ДАЛД УУРХАЙ: Стрийминг хувилбар Туркоизд л ашигтай, ЭРСДЭЛИЙГ нь Засгийн газар, Рио Тинто хамтдаа үүрнэ
Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэгдэл санхүүжилтийг босгох хувилбарыг Туркоиз Хилл Ресурс компаниас танилцуулаад буй. Хөрөнгө оруулагч тал болох Туркоиз Хилл, Рио Тинто нар энэ асуудлаар яг одоо Арбитрын шүүх дээр маргалдаж байгаа юм.
Өмнө нь тэд уг нэмэгдэл санхүүжилтийг олон улсын банк бус санхүүгийн байгууллагаас 500 сая ам.долларыг зээлэх, үлдсэн хэсгийг Туркоиз Хилл Ресурс компанийн хувьцааг арилжих хэлбэрээр бүрдүүлье гэдэг дээр хэлэлцээрийн ширээний ард суусан билээ. Ийн тохиролцож өнгөрөгч оны есдүгээр сард санамж бичиг байгуулсан ч эргээд Туркоиз талаас маргааныг гуравдагч талын оролцоотой шийдүүлье хэмээн Рио Тинтог Арбитрын шүүхэд өгсөн юм.
Шүүхийн процесс арваннэгдүгээр сарын 20-ноос хойш гурван сарын хугацаанд үргэлжилнэ гэсэн хүлээлттэй буй.
Рио Тинтог шүүхэд өгснийхөө дараа Туркоиз Хилл Ресурс компани дээр дурдсанчлан өөрсдийн хувилбарыг санал болгосон.
Үүнд нь:
- Урьдчилсан нөхцөлөөр алт худалдах урт хугацааны гэрээ байгуулах
- Дунд хугацаатай бонд гаргах хувилбарууд нэрлэгдсэн.
Алт худалдана гэж буй нь шаардлагатай санхүүжилтээ зээлж, төлбөрт нь Оюу толгойн Оюут ил уурхайн алтны баяжмалыг урьдчилж үнээ тогтоогоод, яг тэр үнээрээ урт хугацаанд худалдах хэлбэр юм. Иймд 2011 оны Чалкогийн гэрээний гашуун туршлага Оюу толгой дээр давтагдах уу гэдэг болгоомжлол бий болсон.
Яагаад гэвэл, гөүлд стрийминг гэгддэг энэ санхүүжилтийн хэрэгслээр явбал, ирээдүйд алтны үнэ хэдий чинээ өссөн ч анх гэрээ байгуулахад ямар ханшаар худалдана гэж тогтсон, тэр үнээрээ худалдсаар байна гэсэн үг. Тэгэхээр ирээдүйн ханшын өсөлтөөс бид том тоонуудыг алдах боломжтой.
Харин бонд босговол Оюу толгой төсөл уул уурхайн ертөнцөд улам эрсдэлтэй дүр зурагтай харагдана. Түүнчлэн манай Засгийн газрын зээл авах, бонд босгох боломжид сөргөөр нөлөөлнө гэсэн өнцөг бий.
БАЙР СУУРЬ: ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ ЯАЖ ХИЙГДЭХЭЭС БҮХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА
Монгол талд төдийлөн ашиггүй мэт харагдах стрийминг хэлцлийн хувилбар дээр мэргэжлийн экспертүүд ямар байр суурь илэрхийлснийг харцгаая.
Эдийн засагч Н.Энхбаяр: Энэ бол түгээмэл хувилбар
Тэрбээр стрийминг хувилбарыг дэлхийн дахинд түгээмэл байдаг хувилбар гэв. Жишээ татахад, ОХУ-ын хувьд БНХАУ-д зээлийн төлбөртөө байгалийн хийгээ таван жилийн турш урьдчилсан гэрээгээр худалдах шийдлийг хэрэгжүүлсэн. Гэхдээ гэрээний нөхцөл, байгалийн хийн үнийг тогтохдоо улсдаа алдагдалгүй хэлбэрээр хийж чадсан. Иймд гэрээ хэр чанартай хийгдэхээс ихэнх зүйлс шалтгаална.
Эдийн засагч Л.Наранбаатар: Алт, нүүрс хоёр ялгаатай
Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатарын тухайд ч алт урьдчилан худалдаж, санхүүжилт босгох нь улс орнуудад түгээмэл хувилбар гэдэг байр суурийг илэрхийлэв. Хамгийн гол нь Чалкогийн гэрээний алдааг дахин давтах нь гэсэн айдаст “Алт, нүүрс хоёр ялгаатай” гэдэг тайлбарыг өгч байна.
