуяа өсвөр насныхны дунд Солонгос хамтлагийн гишүүд шүтээн нь, үлгэр дуурайл нь болох болсон нь нууц биш. Тийм ч учраас “K-Pop” хөгжимд хайртай хүмүүсийн зорьж, шавайгаа ханатал цагийг өнгөрүүлэх боломжтой ийм газар нээгдсэн нь ихээхэн онцлог байлаа.


Б.Нямбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Та БНСУ-д ажиллаж, амьдарч байсан туршлагатай юу?

-Үгүй ээ. Би “K-Pop” хөгжмийг 10 жилийн сургуульд байхаасаа сонссон учир одоо бараг хорин хэдэн жил болчхож.  Ийм кафе байгуулъя гэсэн санааг манай хүн дэмжсэн учраас бид хамтдаа бүх зүйлийг нь өөрсдийн гараар босгосон.

-Гэр бүлийн бизнес юм байна шүү дээ?

-Тийм.

-Хорь гаруй жил “KPop” хөгжимд дурласан гэхээр, таныг хүүхэд байхад ямар хамтлагууд ид мандаж байсан нь сонин юм байна?

-H.O.T хамтлаг. 1999 оны үед шүү дээ. SM энтертайнментын хамтлаг юм. Тэр үеийн хүүхдүүд тэр чигтээ сонсдог байсан. H.O.T-г мэддэггүй хүүхэд байдаггүй, ер эрэгтэй эмэгтэйгүй л сонсоцгоодог байлаа. Интернэт, сошиал ертөнц байдаггүй байсан ч “Arirang TV”-ээр солонгос хамтлагууд гардаг, “Бөмбөгөр”-т плакатууд их зарагддаг байсан. Тэгэхээр “K-Pop” хөгжим бол манайд сүүлд, гэнэт гараад ирчихсэн зүйл биш юм л даа.

-Одоо залуус “KPop” хөгжмийг маш их сонсож байгаа. “Vante” кэй попчдод зориулсан анхны кафе гэгдэж байгаа нь үнэн үү?

-Миний мэдэхээр хоёр найзын эхлүүлсэн гээд Bubble Tea-ны газар байдаг юм билээ. Яг кафе байдаггүй байх аа.

-Танай цэсэнд бүх төрлийн кофеноос гадна пицца хүртэл харагдаж байна?

-Тийм ээ. Манайх кофе шоп биш кафе гэдэг утгаараа хөнгөн хоолоор үйлчилдэг. Гэхдээ жаахан ч болов удсан бүтээгдэхүүн зардаггүй. Сендвич гэхэд л газар дээр нь шинээр хийгээд өгдөг. Пакетлаад хадгална гэж үгүй. Учир нь ихэвчлэн хүүхдүүд л үйлчлүүлэх тул тэдний биеийн онцлог, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйл хийж болохгүй. Манайд бэлэн бүтээгдэхүүн огт байхгүй.

-Ихэвчлэн хүүхдүүд үйлчлүүлнэ гэдгийг мэдэрч, давхар хариуцлага ухамсарлаж буй хэлбэр үү?

-Тийм. Хөргөгчинд удчихсан бүтээгдэхүүн хүүхдийн гэдсэнд муу шүү дээ. Дээрээс нь зун цаг, халууны улирал байна. Иймд бүтээгдэхүүнээ газар дээр нь шинээр хийж өгдөг учраас жаахан хугацаа зардаг. Гэхдээ хүүхдүүд удлаа гэдэггүй юм аа. Кафе маань үзэх, харах зүйл ихтэй учраас нэг мэдэхэд л хоол нь гарчихдаг.

-Кафе нээх санаа танд хэзээнээс төрсөн бэ?

-2016 он бил үү дээ. Монголд ийм төрлийн кафе битгий хэл үйлчилгээний газар байдаггүй юм байна гэдгийг бодож явлаа. Эвент зохион байгуулах үед бид энгийн кофе шопуудыг өөрсдөө түрээсэлж, тохижуулдаг байсан. Цаг алдаж ийм хэлбэрээр явж байхаар өөрсдийн гэсэн тухлаг кафетай болъё гэсэн санаа төрсөн хэрэг.

Ер эвент зохион байгуулахад зардал өндөртэй, ихэвчлэн өөрөөсөө мөнгө гаргадаг байсан. Хүүхдүүдээс мөнгө хураахад хэцүү. Идэж уух ус, ундаа, жижигхэн хэвлүүлэх зураг сэлтийнх нь мөнгийг л хураахгүй бол болохгүй. Тэгээд уралдаан тэмцээний бэлгэнд Солонгосоос дурсгалын зүйлс захиалж авчруулдаг байсан. Газрууд “Одоо хааж байна” гээд л цаг заачихдаг. Энэ бүхэн нь “Өөрөө нээе” гэж зориг шулуудахад хүргэсэн юм.

