Ярилцлага

П.Бүрэнтөгс: Олон түмний хайр, хүндлэл л хамгийн том шагнал юм шүү дээ

Жил жилийн долдугаар сарын 10-нд улсын наадам эхэлдэг, монгол түмэн хотол олноороо баярлан цэнгэдэг, өв соёл, уламжлал түүхээрээ улам бахархан, огшдог уламжлалтай. Улсын наадмыг тохиолдуулан улсын аварга П.Бүрэнтөгстэй 2020 оны наймдугаар сарын 2-нд гэрт нь ярилцсанаа сэргээн нийтлэв.

Өнөө жил төрийн наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Увс аймгийн Давст сумын харьяат, Зэвсэгт хүчний 350 дугаар анги, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсийг “Eguur.mn” сайтынхаа зочин хойморт урьж, ярилцлаа. Улсын наадамд дахин түрүүлэх бөхийн таамагт олон жил багтан, “Манай Бүрэнтөгс нэг л  өдөр аварга болно” хэмээн итгэл дэвсэн хүлээсэн бөхийн хорхойтнуудынхаа хүслийг биелүүлсэн тэрбээр Увс нутгаас мэндэлсэн тав, Монгол Улсын 25 дахь аварга цолтон.

2012 онд төрийн наадамд аймгийн арслан цолтой барилдаад шууд түрүүлж, 24 насандаа улсын арслан цол хүртэж байсан давтахад бэрх амжилт түүнийх.

ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙН ТӨЛӨӨ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР, УЙГАГҮЙ ЗҮТГЭСНИЙХЭЭ ҮР ШИМИЙГ ХҮРТЛЭЭ

Гэрэл зургийг Ч.Ганбат.

-Юуны өмнө өнөө жил төрийн наадамд хоёр дахиа түрүүлж, улсын аварга цол хүртсэнд тань баяр хүргэе. Монгол түмэн таныг хэзээ нэгэн өдөр улсын наадамд дахин түрүүлнэ, аварга болно хэмээн олон жилийн өмнөөс дээлийн тань захыг мушгисан. Наадмаас хойш нэлээд хэд хонолоо. Хангалттай сайхан амарч амжив уу?

-Төрийн наадамд дахин түрүүлж, аварга цол хүртсэндээ маш их баяртай байна. Би 2012 онд, 24 настайдаа улсын наадамд анх түрүүлсэн. Тухайн үед аймгийн арслангаас шууд улсын арслан цол хүртсэн юм. Түүнээс хойш найман жил өнгөрч. Энэ хугацаанд амжилтаа давтахын төлөө зорьсоор ирсэндээ энэ жил хүрлээ. Зорилгодоо хүрэхийн төлөө хоёргүй сэтгэлээр, уйгагүй зүтгэсний ач гавьяа биз ээ.

-Хэд хоногийн өмнө өөрийг тань дэмждэг Э.Сумъяабазар хүүгийн гэрт очин, хүслийг нь биелүүлсэн. Наймхан настай хүүг хүндлэн, зодог, шуудаг, дээл бэлэглэсэнд Э.Сумъяабазар их урамшин, аав, ээж нь баярлаж байна билээ. “Намайг дэмждэг ийм хүү байдаг юм байна” гээд мэдээд өнгөрөх, наадмын дараа зорьж очоод уулзах хоорондоо эрс ялгаатай. Өнгөрсөн жил мэдэнгүүтээ бус энэ оныг яагаад онцолж уулзав?

-Хүн ерөөсөө урмын амьтан. Урмаар тэтгэгдэн, тэжээгдэж амьдардаг. Намайг өнгөрсөн жил улсын наадамд өвдөг шороодсоны дараа миний өмнөөс харамсан, уйлж буй бичлэгийг нь би үзсэн. Э.Сумъяабазар хүүтэй уулзаарай гэсэн хүсэлт тэр үед надад их ирсэн л дээ. Тухайн үед очоод уулзаж болох байсан. Гэхдээ улсын наадамд дахин түрүүлээд дүүд бэлэг барья гэж зорьсон юм. Түүндээ энэ жил хүрэв. Тэгээд Э.Сумъяабазарын гэрт нь зорьж очоод уулзан, хүндэтгэл үзүүллээ. Найман настай гэхэд үнэхээр ухаантай, онцгой, өвөрмөц хүүхэд байна лээ. Э.Сумъяабазар дүүг дахин уйлуулахгүйн тулд өмнөхөөсөө улам хичээгээд түрүүлсэн юм шүү.

Энэ удаагийн миний түрүү олон хүнийг баярлуулсныг анзаарсан. Намайг дэмждэг Ц.Галсансанжаа гэдэг залуу бий. Өнөө жил улсын наадам “XIII зуун”-д, үзэгчгүй болсон. Тиймээс тэрбээр намайг дэмжихийн тулд “Увс нуур” галд бэлтгэл хийн, наадамд зодоглосон. Төрийнхөө наадамд нэг даваад, намайг түрүүлэхэд дээлийг минь барин, магнайгаа хагартал баярласан. Тэгж баярлахыг нь харах сайхан байлаа.

-Ц.Галсансанжаа том хүүгээ Бүрэнтөгс гэж нэрлэсэн. Таныг чин сэтгэлээсээ дэмждэг, үндэсний бөхөд үнэхээр хорхойтой залуу юм билээ.

-Энэ жил наадмаас буцаад явж байхад Ц.Галсансанжаа “Бүрэнтөгс аварга болбол бөх үзэхгүй” гээд эхнэртээ хэлчихсэн. Одоо юу гэж хэлээд бөх үзнэ ээ” гээд инээнэ лээ (инээв).

ОЛНЫ ХАЙР, ХҮНДЛЭЛИЙГ ӨЧҮҮХЭН Ч СЭВТЭЭЛГҮЙ ДААЖ ЯВАХ ИХ ЧУХАЛ

-Таныг дэмждэг Ц.Галсансанжаа, Э.Сумъяабазар нар Монголын ард түмний төлөөлөл. Олон жил түрүү бөхийн таамагт багтсан хүчтэн дахин түрүүллээ, цолдоо эзэн байх хэмжээний бүрэн төгс аваргатай боллоо гээд хүмүүс их баяртай, ам сайтай байна...

-Ашгүй дээ. Намайг дахин түрүүлээсэй гэж дэмжин, дээлийн минь захыг мушгисан Монголынхоо ард түмний хүслийг биелүүлсэндээ аварга болсноосоо дутахгүй баярлаж байна. Тамирчин, бөх болж төрсний хамгийн гоё кайф байхгүй юу. Олон түмний хайр, хүндлэл л хамгийн том шагнал юм шүү дээ. Үүнийг юугаар ч үнэлж, ямар ч алт, эрдэнэс, эд материалаар хэмжих аргагүй. Олны энэ их хайр, хүндлэлийг өчүүхэн ч сэвтүүлэлгүй, дааж явах их чухал. Үүнийг үргэлж санаж явдаг.

Намайг түрүүлсэнд монгол түмэн яагаад ингэж их баярлаж буй талаар би жаахан бодлоо. Монголчууд худал хуурмаг, булхайтай зүйлд ясны дургүй ард түмэн. Улсын наадамд дахин түрүүлж, аварга цол хүртэхийн төлөө намайг энэ олон жил яаж тууштай зүтгэн, уйгагүй хөдөлмөрлөснийг хүмүүс сайн мэднэ. Үндэсний бөхийн спорттой амьдралаа холбосноосоо хойш өнөөг хүртэл шударга барилдан, наадамчин олноо хүндэлж явааг минь монгол бөхийн хийморь ивээлээ. Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэдэг. Үнэхээр үнэн үг.

-Коронавирусийн халдварын улмаас энэ жил улсын наадмыг Төв цэнгэлдэхэд бус “XIII зуун” цогцолборт, үзэгчгүй зохион байгууллаа. Наадамчин олонгүй наадам танд ямар байв?