Өөрөөр хэлбэл Чалкогийн гэрээгээр алт биш нүүрс худалдсан. Нүүрс бол алттай харьцуулахад үнэ нь тогтмол бус, өсөж, унаж байдаг түүхий эд. Тийм ч учраас Чалкогийн кейс дээр нүүрсний үнэ унахад гэрээний дүндээ хүргэхийн тулд бага үнээр, их хэмжээгээр экспортолж таарсан. Түүнчлэн тухайн үед босгосон санхүүжилтээ иргэдэд халамж нэрээр тараасан. Нэг үгээр бодлогын хувьд дутагдалтай хийгдсэн.
Харин Оюу толгойн хувьд аль болох хөрөнгө оруулагч талтайгаа түргэн ойлголцож, далд уурхайг хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй хэмээж байна.
Эдийн засагч А.Билгүүн: Ирээдүйд ханш хэрхэхээс ихээхэн шалтгаална
Түүний тайлбарлаж буйгаар энэ стрийминг хэлцэл нь ихэнх тохиолдолд ханшийг тогтворжуулдаг хувилбар аж. Учир нь гэрээгээ ашигтай хийж чадвал ирээдүйд ханш яаж өсөж, эсвэл уруудсан ч нэг тогтвортой ханшаар түүхий эдээ нийлүүлсээр л байх боломжтой.
Мэдээж ирээдүйд алтны үнэ унавал ашигтай тохироо болно. Өсвөл эсрэгээрээ чамгүй өртөгтэй тусна.
-ЭЦСИЙН ДҮНДЭЭ ТУРЗОИЗ ТАЛД Л АШИГТАЙ-
Яг одоо Оюу толгой компанид Татварын ерөнхий газраас 228 сая ам.долларын татварын акт тавьчхаад буй. Хуулийн хугацаандаа багтаж байр сууриа илэрхийлнэ гэж Туркоиз Хилл Ресурс компани мэдэгдэл гаргаснаас хойш энэ тухайд шинэ мэдээлэл гараагүй байна.
Мөн түүнчлэн энэ 2021 онд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай Дубайн гэрээг хүчингүй болгох асуудлаар хэлэлцэнэ гэдэг хүлээлт үүссэн. Уг асуудлыг өнгөрөгч онд дэвшүүлсэн ч Рио Тинто талаас Гүйцэтгэх захирлаа томилоогүй байгаа тул хойшлуулъя гэх хариуг өгч ирсэн.
Эдгээрийн дээр дэлхий даяар цар тахалд нэрвэгдсэний дараах сонирхолтой эдийн засаг бүхий 2021 он чилийж буй. Олон улс орон бодлогын хүүгээ бууруулж, бонд босгож, санхүүжилт татан төвлөрүүлсэн.
Ийм гурван онцлог бүхий 2021 онд Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх асуудал яригдаж байгаа.
Олон улсын шинжээчид бол Туркоиз Хилл Ресурс талыг хариуцлагаас зугтаж, Рио Тинтод илүү ачаа үүрүүлэх тоглолт хийсэн гэж үзэж буй. Үнэхээр ч тэдний санал болгосон хувилбараар явбал түргэн хугацаанд санхүүжилт босож, төсөл хөдөлгөөнд орно. Гэвч учрах эрсдэлийг нь Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компани л хүлээх юм.
“BMO Capital Markets” банкны шинжээч Эдвард Стерк, “Odey Asset Management” сангийн менежер Хенри Стил нар энэ тал дээр есдүгээр сард үзэглэгдсэн хоёр талын санамж бичгийг илүү аюулгүй хэмээн үзсэн байсан. Өөрөөр хэлбэл нэмэлт зээл авах, Туркоиз Хилл Ресурс компани хувьцаа гаргаж, арилжаалах анхны хувилбар. Өнөөдөр цар тахлаас үүдэн ихэнх улс орнууд хөрөнгө босгочихсон байгаа нь зээл хөөцөлдөхөд тохиромжтой нөхцөл гэж үзэх эдийн засагчид ч байна.
Арванхоёрдугаар сарын 16-нд Рио Тинтогоос өгсөн албан мэдээллээр далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилт 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдсэнээр 6.75 тэрбум болж, олборлолт 2022 оны аравдугаар сараас хийгдэж эхлэхээр байгаа юм. 2015 онд үзэглэгдсэн Дубайн гэрээнд, уг санхүүжилтийг 5.3 тэрбум ам.доллар байна, 2021 оны нэгдүгээр улиралд олборлолт эхэлнэ гэж заасан байсан билээ.
Хөрөнгө оруулагч тал тохиролцвол санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болсноор далд уурхайн төсөл хурдан хөдөлнө. Гэвч энэ дунд хийгдэж мэдэх стрийминг хэлцэл зэрэг нь эргээд Монгол талд төдийгүй Рио Тинто компанид ч ашиггүй тусах магадлалтай байна. Иймд бүр анхны Дубайн гэрээг эргэж харна гэж буй Засгийн газрын байр суурь төслийг цаг хугацааны хувьд хүртэх ашгаа нэмэгдүүлж, үүрэх эрсдэлээ багасгах боломж ч байж болохоор.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.