Ингээд кафегаа зөвхөн өөрийнхөө дуртай хамтлагаар тохижуулах эсэх дээр эргэлзсэн. Нэгэнт л монголд байдаггүй зүйлийг санаачилж буйгаас хойш хамтлаг дээр ялгавартай хандахаас татгалзаж, “All of fans”-д зориулж тохижуулаад байна.

-Гадаадын орнуудад мэдээж олон байдаг байх л даа?

-Тийм шүү. Миний хамгийн их судалж, сэдэл авсан нь Филиппиний Манила хот дахь кафе. Тэр “K-Pop” кафегаас их үлгэр дуурайл авсан.

-Кафегаа нээхийн өмнө хоёр жил орчмын хугацаанд судалгаа хийсэн гэдэг нь сонирхол татлаа?

-Судалгаагаа голдуу сошиал ертөнц дээр суурилж хийсэн. Мэдээж Монголын зах зээл хэрхэн хүлээж авах бол, үйлчлүүлэгчид хэр олон байх бол гэхчлэн асуултууд олон. Тэгж, тэгж нэгэнт ер байдаггүй зүйлийг анхлан хийх гэж буй тул оролдоод үзье гэж зориг шулуудсан. Харанхуй л орсон доо. Судалгаа хийгдлээ ч бодит байдал, судалгаа хоёр зөрчилдөхийг үгүйсгэхгүй шүү дээ.

-Нөхөр тань таны хөгжмийн сонирхлыг ойлгож, тэр бүү хэл энэ бизнесийн санаачилгыг нь дэмжсэн, хамтарч босголцсон гэдэг нь сайхан санагдаж байна.

-Тэгэлгүй яах вэ. Бид гадаадаас кофены цахилгаан тоног төхөөрөмжүүд л авсан. Бусдыг нь өөрсдөө, гараараа хийсэн. За, бараг он гаргаад л сүүлийн зургаан сарын турш хийсэн дээ, эдгээр тавилгуудыг.

-Поошикнуудаар тек хийчихсэн, сандлууд бас өвөрмөц шийдэлтэй харагдаж байна. Гутлаа тайлаад орж, хэвтдэг урцтай өндөрлөг хэсэг бас тохилог юм аа?

-Тийм. Хүүхэд залуус ихэвчлэн цугларах тул сонирхолтой хэр нь ээ энгийн шийдлүүд байх тал дээр анхаарсан. Би өөрөө BTS хамтлагийн фен болоод бараг зургаа дахь жилдээ явж байна. Тэгээд өөрийнхөө дуртай хамтлагт арай илүү арын хаалгадчихсан гэдэг юм уу /инээв/. Тус хамтлагийн гишүүн “V”-гийн босоо постерыг тавиад, жинхэнэ шүхэр бариулчихсан байгаа.

Яг үнэнийг хэлэхэд гаднын “K-Pop” кафенуудад ч гэсэн ер нь ийм гоё тохижилт байхгүй. Эвентэд зориулж чимэглэчхээд л буцаагаад энгийн тохижилттой болгочих нь олонтаа юм билээ.

-Кафед зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлүүлэхээс гадна өөрөөр цаг өнгөрүүлэх ямар боломжууд бий вэ. Тухайлбал энэ торон самбар дээр дуртай хамтлагийнхаа гишүүдийг зургийг өлгөдөг бололтой?

-Тэгдэг. Хэрэв дуртай хамтлагийнх нь гишүүн байхгүй бол өөрөө зургийг нь авчраад өлгөж болно. Хавчаарыг нь үнэгүй өгч байгаа юм. Тэр жижигхэн шилнүүдэд хүслээ цаасан дээр бичиж хуйлаад хийж болно. Цаад талын том шилнүүдэд ч бас хүслээ бичээд хийж болно. Шил, цаас, хавчааруудыг нь үнэгүй өгч байгаа.

Өөрийнхөө төлөвлөсөн тохижилтоо 100 хувь санаандаа хүртэл хийж амжаагүй байгаа л даа. Үүнээс илүү хөөрхөн, хөөрхөн санаанууд зөндөө бий. Одоо проектор ирэхээр тоглолт үзүүлдэг болно. Мөн хамтлагийн гишүүдийн төрсөн өдрийг тохиолдуулсан тусгай үйлчилгээнүүд нэвтрүүлэх талаар бодож байна.

Хүүхдүүдийн “K-Pop” сонирхлыг эцэг эхчүүд нь нэг их ойлгодоггүй, ойлгосон ч дэмжээд байдаггүй л дээ. Гэхдээ бүр хэт их донтчихсон хүүхдүүд ч байдаг. Ямар ч боломжгүй зүйлийг хүсдэг, төсөөллийн өвчтэй мэт хэмжээнд оччихсон хүүхдүүд мэр сэр бий. Ингэж бол болохгүй шүү дээ. Харин энэ хөгжмөөс эрч хүч, урам зориг, үлгэр дуурайл авдаг олон хүн бий.