-Энэ жилийн наадам олон зүйлээр өвөрмөц боллоо. Халдварын улмаас нэгдүгээр сараас хойш барилдаан болоогүй. Тэгэхээр хэн ямар бэлтгэлтэй, форумтай, амжилттай байгааг багцаалах, баримжаалах боломжгүй. Төв цэнгэлдэхэд бус хээр талд, наадамчин олонгүй барилдах тэс өөр байлаа.

Энэ жил наадмаар “XIII зуун”-д цэвэр монгол ахуйг бүрдүүлсэн нь надад үнэхээр таалагдсан. Бөхчүүд бид монгол гэрт, монгол хоолоо идээд л барилдлаа. Хээр талд, байгалийн зүлгэн дээр барилдах их өвөрмөц байсан.

ҮНЭН ХҮЧИЙГ ҮЗЭН БАРИЛДДАГ БОЛОХООР БИДНИЙ ӨРСӨЛДӨӨН ЭРҮҮЛ БАЙДАГ

Гэрэл зургийг Ч.Ганбат.

-Та энэ жил улсын наадмын түрүүг нутгийн аварга Н.Батсуурьтайгаа булаалдсан. Ингэснээр 1982 онд Увс нутгийн хүчтэнүүд болох Дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан М.Мөнгөн нар улсын наадмын түрүүг булаалдсан амжилтыг давтлаа. Нэг нутгийн, нэг үеийн, нэг галын, нэг дор бэлтгэл хийдэг аваргатай үзүүр, түрүүнд барилдахын өмнө юу бодогдож байв?

-Ер нь бид хоёр наадмаар төдийгүй бусад барилдаанд олон удаа таарч барилдсан. Ямар ч үед хоорондоо үнэн, шударга л барилддаг. Бие биедээ бууж өгнө, нэгнийгээ даваа ахиулна гэсэн ойлголт байхгүй. Ерөөс ийм өрсөлдөөн бид хоёрыг улсын наадмын түрүү булаалдах хэмжээнд хүргэж, хурцалсан. М.Мөнгөн арслан манай сумынх, бид хоёр бүр нэг голынх. Х.Баянмөнх аварга, М.Мөнгөн арслан хоёр улсын наадмын түрүү булаалдсан амжилтыг 38 жилийн дараа давтлаа. Хамгийн сүүлд Архангай аймгийн хүчтэнүүд болох улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нар үзүүр, түрүү булаалдсан шүү дээ.

Нэг нутгийн, нэг галд бэлтгэл хийдэг хүчтэнтэйгээ төрийн наадмын түрүү булаалдах сайхан байлаа. Өмнө нь улсын наадмын түрүү булаалдахаар барилдахын өмнө багш нар, галын бөхчүүд “Тэгээрэй, ингээрэй” гэж зөвлөдөг. Энэ жил Н.Батсуурь аварга бид хоёрын хэн хэнийх нь ч талд орохгүй гээд хэрэндээ нэлээд сандарна лээ.

Анзаараад байхад манай галынхан сүүлийн жилүүдэд ер нь дасаж байна. Төрийн наадмын дээд даваанд манай галын бөхчүүд хоорондоо олон удаа таарсан. Тэр жил би С.Мөнхбат аваргатай дөрвийн даваанд оноолт таарав. Тэгэхэд миний дээлийг барьж зогссон хүн буруу хараад суусан. Хэн нэгнийх нь талд орохгүй гэсэндээ тэр. Тэгээд би тэр эрчээрээ явсаар түрүүлсэн шүү дээ. Манай галын бөхчүүдийн өрсөлдөөнийг багш нар, монгол түмэн сайн мэднэ. Хамгийн гол нь бид биендээ бууж өгдөггүй, худал унадаггүй, харгүй сайхан барилддаг. Үнэн хүчийг үзэн барилддаг болохоор бидний өрсөлдөөн эрүүл байдаг.

Бие биедээ ахархах, бааварлах юм огт байдаггүй. Мэдээж том цолтой бөхөө хүндлэлгүй яах вэ. “Увс нуур” галын үе үеийн удирдлага манай нутгийн бөхчүүдийг их сайхан зангидаж, нэгтгэсээр өдий хүрсэн. Энэ нь бидний амжилтад их нөлөөлдөг. Улсын наадмын зургаан түрүү, таван үзүүр нэгэн цаг үед, нэг галд бэлтгэл хийнэ гэдэг давтахад бэрх амжилт, ёстой ховор тохиолдол. Үндэсний бөх өндөр хөгжсөөр буй өнөө цагт давтах бараг боломжгүй амжилт. Монголчууд эвтэй байхдаа хүчтэйг “Увс нуур” галын бөхчүүдийн амжилтаас бэлхнээ харж болно.

-Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдэн, улс орны эдийн засаг хүнд байгаа тул энэ жил наадмыг өнжих байсан юм гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Энэ тал дээр аварга ямар бодол яваа вэ?

-Аливаа юмыг цаг үетэйгээ уялдуулах хэрэгтэй. 2020 он үнэхээр амаргүй жил дэлхий даяар тохиож байна. Ийм үед наадам хийх эсэх эхэндээ тодорхойгүй байсан. Хэдийгээр цаг үе хүнд байгаа ч Монголын төр үндэсний баяр наадмаа хийсэн нь маш зөв шийдвэр, чухал үйл явдал. Улсын наадмыг зохион байгуулах яагаад чухал вэ гэж зарим хүн гайхаж магадгүй. Жишээ нь, Японд нэг удаа цүнами болоход Хакүхо аваргыг аваачин, ёсолгоо хийлгүүлсэн. Энэ бол арга, бэлэгийн маш том зүйл. Аварга цолтон дэвээ, шаваа хийхэд газар хөдлөлт зогсдог гэж шинжлэх ухаан өндөр хөгжсөн япончууд үздэг.

Эрийн гурван наадам, монгол дээл, өв уламжлал, ёс заншил бол монголчуудын дархлаа, Монголын Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл. Наадаж цэнгэхдээ гол нь бус эрийн гурван наадмаар дамжуулан монгол түмэнд вакцин хийж, дархлаажуулж байна гэсэн үг. Өвөг дээдсээс өвлөж ирсэн өв уламжлал, ёс заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх нь бидний гол үүрэг. Тэгэхийн тулд монгол түмэн ийм ёс заншил, өв уламжлалтайгаа олон түмэнд таниулах, өвлүүлэхийн эх үндэс нь наадам. Ирээдүй хойч маань өв уламжлал, ёс заншлаа мэдэхгүй болчихвол яах вэ.

Вакцин хийхгүй бол хүний дархлаа унана. Дархлаа нь муудвал бие нь амархан сульдан, элдэв өвчин хялбар тусна. Яг үүнтэй адил үндэсний баяр наадмаа жил бүр хийхгүй бол монголчууд тэр хэрээр өв уламжлалаасаа холдоно, хөндийрнө, бүр цаашлаад мартана. Үүнээс л сэргийлэх, дархлаажуулахын тулд жил бүр нааддаг юм шүү дээ, монголчууд. Би нээрэн нэг удаа дөрвөд үндэстнийхээ дээл, тойруул малгайг өмссөнийг санаж байна уу.

-Санаж байна, 2017 оны хавьцаа бил үү?

-Тийм ээ. Би Увс аймгийн Давст суманд төрсөн, дөрвөд ястан. Халх дээл гээд нэгэн ижил загварын дээлийг монголчууд өмсдөг. Гэтэл монголчууд дээр үеэс өмсөж ирсэн дээл мөн эсэхийг хэн ч мэдэхгүй. Ястан, үндэстэн бүхний дээл ондоо. Тэр бүхнийг орчин үед яг дээр үеийн хэв маяг, загвараар нь сэргээгээд өмсвөл хэчнээн сайхан бэ, ямар чухал вэ. Тиймээс би бүр зорьж байгаад Дөрвөд ястныхаа дээлийг эртний загвараар нь оёулаад өмссөн юм. Бараг 200-300 жилийн дараа тэгж сэргээсэн байх.