Залуус дуртай хамтлаг, дуучдынхаа “Амны хаалтаа зүүгээрэй” ч гэдэг юм уу, зөвлөмжийг маш сайн тусгаж авдаг. Үүнийг зөв ашиглавал бас нэг төрлийн эерэг нөлөөлөл болно. Ер нь монголд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа их ховор шүү дээ. Гадаа, цэцэрлэгт хүрээлэнгээр л явцгааж байдаг. “CU”, “CircleK” зэрэг сүлжээ дэлгүүрээр орж юм идчихээд гардаг. Дуртай дуугаа сонсоод, бүжиглээд, идэж уугаад гардаг газар цөөн.

-Дэмжихээс илүү буруушаах нь элбэг шүү?

-Харин тийм. Би ч гэсэн гурван хүүхдийн ээж хүн. Сүүлийн жилүүдэд барууны зах зээлд Өмнөд Солонгосын одууд амжилт олж буй болохоор хүмүүсийн харах өнцөг өөрчлөгдөж байна. Яг үнэнийг хэлэхэд эдгээр өсвөр насныхны ээж аавууд өөрсдөө H.O.T-ыг сонсож өссөн л байхгүй юу.

Дэмий зүйл хийжгэх мэт сөрөг хандлага ирж байна уу?

-Одоогоор тийм хандлага гарч ирээгүй байна. Хүүхдүүдийнхээ хамт анх удаа ирж, үйлчлүүлж буй эцэг, эх ч байна. Сэтгэл ханамж өндөртэй, дажгүй газар байна гээд гарцгаадаг. Манайх элдэв алкохол зардаггүй, хүүхдүүдэд чиглэсэн тохижилттой, тийм ч өндөр үнэтэй биш. Буруушаасан хандлага арай ирээгүй байгаа ч юмыг яаж мэдэх вэ, хүн бүрд таалагдах албагүй шүү дээ.

-Нээгдээд дөнгөж долоон хоног л өнгөрч буй юм байна. Үйлчлүүлэгчид хэр олон байна вэ?

-Ер нь ачаалал өндөр байна шүү. Дугаарлаад л зогсож байдаг болсон. Шинэхэн газар учраас хүмүүс их сонирхож ирж байна. Бас нэг талаар хүүхдүүдийг учиргүй уяад байж болохгүй болов уу гэж бодож байна. Удахгүй хичээл, сургууль эхэлнэ. Зарим нэг нь тасалчхаад л сайхан цаг нөхцөөгөөд суугаад байж магад шүү дээ. Нэгэнт л хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлж буй тул бүх талаар нь санаа тавихыг бодно. Хичээлдээ явахгүй байвал хөөгөөд гаргана /инээв/.

“Vante” гэж нэр нь ямар учиртай юм бол?

-BTS хамтлагийн миний дуртай гишүүн “V” алдарт зураач Ван Гогт дуртай. Өөрөө түүний зургийг зурах дуртай, мөн гэрэл зураг дарах хоббитой. Тайзнаас буусан үедээ зураг зурах, гэрэл зураг авах үедээ “Vante” гэсэн албан бус ашигладаг юм.


Биднийг ярилцаж байх хооронд нэг өсвөр насны хөвгүүн текнээс цаас аваад хүслээ бичлээ. Ийн хуйлаад жижиг лонхонд хийж торон самбарт хавчив.

Б.Нямбаяр цаашид зураг зурах сонирхолтой хүүхдүүдэд зориулж зотон самбар, будгийн хэрэгсэл тавих бодолтой буйгаа ч хэллээ. Нэг үгээр тохижилтоо зөвхөн “K-Pop” чиглэлд биш, хүүхдүүд, өсвөр насныхан ихээр үйлчлүүлнэ гэдэгт анхаарч байгаа нь сайшаалтай байв.

Ташрамд хэлэхэд кофе нь тун сайхан амттай байлаа.

Байршил: Зүүн дөрвөн замын автобусны буудлын /урд/ ойролцоо, ХААН банктай байр.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Баяр хүргэеээ нямбага аа. Бага байхын өнгөлөг хурц хурц хувцас өмсдөг хүүхэд байсан даа. Дуртай юмаа хийгээд гоё байна шдэ

  2. Энэ КаФЕ үнэхээр их амжилттай явнаа
    Кпоп сонсдог Монгол Хүүхдэс хөгшин хүн хүртл олн бга Хэзэ нг өдөр Монгол-д ийм КАФЕ нээгдх бх гд л төсөөлдөг бла.Миний төсөөлж байснас гоё КПОП КАФЕ бла Олон олон MGL KPOPER-г бачрлулж чадсн шү.FIGHTING!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button