-Тэгэхээр дөрвөдүүд тийм олон жил уламжлалт дээлээ өмсөхгүй, мартаад байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Ерөөс ганцхан манай дөрвөдүүд бус Монголын бүхий л үндэстэн, ястнуудын өв, уламжлал бүдгэрсээр байгаад харамсдаг. Бид өв уламжлалаа, дээр үеэсээ юу өмсөн, эдэлж хэрэглэж ирснээ сэргээн, үр хойчдоо өвлүүлэхгүй бол мартана, тэгж явсаар устана шүү дээ. Намайг тэгж дөрвөд ястныхаа дээл, малгайг хэдэн зуун жилийн дараа сэргээгээд өмсөхөд цөөнгүй хүн шүүмжилсэн.

БИ ДЭЭР ҮЕИЙН ЭД, ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭХ ДУРТАЙ, ХООБИЙТОЙ

This image has an empty alt attribute; its file name is buh-mongol-dewjee4-683x1024.jpg
Гэрэл зургийг Ч.Ганбат.

-Яагаад тэгсэн юм бол?

-Намайг Өвөр Монгол, Хятад дээл өмслөө гээд баахан шүүмжилсэн. Бүрэнтөгс яагаад ийм дээл өмсөх болов, ямар ястны дээл юм бол гэж эхлээд тунгаан, судалсныхаа дараа шүүмжлэх хэрэгтэй шүү дээ, уг нь. Би ер нь эртний өв уламжлалаа сэргээх, дээр үеийн эд, зүйлээ хэрэглэх дуртай, хообийтой. Ш.Намхай аваргын өмсөж байсан малгай байдаг шүү дээ. Саяхан О.Одгэрэл багш бид хоёр Намхай аваргынх шиг загвартай малгайг өмсөн олонд хүргэсэн. Энэ бол дээр үеийн бөхийн жинхэнэ малгай. Дээхнэ үеийн бөхчүүд ийм л малгай өмсдөг байсан. Одоогийн бөхчүүдийн өмсөж буй чинь цэрэг малгай байхгүй юу, сүүлийн үеийнх.

-Хамгийн гол нь ингэж залууст мэдүүлж, таниулахгүй бол өвөг дээдэс маань юу хэрэглэн, эдэлж явсныг хойч үе мэдэхгүй шүү дээ.

-Яг үнэн. Дээл л гэхэд үндэстэн, ястан бүрийнх ондоо. Тэр бүхэн өөр өөр утга агуулгатай, түүхтэй. Тал нутгийн хүний дээлний эмжээр тавиу байдаг. Уулархаг газар амьдардаг хүний дээлний энгэр, эмжээр ондоо. Байгалийн цаг уур, нутаг усныхаа онцлогийг дээлэнд хүртэл шингээн урладаг ард түмэн шүү дээ, монголчууд.

УЛСЫН АВАРГА ЦОЛ ХҮРТЭХДЭЭ ААВЫГАА ИХ ҮГҮЙЛЛЭЭ

-Та улсын наадмын үзүүр, түрүүнд гурав дахиа барилдаад, аварга боллоо. Одооноос “Монгол Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс” хэмээн цоллуулаад барилдана. Аварга цолны үнэ цэнийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Аварга үнэхээр сайхан цол. Би өмнө нь улсын наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрөөд үзчихсэн байсан. Миний дээр аварга цолтноос өөр бөх байгаагүй. Аварга цолны эрэмбэтэй хүчтэн гэж намайг хүмүүс үнэлдэг, дэмждэг байсан. Би энэ жил улсын наадамд түрүүлж, аварга болоод эрэмбээрээ ганцхан бөхийн дээр гарсан. Аварга ямар агуу цол вэ, олон түмэн аварга цолтноо яаж хүндэлдгийг би өөрийн биеэр мэдэрч сууна.

Аварга цол зөвхөн үндэсний бөхөд бус бүх салбарт бий. Аав минь Монгол Улсын анхны аварга малчдын нэг. 1992 онд улсын аварга малчин болсон. Аав шигээ аварга болох сон гэж мөрөөддөг байлаа. Түүндээ энэ жил хүрлээ. Аавыгаа амьд сэрүүн байхад нь улсын аварга болж, амжилтыг нь давтах сан гэж үнэхээр хичээсэн, зүтгэсэн. Даанч санаснаар болоогүй. Намайг улсын аварга болохыг харах гэж аав минь хүнд өвчинтэй их тэмцсэн ч харамсалтай нь, 2018 оны гуравдугаар сард өөд болсон. Хожим ч гэсэн улсын аварга болж, аавынхаа хүслийг биелүүлсэндээ л магнайгаа хагартал баярлалаа. Улсын аварга цол хүртээд аавыгаа их үгүйллээ.

ЭЭЖ МИНЬ АВАРГЫН БУУРЬТАЙ ХҮН

Гэрэл зургийг Ч.Ганбат.

-Та ээжийгээ баярлуулж чадлаа шүү дээ.

-Тэгж бодохоор сэтгэл жаахан тайтгарч байна. Аав минь тэнгэрээс харж, хүүгээрээ бахархсан байх. Ээж минь намайг улсын наадамд түрүүлэнгүүт нутгаасаа яаран яарсаар онгоцоор ирсэн. Ижийгээс минь илүү бурхан энэ орчлонд үгүй. Амьд бурхан ижийгээ дахиад олон удаа баярлуулахыг хүсэж байна. Зөвхөн үндэсний бөхөөр амжилт гаргаад бус нэр, мөр бүтэн явж ээжийгээ сэтгэл амар амьдруулахыг хүсдэг. Аавынхаа амжилтыг өөр салбарт гаргалаа, давтлаа гээд ээж минь их баярласан, хүүгээрээ бахархсан.

Ээж минь аваргын буурьтай хүн. Хань нь улсын аварга малчин, хүү нь улсын аварга цолтой бөх. Аав, ээж хоёр минь үнэхээр хөдөлмөрч. Хавар цас цоохортоход, намар анхны цас ортол малынхаа дэргэд, гадаа хонодог байсан гэдэг. Манай нутаг хулгай ихтэй. Шөнө нь малаа манаж хоноод, өдөр нь хариулаад нэгдлийн олон сүргийг тэгж малладаг байсан юм билээ. Аав минь таван хүүхдээ хэддүгээр ангид сурдгийг нь мэддэггүй байсан гэдэг. Малынхаа, ажил хөдөлмөр, амьдралынхаа төлөө тэгж бүхнээ зориулж явсан хүн.

Би аавыгаа эмнэлэгт хэвтэж байхад нь сахиж хоночихоод, өглөө нь бэлтгэлдээ явдаг байлаа. Ямар ч үед, ганц ч удаа бэлтгэл тасалж үзээгүй. “Хэзээ ч битгий шантар. Хэзээ ч битгий бууж өг. Тэр хүний нэрийг өндөрт өргөхийг хүсвэл энэ цаг үеийг битгий дэмий үр, тултал нь ашигла” гэж хэлсэн нэгэн алдартны үгэнд дуртай. Би хэчнээн завгүй, боломжгүй байсан ч яаж ийж байгаад бэлтгэлээ заавал хийдэг. Бэлтгэл цөмрөх, алдаж, онох үе зөндөө. Үнэн ялдаг хорвоод тэгж зүтгэснийхээ үр шимийг одоо хүртэж сууна.

-Та эхээс тавуулаа, отгон нь. Одонгийн хүү ээждээ хэр эрх вэ?

-Өө, эрх, эрх. Хүнээр чанга үг хэлүүлж үзээгүй, дураараа өссөн. Ээж хаана явна тэнд нь би үргэлж дагаастай. Ээжийнхээ араар сундлаад л шогшуулж явдаг байлаа. Аав минь ч бас надад амь. Хүний отгон хүүхэд болж мэндлэх их хувь заяа. Би эхээс 5.4 кг жинтэй мэндэлсэн. Ээж минь намайг 11 сар тээж төрүүлсэн. Сумын эмч нар “Ихэр хүүхэдтэй болох нь” гэдэг байсан юм билээ.

-Багын өсгөлүүн, биерхүү байв уу?

-Тийм ээ. Биеэрээ үеийнхнээсээ хол тасархай хүүхэд байсан. Аавыг минь манай нутгийнхан “Өндөр Пүрэв” гэдэг байлаа. Нэг метр, 85 см өндөр, 140-өөд кг жинтэй байсан, аав минь. Унаж явсан морь нь хэвтчихдэг байсан гэнэ лээ. Биерхүү болохоор даахгүйдээ тэр. 1000 цэрэг уралдахад түрүүлдэг хүн байсан юм билээ. Барилдаж байгаагүй л болохоос спортын өгөгдөлтэй. Ийм сайхан генитэй, хөдөлмөрч хүний хүүхэд болж мэндэлсэн нь миний амжилтад их нөлөөлдөг.

БИ БӨХ БОЛОХ ХҮСЭЛ, СОНИРХЛООСОО ХЭЗЭЭ Ч ХАЗАЙЖ БАЙГААГҮЙ

Гэрэл зургийг Ч.Ганбат.

-Та багаасаа үндэсний бөхөд хорхойсон, хоёр ахтайгаа дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн юм билээ. Үндэсний бөхийн спорттой амьдралаа холбохын эхлэл нь тэр байв уу?

-Би багадаа хөдөөгийн бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдан, хүнд хүчир ажил хийж өссөн. Зав л гарвал хоёр ахтайгаа барилдана. Барилдах үнэхээр дуртай. Хаа явсан газраа ноцолдоно. Өмдний салтаа, цамцны суга бүтэн явж үзээгүй. Манай нутагт цолтой бөх ирвэл харахын бөөн хүслэн, дагаад л гүйчихнэ. Ямар ч спортод, аль ч салбарт амжилт гаргахад авьяас, материал хэрэгтэй. Гэхдээ юу юунаас илүү хамгийн чухал нь чин сэтгэлээсээ тухайн зүйлд дурлах, хайрлах. Мянга сайхан авьяастай байгаад, хэчнээн дэмжээд дур сонирхолгүй бол ямар ч нэмэргүй.

Би бөх болох хүсэл, сонирхлоосоо хэзээ ч хазайгаагүй. Тавдугаар ангиасаа аймаг руу шилжин, үндэсний бөхийн бэлтгэл хийхээр болов. Гэтэл аав, ээж хоёр зөвшөөрдөггүй ээ. Хөдөөгийн ажил мундахгүй, барагдахгүй. Амьхандаа надаар туслуулах, ойрхон байвал уулзахад амар гээд тэгсэн байх. Би бөх болохын бөөн хүслэн, бэлтгэл хийхийн тулд зугтааж билээ. Ээж “За, ёстой явуулъя” гээд нэг жолоочид зардлыг нь өгөөд, манай хамаатных руу явуулсан юм. Тэгж тавдугаар ангидаа аймгийн төвд очин, бэлтгэл хийж эхлэв.

За, тэгээд Ерөнхий боловсролын сургуулиа төгслөө. Аав “Спорт эрсдэл ихтэй. Бэртэж, гэмтвэл амьдралын баталгаагүй. Мэргэжил эзэмшсэн нь дээр” гэж зөвлөсөөр байгаад намайг Батлан хамгаалахын их сургуульд, эрх зүйн ангид оруулсан юм. Би бөх болох хүсэлдээ хөтлөгдөөд хоёрхон сарын дараа сургуулиа хаян, “Олимп” дээд сургуульд орсон. 2007 онд. Хоёр сарын дараа аав ирээд “За, ёстой дийлэхгүй юм байна. Миний хүүг сайн бөх болгоод өгөөрэй” гээд А.Сүхбат багшид захиад явсан юм. Аав, ээж хоёр нутгаасаа ирэх бүртээ надад ганцхан зүйл захидаг байлаа.

-Юу гэж захьдаг байв?

-“Даруухан бай. Даруу явсан хүн хэзээ ч алддаггүй юм” гэж захьдаг байсан. Одоо ч гэсэн ээж минь надад ингэж захьдаг нь хэвээрээ.

Ө.ТУЛГАА ЗААН “УНАЖ ДУУСААГҮЙ ЮУ, ЧИ” ГЭЖ ХЭЛСЭН НЬ НАДАД ИХ ЗҮЙЛ БОДОГДУУЛСАН

-Та нээрэн наймдугаар ангид байхдаа улсын заан Ө.Тулгааг давсан гэдэг. Бөхөд хорхойсон, нутагтаа цолтой бөх ирээсэй гээд хоног тоолон хүлээдэг байсан танд тэр барилдаан үнэхээр их урам өгсөн үү?

-Тэгсэн. Эгэлшгүй төвшин, их даруухан хүн байж билээ. Яс барилдвал намайг яах ийхийн зуургүй л унагаана. Би юм болохгүй нь тодорхой. Хамаг хүчээ гарган, өвдөг шороодуулъя гэж надтай барилдаагүй. Намайг тухайн үед арай өөр өнцгөөс харж, урам өгөхийн тулд унасан юм болов уу гэж боддог.

Би аймгийн начин цол аваад, зааланд овоо барилддаг болов. Гэтэл цолоо ахиулж чадалгүй нэлээд хэдэн жил явлаа. Нэг удаа нутагтаа очоод, Цагаан сараар Ө.Тулгаа зааныд очоод золгов. Заан надтай ер юм дуугарсангүй. Ө.Тулгаа заан цөөн, жинтэй үгтэй хүн. Яг гарахын өмнө “Унаж дуусаагүй юу, чи” гэж билээ. Тэр үг надад их зүйл бодогдуулсан.

-Ө.Тулгаа заан таныг цолоо ахиулаасай, дээшээ барилдаасай гээд хүлээж байж дээ.

-Харин тэгж байсан юм билээ. Түүнийгээ надад юу гэж хэлэх вэ. Их сайхан дөлгөөн, манай дээд үеийн үлгэр дуурайлал болсон агуу бөх.

-Үндэсний бөхөөр тууштай барилдан, бэлтгэл хийвэл амжилтад хүрнэ, улсын том цолтон болно гэх итгэл төрсөн барилдаан аль нь вэ?

-Барилдаан гэхээс илүү нутгийн хөгшчүүдийн урмын үг намайг их хурцалсан, итгэл өгсөн. Тав, зургаахан настай байхад “Энэ хүүхэд нутгийн минь нэрийг дуурсгана. Энэ хүү хол явна” гэдэг байлаа. Олны тэр их итгэл, хайранд бялхалгүй, урам аваад, дааж явахын төлөө зүтгэсэн. Хамгийн чухал нь олны хайр, итгэлийг сэвтээхгүй авч явах хэрэгтэй.

-Та жүдо, чөлөөт бөхөөр барилддаг байсан. Их спортоор хичээллэдэг байсан нь таны амжилтад хэр нөлөөлдөг вэ?

-Их спортын төрлөөр хичээллэн, барилдаж явсан маань миний амжилтад маш их нөлөөлдөг. Би жүдо бөхийн Зүүн Азийн АШТ-ээс 2014 онд хүрэл медаль хүртсэн, Улаанбаатар хотын аварга. Чөлөөт бөхийн УАШТ-ий алт, мөнгөн медальтай.

ТӨРИЙН НААДМЫН АНХНЫ ТҮРҮҮГЭЭ ЛУУ ЖИЛД ХҮРТСЭНИЙГЭЭ ИХ БЭЛЭГШЭЭДЭГ

-Та аймгийн арслан цолтой байхдаа төрийн наадамд түрүүлж шууд улсын арслан цол хүртсэн хүчтэн. Ийм амжилт гаргасан дөрөвхөн бөхийн нэг нь, та. Тухайн үед юу ч гэсэн улсын цол хүртье гэж бодсон уу. Эсвэл шууд төрийн наадамд түрүүлнэ гэж зорьсон уу?

-Би 2008 онд аймгийн начин болсон. Түүнээс хойш шууд улсын наадамд зодоглосон. Шууд л улсын цол авахын төлөө зорьсон хэрэг. Гэхдээ хэзээ ч улсын начин л болчихвол гэж бодож байгаагүй. Улсын заанаас дээш цол хүртэнэ гээд зүтгэсэн. 2010 онд улсын наадамд гурвын даваанд өвдөг шороодов. Улсын наадмын дараа Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойд түрүүлж, аймгийн арслан болсон. Тэгж явсаар 2012 онд, 24 насандаа улсын наадамд түрүүлсэн.

2012 онд төрийн наадмын түрүү бөхөөр тодорсныгоо би их бэлгэшээдэг. 2012 он луу жил, миний 24-ний жил байсан. Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал дарга манай Давст сумынх, луу жилтэй. Амьдралыг нь судлахад П.Цэдэнбал дарга луу жилд онцгой амжилт гаргаж байсан юм билээ. Үүнийг ихэд бэлгэшээдэг.

-Увс нутгийн хүчтэнүүд улсын наадамд гурван жил дараалан (2010-2012) түрүүлсэн бахдам амжилтын эздийн нэг нь та. Нутгийнхаа аварга, арслан хоёрын амжилтыг үргэлжлүүлж, буухиалсандаа бүр ч их баярласан уу?

-Тэгэлгүй яах вэ. Төрийн наадамд түрүүлсэн хоёр ах маань дэргэд бэлтгэл хийж зогсоход “Би яагаад чадахгүй гэж” гэх бодол төрнө. Бэлтгэл дээр бид хоорондоо яс барилдана. Ёстой жинхэнэ алалцана. Мэдэхгүй хүмүүс гайхдаг, буруугаар ойлгодог. Бид дэвжээн дээр өрсөлдөгчид, амьдрал дээр ах, дүүс, найз нөхөд.

Ш.БАТ-ОЧИР БАГШИЙНХАА АВАРГА ШАВЬТАЙ БОЛОХ ХҮСЛИЙГ НЬ БИЕЛҮҮЛЛЭЭ

-Өнөөгийн П.Бүрэнтөгс аваргыг бий болгосон, үндэсний бөхийн А үсгийг заасан анхны багшийнх нь талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Наадмаас хойш Ш.Бат-Очир багштайгаа уулзсан уу?

-Ш.Бат-Очир багш маань зөвхөн надад төдийгүй Увс аймгаас төрөн гарсаар буй олон том цолтонд үндэсний бөхийн суурийг заасан. Өөрөө “Шонхор олимп” дээд сургуулийг төгссөн. Наадмын дараа багштайгаа уулзахад их баярлаж байна лээ. Анх багш болоод, хүүхдүүд бэлдэж эхлэхдээ “Чөлөөт бөхийн аймгийн аваргаас медаль авхуулчих юм сан” гэж ярьдаг байсан. Түүндээ хүрснийхээ дараа улсын аваргаас медаль хүртүүлчих юм сан гэсэн. Тэгж ахиж явсаар сүүлдээ “Улсын цолтой шавьтай болчихвол дасгалжуулагч болсны хэрэг бүтлээ” гэв.

Шавь нар нь ар араасаа улсын цол аваад эхэлсэн чинь “Улсын наадамд шавиа түрүүлгэх хувь байгаа болов уу” гэж билээ. Сая багш уулзаад “Унаган шавиа улсын наадамд түрүүлэхийг үздэг мөн ч азтай хүн юм аа, би” гээд их баярласан.

-Багшийнхаа шавь нараас анхны аварга нь та юу?

-Тийм ээ.

-Тэгэхээр багшийнхаа “Улсын аварга шавьтай болох” зорилгыг нь та биелүүлж. Багшийнх нь дараагийн зорилго юу бол?

-За, ёстой хэлж мэдэхгүй байна. Хүний шунал хязгааргүй шүү дээ.

Р.НЯМДОРЖ ГУАЙ “АЛИВАА ЮМАНД ЗОЛИОС ХЭРЭГТЭЙ. ТЭР ЗОЛИОС НЬ ЧИ” ГЭЖ ХЭЛСЭН

-Баяртай, харамсалтай олон барилдаан танд бий. Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор улсын арслан Р.Пүрэвдагва та хоёрын барилдаан нэлээд маргаантай болсон. Тэр барилдаанаас шалтгаалж арслан та хоёрын дунд ан цав гарсан уу?

-Огт тэгээгүй. Одоо бид хоёр бие биенээ хүндлээд, дэвжээн дээр өрсөлдөгч, амьдрал дээр найзууд явдаг. Үнэнийг хэлэхэд тэр жил би зөвхөн түрүүлэхийн төлөө л барилдсан. Хоёулаа амжилт гаргахын төлөө хүч сорьсон болохоор Р.Пүрэвдагвыг буруутгах аргагүй. 

Гол буруутан нь Монголын үндэсний бөхийн холбоо. Тэд бөхчүүдийг, ард түмнийг талцуулсан. Тухайн үед МҮБХ-ны тэргүүнээр ажиллаж байсан Р.Нямдорж гуай надад “Аливаа юманд золиос хэрэгтэй. Тэр золиос нь чи” гэж хэлсэнд нь их эгдүүцсэн. Тэр барилдаанаас хойш бид тэмцсэн. Тэгсний үр дүнд МҮБХ зөв голдиролдоо орж эхэлсэн. Адаглаад л улсын наадмын барилдааныг камер хараад засдаг болчихлоо. Энэ бол том дэвшил. Үндэсний бөхийн спорт хэн нэгний бизнес, өмч биш. Тиймээс бөхчүүд бид дуу хоолойгоо нэгтгэн, тэмцсэн юм. Ерөөс үндэсний бөхийн спортоо элдэв бусармаг зүйлээс ангижруулах нь бидний гол зорилго байлаа.

-Дараа нь Р.Пүрэвдагва арслан тантай утсаар холбогдоод эв эетэй явъя гэж хэлсэн гэсэн, үнэн үү?

https://www.youtube.com/watch?v=qjJj1wbTqQQ
Бичлэгийн эх сурвалж: TV9 телевиз.

-Үнээн. Р.Пүрэвдагва арслан надтай утсаар холбогдоод “Цаашид хар хоргүй явъя. Одоо ийм байдлаар яваад яах вэ” гэсэн. Би ч мөн түүнтэй адилхан бодолтойгоо хэлсэн. Би унасан барилдаандаа харамсдаггүй. Тэр жил тэгш ой тохиосон, яг өмнөх жил нь үзүүрлэсэн болохоор түүнийгээ ахиулан, дахин түрүүлж, аварга болно гээд үнэхээр их хичээж, хөдөлмөрлөсөн юм, уг нь.

Оргил өөд гарч явсан амжилтын циклийг минь огцом унагаасан жил байсан юм шүү. Тэндээс дахин өгсөж гарч ирэх гээд дөрвөн жил боллоо. Үнэндээ хэцүү юм байна. Ид барилдаж буй, ид яваа бөхийн хувьд их цаг хугацаа. Би дөрөв, тавын даваанд олон удаа унасан. Зарим хүн намайг “Азны арслан, мөнгөөр түрүүлсэн” гэж шүүмжилдэг байсан. Тэр бүхэнд амаараа бус үйлдлээрээ, амжилтаараа хариу барихыг хүсдэг байлаа. Энэ жил хариултыг нь авсан байх, тийм бодолтой хүмүүс.

2016 ОНД ТИЙМ ӨНДРӨӨС НАМАЙГ УНАГААН, ИРИЙГ МИНЬ МОХООСОН ШҮҮ ДЭЭ

-Зарим хүн “Нулимстай арслан, тахимаа өгөхгүй унжлаа” гэх мэтээр шүүмжилсэн нь танд хэр хүнд туссан бэ?

-Спортод хор шар бий. Бүх зүйлээ амжилтын төлөө зориулж явахад тийм зүйл тохиолдсон нь надад их хүнд туссан. Би 2016 онд үнэхээр сайн байсан. Тэр жил хоёрхон барилдаанд доогуур даваанд унаад, бусдад нь түрүүлж, үзүүрлэсэн. Би ид ирэн дээрээ явсан үе. Амжилтын минь хамгийн өндөр цикльтэй үе тэр жил байсан юм. 2016 онд улсын наадамд хөлс дусаахгүй долоо давсан шүү дээ, уг нь. Түрүүлэх итгэл дүүрэн. Тийм өндрөөс намайг унагаасан, ирийг маань мохоосон шүү дээ.

-Тийм өндрөөс унаад дахин босох итгэл, эрч хүчийг юунаас авав?

-Үнэхээр хэцүү байсан. Сэтгэл харьчихаар үнэндээ амаргүй юм билээ. Барилдахаа болих тухай бодол ч төрсөн, юуг нь нуух вэ. Янз бүрийн бодол толгойд эргэлдсэн. Тийм хүнд байдалд орохдоо “Хэзээ ч битгий бууж өг. Тэмцээд эцсийг нь үз. Гарц, гаргалгаа байж л таарна” гэж өөрийгөө хурцалсан. Эргээд босох, хөл дээрээ зогсохын тулд их хугацаа зарцуулсан. Улсын наадамд санасан амжилтаа гаргаж чадахгүй л байв. Намайг даваад цол авч буй бөхчүүдэд баярладаг. Намайг унагаачихлаа гээд уурлаж, бухимдвал бусдад ямар сэтгэгдэл төрөх вэ. Цагаан мөртэй, цайлган сэтгэлтэй байх хэрэгтэй гэж аав, ээж хоёр минь надад захьдаг. Амьдрал баян шүү дээ. Ахар бодолтой хүн алсын зорилгодоо хүрч чадахгүй.

ЗАЛУУ БӨХЧҮҮД НАМАЙГ ДАВААД УРАМ АВАГ. ГЭХДЭЭ БИ ХЭЗЭЭ Ч, ХЭНД Ч ХУДЛАА УНАХГҮЙ

-Сүүлийн жилүүдэд том цолтнууд заал, танхимын барилдаанд зодоглох идэвх суларсаар байгаа нь анзаарагддаг. Үүнд бөх сонирхогчид их шүүмжлэлтэй ханддаг. Заал, танхимын барилдаанд хамгийн идэвхтэй, алгасалгүй барилддаг бөхчүүдийн нэг нь та. Монгол түмнээ хүндэлж буйн тань нэгээхэн илрэл мөн шүү дээ.

-Ямар ч спортын тамирчны бэлтгэл нэгэн хэвийн өндөр түвшинд үргэлж байх боломжгүй. Заримдаа унана, тэгээд босно. Форум уначихсан үед барилдахад доогуур даваанд өвдөг шороодно. Бэлтгэл таарсан, ханасан үед дээгүүр барилдана. Зарим бөх “Заримдаа доогуур даваанд унаад байна. Цолондоо эзэн болсонгүй. Бэлтгэлээ харж байгаад зарим барилдааныг өнж” гэдэг. Хүн хүний үзэл бодол ондоо. Би энэ цолыг дэвжээн дээр барилдахын тулд л авсан. Монгол түмнээ хүндлээд зодоглон, олныг баясуулах нь миний үүрэг.

Бэлтгэл ямар байгаагаас үл шалтгаалан ямар ч үед заал, танхимын барилдаанд тогтомол зодоглохыг чухалчилдаг. Аймаг, сумын цолтой, залуу бөх намайг доогуур даваанд өвдөг шороодуулаад урам аваг. Үндэсний бөхөөр тууштай барилдах уу, яах вэ гээд эргэлзэж яваа залуу бөхөд итгэлийнх нь галыг нээж өгье гэж боддог. Гэхдээ би хэзээ ч, хэнд ч худлаа унахгүй. Үнэн хүчээрээ даваад л тэгж урам авбал надад сайхан.

Сүүлийн үед бөхчүүд цолдоо их амархан ханадаг болж. Улсын цол аваад байр, машинаар шагнуулчихвал л болно гэх бодолтой хүчтэн олширсоор байгаа нь харамсалтай. Спортыг, үндэсний бөхийг шагнал урамшуулал, мөнгөний нүдээр битгий хараасай. Хообий, дур сонирхолдоо хөтлөгдөн үндэсний бөхөөр хичээллэн, бэлтгэл хийгээсэй.

АЛЬ НУТГИЙН, ЯМАР ЦОЛТОЙ БӨХӨӨС ҮЛ ШАЛТГААЛАН ХҮЧТЭН БҮХНИЙГ АДИЛХАН ШИЙТГЭДЭГ БАЙГААСАЙ

-Үүнийг л засаж, залруулбал үндэсний бөхийн хөгжилд ташуур болно гэж бодож явдаг зүйл бий юү?

-Сүүлийн үед хэн дуртай нь үндэсний бөхийг, бөхчүүдийг шүүмжилдэг болсонд эмзэглэдэг. Энэ жил улсын хэмжээнд 30.000-аад бөх барилдсан байна лээ. Тэр олон мянган бөхөөс хэдэн хүчтэн түрүүлж, үзүүрлэн, цол хүртсэн бэ. Хэчнээн бөх дараа жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүй болсон бэ. Улсын наадамд 512 бөх барилдахад ганцхан хүчтэн түрүүлсэн. Зүүний үзүүрт будаа тогтохтой л зүйрлэж болохоор зүйл. Бөхчүүд амжилт гаргаад, том цол хүртээд л баахан юмаар шагнуулдаг, амьдралын баталгаатай болдог гэдэг. Бөх, тамирчин хүн ямар их тэсвэр тэвчээр гарган, бэрхшээлийг даван туулан байж амжилтад хүрдгийг зөвхөн спортын хүрээнийхэн л сайн ойлгоно.

Сүүлийн үед цолны найраа, допингийн асуудал үндэсний бөхийн спортын нэр хүндийг унагааж байгаатай санал нийлнэ. Үүнийг зохицуулж, таслан зогсоох үүрэгтэй байгууллага бол МҮБХ. Үндэсний бөхийн спортын асуудлыг төр засаг бус МҮБХ л шийдэх нь зөв. Ноёны бөх допинг хэрэглэхээр эрхийг нь хэдхэн сараар хасаад, цолтой нь үлдээдэг. Харцын бөхийг болохоор эрхийг нь, цолтой нь хамт хасдаг байж болохгүй. Аль нутгийн, ямар цолтойгоос нь үл шалтгаалан бүх бөхөд адилхан шийтгэл ноогдуулдаг байх хэрэгтэй. Тухайн шийтгэл нь маш хатуу байх чухал. Тэгж байж л үндэсний бөхийн спортыг допингоос ангид байлгаж чадна.

-2019 оны төрийн наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа нь өөрөө том асуудал.

-Допинг хэрэглэсэн бөхийг хэн нэгний үзэмжээр шийтгэхээ л болих хэрэгтэй. Хамгийн гол нь ямар шийтгэл ноогдуулах нь ойлгомжтой, тодорхой байх их чухал. Бусад спортын төрлийн тамирчин допинг хэрэглэсэн нь илэрвэл ямар шийтгэл оногдуулах нь тодорхой байдаг. Гэтэл үндэсний бөхөд тэгдэггүй. Эрхийг нь хоёр жилээр хасах уу, за болье нэг жил болгочихъё, цолыг нь хураах уу, яах вэ гээд толгойг нь илдэг. Дараа дараагийн бөхчүүд допинг илрэнгүүт шүүхдээд унавал яах вэ. Өөрөө хэрэглэснээ мэдэж буй мөртлөө шийтгэлээ бууруулахын тулд тийм башир арга хэрэглэвэл яах вэ. Хэн ч гэсэн эрх ашгаа хамгаалахын төлөө явна. Ерөөс тийм завшаан, башир арга хэрэглэх боломж олгохгүй байх нь МҮБХ-ны үүрэг.

ӨНӨӨГ ХҮРТЭЛ БИ ГАНЦ Ч УДАА НАЙРАА ХИЙГЭЭГҮЙГЭЭРЭЭ БАХАРХДАГ

Би өнөө жил улсын аварга болчихоод дараа жил найраанд орвол юу болох вэ. Энэ олон жил зүтгэсэн хөдөлмөр, хичээл зүтгэл рүүгээ нулимж буйгаас өөрцгүй. Нутгийн бөх, найз нөхөд, залуу бөхөө дэмжих үе ирнэ. Би мөнхөд ид ирэн дээрээ барилдахгүй. Магадгүй 10 жилийн дараа миний бяр тэнхээ харина. Хамаатны маань дүү (Б.Сэр-Од) энэ жил Увс аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. “Ах аа, бөх болъе” гээд ирсэн дүү минь таван жилийн дараа ийм амжилт гаргалаа. Өөрөө улсын аварга болсноосоо дутахгүй баяртай байна. Бяр тэнхээ харьчихсан, амжилт зогсчихсон үед ирээдүйтэй залуу хүчтэнээ, дүүгээ дэмжих бол байх зүйл. Үүнийг буруутгаж болохгүй. Ид барилдаж байхдаа харин элдэв цолны найраанд орж буйтай би хэзээ эвлэрэхгүй. Би өнөөдрийг хүртэл бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр найраа хийж үзээгүй. Үүгээрээ бахархдаг.

-Үүгээрээ та олны өмнө нүүр бардам явдаг байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Сайхан шүү дээ. “Найраанд орж үзээгүй ганц бөх” гэж түүхэнд бичигдсэн М.Мөнгөн арслан манай сумынх.

БӨХ ХҮН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЦОЛООРОО Л ХҮНДЛЭГДЭЖ ЯВАХ САЙХАН

Гэрэл зургийг Ч.Ганбат.

-Улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн, цол хүртсэн бөхөд цэрэг, армийн том цол олгодог. Тухайн салбарынхны хөдөлмөрийг үгүйсгэлээ, цол, шагналын нэр хүндийг унагаалаа гэж шүүмжлэх хүн олон. Зэвсэгт хүчний 350 дугаар анги, “Алдар” спорт хороонд харьяалагддаг та ямар цолтой вэ?

-Би 2012 онд офицер цол хүртсэн. Хугацаагаараа ахлах дэслэгч болсон. Одоо хугацаагаараа хошууч болоод явж байна. Би армийн цолны төлөө явдаггүй, цаанаас тогтоосон журмын дагуу, хугацаагаараа л авахыг хүсдэг. Цэрэг, армийн салбарт олон жил зүтгэн, хөдөлмөрлөж яваа хүн аваагүй цолыг бөх хүн улсын наадамд түрүүлээд хүртэнэ гэдэг өөрөө буруу жишиг. Монгол бөх үндэсний бөхийн сайхан цолоороо л хүндлэгдэж явах сайхан. Аварга бөх хурандаа цол авахгүй байлаа гээд олон түмний хайр хүндлэл багадаагүй шүү дээ. 10 хүний амь аварсан онцгойгийн алба хаагчид улсын аварга цол олговол ямар байх вэ. Үүнтэй л адилхан.

Нээрэн цол гэснээс 2017 онд намайг Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Аав минь их хатуу, зарчимч хүн байв. Би бөөн баярласаар “Алтан гадас” одонгоо аавдаа үзүүлэхэд “Ийм замбараагүй төр засаг гэж юу байсан юм бэ” гэж зэмлэсэн. Би гайхаад лавлахад аав “Жаахан хүүхдийг “Алтан гадас” одонгоор шагначихдаг. Би амьдралынхаа турш хөдөлмөрлөн, зүтгэж байж арайхийж хүртсэн одон. “Алтан гадас”-аас өмнө Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнах учиртай. Тэрийг чи мэдэх үү” гэж намайг загнаж билээ.

Би “Аав аа, би Төрийн наадамд түрүүлсэн, улсын арслан цолтой хүн шүү дээ” гэхэд “Тэр чинь ямар хамаатай юм бэ. Юманд дэс дараа байх ёстой. Эхлээд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнах учиртай байсан юм” гэж хэлсэн аавын минь үг үнэн агаад хатуу байсан. Тэгэхээр аливаа зүйл ном, журмынхаа дагуу л байх ёстой. Ялангуяа шагнал урамшууллыг хэтэрхий хавтгайруулах буруу.

-Аварга гурван хүүхэдтэй юм билээ. Бэлтгэл, барилдааны хажуугаар гэр бүлдээ хангалттай цаг, зав гаргаж амждаг уу?

-Тамирчин хүний гэр бүл бусдаас онцгой, өвөрмөц. Учир нь бидний гаргаж буй хөдөлмөр, хичээл зүтгэл бусад салбараас тэс өөр. Цаг наранд баригддаггүй юм шиг мөртлөө үнэхээр их хичээж зүтгэн, хөдөлмөрлөж байж л амжилтад хүрдэг. Тамирчны амьдралыг ойлгон, түшиж, тулж явна гэдэг өөрөө их тэвчээр шаардана. Хань минь намайг үнэхээр сайн ойлгодог, дэмждэг. Их сургуульд, нэгдүгээр дамжаанд ханьтайгаа танилцсан. Одоо бид хоёр харцаараа ойлголцдог. Ханьдаа, хүүхдүүддээ аль болох цаг гаргахыг хичээдэг. Анхандаа үйл ойлголцох, маргалдах үе гардаг байсан. Хүн бүхэн л тийм цаг үеийг туулдаг шүү дээ.

-Үл ойлголцоход хэн нь түрүүлж буулт хийдэг вэ?

-Би уурлавал ууртай, ууртай. Хань минь уурлахаараа таг дуугүй болчихдог. Хоёулаа цувж уурлан, цугтаа инээгээд л явдаг. Харилцан буулт хийдэг.

-Бөхчүүдийг хээгүй, бүдүүн хадуун гэдэг. Аварга хэр романтик вэ?

-За, ёстой мэдэхгүй ээ. Хань минь л сайн мэднэ.

ХЭН НЭГНИЙ ЗААЖ, ЗӨВЛӨСНИЙ ДАГУУ БУС ӨӨРИЙНХӨӨРӨӨ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ

Гэрэл зургийг Ч.Ганбат.

-Хүүхдүүдээ спортоор, бөхийн төрлөөр хичээллүүлэх, тамирчин болгох бодол бий юү?

-Тамирчин хүний хүү тамирчин, нягтлан хүний хүүхэд нягтлан болж, аав, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх учиртай гэдэг их өрөөсгөл ойлголт. Энэ үнэхээр буруу. Хэрвээ үүгээр бол би аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлээд малчин болох байсан. Хүн ганцхан удаа л амьдарна. Хүний амьдрал богинохон. Ганц олдох насандаа хүн хэн нэгний төлөө, хэн нэгний зааж, зөвлөсний дагуу бус хүссэнээ хийж, хүссэнээрээ амьдрах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүсэл, сонирхлыг нь хүндлэн, зорилгодоо хүрэх нөхцөл, боломжоор хангаж өгөх чухал.

Би гурван хүүхдээ заавал тамирчин, спортын салбарын хүн болоосой гэж боддоггүй. Ерөөсөө том болоод ямар мэргэжил эзэмшихийг хүсэх нь үү түүнийг нь л харгалзана. Мэдээж спортоор хичээллэхийг хүсвэл дэмжилгүй яах вэ. Хамгийн гол нь зөв хүн болж төлөвшин, боловсрол эзэмших их чухал. Боловсрол гэснээс нэг сайхан дурсамжаа ярьмаар санагдлаа. Надад их том сургамж болсон юм л даа. Тэр тухай ярьж болох уу.

-Бололгүй яах вэ.

-Өнөө цагт хүн бүхэн боловсролдоо анхаарах болж. Гэтэл боловсролын, тухайн хүн боловсролтой эсэхийн хэмжүүр юу вэ. Олон сургуульд сурсан, хэдэн дипломтойгоор нь боловсролыг хэмжиж болох уу. Тэгж болохгүйг өөрийн биеэр мэдэрсэн хүмүүсийн нэг нь, би. Хоёр ах минь хоёр, гуравдугаар анги төгсөөд мал дээр гарсан. Би хоёр, гурван дээд сургууль төгсчихсөн боловсролтой гэж өөрийгөө хэлчихээр хүн. Тэгэхэд хоёр ахынхаа дайтай сэтгэж чадахгүй байгаадаа өөрөөсөө ичсэн.

Нэг ийм явдал тохиолдсон юм. Аавын бие найман жилийн дараа дахин хүнд өвдөөд, хотод эмчлүүлэхээр ирсэн байсан үе. Өмнө нь 2008 онд бие нь чилээрхсэн юм. Би “Та эдгэнэ, хөл дээрээ босно” гэх утгатай юм л аавдаа хэлсэн. Тэгэхэд гуравдугаар ангийн боловсролтой, том ах маань хөдөөнөөс ирээд аавд “Та 2008 онд хүнд өвдөхөд Бүрэнтөгс хотод орох оронгүй, унах унаагүй, таних хүнгүй байсан. Улаанбаатарт очих айлгүй тул та эмнэлгээс гарангуутаа шууд онгоцоор ниссэн. Одоо найман жилийн дараа хүү чинь ямар болов, та юу үзэв. Төрийн наадамд түрүүлэн, ард түмнээрээ хүндлүүлэн, юм юмтай амьдарч байна. Одоо та дахиад өөрийгөө хурцлаад босоод ир. Илүү сайхан зүйлийг үзнэ, одоо нялх байгаа ач, зээ нар нь таныг хөтлөөд гүйнэ, аав минь” гэж хэлсэн.

Намайг өрөөнд нь ороход аавын итгэлийн гал нь асчихсан, өөртөө дүүрэн итгэчихсэн суухыг хараад боловсрол гэдэг дипломоор, хэдэн сургууль төгссөнөөр хэмжигдэх зүйл биш гэдгийг ойлгосон. Амьдралын хар ухаан, амьдралаас олж авсан боловсрол хамгийн чухлыг тэгэхэд би мэдэрсэн юм. Тэр үед ахаараа үнэхээр бахархан, улам их хүндэлж билээ.

-Увс нутгийн зон олон отгон аваргаа ирэхийг харуулдан суугаа нь мэдээж. Аварга хэзээ нутаг руугаа явах вэ?

-“Увс нуур” галын удирдлагуудтай, ээжтэйгээ, нутгийнхаа аваргуудтай хамт наймдугаар сарын 6-нд нутаг руугаа явна. Манай аймгийнхан 7-нд биднийг хүлээж авна гэсэн. Нутагтаа аварга цолны мялаалга наадмаа тэмдэглэнэ. Өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа өнөө цагт УОК-ын заавар, зөвлөгөөний дагуу цомхон тэмдэглэнэ. Төр засгийнхаа шийдвэрийг хүндлэлгүй яах вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
их найдаж байгаа
их найдаж байгаа
2020-12-31 09:03

ИРЭХ жилийн наадмаар түрүүлж аварга болно гэж их найдаж байгаа. хҮНЛЭГ, САЙН ЗАЛУУ АВАРГА БОЛОХ Л ҮЛДЛЭЭ. чамд итгэж БАЙГАА ШҮҮ

ДАРААЛЖ ТҮРҮҮЛЖ АВАРГАА БАТАЛГАЖУУЛЖ ЧАДНА
ДАРААЛЖ ТҮРҮҮЛЖ АВАРГАА БАТАЛГАЖУУЛЖ ЧАДНА
2020-12-31 09:09

би ХОВД НУТГИЙН ХҮН. бөхчүүд НУТГАРХАЖ БОЛОХГҮЙ. бүрэнтөгс шиг хүнлэг, жинхэнээрээ монгол з�##�уучууд л үндэсний бөхөө шинэ түвшинд гаргаж чадна.

Шударга иргэн
Шударга иргэн
2020-12-31 09:14

УВС ХҮН БИШ - СУВС АРХИ БИШ,
ДӨРВӨД ХҮН ХҮН БИШ - ДӨРВӨН ШИЙР ХООЛ БИШ
МОНГОЛ АРДЫН МААНЬ ЗҮЙР ҮГ ҮНЭНИЙГ ӨГҮҮЛНЭ!

Muuhaid
Muuhaid
2021-01-01 20:00

Halhuud mash muu humuus 2016 ond umhii sad hiisen shiidver gargasan

баяд
баяд
2020-12-31 09:22

бөх хүн өргөл, татвар өгахийг үзсэнгүй ээ, энэ дөрвөд яадын бол....

Зочин
Зочин
2020-12-31 11:04

Хэт нутгархаг зан хэрэггүй шүү аваргаа. Увсынхан тийм зан ихтэй учир ард түмэн ерөөсөө хүлээж авдаггүй. Тулгаа заан шиг нутгархаг үзэлгүй хээгүй гүндүүгүй Монгодын ард түмний хайрыг татсан жудагтай бөх болж яваарай.

Tsuvdai
Tsuvdai
2020-12-31 15:49

Shaa dag tsuvdai vee haha

Зочин
Зочин
2020-12-31 19:22

Бүрэнтөгс 1 барилдааныхаа түрүү бөхийн шагн�##�аа ХСҮТ-д хандивлаж байсан шүү. Дархан аварга болох болтугай.

Зочин
Зочин
2021-01-01 07:37

Нохой ох

2016 obi shiidvert setgel dunduur baidag olon hun
2016 obi shiidvert setgel dunduur baidag olon hun
2021-01-01 19:59

Purewdagva gai bolson novsh tuhain ued jalga dovnii uzeleer shiidseen mash muuhai halharhag shiidver bolsoon herev bi yerunhiilugchiin orond baisan bol shuud naadmig tsutslah baisaan, asemiin zichid irsen baisan mash muuhai uzel surtalin shiidver bolson....

Ншү
Ншү
2021-01-03 18:52

увсын муу б�##�иар дөрвөд үхэж д�##�д ормор

Зочин
Зочин
2021-01-04 15:59

Би Хэнтийн хүн, энэ хүнийг сайн мэдэхгүй гэхдээ манай Оюунболд лагайг бодвол мундаг мундаг. УВС аас бөх төрдөг нь л гашүүн үнэн шүү, нутгархаад яахавдээ 3 хан сая МОНГОЛЧУУД минь.

Бөхийн статикч
Бөхийн статикч
2021-01-06 01:27

Зарим хүмүүс наадам үзээгүй байх зарим нь аьарга болоогүй байгаа гэж ойлгожээ. Бүрэнтөгс хэдийн 2016 онд аварга болсон хүн, харин аварга цолоо 2020 онд бат�##�гаажуулсан даа.

Халх хүн
Халх хүн
2021-02-03 01:13

Би архангайн х�##�х хүн. Бүрэнтөгс бол аварга болох тавилантай з�##�уу. Луйвардуулсан л даа. Түүнээс биш дархан аварга болох байсан. Одоо болох ч байх.

Иргэн
Иргэн
2021-02-13 12:46

Сайхан мэхнүүд сурч монгол түмнээ баясгаж яваарай.

Зочин
Зочин
2021-02-13 14:24

Ваа зовлого олон түмэн хайрлана гэж �########�а орги. Яшка дээр

Ард
Ард
2021-07-10 09:21

Дээр үеийн бөхчүүдииг ардууд маш их хүндэлж бүр шүтээн болгож ирсээн гэтэл сүүлиин үёиин бөх гэгч муухай улсууд бөхиин сайхан бүхнииг устгасан даа жинхэнэ бөхиин чанар ёс зүй юу ч үгүй болсон нь үнэн тиим болохоор одоо бөхииг хүндлэх бөх сонирхох хүнгүй л болж байна даа увсынхан яагаад юм бүхэн дээр увс нуур дууг дуула�##� нутгархаг үзэл гаргаж тэнэгтдэг юм бэ бүх аймаг нутгиин дуутай даа тэриигээ юм юман лээр нээх дуулж муулаад байдаггүй л биздээ сонин эргүү үзэлтэй юмаа

Хүндэтгэв.
Хүндэтгэв.
2021-07-10 10:39

Ухаантай сайн аавын хүү юм. Улам их амжилт гаргаарай дүү...

Зочин
Зочин
2021-07-10 19:05

одоо ч бөхчүүд гэж дээ. Авгай хүүхнээс ялгаагүй

зочин
зочин
2021-07-11 15:05

хол очиж гуц.

Зочин
Зочин
2022-07-19 04:55

Сайн бодолтой сайн хүн сайн нь бүтэн нь

Холбоотой мэдээ

Back to top button